| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2019/0360/Э |
| Дугаар | 604 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 604
У.Эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Баясгалан,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч У.Эд холбогдох 1905013650378 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Рэнчиндорж овгийн Уийн Э, 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “АПУ” ХХК-д тоног төхөөрөмжийн оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхэд, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
У.Э нь 2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, авто замын хажуугийн явган хүний зам дээр хохирогч Б.Энхбаярын нүүр тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Рэнчиндорж овогт Уийн Эг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.
Прокурор А.Баясгалан 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх хугацааг заагаагүй, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана” гэж тус тус заасан шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “У.Эд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг даруй биелүүлэх, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биедлэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж нэмэлт заалт оруулж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч У.Э нь 2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, авто замын хажуугийн явган хүний зам дээр хохирогч Б.Энхбаярын нүүр тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, эрүүнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи цус хуралт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 4, 5, зүүн дээд 2 дугаар шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Энхбаярын “...хажууд нь зогсож байсан намайг У.Э нь нүүр рүү нэг удаа цохиход би газар унахдаа замын хажуу талын боржур мөргөж унаад ухаан алдсан...” гэх /хх 21/, шүүгдэгч У.Эгийн “...Тэгээд хажууд нь зогсож байсан Б.Энхбаярын нүүр рүү нь цохиход газар унасан. ...Тухайн үед би хохирогч Б.Энхбаярын биед учирсан гэмтлийг гараараа нүүрэн тус газар нь цохиж учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх /хх 41-42, 45-46/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “...Б.Энхбаярын биед зүүн нүдний дээд зовхи, эрүүнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи цус хуралт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 4, 5, зүүн дээд 2 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн 3540 дугаартай дүгнэлт /хх 30/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч У.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч У.Эгийн хохирогч Б.Энхбаярыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч У.Эд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсан байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.
Харин анхан шатны шүүх У.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар торгох ялыг ямар хугацаанд биелүүлэхийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол үүсэх хууль зүйн үр дагаврын талаар шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй байх тул прокурор А.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг хүлээж авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд прокурор А.Баясгалангийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч У.Эгаас хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
мөн тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Э нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 344 дугаартай шийтгээх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ