Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/01374

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 04 өдөр

     Дугаар 183/ШШ2018/01374

Улаанбаатар хот

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 82 дугаар байр, 16 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, М овогт Ч-ийн У /РД:ЧЖ63052061/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 84 дүгээр байр, 25 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Ч овогт Н-гийн С /РД:ЧП63121503/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.У, түүний өмгөөлөгч Н.Б /ШТЭҮД-0201/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Сд 10 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд Н.С нь 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний Худалдаа хөгжлийн банкны дансанд өмнө нь зээлсэн байсан 5 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлсэн 10 000 000 төгрөгийг хүүгийн хамтаар нийт 15 307 000 төгрөгийг шилжүүлж төлсөн. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би данснаасаа 40 000 000 төгрөг аваад үүнээс 10 000 000 төгрөгийг нь 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй Н.Сд дахин зээлдүүлсэн. Зээлдэгч зээлээ төлөх боломжгүй байна, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан байдаг. Ингээд 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дахин 10 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч мөн л 1 сараар сунгах хүсэлт гаргасныг хүлээн авч, гэрээний хугацааг дахин 1 сараар сунгасан. Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сараас хойш огт хүү төлөхөө больсон тул үндсэн зээл 20 000 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн хүүгээр тооцож 2 жилийн хүү 6 000 000 төгрөг, нийт 26 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 10 400 000 төгрөгийг буцааж төлсөн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 00 төгрөгийг зээлсэн гэх гэрээ байгаа хэдий ч энэ мөнгийг авсан гэх баримт байхгүй юм. 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээг 3 сараар сунгаж, хүүг тухай бүр нь төлдөг байсан. Тухайн үед Ч.У нь чамд дүүгээсээ мөнгө зээлж өгсөн шүү гэж хэлж байсан болохоор дүүгийн мөнгө гэж шилжүүлсэн тул 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн гүйлгээний утга дээр “Сгаас Уийн дүүгийн үндсэн зээл” гэж бичсэн. Н.С нь Ч.Уийн дүүтэй ямар нэг харилцаа байхгүй. Иймд зээлдэгч үүргээ бүрэн биелүүлж, төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У хариуцагч Н.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд Ч.У болон хариуцагч Н.С нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байхаас гадна тус Зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд “2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэв. Н.С” гэж гарын үсэг зурж, тэмдэглэсэн, мөн 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

  Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр Ч.У нь 10 000 000 төгрөгийг Н.Сд зээлдүүлсэн, уг мөнгийг хүлээн авсан, улмаар зээлдэгч Н.С уг зээлийн гэрээний үүргээ 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр биелүүлж, нийт 15 307 000 төгрөгийг шилжүүлснээр уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй. 

 

Харин нэхэмжлэгч нь “...2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт болгон Н.Сд 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, 3 сарын хугацаагаар сунгасан, улмаар 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дахин 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний хугацааг 1 сараар сунгасан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 20 000 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн хүүгээр тооцож, 2 жилийн хүү 6 000 000 төгрөг, нийт 26 000 000 төгрөгийг гаргуулна” гэж,

Хариуцагч нь “...2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлсэн гэх гэрээ байгаа боловч мөнгийг авсан гэх баримт байхгүй. 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 10 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан. 

 

Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон байхад хариуцагч Н.С нь 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 400 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 400 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 400 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг буюу уг 10 000 000 төгрөгийн 4 хувийн хүүд тохирсон төлбөрийг Ч.Уийн дансанд төлж байсан байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийсэн 10 000 000 төгрөг бол миний дүүгээс авсан мөнгөө хариуцагч өгсөн. Надаас авсан мөнгөө өгөөгүй. ...Би дүүгээсээ 10 000 000 авч, хариуцагчид өгсөн. Тиймээс манай дүүгийн мөнгө” гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасны дагуу үүнийгээ нотлоогүй, улмаар хариуцагчийн “...нэхэмжлэгч дүүгээсээ 10 000 000 төгрөг авч зээлдүүлсэн гэж байсан тул “Уийн дүүгийн үндсэн зээл” гэж бичээд 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн” гэх тайлбарыг няцааж чадаагүй байна. 

 

Дээрх үйл баримтаар шүүх зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдаж, Ч.У нь 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай хариуцагч Н.Сд зээлдүүлсэн, уг зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан, үндсэн зээл 10 000 000 төгрөг болон 5 сарын хугацааны зээлийн хүүг хариуцагч дээрх байдлаар төлж барагдуулж, уг зээлийн гэрээг дуусгавар болсон байна гэж дүгнэв.

 

2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ч.У, Н.С нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгчээс хариуцагчид мөн 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байх бөгөөд хариуцагч уг зээлийн гэрээ байгуулагдсан, 10 000 000 төгрөгийг хүлээж авсан, зээлийн гэрээ 1 сарын хугацаагаар сунгагдсан эсэх талаар талууд маргаагүй. 

 

Хэргийн баримтаас үзэхэд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Эрдэнэчимэгээс” гэсэн утга бүхий 4 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Уийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “... С.Эрдэнэчимэгээр дамжуулан Ч.Уийн дансанд үндсэн зээлээс 4 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэгтэй өөр зээлийн харилцаатай байсан талаар баримт байхгүй” гэж, нэхэмжлэгч “...С.Эрдэнэчимэг 4 400 000 төгрөг төлсөн гэж байгаа боловч өөрөө надад өртэй байсан” гэж тус тус тайлбарлан маргасан. 

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар С.Эрдэнэчимэгтэй зээлийн ямар харилцаатай байснаа нотлоогүй, 4 400 000 төгрөгийг дансаар хүлээж авснаа үгүйсгээгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 6 000 000 төгрөгийг олох байсан орлого гэж үзэн Худалдаа хөгжлийн банкны 15 хувийн хүүтэй хадгаламжаар тооцож нэхэмжилсэн хэдий ч тус банкны хадгаламжийн хүүний талаарх баримтаа ирүүлээгүй байна.

 

Иймд шүүх талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 1 200 000 төгрөг нийт 11 200 000 төгрөгийг төлөхөөс түүний 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 600 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 400 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 4 400 000 төгрөгийг тус тус хасч, нийт 5 800 000 төгрөгийг хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг ханган, өмнөх зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 225 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Сгаас 5 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгосугай.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ