Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 118/2023/0020/З |
Дугаар | 221/МА2024/0148 |
Огноо | 2024-02-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0148
М.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Г.Д
Нэхэмжлэгч: М.Г
Хариуцагч: ЗаЗсБнтөсх,тд Г.Д
Гуравдагч этгээд: Э.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн азарга насны уралдаанд 2 дугаар байранд орсон М.Г-н нэр дээрээ уралдуулсан хар азаргыг 2 дугаар байранд орсныг цоллож, баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2 дугаар байранд орсон шийдвэр гаргахыг Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгаж, тус азарганы уралдааны 2 дугаар байрны бай шагнал болох мотоциклийн үнэ 3,000,000 төгрөг, бэлэн мөнгөний шагнал 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооноос гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 118/ШШ2024/0002 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 118/2023/0020/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г -аас ЗаЗсБнтөсх,тд Г.Дт холбогдуулан “Завхан аймгийн Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн азарга насны уралдаанд 2 дугаар байранд орсон М.Г-н нэр дээрээ уралдуулсан хар азаргыг 2 дугаар байранд орсныг цоллож, баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2 дугаар байранд орсон шийдвэр гаргахыг Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгаж, тус азарганы уралдааны 2 дугаар байрны бай шагнал болох мотоциклийн үнэ 3,000,000 төгрөг, бэлэн мөнгөний шагнал 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооноос гаргуулах”-аар маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 118/ШШ2024/0002 дугаар шийдвэрээр: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.5, 16.5.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Г-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн азарга насны уралдаанд 2 дугаар байранд орсон М.Г-н нэр дээрээ уралдуулсан хар азаргыг 2 дугаар байранд орсныг цоллож, баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2 дугаар байранд орсон шийдвэр гаргахыг Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгаж, тус азарганы уралдааны 2 дугаар байрны бай шагнал болох мотоциклийн үнэ 3,000,000 төгрөг, бэлэн мөнгөний шагнал 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооноос гаргуулж, нэхэмжлэгч М.Г-т олгохоор шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Г.Д дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч тал захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М.Г-н Мөнх гэдэг овгийг Мөнхөө гэж бичсэн. Монгол Улсын хуулийн өмнө хуурамч бичиг баримт үйлдэж, гарын үсэг хуурамчаар үйлдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 07 сарын 25-ны өдөр М.Г нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-т итгэмжлэл шилжүүлэхдээ өөрөө гарын үсгээ зурсан байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц болон хариуцагч Т.Д хүртэл нь шүүхэд зарим зүйлсийг ор үндэсгүй худал тайлбар өгсөн байсан.
3.2. Шинжээч нар хэмжилт хийхдээ илт давуу нэхэмжлэгч талд буруу хэмжилт хийсэн. Шинжээч Н.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэмжилт хийхэд морины комиссын зүгээс би өөрийн биеэр очиж оролцсон, нэлээдгүй маргасан. Нэхэмжлэгч тал, шинжээч нар яах аргагүй урьдчилан ярилцсан байсан. Шинжээч Н.Бгийн аав аймгийн алдарт уяач Эрдэнэхайрхан сумын Нарангэрэл гэдэг хүн нэхэмжлэгч талын Б.П хоёр нь үй зайгүй найзууд юм билээ. Шинжээч Н.Бгийн аав Нарангэрэл нь өөрийн амаар “дүү найз Б.П танай хүүхэд шинжээчээр томилогдсон юм байна. Манай азарга дээр сэрвээний хэмжээнд нь хэмжихдээ оруулаад өгөөч гуйсан. Дүүгийн гуйсныг биелүүлээд хүүхэддээ хэлээд зохицуулсан” гэж Завханмандал сумын Цагдаагийн тасгийн дарга Ч.Г-т хэлсэн байсан.
3.3. Анхан шатны шүүх хуралдаан болох тухайн үед буяны ажил гараад шүүх хуралдаанд оролцохоор явсан боловч замд машин эвдэрч, замын унаанд дайгдан аймагт 16 цагт очсон боловч шүүх хуралдаан дууссан байсан. Хариуцагч Г.Д миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргав гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.5-д “... Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам хугацааг заана” гэж тус тус заасны дагуу шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байхыг шаардана.
4. Нэхэмжлэгч М.Г нь ЗаЗсБнтөсх,тд Г.Д-ыг хариуцагчаар тодорхойлж, “Завхан аймгийн Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн азарга насны уралдаанд 2 дугаар байранд орсон М.Г-н нэр дээрээ уралдуулсан хар азаргыг 2 дугаар байранд орсныг цоллож, баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2 дугаар байранд орсон шийдвэр гаргахыг Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгаж, тус азарганы уралдааны 2 дугаар байрны бай шагнал болох мотоциклийн үнэ 3,000,000 төгрөг, бэлэн мөнгөний шагнал 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооноос гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүхэд гаргажээ.
5. Хэрэгт цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогчдын гаргасан тайлбараас үзэхэд, Завхан аймгийн Завханмандал сум үүсч байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг 2023 оны 7 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн байх ба сумын баяр наадмын азарганы уралдаанд нэхэмжлэгч М.Г нь аймгийн алдарт уяач Б.Пын буйлан тамгатай хар азаргыг өөрийн нэр дээр бүртгүүлэн уралдуулахад барианы зурхайд 2 дугаар байр буюу аман хүзүүнд хурдалсан боловч Баяр наадмыг зохион байгуулах комисс /эсхүл Хурдан морины дэд хороо/-оос “сэрвээний хэмжилтээр тэнцээгүй учраас хасч, хашаанд үлдээсэн байхад уралдсан” гэх үндэслэлээр цоллож шагналгүй орхижээ.
6. Маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “морио албан ёсоор бүртгүүлж хэмжүүлэн, зөрчилгүй учраас уралдуулсан, зохион байгуулах комисс ямар шалтгаанаар хассан нь тодорхойгүй, уяач Б.Паас морийг нь хассан талаар комиссын дарга Г.Дт гомдол гаргасан, цоллож шагналгүй хасч, нэр төрийг минь унагасан” гэж, хариуцагчаас “сэрвээний өндрийг хэмжихэд стандартаас хэтэрсэн тул хашаанд үлдээсэн байхад М.Г авч яваад уралдах морьд руу оруулсан, Хурдан морины салбар дэд хорооны гишүүд ярилцаад хасагдсан азарга аман хүзүүнд уралдсан тул барихгүй шийдвэр гаргасан, М.Г-т ийм хар азарга байхгүй нутгийн иргэд бүгд мэднэ, аймгийн алдарт уяач Б.Пын энэ хар азарга сэрвээний хэмжилтээр тэнцэхгүй учраас хассан” гэж тус тусын шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргасан.
7. Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, баяр наадмын хүрээнд бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбогдсон харилцааг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар зохицуулах ба тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үндэсний их баяр наадмыг уламжлалт ёс заншил, өв соёлд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хороо, аймаг, сумын хороо хариуцна…”, 16.3-т “Зохион байгуулах хороо албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд хэлэлцсэн асуудлаараа олонхын саналаар тогтоол, зохион байгуулах хорооны дарга энэ хууль болон дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор тушаал гаргана”, 16 дугаар зүйлийн 16.5-д “Зохион байгуулах хороо нь улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 16.5.9-д “бөх, морь, сурын болон шагайн харваачийн салбар хороо, бүртгэлийн дэд хороо байгуулах, түүний бүрэлдэхүүн, дүрмийг батлах”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах талаар аймаг, сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 17.1.2-т “энэ хуулийн 16.5.9-д заасан нийтлэг журмын хүрээнд баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий аймаг, сумын хорооны бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан мөрдөх”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Сумын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл аймгийн хороонд, аймгийн болон салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохион байгуулах хороонд гомдол гаргана”, 20.3-т “Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно”, 14 дүгээр зүйлийн 14.6-д “Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах эрх эдэлнэ: гээд 14.6.2-т “Үндэсний их баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах” гэж тус тус заасан.
8. Мөн Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-ийн 2.1-д “Хурдан морины уралдааныг Хурдан морины салбар хороо (цаашид “Салбар хороо” гэх) хариуцан зохион байгуулна”, 2.2-т “Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид “Хороо” гэх) батална”, 12.1-д “Хурдан морины уралдаантай холбогдон гарсан маргааныг Салбар хороо шийдвэрлэнэ”, 12.2-т “Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд, Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно” гэж тухайлан зохицуулснаас үзвэл баяр наадмыг зохион байгуулах хороо, уг хорооноос байгуулсан Хурдан морины салбар хороо гэж тус тусдаа, бие даасан зохион байгуулалтын бүтэц байна.
Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалтын дагуу Засаг дарга нь баяр наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, дүрмийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, ийнхүү томилогдсон Баяр наадам зохион байгуулах хороо нь салбар буюу дэд хороодыг байгуулахаар журамлажээ.
8.1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд, Завханмандал сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/36 дугаар захирамжаар сум үүсч байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоож, дэд хороодын бүрэлдэхүүнийг баталсан ба “Хурдан морины дэд хороо”-г 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, сумын Засаг даргын орлогч Г.Дыг дэд хорооны даргаар томилсон.
8.2. Харин Хурдан морины дэд хорооны шийдвэрт гаргасан гомдлыг хянах чиг үүрэгтэй сумын баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан эсэх нь тодорхой бусаас гадна сумын Засаг даргын 2023 оны А/36 дугаар захирамжийн үндэслэл болсон Завхан аймгийн Засаг даргын 2023 оны А/146 дугаар захирамж болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1 дүгээр тогтоол хэрэгт авагдаагүй учир “Хурдан морины дэд хорооны гишүүд ярилцаад М.Г-н нэр дээрээ уралдуулсан хар азаргыг хассан, морины комиссын шийдвэрт тэр өдрөө гомдол гаргасан” гэх шаардлага ба татгалзлын үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
8.3. Учир нь хурдан морины уралдаантай холбоотой маргааныг дэд хороо шийдвэрлэх, гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Баяр наадам зохион байгуулах хороонд гомдол гаргаж, түүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэхээр журамласан боловч тухайн тохиолдолд аман хүзүүнд хурдалсан гэх хар азаргыг Хурдан морины дэд хорооноос хасах шийдвэрээ ямар хэлбэрээр гаргаж, хэзээ нь хэнд танилцуулсан, уг шийдвэрт М.Г, уяач Б.П нараас хэзээ ямар хэлбэрээр гомдол гаргасан буюу Хороо уг гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад анхан шатны шүүх хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэхдээ энэ талаар шалгаж, дүгнэлгүй орхигдуулжээ.
8.4. Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаж буй захиргааны шийдвэр, үйл ажиллагааны талаар холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу эхлүүлсэн эсэхийг дүгнэх шаардлагатай.
9. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд үр дагаврыг хариуцна” гэж заасан бөгөөд Сумын баяр наадам зохион байгуулах хороо, түүний дэд хороод нь үүнд хамаарна.
9.1. Чиг үүргийн хувьд зөвхөн тухайн баяр наадам, хурдан морины уралдааныг зохион байгуулах нэг удаагийн шинжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тул Сумын баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины дэд хороог эрх бүхий этгээдийн шийдвэрээр татан буулгасан эсэхийг шүүхээс тодруулах нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахад ач холбогдолтой.
9.2. Учир нь Сумын баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины дэд хороог эрх бүхий этгээдийн шийдвэрээр татан буулгасан тохиолдолд түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийтдээ 4,000,000 төгрөгийг тус Хорооноос гаргуулж М.Г-т олгохоор шийдвэрлэсэн нь бодит байдалд биелэх боломжгүйд хүрэх тул энэ нөхцөл байдлыг шүүхээс тодруулах нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцнэ.
10. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлага хийгээд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11. Хариуцагч Г.Д нь давж заалдах гомдолдоо 5 хуудас нотлох баримт хавсаргаж ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-д “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасантай нийцээгүй тул тэдгээрийг магадлалын үндэслэл болгож үнэлээгүй болно.
Харин давж заалдах гомдлыг хүлээн авахдаа анхан шатны шүүхээс уг зохицуулалтыг анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 118/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ