Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 01512

 

       Ч.А-ын нэхэмжлэлтэй,

          иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/0687 дугаар шийдвэртэй, Ч.А-ын нэхэмжлэлтэй, Д.М-д холбогдох

      Үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны төлбөр 245 380 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

   265 000 587 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

     Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Д.М-тэй “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туулын 48б-1 тоот хаягт байрлах, 174 м.кв талбай бүхий, 1 давхар үл хөдлөх хөрөнгийг 426 300 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээнд Д.М 226 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 100 000 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 100 000 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, гэрээний дагуу сүүлийн төлбөр орж ирэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч Д.М-д шилжүүлэхээр, төлбөр тооцоогоо хийж дуусгаагүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.05 хувиар хүү тооцож төлөхөөр тохиролцсон. Хариуцагч төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлөөгүй тул 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Д.М тухайн өдрийн байдлаар 170 500 000 төгрөгийг төлж, 255 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан бөгөөд худалдан авагч үлдэгдэл 255 800 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, 185 800 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй өөрчлөлт оруулсан боловч  гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусгалгүй, одоогийн байдлаар 162 460 186 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч гэрээ байгуулагдсан өдөр объектыг түлхүүрийн хамт худалдан авагч Д.М-д хүлээлгэн өгсөн бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл уг объектыг эзэмшиж, ашиглаж, үйлдвэрлэл явуулж байгаа. Иймд хариуцагч Д.М-ээс гэрээний үлдэгдэл төлбөр 162 460 186 төгрөг, алданги 101 175 995 төгрөг нийт 263 636 181 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болно.

  Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хариуцагч Д.М 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх 47 сарын хугацаанд үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байгаа тул үл хөдлөх хөрөнгө ашигласны төлбөрт 1 м.кв-ын 30 000 төгрөгөөр 174 м.кв талбайгаар тооцож 245 340 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагьг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байна. 1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлд “гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар гэрээг бүртгүүлээгүй. Ч.А үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш сарын дараа буюу 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг Капитрон банкны барьцаанд тавиад алга болсон тул үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Гэрээний 8 дугаар зүйлд “энэ байр нь худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, бусдад хөлслүүлээгүй болно” гэж заасан нь үл хөдлөх хөрөнгийг цаашид худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 182 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн бүртгэлийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нотариатаар батлагдаад үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг тул гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна.

2. Д.М 2000 тн багтаамжтай зоорь барьж байсан ба түүнийхээ 80 хувийн ажлыг гүйцэтгэсэн байсан. Ч.А-ын байрыг ногооны үйлдвэрлэл явуулахаар худалдаж аваад Хүнс, хөдөө, аж ахуйн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахаар гэрээ хийгээд барьцаанд Ч.А-аас худалдаж авсан байраа барьцаалан үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх гэсэн чинь худалдан авсан байрыг Ч.А 80 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан тул зээлийн гэрээг түр хойшлуулан би өөрийн байрыг 75 000 000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөөд 7 хоногийн дараа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд очиход Засгийн газар огцроод, Ерөнхий сайд шинээр томилогдон, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангийн бүх гүйлгээ хаагдан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авах зээлийн асуудал бүтэлгүйтсэн. Хэрвээ Ч.А үл хөдлөх хөрөнгийн барьцаалаагүй байсан бол Д.М Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл аваад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх байсан.

       3. Энэ үл хөдлөх хөрөнгийг Ч.А нь Л.М гэдэг хүнд шилжүүлсэн, Л.М нь О.Б гэдэг хүнд худалдсан бөгөөд маргаан бүхий байр одоо О.Б-ийн нэр дээр байгаа. Д.М-ийг байрнаас албадан гаргуулах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нь Д.М-д байр худалдсан гээд гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Энэ гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд эд хөрөнгө ашигласны төлбөр төлнө гэж тусгагдаагүй. Ч.А-д Д.М нь байрны төлбөрт 263 839 814 төгрөгийг төлж 2015 оноос хойш ямар ч хүүгүй одоог хүртэл ашиглаж байгаа. Одоо маргаан бүхий байр шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөгдөөд Д.М-ийн эзэмшил биш болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой хэлцэл заавал нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор хуульд заасан. Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар өгсөн авснаа буцааж төлнө гэж заасан. Маргаан бүхий байрыг чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан, талууд 263 839 814 төгрөг төлсөн талаар маргаагүй, Ч.А-д 2016 оны 03 дугаар сарын 14-нд 672 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 16-нд 1 078 000 төгрөгийн хүнсний ногоо өгсөн. Иймд гэрээний дагуу төлсөн 263 839 814 төгрөг, ногооны мөнгө 1 750 000 төгрөг, нийт 265 000 587 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч Ч.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул голын 48б байрны 1 давхарт тоот 174 м.кв орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргуулан авч түлхүүрийг Д.М-д өгсөн ба Д.М уг байранд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд уг гэрээг байгуулахдаа нотариатаар батлуулсан нь талууд хүсэл зоригийн илэрхийллээ нэгтгэж хэлцэл хийсэн болохыг нотолж байгаа бөгөөд энэ нь гэрээг дүр үзүүлж хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болно. Мөн гэрээний 3 дахь заалт нь худалдан авагчид төлбөр тооцоо хийж дууссан өдрөөс эхлэн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүснэ гэж тодорхой заасан. Энэ нь төлбөр тооцоо дууссаны дараа өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх буюу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг талууд харилцан тохиролцсон заалт юм. Гэрээ байгуулсан өдрөө түлхүүрийг өгснөөр Д.М өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашигласаар байна.

      Гэрээний дагуу Д.М 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эхний урьдчилгаа төлбөр 226 300 000 төгрөг төлөхөөр заасан хэдий ч 2014 оны 06 дугаар сарын 17-нд 50 000 000 төгрөг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн. Д.М төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлсөн бол Капитрон банкинд зээлийн барьцаанд тавих шаардлага гарахгүй байсан. Мөн Д.М-д байрыг шилжүүлж өгөөд байрыг барьцаалан банкнаас зээл аваад гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгах саналыг миний бие удаа дараа гаргаж 2, 3 банк, банк бус санхүүгийн байгууллагад Д.М-ийг дагуулж очиж зээл хөөцөлдөж байсан боловч Д.М-ийн орлого хүрэх боломжгүйгээс зээл авах ажил бүтээгүй юм. Гэрээний төлбөр тооцооны тухайд Д.М бид хоёр 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт гэрээ байгуулахдаа зээлийн төлөлт 170 500 000 төгрөг, үлдэгдэл төлбөр 255 800 000 төгрөг байгаа тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд Д.М-ийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 270 500 000 төгрөг төлөгдсөн гэдэг худлаа болно.

      Миний бие болон нөхөр Л.М нар Дархан-Уул аймагт орон сууцны хотхоны барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд уг ажлыг хийж дуусахад мөнгөний хэрэг гарсан тул О.Б, "Эко капитал ББСБ" ХХК-иас 150 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд байрыг барьцаалахгүй, байрыг заавал өөрийн нэр дээр шилжүүлж зээл олгох шаардлага тавьсны дагуу уг байр түр О.Б-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Зээлээ бүрэн төлж дуусгасан тохиолдолд байр миний нэр дээр буцаж шилжих боломжтой. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зуйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Д.М-ээс 245 380 000 төгрөг гаргуулахыг хуссэн нэхэмжлэгч Ч.А-ын нэхэмжлэлийг бухэлд нь хэрэгсэхгүй болгож,

      Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.1. 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан "Үл хөдлөх зд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.А-аас 265 000 587 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.М-д олгож,

   Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 476 140 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 591 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1 482 953 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М давж заалдах гомдолдоо: Зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх гэрээний ямар ч зүйл, заалт, агуулга байхгүй бөгөөд гагцхүү уг гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. Гэрээ хэлцлээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь хууль зөрчсөн мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь дан ганц худалдагч талын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан буюу маргаан бүхий гэрээг худалдан авагч буюу хариуцагч тал ч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх бүрэн боломжтой байсан. Хариуцагч тал нь өөрөө бүртгүүлэх бүрэн боломжтой байхад бүртгүүлээгүй буюу өөрийн буруутай эс үйлдэхүйг хийсэн мөртлөө сүүлд нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болоод гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаарддаг, үүнийг шүүх харгалзаж үзэлгүй зөвтгөж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

      Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад маргааны гол үндэс нь хариуцагч Д.М 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүйтэй холбоотой юм. Хариуцагч Д.М нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Дээрх гэрээний нэмэлт өөрчлөлт нь дан ганц худалдан авагч буюу хариуцагчийн үүргүүд тусгагдсан, мөн гэрээний үүргээ 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн биелүүлж дуусахаар заасан байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал нь хангалттай нотлогдсоор байтал худалдагч буюу нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа байсан мэтээр хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

      Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож байгаа бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан болон 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр худалдагч буюу нэхэмжлэгч тал нь хариуцагч талд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, худалдан авагч буюу хариуцагч тал нь нэхэмжлэгч талд нийт 265 000 587 төгрөг тус тус төлсөн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч шилжүүлсэн эзэмших, ашиглах эрхээ биет байдлаар буцааж авах боломжгүй тул үнийг нь төлүүлэхээр шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгчээс гаргасан үндсэн нэхэмжлэл болох 47 cap үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 245 380 000 төгрөгийг 1 м.квадрат талбайн үнэлгээг зах зээлийн ханш буюу 30 000 төгрөгөөр тооцож, нэхэмжилсэн, хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэмдэглэлд энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар дурдаагүй, мөн 47 cap энэ үл хөдлөх эд хөрөигийг эзэмшиж ашиглаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

     Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ" гэж заасан. Хөрөнгө үнэлэхтэй холбоотой зохицуулалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт "Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болои хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө" гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт "Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж, 55.2.6-д “шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө" гэж заажээ.

 Энэ нь нэхэмжлэгч талын үнэлсэн үнэлгээ, үнэлгээний саналыг хариуцагч тал зөвшөөрөхгүй байгаа, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй зэргээс харахад хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зүйл хэсгүүдийг анхан шатны шүүх төсөөтэй хэрэглэж нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй юм. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж, 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ч.А хариуцагч Д.М-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 47 сар ашигласны төлбөрт 245 380 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 265 000 587 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ”Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-д зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туулын 48б-1 тоот хаягт байрлах, 174 м.кв талбай бүхий, 1 давхар үл хөдлөх хөрөнгийг 426 300 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 226 000 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 100 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 100 000 000 төгрөгийг тус тус төлж, төлбөрийн тооцоог дуусгах, гэрээний дагуу сүүлийн төлбөр төлөгдсөнөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч Д.М-д шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх 4-5/

    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч тал гэрээний зүйлийг худалдагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй.

   Харин Иргэний хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөхдөө эзэмшилд нь бодитойгоор, харин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг шилжүүлэх замаар шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл тус хэрэгт улсын бүртгэлийн дагуу үл хөдлөх хөрөнгө хариуцагч талд шилжсэн талаар баримт байхгүй байна. Иймд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг гэрээний талуудын аль нь ч хийлгэх боломжтой боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй байсан үйл баримт тогтоогдож байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ.

  Нэхэмжлэгч эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас хариуцагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар 245 380 000 төгрөг буюу эд хөрөнгийн үнийг төлөхөөс татгалзах эрхтэй юм. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч Ч.А-ын хариуцагч Д.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Харин гэрээгээр шилжүүлэн өгсөн эд хөрөнгө нь эрхийн доголдолтой байсны улмаас тухайн эд хөрөнгийг өмчлөлдөө авах боломжгүй болсон байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээгээр шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

       Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/0687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Д.М-ээс 245 380 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.А-аас 265 000 587 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.М олгосугай” гэж өөрчлөн найруулж, “3” гэж дугаарласныг “2” гэж, “4” гэж дугаарласныг “3” гэж дугаарлан тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 384 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                             Б.НАРМАНДАХ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА