Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,

хохирогчийн өмгөөлөгч Н.Тайван,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Д.Даваадорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б*******,

шүүгдэгч Н.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн О*******д холбогдох эрүүгийн 1907001240072 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ний өдөр ******* суманд төрсөн, тай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, гэх, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн О*******, /*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.О******* нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо 80 дугаар байрны 30 тоотод өөрийн нөхөр болох Австри улсын иргэн Нын нүд рүү бие хамгаалах тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч хийг цацаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 01 дүгээр сарын 18-нд Ник над руу мессеж бичиж ярилцахыг хүссэн. Тэгээд бид орой Зайсанд уулзахаар болсон. Зайсанд ирчихээд юм ярихгүй уйлаад байсан. Тэгээд хоёулаа гэртээ очиж ярилцъя гээд гуйгаад байсан. Гэрт ирсний дараа уйлаад юм ярихгүй байсан. Тэгээд бид тэндээ хоночихоод өглөө Налайхын “” худалдааны төвөөс хүнсний зүйл цуглуулчихаад буцаж явах замд би “чамд миний нүцгэн зургууд байдаг юм уу” гэхэд. Ник надад миний нүцгэн зураг элдэв зүйлийг үзүүлсэн. Би наадахаа устгачих гуйсан боловч тэгвэл чи цагдаад өгсөн гомдлоо ав гэж надад хэлсэн. Тэгэхгүй бол би энийг интернетэд тавина гэж намайг сүрдүүлсэн. Гэртээ ирээд би утсыг нь булааж аваад хаалгаар гараад зугтах гэтэл миний үснээс татсан. Тэгж байхдаа надаас утсаа авсан. Би цааш зугтах гэтэл шатан дээр хааж зогсчихоод намайг явуулахгүй байсан. Би эргэж гүйж орж ирээд үүдэнд байсан нулимс асгаруулагчийг авсан. Тэгээд би надад ахиж хүрэх юм бол би цацна шүү гэдгээ хэлсэн. Тэгж байгаад сүүлд намайг түлхэхэд нь би хаалганы босгонд тулаад хойшоо унахдаа цацсан. Яг хаашаа цацсанаа ч хараагүй. Би ч хойшоо унасан Ник нүдээ дараад хаалгаа хаасан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бичлэг дээр унаж байгаад цацсан зүйл байдаггүй. Мөн бичлэгийн дуутай хэлбэр байдаг. Түүн дээр тийм зүйл яригдаагүй байдаг. Мөн Н нулимс асгаруулагчийг авахуулаагүй О******* өөрөө авсан гэж Н хэлсэн. О******* нулимс асгаруулагчийг үүднээс аваагүй. Буйдан дээр байхад нь аваад халаасанд явж байсан гэдэг. Мөн тэр нүцгэн зургийг Ник Сайдалд биш өөр залуус руу явуулсныг нь майл хаягаас олж авсан гэж Ник хэлдэг. Тэгээд “чи ийм хүн шүү дээ” гэж хэлсний төлөө тийм асуудал болсон гэдэг. Мөн тэр бичлэгүүд дээр Н зодож нүдээд байгаа зүйл харагддаггүй. Тэр бичлэгийг судлуулмаар байна. Одоогоор хохирол төлбөрийн талаар Ник хэлээгүй байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Н.О*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед Н намайг хаалгаар түлхэж гаргах үед би босгонд тээглэж хойшоо болох үед миний гарт байсан газ цацагдсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 100 дугаар хуудас/

Хохирогч Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед ариун цэврийн өрөөндөө байж байгаад гараад ирсэн чинь манай эхнэр О******* намайг тэврээд үнсэж байхдаа миний өмдний арын халааснаас гар утсыг минь авчихсан юм. Тэгээд би түүнд хандан “миний гар утсыг өг” гэж хэлээд би түүнээс гар утсаа авсан. Тэгтэл манай эхнэр Н.О******* хүрэмнийхээ халааснаас нулимс асгаруулагч гаргаж ирээд “чи надаас илүү муу хүн” гэж хэлсэн юм. Тэгээд би О*******д хандан “чи надад нулимс асгаруулагчаа өг” гэж хэлэхэд манай эхнэр О******* “би чамд нулимс асгаруулагчаа өгвөл чи над руу цацна биздээ” гэж хэлсэн. Тэгээд би Н.О*******ын цүнхтэй хувцсыг хаалганы хажууд хүргээд тавьсан чинь Н.О******* хувцсаа аваад гэрээс гарахдаа “би чамд нэг юм хэлье” гэж намайг дуудаж байгаад миний нүд рүү нулимс асгаруулагч газ цацчихсан юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 56 дугаар хуудас/

Шинжээч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Нулимс асгаруулагч нь хэсэг газрын буюу алимны салстыг цочроох улайх, үрэвсэх, хавагнах, аргах зэрэг үйлчлэл процесс үзүүлэх тул гэмтэл учруулах боломжтой энэ 24 хоногоос хэтрэхгүй эрүүл мэндийг сарниулна. Үзүүлэгч Н нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон хүснэгтийн 26-д зовхи буух, нүдний булчин саажих болон нүд анихад саад болохуйц зовхины сорви, наалдац зэрэг шинж тэмдэг илрээгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 89 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 80 дугаар: “1. S-н биед баруун нүдний зовхи, салстын түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь химийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 489 дүгээр: “1. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019.01.28-ны өдөр гаргасан 80 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Хохирогч S биед тухайн үед баруун нүдний дээд зовхи, алимны салстад түлэгдэл гэмтэл учирчээ. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. S нь 2019.04.12-ны “Орбита” нүдний эмнэлгийн эмчийн үзлэгээр “Хоёр нүдний хуурайшилт”-тай гэж оношлогджээ.” гэх дүгнэлт, /хх-ийн 79 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4580 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж буй дүрс бичлэгүүдийг засварласан, эвлүүлсэн үйлдэл хийгдээгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 207 дугаар хуудас/,

- орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, - шүүгдэгч Н.О*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан Аргагүй хамгаалалтыг хохирогчийн эсрэг үйлдсэн тул шүүгдэгчийг цагаатгуулахаар санал дүгнэлт гарсныг шүүх хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ. Учир нь хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоо хийж эхэлсэн, эхлэх гэж байгаа үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэрэг болох үед хохирогчийн суурилуулсан дүрс бичлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь хохирогчийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэх үйлдэл үгүйсгэгдэж байна. Харин шүүгдэгч Н.О******* нь Налайх дүүргийн 5 дугаар хороо 80 дугаар байрны 30 тоот гэртээ 12 цагийн орчим нөхөр болох Австри улсын иргэн Нтай явах эсэх талаар маргалдаж улмаар түүний нүүр рүү нулимс асгаруулагч хийг цацаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох нь

Шүүгдэгч Н.О*******ын өгсөн: “..Н намайг хаалгаар түлхэж гаргах үед би босгонд тээглэж хойшоо болох үед миний гарт байсан газ цацагдсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бичлэг дээр унаж байгаад цацсан зүйл байдаггүй. О******* нулимс асгаруулагчийг үүднээс аваагүй. Буйдан дээр байхад нь аваад халаасанд явж байсан гэдэг...” гэв, Хохирогч Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.О******* хувцсаа аваад гэрээс гарахдаа “би чамд нэг юм хэлье” гэж намайг дуудаж байгаад миний нүд рүү нулимс асгаруулагч газ цацчихсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 80, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 489, шинжээчийн 4580 дугаартай дүгнэлт, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.О*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн О*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.О*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан тухайн зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулахаар өмгөөллийн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын чанартай гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдлыг харгалзан шүүгдэгчид 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Хохирогч Н нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй ба түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б******* нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэснийг шүүх хангаж, баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн О*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О*******д нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг CD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД