Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/00804

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/00804

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байр, 07 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Р овогт Ц-ын Т/рд:ЙЭ68102100/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний гудамжинд байрлах, У Төрийн өмчит хувьцаат компани-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Тү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Тшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлж захиргааны арга хэмжээ авсан У ТӨХК-ийн даргын Б693 тоот тушаалтай санал нэгдэхгүй байгаа тул шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. У ТӨХК-ийн даргын Б693 тоот тушаалаар намайг хэрэглэгчийн цахилгааны мөнгийг бэлнээр аваад, 4 хонуулаад тушаасан үйлдлийг онц ноцтой сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн. Гэтэл ийм зөрчил манай байгууллагад байнга гардаг байсан ба би ганцаараа энэ зөрчлийг үйлдээгүй юм. У ТӨХК-ийн монтёр болгон л сарын төлөвлөгөөгөө биелүүлэх гэж хэрэглэгчээс бэлэн мөнгө авч тушаадаг байсан. Би 2016 онд У ТӨХК-ийн төвөөс Баянзүрх дүүрэгт шинээр ирсэн учир бэлэн мөнгө байнга авдаггүй байсан. Гэтэл тухайн өдөр цахилгааны мөнгөө төлөөгүй хэрэглэгч нарын цахилгааныг таслаад явж байхад цахилгааны төлбөрөө хоёр сар төлөөгүй нэгэн эмэгтэйн цахилгааныг таслах гэтэл хоёр бага насны хүүхэдтэй, жирэмсэн тул манай цахилгааныг битгий таслаач, цахилгааны мөнгийг бэлнээр танд өгье. Та мөнгийг минь тушаагаад өгөөч гэж гуйсан тул би тухайн эмэгтэйг өрөвдөөд цахилгааныг нь таслаагүй мөнгийг нь авч банкинд тушаасан. Гэтэл нөгөө эмэгтэй намайг “шинэ хүн байна, өөр хүнд мөнгөө өгчихөв үү” гэсний үндсэн дээр дуудлагын төвийн утас руу хандан миний талаар асуусан байх гэж би бодож байна. Манай байгууллагад ийм төрлийн зөрчил байнга гардаг байсныг би батлаж чадна. Яагаад гэхээр дуудлагын төвд ажилладаг байхад ийм төрлийн дуудлага ирдэг байсан. Тэр үед хэсгийн ахлагч нар болон дарга нар ийм төрлийн дуудлага ирсэн монтёрыг ажлаас халдаг гэж хэлээгүй, цалингаас нь хасдаг тул бүртгэх хэрэггүй, зүгээр хүсэлтийг сонсоод өнгөрч бай гэж хэлдэг байсан. У ТӨХК надад яагаад дэс дараалсан арга хэмжээ авалгүй ажлаас халсан юм бэ. Би үүнд л гомдолтой байгаа. Мөн ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад намайг үүднээс нь хүн хүлээж аваад ийм материал бүрдүүлсэн үү гэж асуудаг юм байна лээ. Тэгээд намайг дээд шатны байгууллагад хандаж гомдол гарган хэргийг шийдүүлээгүй байсан тул надад танилцуулах материал дээр тамга дараад өгсөн. Түүний дараа би Эрчим хүчний яаманд гомдол гарган яамны үүдэнд өчнөөн сар болсон. Мөн би ажлаасаа халагдахаасаа өмнө намайг хэн нэг хүн дагаж тагнан, ажил хийлгэхгүй байна гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бичиж байсан. Энэ тушаал гарсны дараа намайг Эрчим хүчний яаманд очиход өөдөөс нэг хүн гарч ирэн миний өргөдлийг авсан бөгөөд 30 хоногийн дараа хариуг өгөөгүй. Намайг очихоор хуралтай байна гэдэг байсан тул би аргаа бараад нууцаар Эрчим хүчний яам руу орж өргөдөлөө өгч хариуг нь авсан. Түүнийгээ аваад Захиргааны хэргийн шүүхэд хандахад Захиргааны шүүх Хан-Уул дүүргийн шүүхэд ханд гэсэн. Ингээд би Хан-Уул дүүргийн шүүхэд өргөдөл гаргахаар ирээд нэхэмжлэлээ өгтөл Хан-Уул дүүргийн шүүхэд гэсэн толгой байсаар байтал миний нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн бичиг хэргийн ажилтан хүлээн авч намайг цаг алдуулсан. Энэ талаарх бүх баримтыг би хэргийн материалд хавсаргасан байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Түын ярьж байгаа зүйл нь ямар ч үндэслэлгүй байна. Ц.ТУ ТӨХК-ийн хэрэглэгчдийн дуудлагын төвд ажиллаж байхдаа ажлаа хийхгүй байсан ба ажилдаа 7 хоногийн 3 хоног ирчихээд алга болдог. Ажилдаа ирэхдээ эмнэлгийн акт бариад ирдэг учир ажлаас чөлөөлж болохгүй тул сахилгын арга хэмжээ авдаг байсан. Тэгээд эцэст нь бид Ц.Түт суудаг ажил тохирохгүй юм байна гэж үзээд байнга гадуур явдаг монтёрын ажилд Баянзүрх дүүрэг рүү шилжүүлэн ажиллуулсан. Гэтэл Ц.Ттухайн ажилдаа хариуцлага алдан сахилгын арга хэмжээ авхуулж байсан. Энэ үйл явдал нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй боловч чухам энэ хүн ямар хүн болохыг бодитойгоор хараасай гэсэндээ ярьж байна. Гэтэл хэрэглэгчээс Ц.Түтай холбоотой гомдол ирсэн. Ц.Т10 дугаар сарын 20-ны өдөр тухайн хэрэглэгчээс мөнгө аваад 10 дугаар сарын 24-ний өдөр банкинд тушааснаа Ц.Тхүлээн зөвшөөрсөн. Ц.Тэнэ үйлдлээ манай байгууллагад байнга давтагтдаг үзэгдэл гэж байгаа боловч манай байгууллага 1000 гаран монтёртой, тэр бүх хүн хэрэглэгчээс бэлэн мөнгө авч болохгүй гэдгийг мэднэ. Энэ нь монтёрын ажлын байрны тодорхойлолтонд байгаа байгаа бөгөөд өглөө бүр энэ талаар зааварчилгаа өгдөг. Хэрэглэгчээс мөнгө авах нь ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэл болгоод Ц.Түыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б/693 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ц.Тнь энэхүү тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардан авсан. Энэ талаар баримтыг хэрэгт өгсөн байгаа. Ц.ТХөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар гомдол гаргаагүй. Ц.Тэнэ өдрөөс хойш 6 сарын дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Эрчим хүчний яаманд өргөдөл гаргасныхаа хариуг аваад Захиргааний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан байсан. Энэ бүх баримт нь хэрэгт байгаа. Ц.Тнь юмыг ургуулан бодож, ярьдаг. Намайг тагнаж чагнадаг гэж Тагнуулын ерөнхий газарт хандаж байсан гэж байна. Ц.Тбол тагнаж чагнаад байхаар чухал албан тушаалын хүн биш бөгөөд жирийн нэгэн монтёр юм. Ц.Түын өрх толгойлсон эмэгтэй гэдэг утгаар нь бид олон удаа харж үзэн дэмжиж байсан бөгөөд сүүлдээ хэрэглэгчээс мөнгө авсан асуудал гаргасан байсан тул арга буюу ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Ц.Түт ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардан авснаасаа хойш өмгөөлөгч аван шүүхэд хандах боломжтой байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үүнийхээ дараа Эрчим хүчний яаманд хандсан. Бас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байсан. Гэхдээ энэ бүх үйлдэл нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Ц.Түын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Тнь хариуцагч У Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардан авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/693 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийг 4.42, 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5.1 дэх заалтыг тус тус үндэслэн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсэгт монтёр /авлага барагдуулагч/ Ц.Түыг 5024615 кодтой хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тушааж, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар хуульчилсан. Нэхэмжлэгч Ц.Тдээрх тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан байх боловч тус шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. 

 

            Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Намайг ажлаас чөлөөлөх тушаал гарсны  дараа би эхлээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад намайг үүднээс нь хүн хүлээж аваад материалаа бүрдүүлсэн үү гэж асуусан. Тэгээд намайг дээд шатны байгууллагад хандаж гомдол гарган хэргийг шийдүүлээгүй байсан тул надад танилцуулах материал дээр тамга дараад өгсөн” гэж тайлбарлан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэж огноолсон Мэдээлэл гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримт нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор шүүхэд хандсан эсэхийг нотлохгүй байна.

 

            Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгох нь зүйтэй.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар У ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай Ц.Түын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНГӨНТУУЛ