Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 602

 

 

 

 

 

 

 

 

 

М.Мод холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Батсайхан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1806 08240 2159 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Мын М, 1993 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Тагнуулын ерөнхий газарт ажилладаг, ам бүл 1, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

М.М нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хүслийн-Өргөө” хотхоны 100/2 дугаар байрны 40 тоотод У.Буянтогтохтой маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь стаканаар цохисноос эрүүл мэндэд нь шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Мын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мод оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хохирогч У.Буянтогтоход шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “бид хоёр харилцан тохиролцоод ямар нэгэн гомдол саналгүй болсон. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэж хариу өгсөн. Миний шүүх хуралдаан дээр “би У.Буянтогтоход гэмтэл учруулаагүй нь үнэн. Гэхдээ хохирогчид учирсан нотлох баримтаар тогтоогдсон гэх хохирлыг төлж барагдуулсан. Одоо түүнд гэмтэл учруулаагүй болохоо тогтоолгож, нэр төрөө сэргээлгэнэ” гэж мэдүүлснээс шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан нотлох баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ” гэсэн шүүхийн тогтоолын дүгнэлтээс бусад хэсэг нь 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/62 дугаар хүчингүй болсон шийтгэх тогтоолтой адилхан бичигдсэнийг хууль бус гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд “Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглоно” гэж заасныг илт зөрчиж, шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшилдээ намайг гэм буруутай гэдгийг урьдчилан тогтоосон гэж ойлгогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг бичиж, хавтас хэргийн дугаар тавьснаас дүгнэхэд мөрдөгч, прокурорын гаргасан нотлох баримтыг эргэлзээгүй тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн байна. Ийм шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн гэм бурууг тогтоох юм бол шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн бодит байдлын талаар хохирогч, шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг болон гэм буруугийн талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийтгэх тогтоолд хэрхэн тусгасан нь тодорхойгүй байх тул хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоогоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй. Хохирогч “над руу стакан шидсэн”, мөн “барьж байсан вискиний стаканаар нүүрэн тус газар хүчтэй цохьсон” гэж зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Энэхүү хохирогчийн зөрүүтэй мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр намайг хохирогчийн биед гартаа барьсан стаканаар цохиж гэмтэл учруулсан юм уу, стакан шидсэн юм уу гэдгийг эргэлзээгүй талаас нь нотлоогүй байна. Үйл баримт болсон газар надаас бусад нь маш их согтолттой байсан. Би хохирогч У.Буянтогтох руу пиво цацах болсон шалтгаан нь тэрээр миний толгой дээр ууж байсан пиво Ерөөлтийн хойгуур гараад сунгаад дуустал асгаад дуусахаар нь би зөрүүлээд ууж байсан пивоо түүн рүү цацсан, тэгэхэд Ерөөлт дээр давхар цацагдсан учир Ерөөлт надтай барьцалдаад авахад нь би стаканаа ширээн дээр хүчтэй тавихад У.Буянтогтох “чамаас болж ингэлээ” гээд над руу хашгираад над руу дайрсан. Надад хохирогчийн биед гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй. Харин хохирол төлсөн нь миний хохирогч руу пиво цацсанаас болж түүний үүдэн шүд ямар нэгэн үйлдлийн улмаас хугарсныг ойлгоод нэг ангийн хүүхэд гэж бодож хохирлыг төлсөн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрснөөр хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй юм. Хохирогчийн үүдэн хоёр шүдний дундуур шүдний паалан нь эмтэрсэн байсан. Хэргийн нотлох баримтад бэхжүүлсэн зураг бол шүд эмчлүүлэх үед томруулсан байдлаар авсан зураг юм. Би хохирогч руу пиво цацсан үйлдлээ буруу гэж ойлгож байгаа, гэвч энэ нь гэмт үйлдэл биш гэж үзэж байна. Гэм буруугүйгээр хор уршиг учруулсан байж болзошгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзэж байна. Учир нь, гэмт хэргийн зорилго тодорхойгүй байна. Яагаад хохирогч руу пиво цацах болсон талаар оновчтой дүгнэлт хийгээгүй. Хохирогчийн зүй бус үйлдэлд хариу өгсөн нь шүүгдэгчийн хувьд буруу зүйл болсон. Хохирогч руу пиво цацах зорилго байсан хэдий ч гэмтэл учруулна гэж бодоогүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан байдаг. Шүүгдэгч гэм хор учруулахыг мэдэж болох байсан эсэх нь тодорхойгүй. Үйл баримтыг дүгнэхэд М.М тухайн айлд хамгийн сүүлд очсон учраас бусдаас согтолтын хэмжээ бага байсан. Болсон үйл явдлын талаар тодорхой санаж байгаа. Хажуудаа сууж байсан хүнтэй маргалдах үед хохирогч нь “чамаас болж шүд хугарлаа” гэж хэлсэн. Энэ нь “чи миний шүдийг хугалчихлаа” гэсэн ойлголт биш юм. Энэ бүх эргэлзээнд шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Уг нь анхан шатны шүүх хуралдаан дээр бүгд яригдсан. Тиймээс шүүхийн шийдвэр гарахад үндэслэл бүхий, тодорхой ойлгомжтой, хууль ёсны байх зарчим алдагдсан учраас хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэргийн хүрээнд нотлох баримтуудыг судалж, анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Мэтгэлцээнээс үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд пиво хийсэн шилэн аягаар цохиж гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэдгийг хангалттай нотолж тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.М нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хүслийн-Өргөө” хотхоны 100/2 дугаар байрны 40 тоотод хохирогч У.Буянтогтох түүний толгой дээр ууж байсан шар айргаа асгаснаас болж У.Буянтогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар шилэн аягаар ам хэсэг рүү нь  цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн үүдэн дээд 1-р шүдний хугарал, доод уруулын дотор гадаргуугийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч У.Буянтогтохын мэдүүлэг /хх 14/, гэрч Г.Цацралын мэдүүлэг /хх 23-24/, гэрч Б.Одонтуяагийн мэдүүлэг /хх 25-26/, гэрч Э.Ангарагийн мэдүүлэг /хх 28/, гэрч Б.Хулангийн мэдүүлэг /хх 33-34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12087 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39/, “Басхүү имплант клиник” амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 53-67/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.Мын хохирогч У.Буянтогтохын нүүрэн тус газар стаканаар цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч М.Мын гаргасан “...Би гэм буруугүйгээр хохирогчид хохирол учруулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч У.Буянтогтохын “...М.М гартаа барьж байсан стаканаар нүүрэн тус газар хүчтэй цохисон. ...” гэх /хх 14/, Г.Цацралын “...М.М дуугүй сууж байгаад баруун гараа саваад буцаагаад авах шиг болсон. ...” гэх /хх 23-24/, гэрч Б.Хулангийн “...Тэгээд М.М урдаас нь гартаа барьсан шилэн аягатай пивоо буцаагаад У.Буянтогтох руу цацаж гараа савсан. ...” гэх /хх 33-34/ мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Мөнболд нь стаканаар хохирогч У.Буянтогтохыг цохисон идэвхитэй үйлдэл хийсэн байх бөгөөд түүний уг үйлдлийн улмаас У.Буянтогтохын биед баруун, зүүн үүдэн дээд 1-р шүдний хугарал, доод уруулын дотор гадаргуугийн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12087 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг “гэм буруугүйгээр хохирогчид хохирол учруулсан” гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Мын хохирогч У.Буянтогтохыг стакан барьсан гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх ба түүний энэхүү идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзнэ.

Харин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх доод хугацаа 90 хоног бөгөөд түүнээс дээш байхаар ойлгогдож байх тул анхан шатны шүүх шүүгдэгч М.Мод оногдуулсан торгох ялыг яг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, шүүгдэгчийн хувьд шүүхээс заавал хугацаа тогтоох шаардлагагүй, хуульд заасан хугацаанд төлөх боломжтой байдлыг харгалзан шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/722 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мод оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧ                                                                Ц.ОЧ