Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00858

 

        

                                                       П.Ойн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01572 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1476 дугаар магадлалтай,

П.О-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.12-ны өдрийн 1032 дугаар захирамжаар П.О-ээс 96,988,962 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 356,547 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн гүйцэтгэлийг хангахын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас банкны барьцаанд байсан орон сууцны зориулалттай миний өмчлөлийн 71.5 м.кв талбайтай 3 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, үнэлгээний байгууллагаас үнэлсэн дээрх 3 өрөө байрны үнэлгээг зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Үнэлгээний байгууллага дээрх орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд 100 хувь ач холбогдол өгч хийсэн нь учир дутагдалтай байна. Учир нь хөрөнгө үнэлгээний тайлангийн Судалгаа 1 дэх хэсэгт авагдсан 5 өрөө пэнтхаус нь 175 м.кв талбай бүхий байр нь хэт их талбайтай, хуучин орцны талбайг оруулан 5 өрөө болгосон нь зохион байгуулалтын алдаатай учраас хямд зарж байгаа байр байна. Судалгаа 2-т авагдсан Багшийн хөгжлийн төвийн хойд талд 90 м.кв талбайг 175,000,000 төгрөгөөр худалдана гэсэн зар үнэгүй.мн сайтад байхгүй байна. Судалгаа 3-т авагдсан хотын төвийн 2 өрөө 53 м.кв гэх зар мөн үнэгүй.мн сайтын хайлтаар олдсонгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланг ганцхан зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгч, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлог үндэслэсэн байх гэдэг заалтыг хэрэгжүүлээгүйгээс хөрөнгө үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй буюу дээрх хөрөнгийн материаллаг үнийг тодорхойлсноос үнэ цэнийг тогтоолгүйгээр үр дүнг гаргасан байна гэж үзэн дахин үнэлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.12-ны өдрийн 1032 дугаар захирамжаар П.О-ээс 96,988,962 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 356,547 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019.05.09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар П.О-ийн төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021204 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 1 тоотод байрлах 71,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019.10.09-ний өдрийн 152/19280981 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019.01.15-ны өдрийн 152/1032 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020.02.07-ны өдрийн 97 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021204 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 01 тоотод байрлах 71,5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 145,728,800 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Дээрх үнэлгээний 2020 оны 4/5323 дугаар мэдэгдлийг 2020.02.14-ний өдөр төлбөр төлөгч П.О-ийн өөрийн 99062457 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн ба гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжид бичигдсэн хаягт баталгаат шуудангаар илгээсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтөд үнэлгээний 2020 оны 4/5323 дугаар мэдэгдлийг 88243940 дугаарын утсанд холбогдож тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласан боловч хүсэлтээ ирүүлээгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн хандлагын арга учир дутагдалтай тул зах зээлийн харьцуулах аргаар үнэлж хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргээс хамааран шинжээч үнэлгээ тогтоожээ. Иймд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01572 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай П.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар П.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1476 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01572 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу, 43-р байрны 01 тоотод байрлах, 71.5 м.кв 3 өрөө орон сууц нь баригдаад удаагүй, эдэлгээ сайтай, хотын А зэрэглэлийн бүсэд байрлах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, гадагш хаалга гаргах боломжтой үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл үнэлгээ хийхдээ зах зээлийн онцлог, хөрөнгийн өөрийн онцлог шинжийг харгалзалгүй, ердийн орон сууцны зориулалттай хөрөнгө мэтээр хязгаарлаж дутуу ойлгон үнэлсэн. Үнэлгээг хийхдээ үнэгүй.мн дээрх бусад хөрөнгүүдтэй харьцуулан судалж үнэлгээ хийсэн гэдэг боловч тийм зар байдаггүй. Огт өөр хөрөнгийн үнэлгээнд ашигласан материал дээрээ тулгуурласан мэт байдаг. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлогт үндэслэсэн байх” гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс “хөрөнгө үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх” гэсэн заалттай нийцээгүй. Хөрөнгийн материаллаг үнийг тодорхойлсноос үнэ цэнийг тогтоолгүй үнэлгээ хийсэн нь бодит бус болсон тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Дээрх хөрөнгө нь Т.Өрнөлт миний бие болон миний ээж болох Б.Ариунаа, миний дүү Т.Тодбилэг бид гурвын дундын өмч хөрөнгө юм. Гэтэл П.О нь хамтран ажиллая гэж санал тавьж, санхүүжилт хөөцөлдөх хэрэгтэй байна гэж өөрийн нэр дээр шилжүүлэн авч банкны барьцаанд тавьж, авсан зээлийн талыг хувьдаа хэрэглэсэн юм. Зээлийн эргэн төлөлт доголдоход бидэнд мэдэгдээгүй ба банктай эвлэрсэн байсныг бид мэдээгүй. Энэ асуудал яг одоогийн маргаанд хамааралгүй ч гэсэн орон сууцаа аль болох бодитойгоор үнэлүүлэх зайлшгүй шаардлага надад тулгараад байна. Бид бусдын хэрэглэсэн зээлийн улмаас хөрөнгөө алдахад хүрээд байгаа хүмүүс. Тиймдээ ч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүнлэг, энэрэнгүй зарчимд үндэслэнэ гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалттай нийцэх ёстой гэж үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

П.О Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.12-ны өдрийн 102/ШШ2019/01032 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 96,988,962 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.О 2019.06.12-ны өдрийн дотор бүхэлд нь төлөх, төлбөрийг тохирсон хугацаанд эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу гудамж, 43-р байрны 01 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203021204 дугаарт бүртгэгдсэн 71,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 дугаар гудамжны 12 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байршилтай 484 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Хариуцагч 2020.01.22ы өдрийн 4/2151, 4/2152 дугаартай албан бичгүүдээр П.Охураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон ч нэхэмжлэгч уг хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК 2020.02.03-ны өдрийн 5/711 тоот албан бичгээр хөндлөнгийн шинжээч томилуулах тухай санал гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.02.07-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.02.13-ны өдрийн 01/23 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 145,728,800 төгрөгөөр тогтоосон талаар шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2020.02.07-ны өдөр шинжээчид шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

П.О 2019.11.18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Өрнөлтийг оролцуулахаар түүнд нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний талаарх 2020.02.14-ний өдрийн 4/5322, 4/5323 дугаартай мэдэгдлүүдийг тухайн өдөр П.О-д 99062457, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтөд 88243940 дугаарын утсанд холбогдон тус тус мэдэгдэж, улмаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлжээ.

Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлттэй 2020.02.20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Ж.Лхагва уулзан үнэлгээний тайланг танилцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “...мэдэгдэх хуудсыг ...баталгаат шуудангаар хүргүүлнэ” мөн зүйлийн 14.5-т “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ” гэж тус тус заасантай нийцжээ.  

Нэхэмжлэгч 2020.03.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан гэж үзэхгүй.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01572 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1476 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД  

                              ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                             Г.ЦАГААНЦООЖ 

                                                                             Д.ЦОЛМОН