Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1409

 

 

ЭКБны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/0707 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ЭКБны нэхэмжлэлтэй

Хариуцагч “ДИ" ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 120 107 988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Орхон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч ЭКБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч "ДИ" ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Турк улсын П компанитай "хамтран ажиллах гэрээ" буюу бүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах гэрээ байгуулж, худалдагч компанийн бүтээгдэхүүн болох оливын тосыг 90 хоногийн хугацаатай зээлээр худалдан авч Монгол Улсад борлуулах үүрэг хүлээсэн. Хариуцагч компанийн захиалгын дагуу нийлүүлэгч Пояразкан компани 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 0,5 литр шилэн савалгаа бүхий тус бүр нь 1.87 ам.долларын үнэтэй оливын тос 9000 ширхэг, 1 литр шилэн савалгаа бүхий тус бүр нь 3.59 ам.долларын үнэтэй оливын тос 9000 ширхэг нийт 49 140 ам.долларын бүтээгдэхүүнийг бараа ачигдсанаас хойш 90 хоногийн дотор төлбөрийг 100 хувь төлөх нөхцөлтэйгээр ачиж, илгээсэн. Хариуцагч 18 000 ширхэг оливын тос хүлээн авсан боловч төлбөр огт хийгээгүй. ЭКБ буюу ТЭ банк нь Турк улсын экспортыг дэмжих зорилготой төрийн өмчит банк бөгөөд Пояразкан компанитай 31318114 тоот даатгалын гэрээ байгуулан тус компанийн экспортын гэрээний эрсдлийг даатгасан. Хариуцагч нь гаалийн татвар, тээвэр, маркетинг, дотоодын зардалд нийт 15 сая гаруй төгрөг төлсөн гэх боловч энэ талаар шаардлага гаргаагүй бөгөөд гэрээнд дээрх асуудлыг худалдан авагч тал хариуцахаар заасан. Мөн тос шаардлага хангахгүй гэдэг боловч 55 161 500 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулж, 3 650 000 төгрөгийн бүтээгдэхүүн акталсан. Түүнчлэн чанарын шаардлага хангахгүй гэдгийг нотолсон баримтгүй бөгөөд и-мэйлээр "танай тос нь тунадас үүсч амархан хөлдөж байна гэсэн гомдол ирсэн" гэхэд нь "ирсэн гомдлын талаар баримтыг илгээнэ үү" гэхэд илгээгээгүй, тухайн тосны чанарын шаардлага хангаагүй талаар шинжилгээ хийлгээгүй бөгөөд хэрэв шаардлага хангаагүй бол гомдол гаргах эрх байсан. Хамтран ажиллах гэрээ нэртэй боловч агуулга нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ тул бараа бүтээгдэхүүний чанарын доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргалгүй 3 жил болсон байж одоо чанарын шаардлага хангаагүй гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч и-мэйлээр харилцаж гэрээнд гарын үсэг зурсан боловч и-мэйл устсан гэж тайлбарладаг. Уг гэрээ 1-17 дугаар заалт хүртлээ талуудын хүсэл сонирхлын дагуу хийгдсэн талаар маргаангүй. Харин гэрээний 18 дугаар нь мөр зөрж орж ирсэн. Гэрээний 1-17 дугаар зүйл нэг мөрөнд байснаа 18 дугаар зүйл нь бага зэргийн догол мөрнөөс эхэлсэн учир энэ мөрийг нэмсэн гэсэн үг. Хэрэв талууд гэрээг шинээр байгуулан гарын үсгээ зурсан бол шинээр тамга дарж гарын үсэг зурна. Гэтэл "Дэлгэр интернэйшнл" ХХК-ийн гаргасан гэрээ, Турк улсаас ирсэн гэрээтэй гарын үсэг, огнооны даралт, дардас яг нэг хэлбэртэй. Турк улсаас ирсэн гэрээний 1 дүгээр хуудсыг "Дэлгэр интернэйшнл" ХХК-ийн гаргасан гэрээний 1 дүгээр хуудастай харьцуулахад гарын үсэг, тамга, огноо нь яг адил. Тиймээс эдгээр зүйлсийг дахин дарж, гарын үсэг зурахад 1 мм-ийн зөрүүгүй байхгүй. Хэрэв дахин зурж үйлдсэн бол ийм адилхан байхгүй. Тиймээс "Дэлгэр интернэйшнл"ХХК-ийн гаргасан гэрээг талуудын хооронд байгуулагдсан гэж үзэхгүй. Харин Турк улсаас ирүүлсэн гэрээ нь нэг талын гарын үсэгтэй боловч энэ гэрээг "Дэлгэр интернэйшнл" ХХК нь хүлээж авсан. Нөгөө талаар "Дэлгэр интернэйшнл" ХХК нь бараа хүлээж авч, улмаар зарж борлуулаад төлбөрийг төлөхөөр и-мэйл бичсэн үйл баримттай. И-мэйлд Турк улсаас ирсэн нэхэмжлэхийг хавсаргасан тул ийм тоо хэмжээний бараа бүтээгдэхүүн хүлээж авсан нь нотлогдоно.

            Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул ТЭ банкны даатгалын гэрээний дагуу хариуцагчийн төлөх 49 140 ам.долларыг Пояразкан компанид төлж, төлбөрийг шаардан авах эрхийг Пояразкан компаниас авсан учир хариуцагч "ДИ" ХХК-аас 49 140 ам.доллар буюу 120 107 988 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “ДИ" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Дэлгэр интернэйшнл" ХХК нь Турк улсын П ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, худалдагч компанийн бүтээгдэхүүн болох оливын тосыг Монгол Улсад худалдан борлуулахаар болсон. Хамтран ажиллах гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 0,5 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг, 1 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг нийт 18 000 ширхэг оливын тосыг хүлээн авсан. Улмаар оливын тосны гаалийн татварт 7 852 006 төгрөг, дотоод зардалд 395 950 төгрөг, тээврийн зардалд 7 842 400 төгрөг нийт 15 730 356 төгрөг төлсөн. Гэтэл оливын тосыг Монгол Улсад борлуулах явцад чанарын шаардлага хангахгүй тоснууд байсан бөгөөд хэрэглэгч болон борлуулагч нараас удаа дараа гомдол санал ирсэн. Ингээд тунадас үүссэн 1 литрийн савлагаа бүхий 190 ширхэг оливын тос, 0,5 литрийн савлагаа бүхий 278 ширхэг нийт 468 ширхэг оливын тос буюу 3 650 000 төгрөгийн үнэ бүхий оливын тосыг акталсан. Энэ талаар тухай бүрд нийлүүлэгчид и-мэйлээр мэдэгдэж, тунадас үүссэн тоснуудын зургийг явуулсан боловч хариу өгөөгүй. Мөн оливын тосыг хурдан шуурхай борлуулах талаар маркетинг хийж, реклам, танилцуулгад 0,5 литрийн савлагаатай оливын тосноос 29 ширхэг, 1 литрийн савлагаатай оливын тосноос 16 ширхэг, нийт 45 ширхэг буюу 343 700 төгрөгийн зарлага гаргасан. Борлуулагч нарт цалин хэлбэрээр 23 509 281 төгрөгийг олгосон. Манай компани 1 литрийн савалгаа бүхий 3850 ширхэг оливын тос, 0,5 литрийн савалгаа бүхий 2741 ширхэг нийт 6591  ширхэг буюу 55 161 500 төгрөгийн оливын тосыг зах зээлд нийлүүлсэн боловч супермаркет болон лангуунуудад зарагдаагүй нийт 23 980 750 төгрөгийн, компанийн агуулахад 1 литрийн савлагаатай 4944 ширхэг 0,5 литрийн савлагаатай 5952 ширхэг нийт 10 896 ширхэг буюу 86 644 800 төгрөгийн оливын тос хадгалагдаж байна. Дээрх үлдэгдэл бүтээгдэхүүнийг нийлүүлэгчид буцаах талаар удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Мөн гэрээний 18 дугаар зүйлд энэхүү гэрээний дагуу үүсэх аливаа маргааныг цор ганц Турк улс дахь арбитрын шүүх хянахаар тохиролцсон байтал нэхэмжлэгч харьяалал зөрчсөн. Хамтран ажиллах гэрээнд манай компанийн тамга тэмдэг дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй. Гэрээг хуурамчаар үйлдсэн байх боломжгүй. Шаардах эрх шилжүүлж авч байгаа Турк улсын Кредит банк руу П ХХК нь ямар гэрээг шилжүүлснийг бид мэдэхгүй. Нэхэмжлэгч байгууллага шүүхийн харьяалал тогтоогдоогүй гэрээний дагуу шаардах эрхгүй. Хоёр компани амьдрал дээр огт уулзаагүй, и-мэйлээр гэрээг илгээж харилцсан. Нэхэмжлэгчийн гаргасан гэрээн дээрх тамга тухайн хүний авчирсан гэрээг нотолсон болохоос гэрээний жинхэнэ гэдгийг батлаагүй, хүчин төгөлдөр бус. Хүлээн авсан бүтээгдэхүүний доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан. Энэ нь и-мэйлд үзлэг хийлгэсэн тэмдэглэлийн 2 дугаар захидалд бий. Гэрээний 10 дугаар зүйлд нийлүүлэгч чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бол нийлүүлэгч тухайн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хохирлыг хариуцахаар зааснаар энэ бүтээгдэхүүнийг яах талаар и-мэйлээр харилцсан, тухайн үед талууд хэн үүнийг төлөхөө тогтоох ёстой байтал үүнийг тогтоолгүй барааны үнийг 100 хувь төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ДИ" ХХК-иас 120 107 988 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭКБинд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 758 490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Б.Ц нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч талаас 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 17 зүйл заалтгай хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар гараж өгсөн бөгөөд тухайн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Өөрөөр хэлбэл талууд гарын үсэг зурж баталгаажаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн. Нотариатын үйлдэл хийх зааврын 13.4-т “нотариатч нь баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг дараах тохиолдолд гэрчлэхгүй. Үүнд:

13.4.1-т “гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч мэдэхгүй,

13.4.2-т “тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол гэрчлэхгүй гэж заасан байхад хамтран ажиллах гэрээнд хариуцагч “Дэлгэр интернешнл" ХХК нь тамга дарж гарын үсэг зураагүй байхад тус гэрээг хууль зөрчиж нотариатаар батлуулсан гэрээг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэр гаргасан.

Мөн нэхэмжлэгч ЭКБ нь Турк улсын П компаниас шаардах эрх шилжүүлэн авсаны үндсэн дээр манай компанид холбогдуулж нэхэмжлэл гаргадаг бөгөөд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт хуульчилсаны дагуу Турк улсын П компани нь шаардах эрхээ ЭКБинд шилжүүлж байгаа талаар манай компанид мэдэгдээгүй. Шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргасан бөгөөд уг итгэмжлэлийг ЭКБыг төлөөлөн өр шаардах хэлтсийн менежер Neslihan Diniz болон туслах ажилтан Nese Istanbulluoglu Tur нар иргэн Г.Орхонд олгосон. Гэтэл хэрэгт Экспорт кредит банкыг төлөөлж Neslihan Diniz болон Nese Istanbulluoglu Tur нар нь бусдад итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх талаарх баримт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй 17 зүйл заалттай хамтран ажиллах гэрээний дагуу оливын тосыг хүлээн аваагүй бөгөөд, 18 заалттай хамтран ажиллах гэрээний дагуу оливын тосыг хүлээн авсан. Оливын тосыг зарж борлуулах явцад тунадас үүссэн чанарын шаардлага хангахгүй тоснууд илэрсэн бөгөөд тухай бүрт нь Турк улсын П компани руу зураг болон доголдол үүсч байсан талаарх тайлбаруудыг хүргүүлж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч ЭКБ шүүхэд хандан, хариуцагч “ДИ” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 120 107 988 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Турк Улсын хуулийн этгээд “П” компани, “ДИ” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ТС15/10 дугаартай “хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ байгуулж, “П” компани нь өөрийн бүтээгдэхүүн оливын тосыг “ДИ” ХХК-ийн захиалсан хэмжээгээр нийлүүлэх, худалдан авагч нь бүтээгдэхүүн ачигдснаас хойш 90 хоногийн дотор үнийг төлж, Монгол Улсад борлуулах үүргийг тус тус хүлээсэн байна. Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хх-4-6, 19-22 дахь тал/

Дээрх гэрээний дагуу худалдагч “П” компани 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр худалдан авагч “ДИ” ХХК-д 0.5, 1 литрийн савлагаатай, тус бүр 9000 ширхэг, нийт 18000 ширхэг 49 140 ам.долларын үнэ бүхий оливын тос илгээснийг худалдан авагч тал мөн оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх-1-9, 19-22/ Энэ үйл баримтад нэхэмжлэгч, хариуцагч нар маргаангүй. Харин шаардах эрх шилжсэн талаар мэдэгдсэн эсэх, шүүхийн харьяалал, гэрээний зүйл, бүтээгдэхүүний догодлын талаар марган мэтгэлцэж, хариуцагч тал энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

1.Нэхэмжлэгч Турк Улсын Эксим банк нь “П” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу тус компанид хариуцагч “ДИ” ХХК-иас худалдан авсан барааны үнийг төлж, үүнтэй холбоотой шаардах эрхийг шилжүүлэн авсан тухай хэлцлийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хийж, нотариатаар гэрчлүүлсэн бичмэл нотлох баримтыг гадаад хэлнээс монгол хэл дээр орчуулан шүүхэд гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасанд нийцэж байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дэх хэсэгт хэлбэрийн шаардлагыг хангасан, талуудыг мөн зүйлийн 123.2-т заасны дагуу шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг нөгөө талаасаа шаардах эрхтэй.

2.Хариуцагч “Дэлгэр интернэйшнл” ХХК, “худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргаан гарвал Турк Улс дахь Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон” гэж хэргийн харьяаллын талаар марган, шүүхэд 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” нэртэй 18 зүйл бүхий гэрээг англи хэлээр бичигдсэн хуулбарыг орчуулгын хамт цуглуулж өгсөн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Түүнчлэн хариуцагч талын “... гэрээг “П” ХХК-иас цахим шуудангаар хүлээж авсан ...” гэх тайлбар шүүхээс хийсэн үзлэгээр нотлогдоогүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн, нотариатаар гэрчлэгдэж, Апостиль гэрчилгээ олгогдсон 17 зүйлтэй, “Хамтран ажиллах гэрээ”-ний эх хувь болон монгол хэл дээр орчуулагдсан бичмэл баримтыг үнэн зөв гэж үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.2.1-д заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

3.Хариуцагч “ДИ” ХХК нь худалдагч талаас нэг бүр 1,87 ам.долларын үнэтэй 0.5 литрийн савлагаатай оливын тос 9000 ширхэг, нэг бүр нь 3.59 ам.долларын үнэтэй 1 литрийн савлагаатай оливын тос 9000 ширхэгийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч тухайн бүтээгдэхүүний чанарын доголдолтой байсны улмаас үнэ төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлан, өөрийн компанийн [email protected] цахим хаягт үзлэг хийлгэжээ. Уг үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, хариуцагчаас “П” компани руу 2016 оны 02 дугаар сарын 19, 6 дугаар сарын 07-ны өдөр илгээсэн захианууд нь тос хөлдөн тунадас үүссэн, барааны тоо ширхэгийн талаар лавласан агуулгатай,  “П” компани нь хариуцагч руу 2016 оны 02 дугаар сарын 02, 2015 оны 8 дугаар сарын 27, 29, 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд захиа илгээж барааны үнэ төлөхийг шаардсан байна. /хх-130-131 дэх тал/

Талууд барааны чанарын талаар гэрээний 11-д нийлүүлэгч бүтээгдэхүүний нийт баталгаат хугацааны 3/2-с илүү хугацаа бүхий чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхээр, мөн өмнө нь худалдан авагчийн хүлээн зөвшөөрсөн дээжтэй ижил чанарын бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд хариуцагч “ДИ” ХХК “П” ХХК-ийг энэ үүргээ биелүүлээгүй гэдгийг баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасны дагуу  биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээн авсан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, талууд гэрээгээр баталгаат хугацааны талаар тодорхой тохиролцоогүй учир хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бол мөн зүйлийн 254.1-д заасан доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байжээ. Хариуцагч нь хуулийн хугацаанд доголдлын талаар шаардлага гаргасан гэдгээ нотлоогүй учир худалдан авсан бүтээгдэхүүн болох 18 000 ширхэг оливын тосны үнэ 49 140 ам.доллар буюу 120 107 988 төгрөгийг төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байна.

Мөн нэхэмжлэгч Турк Улсын Эксим кредит банкны өр шаардах хэлтсийн менежер Neslihan Diniz, туслах ажилтан Nese Istanbulluoglu Tur нараас Г.Орхонд олгосон итгэмжлэл нь нотариатаар гэрчлэгдэж, апостиль гэрчилгээ олгогдсон, гадаад хэлнээс монгол хэл дээр орчуулагдсан байх тул уг итгэмжлэлийг эрх бүхий этгээдээс олгосон гэж үзнэ. /хх-10, 18 дахь тал/

Дээрхээс дүгнэхэд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/0707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 758 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                  ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД