Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/0707

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/0707

Улаанбаатар хот

          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Турк улсын Эны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан хаалга, Чингисийн өргөн чөлөө 13, өөрийн байранд байрлах “Д” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 120 107 988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц /ШТЭҮД-0642/, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Д” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Турк улсын Птай “Хамтран ажиллах гэрээ” буюу бүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах гэрээ байгуулж, худалдагч компанийн бүтээгдэхүүн болох оливын тосыг 90 хоногийн хугацаатай зээлээр худалдан авч Монгол Улсад борлуулах үүрэг хүлээсэн. Хариуцагч компанийн захиалгын дагуу нийлүүлэгч По 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Poyrazcan брэндийн 0,5 литр шилэн савалгаа бүхий тус бүр нь 1.87 ам.долларын үнэтэй оливын тос 9000 ширхэг, 1 литр шилэн савалгаа бүхий тус бүр нь 3.59 ам.долларын үнэтэй оливын тос 9000 ширхэг нийт 49 140 ам.долларын бүтээгдэхүүнийг бараа ачигдсанаас хойш 90 хоногийн дотор төлбөрийг 100 хувь төлөх нөхцөлтэйгээр ачиж, илгээсэн байна. Гэвч хариуцагч гэрээний үүргээ үл биелүүлж, өнөөг хүртэл дээрх барааны төлбөрийг огт хийгээгүй байна. Турк улсын Эбуюу Турк эксимбанк нь Турк улсын экспортыг дэмжих зорилготой төрийн өмчит банк бөгөөд Потай 31318114 тоот даатгалын гэрээ байгуулан тус компанийн экспортын гэрээний эрсдлийг даатгасан. Хариуцагч “Д” ХХК нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Турк эксим банкны даатгалын гэрээний дагуу хариуцагчийн төлөх ёстой нийт төлбөрийн үүрэг болох 49 140 ам.долларыг Под төлж, тус төлбөрийн үлдэгдлийг шаардан авах эрхийг Поас шилжүүлэн авсан тул хариуцагчаас 49 140 ам.доллар буюу 120 107 988 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нийт 18 000 ширхэг оливын тос авах гэрээ байгуулаад, үүнийгээ хүлээж авсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Гаалийн татвар, тээвэр, маркетинг, дотоодын зардалд нийт 15 000 000 гаран төгрөг төлсөн гэж маргаж байх боловч энэ бүх зардлыг хасч тооцуулна гэдэг юм уу, буцааж төлүүлэх шаардлага гараагүй, харин бидэнд мэдээллийн журмаар хүргэж байна гэж ойлгож байна. Талуудын байгуулсан гэрээнд энэ асуудлыг зохицуулсан байдаг ба тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч тал хариуцна гэж заасан. Хамтран ажиллах гэрээний 8 дугаар зүйлд бүтээгдэхүүний хүргэлтийг Турк улсын Измир хот дахь Пояраз үйлдвэрээс Ех works нөхцөлөөр хүргэнэ гэж заасан. Энэ Ex works нөхцөл нь олон улсын худалдаанд ашиглагддаг тогтсон нөхцлүүдээс худалдагч талдаа ямарч хариуцлага хүлээлгээгүй нөхцөл юм. Үүнийг бас талууд гэрээн дээр баталгаажуулсан нь гэрээний 14 дүгээр зүйлд байгаа. Тэгэхээр энэ бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан, тээвэрлэсэн, борлуулахтай холбоотой бүх үүргийг бол худалдан авагч тал хариуцна. Мөн энэ тос шаардлага хангахгүй байна гэсэн асуудал тавьдаг. “Д” ХХК-ийн нягтлан бодогч н.Дэлгэржаргалын гарын үсэг тамга бүхий баримтаар нийт 18 000 ширхэг, 145 000 800 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн хүлээж авснаас 55 161 500 төгрөгний бараа бүтээгдэхүүн борлуулсан, 3 650 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг акталсан гэж байна. Гэтэл 145 000 800 төгрөгийн бараа чанарын шаардлага хангахгүй байна гэж байгаа мөртлөө хариуцагчийн гаргасан баримтаар бол 3 650 000 төгрөгийн бараа акталсан байна. Тэгэхээр эндээс маш бага хэмжээний барааг чанарын шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа юм байна. Чанарын шаардлага хангахгүй байгаа гэдгээ нотолсон баримт байна уу гэхээр байхгүй. Худалдагч талд энэ талаар гомдол гаргасан гэх баримт нь и-мэйл харилцсан баримт. Энэ и-мэйл харилцаагаар “танай тос нь тунадас үүсээд амархан хөлдөж байна гэсэн гомдол ирсэн” гэж байгаа боловч “ирсэн гомдлын талаар баримтыг илгээнэ үү” гэхэд илгээгээгүй байна. Гэтэл ямар нэг шинжилгээний байгууллагаар тухайн тосны чанарын шаардлага хангаагүй талаар шинжилгээ хийлгээгүй байна. Би Зайсангийн Good price дэлгүүрээр орж үзэхэд хамгийн үнэтэй оливын тоснууд нь доороо цагаан тунадастай байна. Яагаад гэхээр оливыг шууд шахахаар маш их тунадастай байдаг гэсэн. Үүнийг чанарын шаардлага  хангаагүй гэж шүүхээр тайлбарлаад, түүнийг нь чанарын шаардлага хангаагүй гэж яаж хүлээж авч шийдэх вэ. Чанарын шаардлага хангаагүй байсан бол чанарын шаардлагад гомдол гаргах хуулийн зохицуулалт бий. Үүний дагуу гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа гэж байгаа. Энэ хугацаандаа гомдлын шаардлага гаргасан уу гэхээр гараагүй. Чанарын шаардлагын гомдолтой холбоотой хуулийн зохицуулалтыг харахаар энэ хамтран ажиллах гэрээ гэдэг нэртэй боловч агуулга нь худалдах, худалдан авах гэрээ тэр дундаа зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэдэг нь тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл агуулга нь худалдах, худалдан авах гэрээ. Яагаад хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн бэ гэхээр энэ бараа бүтээгдэхүүнийг худалдаж байх хооронд өөр компаниудад бараа бүтээгдэхүүнээ худалдахгүй шүү гэсэн дистрибьютерийн агуулга явагдаж байгаа тул хамтран ажиллах гэж нэршил ашигласан. Тэгэхээр энэ гэрээний харилцааг тодорхойлохдоо худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг харахаас өөр аргагүй. Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтаар бол хэрвээ бараа бүтээгдэхүүн дээр чанарын талаар гомдол гаргасан бол худалдан авагч тал ямар үүрэгтэй вэ. Энэ талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар ийм шаардлага гаргаагүй, өмнө нь гаргасан талаар баримт хэрэгт байхгүй байна. Ийм чанарын доголдол үнэхээр гарсан юм бол 55 161 500 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг яаж худалдан борлуулаад, яагаад 3 650 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг акталсан гэж байгаа юм бэ. Хэрвээ манай бараа бүтээгдэхүүн доголдолтой байсан бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар шаардлага гаргаагүй 3 жил болсон байж энэ асуудал шүүхээр нэхэмжлэл гаргахад чанарын шаардлага хангаагүй байсан гэж үгүйсгэх боломжгүй. Ийм учраас чанарын шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэх ямарч боломжгүй. Тайлбар дээрээ энэ маргаан чинь ерөөсөө шүүхэд харьяалагдахгүй, Турк улсын арбитраар шийдэх ёстой, манай гаргаж өгсөн гэрээний 18 дугаар зүйлд зааснаар арбитраар шийднэ гэж заасан байгаа гэж байна. Шүүхэд гаргаж өгсөн баримт нь гэхээр фотокопи буюу канондсон, принтерлэсэн баримт байгаа. Гэтэл шүүх нотлох баримтын эх хувь буюу нотариатаар гэрчлүүлсэн хувилбарыг үнэлэх боломжтой. Хариуцагч бид и-мэйлээр харилцаж гэрээнд гарын үсэг зурсан гэж байна. Гэтэл сая хариуцагч байгууллагын и-мэйл хаягт үзлэг хийлгэхэд өмнө нь байсан и-мэйлүүд устаад алга болсон гэж хариуцагч тайлбарлаж байсан боловч и-мэйлд 2015 оны 8 дугаар сарын и-мэйл харилцаанууд гараад ирлээ. Тэгэхээр худалдан авагч тал м-мэйлээр харилцан гарын үсэг зурсан гэж байгаа бол тухайн үед харилцаж байсан и-мэйлд сая үзлэг хийлгэх боломж байсан. Гэтэл энэ и-мэйл байсангүй. Сая үзлэгээр “Д” ХХК-ийн өөрийн и-мэйлээс өөрийн и-мэйл рүү явуулсан гэрээ байна. Би хариуцагч талаас гэрээ гараад ирэхээр нь нэхэмжлэгчээс асуухад “наадах чинь хуурамчаар үйлдсэн гэрээ байна. Чи анзаарвал наад гэрээнд тавигдсан гарын үсэг, тамганууд миний зурж явуулсан гэрээнээс шууд копи хийсэн гэрээ байна” гэж надад хэлсэн. Би ийм зүйл гарч ирнэ гэж төсөөлөөгүй ба гэрээг үзсэн чинь үнэхээр хуулбарласан гэрээ байсан. Яагаад гэхээр Турк улсаас ирсэн гэрээ энэ гэрээ хоёрыг харьцуулаад харахаар 18 дугаар зүйлээс бусад хэсэг нь үг үсэггүй адилхан байгаа. Ямарч үсгийн зөрүүгүй байгаа. Тэгэхээр хоёр тал гэрээ байгуулсан уу гэдэг нь нотлогдож байна. “Д” ХХК-ийн гаргасан гэрээ, Турк улсаас ирсэн гэрээ хоёр нэг таслалын зөрүү байхгүй хийгдсэн байна. Тэгэхээр энэ гэрээ 1-17 дугаар заалт хүртлээ талуудын хүсэл сонирхлын дагуу хийгдсэн юм байна гэдэг факт ямарч маргаангүй. Одоо гэрээний 18 дугаар зүйл байсан уу гээд харахаар 18 дугаар зүйл гэдэг нь мөр зөрж орж ирсэн. Гэрээний 1-17 дугаар зүйл нэг мөрөнд байснаа 18 дугаар зүйл нь бага зэргийн догол мөрнөөс эхэлсэн. Тэгэхээр энэ мөрийг нэмсэн гэсэн үг. Хэрвээ талууд гэрээг шинээр байгуулан гарын үсгээ зурсан бол шинээр тамга дарж гарын үсэг зурна. Гэтэл “Д” ХХК-ийн гаргасан гэрээ, Турк улсаас ирсэн гэрээтэй гарын үсэг, огнооны даралт, дардас яг нэг хэлбэртэй байгаа. Турк улсаас ирсэн гэрээний 1 дүгээр хуудсыг “Д” ХХК-ийн гаргасан гэрээний 1 дүгээр хуудастай харьцуулахад гарын үсэг, тамга, огноо нь яг алилхан байна. Тэгэхээр эдгээр зүйлсийг дахин дарж, гарын үсгийг зурахад 1 мм-ийн зөрүүгүй байна гэж байхгүй. Турк улсаас ирсэн гэрээний 2 дугаар хуудсыг “Д” ХХК-ийн гаргасан гэрээний 2 дугаар хуудастай харьцуулахад тамга гарын үсэг, огноо яг адилхан хуулбарлагдан орсон байна. Хэрвээ  хүн зурсан, дахин үйлдсэн бол яаж ч хичээгээд ийм адилхан байхгүй байсан. Иймд “Д” ХХК-ийн гаргасан гэрээг нотлох баримтын шаардлага хангасан талуудын хооронд байгуулсан гэрээ гэж үзэхгүй байна. Харин Турк улсаас ирүүлсэн гэрээ нь нэг талын гарын үсэгтэй боловч энэ гэрээг “Д” ХХК нь хүлээж авсан байна. Энэ нь гэрээний 1-17 дугаар зүйл яг адил гэрээ байна гэдгээр нотолно. Нөгөө талаар “Д” ХХК нь бараа хүлээж авсан гэдгээр нотлогдоно. Бас “Д” ХХК-ийн барааг зарж борлуулаад төлбөрийг төлөх гэж хичээж байна гэсэн и-мэйл  бичиж байгаа үйл баримтаар нотлогдоно. Дээр нь тэр и-мэйлд Турк улсаас ирсэн нэхэмжлэх хавсаргагдсан байна. Энэ фактаар ийм тоо хэмжээний бараа бүтээгдэхүүн хүлээж авсан гэдэг нь нотлогдож байна. Тэгэхээр хариуцагчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна гэв.  

       

Хариуцагч “Д” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д” ХХК нь Турк улсын Пояразкан Гида ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, худалдагч компанийн бүтээгдэхүүн болох оливын тосыг Монгол улсад худалдан борлуулахаар болсон. Хамтран ажиллах гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 0,5 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг, 1 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг нийт 18 000 ширхэг оливын тосыг хүлээн авсан. Улмаар оливын тосны гаалийн татварт 7 852 006 төгрөг, дотоод зардалд 395 950 төгрөг, тээврийн зардалд 7 842 400 төгрөг нийт 15 730 356 төгрөгийг төлсөн. Гэтэл оливын тосыг Монгол улсад борлуулах явцад чанарын шаардлага хангахгүй тоснууд байсан бөгөөд хэрэглэгч болон борлуулагч нараас удаа дараа гомдол санал ирж, энэ нь манай компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Ингээд тунадас үүссэн 1 литрийн савлагаа бүхий 190 ширхэг оливын тос, 0,5 литрийн савлагаа бүхий 278 ширхэг нийт 468 ширхэг оливын тос буюу 3 650 000 төгрөгийн үнэ бүхий оливын тосыг акталсан. Энэ талаар тухай бүрд нийлүүлэгч талд и-мэйлээр мэдэгдэж, тунадас үүссэн тоснуудын зургийг явуулсан боловч ямар нэг хариу өгөлгүй шууд шүүхэд хандсан байна. Мөн оливын тосыг хурдан шуурхай зарж борлуулах талаар бүхий маркетинг менежментийг хийж байсан бөгөөд реклам, сурталчилгаа танилцуулганд 0,5 литрийн савлагаатай оливын тосноос 29 ширхэг, 1 литрийн савлагаатай оливын тосноос 16 ширхэг, нийт 45  ширхэг буюу 343 700 төгрөгийн зарлага гаргасан. Борлуулагч нарт цалин хэлбэрээр 23 509 281 төгрөгийг олгосон. Манай компани 1 литрийн савалгаа бүхий 3850 ширхэг оливын тос, 0,5 литрийн савалгаа бүхий 2741 ширхэг нийт 6591 ширхэг буюу 55 161 500 төгрөгийн оливын тосыг зах зээлд нийлүүлсэн боловч Наран төв, Хархорин 1-11, Барс-2 П-17, Барс-2 П-22, Барс-2 П-28, Конвейшн төв, Нарантуул 25, Нарантуул өргөтгөл-1, Сэлбэ плаза, Нарантуул 163, Нарантуул 193, Тэнгэр плаза, Цэнгэлдэх супермаркет зэрэг лангуунуудад зарагдаагүй байгаа нийт 23 980 750 төгрөгийн үнэ бүхий оливын тос, компанийн агуулахад 1 литрийн савлагаатай 4944 ширхэг оливын тос, 0,5 литрийн савлагаатай 5952 ширхэг нийт 10 896 ширхэг буюу 86 644 800 төгрөгийн оливын тос хадгалагдаж байна. Дээрх үлдэгдэл бүтээгдэхүүн болох оливын тосыг цаашид Монгол Улсад худалдан борлуулах ямар ч боломжгүй болсон бөгөөд хэрэглэгч нараас удаа дараа гомдол санал ирж байснаас болж зах зээлд ямар ч хэрэглэгчгүй болсон, үлдэгдэл тосыг нийлүүлэгч талд буцаан явуулах хүсэлтэй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч ямар ч хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 18 дугаар зүйлд энэхүү гэрээний үндсэн дээр үүсч болох аливаа маргааныг шүүн хянах цорын ганц шүүх эрх мэдэл бүхий байгууллага нь Турк улс дахь арбитрын шүүх байхаар харилцан тохиролцсон байтал нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээний 18 дугаар зүйлийг хасаж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэн, харьяалал зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хамтран ажиллах гэрээнд манай компанийн тамга тэмдэг дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй. Харин манай компаниас гаргаж өгсөн гэрээний дагуу бид оливын тосыг хүлээн авч, хоёр талын хамтран ажиллах гэрээ хэрэгжиж эхэлсэн. Иймд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал манай талаас гаргаж өгсөн гэрээг хуурамчаар үйлдсэн байна гэж ярьж байна. Энэ гэрээг хуурамчаар үйлдсэн байх боломжгүй. Хэрвээ манай гэрээг хуурамчаар хийгдсэн гэж маргаж байгаа бол энэ талаар шүүхээр ажиллагаа хийлгэх боломж нэхэмжлэгчид байсан. Магадгүй нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээ төсөл хэлбэрээр хоёр компанийн дунд явж байгаад, хоёр улсын хооронд байгуулагдаж байгаа гэрээ тул зайлшгүй шүүхийн харьяалалтай холбоотой асуудал хөндөгдөж эхлэхээр гэрээнд 18 дугаар зүйлийг нэмсэн үйл явц бодит байдалд үүссэн юм. Мөн шаардах эрх шилжүүлж авч байгаа Турк улсын Кредит банк руу Пояразкан Гида ХХК нь ямар гэрээг шилжүүлснийг бид мэдэхгүй байна. Турк улсын Кредит банкинд шүүхийн харьяалал тогтоогоогүй, манай компаны гарын үсэг зурагдаагүй гэрээг өгсний дагуу манай компаниас шаардаж байна. Гэтэл нэхэмжлэгч байгууллага шүүхийн харьяалал тогтоогдоогүй гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй юм. Сүүлийн үед компаниудын харилцаа и-мэйл хаягаар, цахимаар явагддаг болсон. Энэ хоёр компани амьдрал дээр огт уулзаагүй, и-мэйл хаягаар харилцаад, гэрээг илгээгээд талууд харилцсан болохоос яг нүүр тулж уулзаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээг орчуулгын товчоогоор орчуулуулаад, нотариатаар гэрчлүүлсэн байгаа ба өнгөц харахад нотлох баримтын шаардлага хангасан юм шиг харагдана. Гэхдээ гэрээн дээрх тал тамга юуны тамга вэ, нотариат тухайн хүний авчирсан гэрээг нотолсон болохоос энэ гэрээ жинхэнэ гэдгийг батлаагүй. Манай талаас гаргаж өгсөн гэрээнд маргаан гарвал хэрхэн шийдэхийг заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан гэрээ нэг талын гарын үсэг бүхий хүчин төгөлдөр болоогүй гэрээ байна. Гэрээг хоёр талын харилцан тохиролцооны үндсэн дээр байгуулагддаг. Хүлээн авсан бүтээгдэхүүний доголдлын талаар гомдлын шаардлагыг гаргасан. Энэ нь и-мэйлд үзлэг хийлгэсэн тэмдэглэлийн 2 дугаар захидалд энэ талаар байгаа. Гэрээний 10 дугаар зүйлд нийлүүлэгч чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бол нийлүүлэгч тухайн чанаргүй бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хохирлыг хариуцна гэж зааснаар энэ бүтээгдэхүүнийг яах талаар и-мэйлээр харилцсан, тухайн үед талууд хэн үүнийг төлөхөө тогтоох ёстой байтал үүнийг тогтоолгүй барааны үнийг 100 хувь төлөх ёстой гэж нэхэмжлэх нь үндэслэлгүй  гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Турк улсын Энь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 49 140 ам.доллар буюу 120 107 988 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд Турк улсын “Пояразкан Гида” ХХК болон Монгол Улсын “Д” ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” гэж нэрлэсэн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч Турк улсын “Пояразкан Гида” компанийн бүтээгдэхүүн болох оливын тосыг “Д” ХХК нь худалдан авч Монгол Улсад борлуулан, 90 хоногийн дотор төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна. Улмаар хариуцагч компанийн захиалгын дагуу нийлүүлэгч компани 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Poyrazcan брэндийн 0,5 литр шилэн савалгаа бүхий тус бүр нь 1.87 ам.долларын үнэтэй оливын тос 9000 ширхэг, 1 литр шилэн савалгаа бүхий тус бүр нь 3.59 ам.долларын үнэтэй оливын тос 9000 ширхэг нийт 49 140 ам.долларын бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, уг барааг худалдан авагч тал 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй.

 

Харин хариуцагч нь “...2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 0,5 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг, 1 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг нийт 18 000 ширхэг оливын тосыг хүлээн авсан асуудлаар маргахгүй. ...Оливын тосыг Монгол улсад борлуулах явцад чанарын шаардлага хангахгүй тоснууд байсан бөгөөд хэрэглэгч болон борлуулагч нараас удаа дараа гомдол санал ирсэн тул цаашид борлуулах боломжгүй болсон. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй“ гэж маргаж байна.

 

Талуудын тайлбар, хэлцлийн агуулга зэргээс үзэхэд хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч “Д” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 0,5 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг, 1 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг нийт 18 000 ширхэг оливын тосыг хүлээн авснаар нийлүүлэгч Турк улсын П гэрээний үүргээ биелүүлсэн байна.

 

Харин худалдсан барааны үнэ 49 140 ам.доллар буюу 120 107 988 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй, хэрэгт авагдсан Шаардах эрх шилжүүлэх тухай хэлцлээр нэхэмжлэгч Турк улсын П нь Д ХХК-д илгээсэн 49 140 ам.долларын барааны төлбөрийг 313118114 тоот Турк эксим банктай байгуулсан даатгалын гэрээний дагуу тус банкнаас нөхөн төлүүлж авсан, үүнтэй холбоотойгоор 49 140 ам.долларын төлбөр хүлээн авахтай холбоотой шаардах эрхийг холбогдох бүх эрхийн хамт Турк эксим банкинд шилжүүлсэн талаар нотариатч гэрчилж, улмаар апостиль гэрчилгээ олгожээ.

 

Монгол Улс Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн есдүгээр бага хурлаас 1961 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэгдэн орсон бөгөөд энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд “...нотариатын үйлдлийг хэлэлцэн тохирогч нэг улсын нутаг дэвсгэр дээр үйлдэж хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутаг дэвсгэр дээр хэрэглэх албан ёсны баримт бичиг” байхаар, 3, 4 дүгээр зүйлд Апостиль гэрчилгээг баримт бичиг дээр, эсхүл түүнд хавсаргасан өөр хуудсан дээр үйлдэж олгох талаар тус тус зохицуулсан, шаардах эрх шилжүүлэх гэрээнд апостиль гэрчилгээ олгогдсон нь хуульд заасан шаардлагыг хангаж байх тул Турк улсын Эыг хариуцагч “Д” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...үлдэгдэл тосыг цаашид худалдан борлуулах боломжгүй болсон, хэрэглэгч нараас удаа дараа гомдол санал ирснээс болж зах зээлд хэрэглэгчгүй болсон, үлдэгдэл тосыг нийлүүлэгч талд буцаан явуулах хүсэлтэй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч хариу өгөөгүй” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр заасан бөгөөд худалдан авагч нь эд хөрөнгийг доголдолтой гэж үзвэл мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр түүний [email protected] хаягт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр, худалдан авагчийг худалдсан эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага хүргүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн нийлүүлсэн оливын тосыг доголдолтой эд хөрөнгө болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч хуульд заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

Түүнчлэн хариуцагч оливын тосны гаалийн татварт 7 852 006 төгрөг, дотоод зардалд 395 950 төгрөг, тээврийн зардалд 7 842 400 төгрөг нийт 15 730 356 төгрөг, реклам, сурталчилгаа танилцуулганд 343 700 төгрөгийн зардал гаргасан, борлуулагчийн цалин хөлсөнд 23 509 281 төгрөг зарцуулсан гэж тайлбарласан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч харьяаллын талаар маргаж, “...гэрээний 18 дугаар зүйлд уг гэрээтэй холбоотой үүссэн маргааныг Турк улс дахь арбитрын шүүх байхаар харилцан тохиролцсон байтал нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээний 18 дугаар зүйлийг хасаж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь харьяалал зөрчсөн” гэж тайлбарласан.

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг, апостиль гэрчилгээний хамт гаргаж өгсөн нь дээр дурдсан “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц” болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 13 дугаар зүйлийн 13.3-т заасантай нийцэж байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж шүүх дүгнэв. Хариуцагч нь уг гэрээг хуурамч нотлох баримт гэж тайлбарлаа нотлоогүй, Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар “...хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах” тухай хүсэлт гаргаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.      

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 49 140 ам.долларыг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцож 120 107 988 төгрөгийг “Д” ХХК-иас гаргуулан Турк улсын Эинд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 758 490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 120 107 988 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Турк улсын Эинд олгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 758 490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ