Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 119/2022/0034/З |
Дугаар | 221/МА2024/0163 |
Огноо | 2024-03-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2024/0163
“Э т с”ХМБ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: “Э т с”ХМБ /РД:/
Хариуцагч: О а З д
Хариуцагч: О а Г х бхбг
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичиг, тус аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 114/ШШ2023/0027 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б, Э.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 119/2022/0034/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э т с”ХМБ-аас О а З д болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичиг, тус аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 114/ШШ2023/0027 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг тус тус баримтлан “Э т с”ХМБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичиг, тус аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангалттай нотлох баримт цугларсан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Э т с”ХМБ-аас гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 022/95 дугаартай хүсэлтийг “... газрын байршлын талаар тусгаагүй байхад ...” гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчлөө. Энэхүү дүгнэлтээ үндэслэн хариуцагч сонсох ажиллагаа хийгээгүй гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
3.2. Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх Газрын тухай хуулиар аймгийн Засаг даргад олгогдоогүй байхад 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан. Аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамж нь захиргааны хэм хэмжээний акт биш захиргааны акт гэдгийг анхан шатны шүүх мэдсээр байж захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргааныг шийдвэрлэж байгаа мэт дүгнэлт гаргасан нь мөн л хуулийн ноцтой зөрчил.
3.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, О а З дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Э т с”ХМБ-аас хүчингүй болгуулахаар шаардаж буй (а) Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичгээр, нэхэмжлэгчийн маргаан бүхий эзэмшил газар дээрээ барьж буй барилгын ажлыг эсэргүүцэж, иргэдээс санал гомдол гаргасантай холбогдуулан Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж, барилга угсралтын ажлыг зогсоохыг мэдэгдсэн.
(б) аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжаар дээрх иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг үндэслэн, “Э т с”ХМБ-ын эзэмшиж байсан Баян-Өндөр сумын Уртбулаг баг, нутгийн удирдлагын ордны хойд талд байрлах 400 кв.м газрын байршлыг тус сумын Цагаанчулуут баг, орон сууцны 7 дугаар хороолол руу шилжүүлэн 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны А/907 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Тогтоогдсон үйл баримтын тухайд;
4.1. Улсын бүртгэлд 2001 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн “Э т с”ХМБ /РД:/, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн “Э т” ХХК /РД:-иудын аль алиных нь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага болон эцсийн өмчлөгчөөр нь Б.М-г бүртгэсэн талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан.
4.2. Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/670 дугаар захирамжаар “Э т” ХХК-д гэж телевизийн студийн зориулалтаар 280 кв.м газар эзэмшүүлж, аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/233 дугаар захирамжаар 500 кв.м болгон нэмэгдүүлсэн газар нь байршлын хувьд Баян-Өндөр сумын Зэст баг, 1а хороолол буюу маргаан бүхий захиргааны актад тодорхойлсноос өөр байршилд хамаарна.
Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/347 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, орон сууцны 7-р хороололд байршилтай 350 кв.м газрыг “Э т с”ХМБ-д оффисын зориулалтаар эзэмшүүлж, Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/595 дугаар захирамжаар газрын зориулалтыг “худалдаа үйлчилгээ” болгон өөрчилж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/703 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг “Э т с” ХМБ-аас Б.Э-т шилжүүлсэн ба энэ газар нь мөн маргаан бүхий газраас байршлын хувьд өөр байна.
4.3. О а З д-н 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 386 дугар захирамжаар, Хүрэнбулаг багийн нутагт хуучин шүүхийн урд байрших 300 кв.м газрыг “Нийтийн мэдээллийн төв”-д телевизийн студийн зориулалтаар, 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч аймгийн Засаг даргын 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 247 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газраа зориулалтын дагуу эзэмшээгүй гэх үндэслэлээр уг газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцжээ.
4.4. Улмаар аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 505 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг үндэслэн энэ хэсгийн 4.3-т заасан маргаан бүхий 300 кв.м газрыг “Э т” ТББ-д гэж, телевизийн студийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан.
4.5. О а З д-н 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/457 дугаар захирамж гаргаж, 1 дэх заалтаар өмнөх 2006 оны 247 дугаар захирамжийн 1 дэх мөр /Засаг даргын 2005 оны 386 дугаар захирамжаар “Нийтийн мэдээллийн төв”-д 300 кв.м газар эзэмшүүлсэн хэсэг/-ийг хүчингүй болгосугай гэж, харин 2 дахь заалтаар “Э т с”ХМБ-ын гаргасан газар эзэмших хүсэлт гаргасны дагуу “Э т” ХХК-д Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд байрлах 300 кв.м газрыг урлаг соёлын байгууллагын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000330289 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 16131 бүртгэлийн дугаартай газар эзэмшүүлэх гэрээг “Э т с”ХМБ-ын нэр дээр олгосон.
4.6. Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/907 дугаар захирамжаар, “Эрдэнэт таймс” ХХК-ийн эзэмшиж буй уг газрын хэмжээг 400 кв.м болгон нэмэгдүүлж, 4 жилийн хугацаагаар эзэмшүүлэхдээ 0000137713 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 16131 бүртгэлийн дугаартай газар эзэмшүүлэх гэрээг мөн л “Э т с”ХМБ-ын нэрээр олгосон.
5. Нэхэмжлэлийн шаардлагад маргаан бүхий захиргааны акт гэж тодорхойлсон /энэ хэсгийн 3-т заасан/ захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “...манай 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 022/95 дугаартай албан бичиг нь газрын байршил шилжүүлэх агуулгагүй байсан; маргаан бүхий А/350 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8-д заасан зарчмыг зөрчсөн; нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж, ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг бодитоор тогтоогоогүй; барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг албан ёсоор авсан; Засаг даргад газрын байршлыг шилжүүлэх эрх байхгүй; аймгийн Засаг даргын 2018 оны А/457, 2019 оны А/907 дугаар захирамжтай хариуцагч маргаагүй” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлох бол, хариуцагч нараас татгалзлын үндэслэлээ “... барилгын ажил эхлэх үеэс аймгийн Засаг даргад хандан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа болон тус газрыг ногоон байгууламж хэвээр нь үлдээх талаар санал гомдол ирсэн, түүнийг шийдвэрлэх хүртэл Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх мэдэгдэл өгсөн; газрын байршлыг солих талаар нэхэмжлэгчтэй зөвшилцсөн тул 2022 оны А/350 дугаар захирамж гарсан; нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гаргах ажиллагаа явагдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 28.1.3-д зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй; нэхэмжлэгчид аймгийн Засаг даргын 2018 оны А/457 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн” гэж тус тус тодорхойлон, маргаж байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.
7. Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүссэн байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.
8. Анхан шатны шүүх “... маргаж буй газрыг нэхэмжлэгч 2018 оны А/457 дугаар захирамж гарснаар анх эзэмшиж эхэлсэн бөгөөд тухайн газрыг хариуцагч эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг төсөл сонгон шалгаруулалт зарлахгүйгээр олгосон” гэж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг зөв тодорхойлсон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2023/0483 дугаар магадлалд заасан “нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх анх ямар арга замаар үүссэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан эсэх” асуудалд дүгнэлт хийлгүй, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “...”Э т с”ХМБ-аас газраа шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад 2022 оны А/350 дугаар захирамж гаргаж, аймгийн Засаг даргын 2019 оны А/907 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
9. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /хэлнэ/”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг ... аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “/аймгийн Засаг дарга/ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ ...” гэж тус тус заасан нь газар эзэмших эрхийн хууль зүйн үндсэн агуулгыг илэрхийлсэн зохицуулалт бөгөөд гагцхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газрыг, хуулиар тогтоосон зохих зарчмын дагуу, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрт үндэслэж, эрхийн гэрчилгээ олгох замаар төрөөс баталгаажуулсан нөхцөлд энэ эрх хуулийн дагуу үүссэн, хууль ёсны байх зарчмыг хангасан гэж ойлгоно.
10. Харин энэ хэсгийн 4.4-4.6-д заасан маргааны үйл баримтыг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл, тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байхад, Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 505, 2018 оны А/457, 2019 оны А/907 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, газрын хэмжээг нэмж өөрчилсөн бөгөөд ингэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг хэрэгжүүлэлгүй, шууд эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон. Энэ нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд баримтлах зарчим, журам, нөхцөл шаардлагад үл нийцнэ.
11. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 28 дугаар зүйлийн 28.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтуудыг ”Э т с”ХМБ /зарим тохиолдолд “Э т” ХХК гэж/-д газар эзэмшүүлсэн үйл баримттай харьцуулан тайлбарлавал, (а) аж ахуйн нэгжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар, эсхүл (б) Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-29.3-д зааснаас илүү хэмжээний газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдаа, эсхүл төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэж, түүний үндсэн дээр гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгох замаар газар эзэмших эрх хуулийн дагуу үүсэх журамтай байхад, О а З д нь 2012 оны 505 дугаар захирамжаар “Э т” ТББ гэж, 2018 оны А/457 дугаар захирамжаар “Э т” ХХК гэж 300 кв.м газрыг шууд олгож, 2019 оны А/907 дугаар захирамжаар газрын хэмжээг 400 кв.м болгон нэмэгдүүлж, Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчсөн байна.
12. Иймд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй маргаан бүхий байршил дахь 400 кв.м газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн гэж үзэх боломжгүй учраас Орхон аймгийн Засаг даргын 2022 оны А/350 дугаар захирамжийг хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэн, О а З дд холбогдох “аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны А/350 дугаар захирамжтай холбогдуулан, … оролцогчийг сонсох ажиллагаа явуулаагүй, хаяглагдсан этгээдэд гаргасан шийдвэрээ хуулийн дагуу мэдэгдээгүй зэргээр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5-д заасан нөхцөл үүссэн эсэхийг бодитоор тогтоогоогүй нь буруу, нэхэмжлэгчийн 2022 оны 022/95 дугаар албан бичгийг шилжүүлэх хүсэлт гаргасан гэж үзэхгүй гэх зэргээр хууль зүйн фактыг зөв дүгнэсэн боловч энэ нь газрын байршлыг шилжүүлэх тухай уг захирамжийн бодит үндэслэлийг үгүйсгэх буюу захиргааны байгууллагын анх газрыг хууль бусаар олгосон үйл ажиллагааг зөвтгөх, тухайн тохиолдолд хуулийн дагуу үүсээгүй эрхийг хамгаалах үндэслэл болохгүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь хуулийн дагуу үүсээгүй газар эзэмших эрхэд хамаарахгүй юм.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс О а З дд шаардлага хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05/3898 дугаар албан бичиг нь дээрх зөрчлийг арилгуулах агуулгатай болохыг тэмдэглэв.
14. Газрын тухай хуулийн Тавдугаар бүлэгт заасан газар эзэмшүүлэх зохицуулалтын хүрээнд, газар эзэмшигч нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршилд, хуульд заасан журмын дагуу хүсэлтээ бүрдүүлэн гаргасан нөхцөлд, тухайн шатны Засаг даргын шийдвэрээр газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлэх боломжтой. Энэ харилцаа нь эзэмшиж буй газрын эрхийг дуусгавар болгож, өөр байршилд заасан хэмжээ, зориулалтаар шинээр газар эзэмших олгох агуулгатай байхад анхан шатны шүүх “газрын байршлыг шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй” гэж Газрын тухай хуулийн уг зохицуулалтын агуулгыг явцууруулж, буруу тайлбарлан хэрэглэжээ.
15. Нэхэмжлэлийн шаардлага дахь маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчсөн эсэхийг тогтооход хамаарал бүхий үйл баримтыг, тухайлан хариуцагчаас татгалзлын үндэслэлд тодорхойлон маргаж буй тохиолдолд анхан шатны шүүх “хэргийн оролцогчийн маргаагүй асуудал” гэж тодорхойлон, дүгнээгүй орхисон нь шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй буюу нотлох баримтыг буруу үнэлсэн гэж дүгнэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.
16. Түүнчлэн энэ хэсгийн 4.1-д заасанчлан “Э т с”ХМБ болон “Э т” ХХК-иуд нь тус тусдаа, бие даасан хуулийн этгээд боловч захиргааны байгууллага, албан тушаалтнаас дээрх байдлаар гаргаж олгосон газар эзэмшүүлэх захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх гэрээнд хоёр хуулийн этгээдийг ялгалгүй хамаатуулан бичсэнээс үзэхэд, газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын 2018 оны А/457, 2019 оны А/907дугаар захирамжид нэр дурдагдаагүй гэх шалтгаанаар “Э т с”ХМБ-ыг тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээгүй байх тул захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
17. Харин “Э т с”ХМБ-аас О а Г х бхбгт холбогдуулан гаргасан “... тус газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
17.1. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, Орхон аймгийн Засаг даргын 2018 оны А/457 дугаар захирамжаар 300 кв.м газар эзэмшүүлж, 2019 оны А/907 дугаар захирамжаар 400 кв.м болгон нэмэгдүүлсэн урлаг соёлын байгууллагын зориулалт бүхий, маргаан бүхий уг газар дээрээ “Э т” ХМБ нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олгосон 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн БЭЗ-61-02/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу 9 давхар бүхий төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилга барихаар угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн.
17.2. Нэхэмжлэгчийн маргаан бүхий эзэмшил газар дээрээ барьж буй барилгын ажлыг эсэргүүцэж, иргэдээс санал гомдол гаргасныг шийдвэрлэх хүртэл хугацаанд БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж, барилга угсралтын ажлыг зогсоохыг мэдэгдсэн агуулга бүхий уг албан бичгийг, анхан шатны шүүхээс “эрх зүйн шууд үр дагавар бий болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй шинжээрээ захиргааны актад хамаарна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
17.3. Нэр бүхий иргэд, оршин суугчдаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа гэх асуудлаар Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу гаргасан гомдол аймгийн Засаг даргын 2022 оны А/350 дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 22-00394 дүгээр бүртгэлийн дугаартай өргөдөл гомдол-бүртгэл хяналтын картад “өргөдөл гомдлыг хаасан байдал: Орхон аймгийн Засаг даргын даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж тэмдэглэсэн /хэргийн I хавтасны 140 дэх талд/ зэргээр тогтоогдоно.
17.4. Тодруулбал, аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамж гарснаар аймгийн Газрын харилцаа, барилга хот газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичгийн үйлчлэл дуусгавар болсон тул тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байх захиргааны актын шинжийг хангахгүй байна.
17.5. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан биш гэж дүгнэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна.
18. Нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэлд “хүчингүй болгуулах”-аар тодорхойлсон Орхон аймгийн Засаг даргын 2022 оны А/350 дугаар захирамжийн хувьд, хууль зөрчсөн эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх газар эзэмших эрх нь түүнд хууль ёсоор үүсээгүй тул захиргааны шүүхээр хамгаалагдахгүй, сэргээн тогтоох боломжгүй бол уг захирамж гарснаар эрх зүйн үйлчлэлгүй болсон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичиг нь захиргааны акт биш учир шүүхээс хянан шийдвэрлэх ажилагаа явуулах үндэслэлгүй болно.
19. Эдгээр хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, О а З дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 114/ШШ2023/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э т с”ХМБ-аас О а З дд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан О а Г х бхбгт холбогдох “аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ