Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/0598

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/0598

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 49-57 тоот оршин суух, 1956 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, Ч овогтой Цын О /РД:ШВ56072975/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 113 тоотод байрлах “М ” ХХК /рд: 5099366/-д холбогдох,  

 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байсан Ү2206005348 дугаартай авто гарааш засварын газрын зориулалттай 40 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг устган, гэм хорын хохирол учруулсны хохиролд 31 106 560 төгрөг, “М ” ХХК-ийн хашаанд хадгалуулж байсан боловч устгасан барилгын хийцүүд болох 4 ширхэг аяган суурины үнэ болох 1 159 200 төгрөг, 4 ширхэг дам нурууны үнэ 379 440 төгрөг, нийт 32 645 200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагчийн 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.    

   

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Б  /ШТЭҮД-0406/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , түүний өмгөөлөгч М.Ц /ШТЭҮД-0871/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: Тус шүүхэд хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаяг байсан Ү2206005348 дугаартай авто гарааш, засварын газрын зориулалттай 40 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг устгасны хохиролд 31 106 560 төгрөг, “М ” ХХК-ийн хашаанд хадгалуулж байсан боловч устаж алга болсон барилгын хийц болох 2 ширхэг бетон 4 ширхэг аяган суурийн үнэ 1 159 200 төгрөг, 4 ширхэг дам нурууны үнэ 379 440 төгрөг, нийт 32 645 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Ц.О нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаяг байсан авто гарааш засварын газрын зориулалттай 40 м2 талбайтай  үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан. Гэтэл энэ өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг “М ” ХХК зөрчөөд 2013 оны 02 дугаар сард компанийн захирал н.Б нь шийдвэр гарган нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн хойгуур нь үл хөдлөх хөрөнгийг өөрийн дураар нураасан. Энэ талаар нэхэмжлэгч сүүлд мэдээд хариуцагч компанийн захиралтай уулзахад “нэгэнт гараашийг нураасан, барилгын ажил эхэлсэн тул танд барилга боссоны дараа байр, гарааш өгье” гэсэн. Тэгээд харилцан тохиролцсон гэж үзээд нэг хэсэг чимээгүй байж байтал “М ” ХХК-ийн барилга ашиглалтанд орсон боловч захирал нь н.Б нэхэмжлэгч Ц.Отай уулзахгүй зугтаад байсан. Ингээд нэг өдөр тааралдаад уулзахад “ Та надад дээр нь 30 000 000 төгрөг нэмээд өгчих тэгвэл танд байр өгье” гэсэн. Тэгэхээр нь Ц.О цагдаагийн байгууллагад хандсан боловч хариуцагчийн нэр, хаяг зөрүүтэй бас иргэний журмаар шийдвэрлэгдэх шаардлагатай болсон учир иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Нэгэнт хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн учраас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 495 дугаар зүйлийн 495.2 дахь хэсэг, 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт заасан холбогдох заалтыг үндэслэн гэм хор учруулсны хохирол нэхэмжилж байгаа. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуусан бөгөөд гэрч н.Батзориг мэдүүлэгтээ гараашийг нураах үед Ц.О байгаагүй болохыг гэрчилсэн. Мөн 2016 он хүртэл Ц.Оыг “М ” ХХК-д ажиллаж байсан гэж тайлбарласан нь энэ нь 2006 онд гэрээ хийгээд гэрээ хийснээс хойш жил гаран “М ” ХХК-д Ц.О ажиллаж байсан талаар хариуцагч талаас асуулгасан гэрчийн мэдүүлгээр няцаагдана. Тэгэхээр Ц.О гарааш нураах үед байсан гэдэгт ямар нэг нотлох баримт байхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэрээний асуудал яригддаг. Хэргийн материалын 8-9 дүгээр хуудсанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ц.О “Б” ХХК-ийн нэр дээр байсан 780 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгөө газрын хамт худалдсан. Энэ гэрээг “М ” ХХК-ийн захирал н.Бтай хийсэн, энэ гэрээний үүрэг хэрэгжсэн. Хэргийн материалд энэ гэрээний дагуу шилжүүлэх байсан 780 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Энэ гэрээгээр шилжүүлэх ёстой үл хөдлөх хөрөнгө нь 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр н.Бгийн нэр дээр шилжсэн байдаг. Мөн гэрээн дээр дурьдагдсан 2438 м2 талбайтай газар дээр нэмээд “Д” ХХК-ийн газартай нийлүүлээд газар эзэмших эрхийн гэрээ “М ” ХХК 2007 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хийсэн байгаа. Энэ гэрээний дагуу шилжүүлэх ёстой газраа Ц.О газар эзэмших гэрээний дагуу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ гэрээгээр шилжүүлэх ёстой бүх эд хөрөнгүүд шилжсэн. Нэхэмжлэгч талаас энэ гэрээний талаар ямар нэг маргаан үүсгээгүй. Энэ гэрээгээр хүлээлцсэн үл хөдлөх хөрөнгийн актын талаар хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. Энэ акт дээр хариуцагч талаас гарын үсэг зураагүй. Тэр актан дээр “Б” ХХК-ийн шилжүүлэх ёстой хөрөнгийн жагсаалт гэсэн нэртэй акт байгаа. Энэ гэрээгээр шилжүүлэх ёстой хөрөнгүүд байсан. Энэ үл хөдлөх хөрөнгө нь өөрөө хамгийн анх авто гараашийн зориулалттай байсан боловч 13 ширхэг гарааштай үл хөдлөх хөрөнгө байсан. Үүний тодорхой хэсгийг өөрчлөөд цайны газар, оффистой болгоод “Б” ХХК-ийн нэр дээр үлдсэн байсан гараашуудаа шилжүүлсэн. Энэ гараашийг шилжүүлэх гэрээ хийх үед маргааны зүйл болоод байгаа гарааш Б.Ч гэдэг хүний нэр дээр байсан. Тийм болохоор Ц.О “М ” ХХК-ийг хуураад өгөх ёстой байсан хөрөнгөө өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй. Гэрээний үүрэг аль хэдийн хэрэгжсэн. Газар өмчлөх гэрчилгээг яагаад өгсөн бэ гэхээр барилгын үйл ажиллагаа явуулахад газрын гэрчилгээ шаардлагатай байсан. Газрын гэрчилгээг яагаад шилжүүлээгүй вэ гэхээр төлбөр тооцоо дуусаагүй байсан учраас газар өмчлөх гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Хожим нь хариуцагч амалсан байраа өгөхгүй байсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээгээ нэхэмжилсэн. Гэтэл газар өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй байсан учир Ц.О газар өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн хэмээн газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан гэв.  

 

            Хариуцагч “М ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. “М ” ХХК-ийн захирал н.Б 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Б” ХХК-ийн захирал Ц.Оаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 113 тоот хаягт байх 2438 м2 талбай бүхий авто гараашийг газрын  хамтаар тухайн үеийн зах зээлийн ханшаар 245 000 ам.доллараар тохирон худалдаж авсан. Тухайн үед энэ худалдаж авсан обьект нь үл хөдлөх хөрөнгийн барьцаанд байсан тул “М ” ХХК банкны барьцааны зээлийг төлж, тухайн обьектыг газрын хамтаар чөлөөлж авсан. Тэр үед Ц.О барилга барих газрыг, гараашийн хамтаар минийх гэж байсан боловч тухайн 6 гараашийн нэг нь Б.Ч гэдэг хүний өмч байсан. Иймд нэг гараашийн өмчлөлийн асуудлыг шийдсэний дараа дараагийн худалдааны асуудлыг ярья гэхэд Ц.О би энэ асуудлыг шийдье гээд Б.Ч гэдэг хүнээс Ц.О бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр лүү нэг гараашийг шилжүүлэн аваад түүнийгээ өөрийн гараашуудын хамтаар “М ” ХХК-д худалдаж шүүхэд үзлэг хийлгэхээр өгсөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “М ” ХХК-д албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тухайн 6 хаалга бүхий гараашийг албан ёсоор хүлээлгэж өглөө гэсэн актыг өөрийн гараар үйлдэж өгсөн. 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Ц.О “М ” ХХК-ийн н.Б захиралын туслахаар ажиллаж байсан тул уг гараашнуудын дотор ханыг нураах үед өөрөө байсан. Ноолуурын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар энэ обьектыг худалдан авсан учир үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суулгах гэтэл гараашийн дотор хананууд саад болон багтахгүй байсан тул 6 гараашийн дотор ханыг нураасан. Тухайн үед Ц.О өөрөө “М ” ХХК-ийн ажиллаж, цалин авч, өөрөө бусдын хамтаар гараашийн дотор ханыг нураагаад явж байсан. Тиймээс миний өмчлөлийн обьектыг нураагаад надад гэм хор учруулсан гэдэг нь үндэслэлгүй. Энэ газрыг 2007 онд өөрийн эзэмшилд авсан ба тухайн 6 гараашийн хажууд “Д” ХХК-ийн обьект байсныг Ц.Оаар яриулж, зуучлуулан худалдаж авсан юм. Мөн нэхэж буй 4 ширхэг аяган суурь нь ашиглах ямар ч боломжгүй, социализмын үед хийгдсэн аяган суурь байсныг бид “хэрэглэхгүй ав, хаягдал болоод байна” гэхэд Ц.О өөрөө аваагүй. Ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаа татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор явагдах боломжгүй болсон тул “М ” ХХК нь өөрийн газар дээрээ барилга хот байгуулалтыг зөвшөөрөл аваад Ивээл хотхоныг барьсан. Энэ хотхоны 3 барилга баригдаад, улсын комисс хүлээж аваад өнөөдөр 8 жил болж байна. Тиймээс барилга барих үед нэхэмжлэгчийн шаардаад байгаа барилгын хийц болох 2 ширхэг бетон 4 ширхэг аяган суурь хаягдсан. 32 645 233 төгрөгийнийн үнэлгээ Ивээл хотхоны хажууд байх гал унтраах 14 дүгээр ангийн төрийн өмчийн байртай харьцуулан хийсэн үнэлгээ. Гэтэл энэ 6 гараашийг байртай харьцуулж болохгүй. Тиймээс энэ үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сүүлдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын талаар ярихдаа надад байр өгнө гэсэн болохоор би хууртсан юм гэж байна. Ийм яриа болоогүй. Яагаад гэхээр Ц.О нь 2006 оны 10 дугаар сараас 2007 оны дунд хүртэл “М ” ХХК-д ажиллаж байсан. Энэ хугацаанд “М ” ХХК-иас цалин хөлс авч байсан. Түүний гаргаж өгсөн нотлох баримтын хувьд бол 235 000 ам.долларыг гаргаж өгөхөд тодорхой хэмжээгээр удааширсан  учраас түүнийг авья гэсэн байдлаар ярьсан зүйл юм. Ц.О улсын бүртгэлийн гэрчилгээг 2006 оны 11 сарын сүүлээр хүлээлгэж өгсөн атлаа 2014 онд Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гээд баримт бичиг бүрдүүлэн албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авчихаад биднээс гэм хорын хохирол нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас Ц.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө маш  тодорхой байх ёстой. Үйл баримт, цаг хугацаа, он цагийн дараалалтай байх ёстой. Хэнд холбогдуулж ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм бэ. Үүнийг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Миний 6 гараашийг нураасан учраас гэм хор учруулсан гэж нэхэмжлээд байгаа юм уу, эсвэл байр, гарааш өгнө гэчихээд өгөхгүй байгаа болохоор нэхэмжлэл гаргаад байгаа юм уу энэ нь ойлгомжгүй байна. 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2348 м2 талбайтай 6 ширхэг гараашийг эд зүйлийн хамтаар талууд акт үйлдээд хүлээлцсэн. 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээнд газрынхаа хамт гээд заагаад өгсөн байна. Тэгэхээр 40 м2 талбайтай гараашийг нураасан гээд гэм хорын хохирол гээд нэхэмжлэх нь үндэслэлгүй. Гэрч Бугийн мэдүүлгээр энэ 6 гараашийг ханыг нураагаад урагшаа 7м сунгахад Ц.О өөрөө гар бие оролцож байсныг хэлсэн байгаа. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Гэм хорын хохирол гэж нэхээд байна уу, зүгээр хохирол юм уу. Газар өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй байсан тул газрын гэрчилгээг дахин гаргуулж авсан гэж байна. Энэ чинь албан ёсоор 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2438 м2 талбайтай газрыг авто гараашийн хамт худалдан авахдаа Ц.О өөрөө акт үйлдээд 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр урд талын 6 ширхэг гараашийг хүлээлгэж өглөө гэж өгсөн. Нэхэмжлэгч газар өмчлөх эрхийн гэрчилгээг манайх хүлээлгэн өгсөндөө маргахгүй байна. Тэгсэн мөртлөө одоо болохоор нэг гарааш нь өөр хүний нэр дээр байсан гэж байна. Ц.О нь Б.Чтайгаа өөрөө уулзаад, хуулийн дагуу бэлэглэлийн гэрээгээр Ц.О авчихаад, түүнийгээ “М ” ХХК-д хүлээлгэн өгсөн. Албан ёсоор худалдах, худалдан авах гэрээ 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн. Үүнээс хойш 10 сарын 26-ны өдөр Ц.О Б.Час үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан гараашийн хамтаар  “М ” ХХК-д хүлээлгэн өгсөн. Түүнээс биш өнөөдөр бид хууль бус үйлдэл хийгээгүй. “М ” ХХК нь Монголд бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс учир бүх зүйлийг хуулийн хүрээнд хийсэн. Энэ асуудалтай холбоотойгоор газрын асуудал үүссэн. н.Чыг Ц.О нь “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Бтай уулзуулсан. Б.Ч нотариат дээр очоод тухайн үед “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан н.Б-д газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгдээд албан ёсоор гэрчилгээний хуулбарыг өгөөд 80 м2 талбайтай гарааш “М ” ХХК-ийн өмч болсон. Ингээд тухайн худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Гэтэл Ц.О нь “М ” ХХК байр өгөхгүй байсан учраас дахин газрын гэрчилгээг авсан, дахин гэрчилгээ авсан учраас өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж гэм хор учирсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр энэ өөрөө Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн шаардлагад нийцэхгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгээд байна гэв.

 

            Хариуцагч “М ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “М ” ХХК-ийн захирал н.Б “Б” ХХК-ийн захирал Ц.Оаас 2438 м2 талбайтай авто гараашийн газрыг худалдаж авсан. Тухайн үед энэ обьект нь хэсэг хэсэг бүхий 6 обьект байсан. Энэ 6 обьектын 5 нь Ц.Оынх, 1нь Б.Ч гэдэг хүний нэр байсан боловч Ц.О нийт 6 гараашийг акт үйлдээд “М ” ХХК-д шилжүүлэн өгсөн. Энэ 6 гараашийг дагалдах хэсгийн хамт буюу 780 м2 талбай бүхий үндсэн хөрөнгийн хамтаар худалдсан. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө түрүүн ярьсан. Энэ 780 м2 талбай бүхий үндсэн хөрөнгө дотор 6 ширхэг гарааш орсон байсан. Гарааш орсон байсан учир бид дагалдах хэсгийн хамт худалдан авсан. Үүнийг албан ёсоор худалдан авсны дараа Ц.О 10 сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Мөн Б.Час 12 сард газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгээд газрыг эзэмших хүсэлтээ хуулийн дагуу газрын албанд өгч газар “М ” ХХК-ийн эзэмшилд шилжсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд 40 м2 талбайтай Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шударгаар худалдан авсан. Энд гаргасан манай алдаа гэвэл тухайн обьектыг буулгаж байсан учир газар өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. “М ” ХХК нь 6 гараашийн газрын өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Гэтэл Ц.О нь иргэн Б.Час бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан 1 гараашийн газарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн байна гэдэг байдлаар 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ү2200600538 дугаартай газрын гэрчилгээг нөхөн авсан байна. Иймд Ц.Оын нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м2 талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “М ” ХХК-ийн захирал н.Б худалдан авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ үед Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м2 талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө “Б” ХХК-ийн нэр дээр байгаагүй юм. Учир нь эдгээр гараашууд нь Ц.Оын нэр дээр байсан. Ц.Оын нэр дээр байсан учраас 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг актаар дагалдах хэсгийн хамт хүлээлгэн өгсөн асуудал. Энэ нь улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дарааллаар бол Ц.Оын нэр дээр байсан бөгөөд одоо энэ маргаад байгаа нэг гарааш л Б.Ч гэдэг хүний нэр дээр байсан тул 2006 оны 10 сарын 06-ны өдөр манай байгууллагын удирдлага “энэ гарааш өөр хүний нэр дээр байна. Чи өөр хүний өмчлөлийн зүйлийг бидэнд зарсан байна. Тиймээс чи энэ асуудлыг зохицуул” гэхэд Ц.О “би өөрөө энэ асуудлыг зохицуулна” гээд Б.Час тухайн гараашийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд манайд хүлээлгэн өгсөн.  Ц.О нь н.Чыг өөрөө авчраад н.Б захиралтай уулзуулж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Ингээд албан ёсоор хуулийн хүрээнд бүх зүйл хийгдсэн. Тэр үед “Б” ХХК-ийн хөрөнгө банкны барьцаанд байсан учир тухайн үед нь энэ яригдаад байгаа дагалдах хэсгийн хамт өгөх гээд байгаа хөрөнгүүдээ та өөрөө бичээд гарын үсгээ зураад, тамга дарж баталгаажуулж өг гэж хэлсэн учир албан ёсоор 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж өгсөн. Тиймээс Ц.Оын Б.Час шилжүүлж авсан авто гараашийг Ц.О өөрөө манай компанид шилжүүлж өгсөн гэрчилгээ байгаа учир бид хэн нэгэн этгээдийн хөрөнгийг нураагаад барилга барих сэтгэхүйтэй хүмүүс биш гэж хэлэх нь зүйтэй. Энэ процесс хуулийн дагуу яваглаж байхад Б.Ч өөрөө энэ бүхнийг хараад байж байсан. Түүнээс биш бид Ц.Оын өмчлөлийн гараашийг нурааж гэм хор учруулаагүй. Тийм учраас Ц.Оын нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м2 талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “М ” ХХК-ийн захирал н.Б худалдан авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

            Нэхэмжлэгч Ц.О, өмгөөлөгчийн хамт сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талыг Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м2 талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотлох баримт хэргийн материалд хангалттай байгаа. Өнөөдөр хариуцагчийн гаргасан үзлэг хийлгэх хүсэлт гаргасан гэрчилгээнд ч байгаа, манай талаас гаргасан 2014 оны гэрчилгээн дээр ч байгаа, Үл хөдлөх хөрөнгийн үлсын бүртгэлийн газрын даргын тушаал дээр ч байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн тохиолдолд дахин гаргаж авах боломжтой байдаг учраас тэр нөхцөлөөр гаргуулсан. Яагаад дахин гаргуулсан талаар би түрүүн маш тодорхой тайлбарласан. Хариуцагч нэхэмжлэгчтэй тохиролцсон тохиролцооныхоо дагуу зүйлээ өгөөгүй, газрын гэрчилгээгээ авья гэхээр гэрчилгээг өгөхгүй байсан тул яах аргагүй Ц.О дахин газрын гэрчилгээгээ гаргаж авсан. Ц.О өмчлөгч учир л дахин газрын гэрчилгээг авсан. 2006 оны 10 сарын 03-ны гэрээний асуудал бол “Б” ХХК болон н.Б хоёрын хооронд хийгдсэн гэрээ бөгөөд “Б” ХХК өөрийн өмчлөлийн хөрөнгөө шилжүүлсэн асуудал болохоос биш Ц.О гэдэг хүн өөрийн хөрөнгөө шилжүүлсэн асуудал биш юм. 2006 оны энэ гэрээг талууд байгуулах үед Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м2 талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө Ц.Оын нэр дээр байгаагүй. Мөн актан дээр зурсан байсан 6 гарааш бол “Б” ХХК-ийн өөрийнх нь гарааш. Энэ гараашийг 780 м2 талбайтай газрын хамт шилжүүлсэн. Мөн хэргийн материалд байгаа гэрчийн мэдүүлэгт ч гэсэн “Б” ХХК-ийн захирал Ц.О энэ актан дээрээ худалдсан бүх хөрөнгөө дурьдаагүй. Энэ актанд маргаанд ороогүй оффисийн байр, цайны газраас гадна мөн үнэлгээний дүгнэлтэн дээр байгаа энэ барилга маань өөрөө 13 гарааштай байсан барилга. Өөрөөр хэлбэл 6 гараашаас гадна тоочоогүй гараашууд байгаа гэдэг асуудлыг бас анхаарах хэрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м2 талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан нь тогтоогдохгүй байна. Үл хөдлөх хөрөнгө чинь өөрөө газар болон түүн дээр байгаа үл салгаж болох хөрөнгө байгаа бөгөөд өмчийн эзэн өөрөө түүнийгээ хувааж зарах гэсэн асуудал тухайн хүний асуудал байх. Газрыг худалдан авсан гэдэг нь түүний дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан гэсэн үг биш. 6 гараашийн асуудалд ахиад тайлбар хэлье. Хэргийн материал дотор 780 м2 талбайд 5 гарааш багтсан орсон гэсэн ямар нэг баримт байхгүй. Өнөөдөр бас улсын бүртгэлийн газарт хариуцагч талаас хандаж энэ асуудлын талаар гомдол гаргаж энэ процессыг тодорхой болгох процессын ажиллагаа хийгээгүй байна. Энэ талаар баримт байхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:  

 

Нэхэмжлэгч Ц.О нь тус шүүхэд анх хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 113 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байсан Ү2206005348 дугаартай авто гарааш засварын газрын зориулалттай 40 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг устган, гэм хорын хохирол учруулсны хохиролд 31 106 560 төгрөг, “М ” ХХК-ийн хашаанд хадгалуулж байсан боловч устгасан барилгын хийцүүд болох 4 ширхэг аяган суурины үнэ болох 1 159 200 төгрөг, 4 ширхэг дам нурууны үнэ 379 440 төгрөг, нийт 32 645 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 40 метр квадрат авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.   

 

           Хэргийн баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ц.О болон БНХАУ-ын иргэн Байяла /Baiyila/ нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч тал буюу Ц.О нь худалдан авагчийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө 133, Арьс импекс Нэгдлийн хашаанд байрлах 2438 м2 талбай бүхий автогараашийг эдэлбэр газрын хамт шилжүүлэхээр, худалдан авагч тал нь 245 000 ам.долларыг худалдагчид төлөхөөр талууд тохиролцжээ.

 

           Улмаар 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр талуудын хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2438 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн болох нь гэрээ болон 2438 м.кв талбайн хэмжээтэй кадастрын зураг зэргээр тогтоогдож байна. /хх45, 46/  

 

            Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэх болон 245 000 ам.долларыг өгсөн, авсан талаар  талууд маргаагүй. 

 

Харин нэхэмжлэгч нь “...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаяг байсан авто гарааш засварын газрын зориулалттай 40 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч. Гэтэл энэ өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг “М ” ХХК зөрчөөд 2013 оны 02 дугаар сард компанийн захирал н.Б нь шийдвэр гарган нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн хойгуур нь үл хөдлөх хөрөнгийг өөрийн дураар нураасан. Энэ талаар нэхэмжлэгч сүүлд мэдээд хариуцагч компанийн захиралтай уулзахад “нэгэнт гараашийг нураасан, барилгын ажил эхэлсэн тул танд барилга боссоны дараа байр, гарааш өгье” гэсэн. ... гэтэл “М ” ХХК-ийн барилга ашиглалтанд орсон боловч захирал нь н.Б нь уулзахгүй зугтаад байсан, нэг өдөр тааралдаад уулзахад “Та надад дээр нь 30 000 000 төгрөг нэмээд өгчих тэгвэл танд байр өгье” гэсэн тул зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэрээний асуудал ярьдаг. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Ц.О “Б” ХХК-ийн нэр дээр байсан 780 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгөө газрын хамт худалдсан. Уг гэрээний дагуу шилжүүлэх байсан 780 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр н.Бгийн нэр дээр шилжсэн. Мөн гэрээн дээр дурьдагдсан 2438 м2 талбайтай газар дээр нэмээд “Д” ХХК-ийн газартай нийлүүлээд газар эзэмших эрхийн гэрээ “М ” ХХК 2007 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн. Энэ гэрээгээр шилжүүлэх ёстой бүх эд хөрөнгүүд шилжсэн, энэ талаар маргаагүй. Энэ гэрээгээр хүлээлцсэн “Б” ХХК-ийн шилжүүлэх ёстой хөрөнгийн жагсаалт гэсэн нэртэй акт байгаа. Энэ нь гэрээгээр шилжүүлэх ёстой хөрөнгүүд байсан. Гараашийг шилжүүлэх гэрээ хийх үед маргааны зүйл болоод байгаа гарааш Б.Ч гэдэг хүний нэр дээр байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан. 

 

Хариуцагч “...2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “М ” ХХК-ийн захирал н.Б “Б” ХХК-ийн захирал Ц.Оаас 2438 м2 талбайтай авто гараашийн газрыг худалдаж авсан. Тухайн үед энэ обьект нь хэсэг хэсэг бүхий 6 обьект байсан. Энэ 6 обьектын 5 нь Ц.Оынх, 1нь Б.Ч гэдэг хүний нэр байсан боловч Ц.О нийт 6 гараашийг акт үйлдээд “М ” ХХК-д шилжүүлэн өгсөн. Энэ 6 гараашийг дагалдах хэсгийн хамт буюу 780 м2 талбай бүхий үндсэн хөрөнгийн хамтаар худалдсан. Энэ 780 м2 талбай бүхий үндсэн хөрөнгө дотор 6 ширхэг гарааш орсон байсан. Ц.О 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Мөн Б.Час 12 сард газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгээд газрыг эзэмших хүсэлтээ хуулийн дагуу газрын албанд өгч газар “М ” ХХК-ийн эзэмшилд шилжсэн” гэж мэтгэлцсэн.

 

Зохигчдын тайлбар болон хэргийн баримтаас үзэхэд талуудын маргаж буй 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Ч байсан байх бөгөөд 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ц.О болон Б.Ч нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 500 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байрлах 40 м2 талбай бүхий гараашийг хариу төлбөргүйгээр бэлэглэхээр талууд тохиролцож, мөн өдрөө Ц.Оын нэр дээр 000214329 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус олгогджээ.

 

Үүний дараа, 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ц.О Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Б” ХХК-ийн барилгыг хүлээлгэж өгсөн акт үйлдэж, уг актаар урт талын гараашийн барилга А корпус 6 хаалга, узелийн өрөө 24м2, сантехник узель, цахилгааны шит-3 ширхэг, складны барилга-3 ширхэг, цонх 20 ширхэг, оёдлын цехийн барилга 1 зэргийг хүлээлгэж өгсөн, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.Ч болон “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бат нарын хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, Б.Ч нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах 80 м2 талбайтай гарааш, моторын цехийн барилгыг “М ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Маргаж буй барилга нь 40 м2 талбайтай, газар нь 80 м2 талбайтай. Уг барилгын 80 м2 талбайтай газрыг Б.Ч “М ” ХХК-д яагаад шилжүүлснийг би мэдэхгүй. Би н.Чыг газраа надад өгсөн байх гэж бодсон. Гэтэл эд нарт өгсөн байна лээ. Худалдсан 780 м2 талбайтай эд хөрөнгө бол цогцолбор нэг барилга, цогцолбор нэг газар тул нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Үүнд 2 давхар контор, цайны газар, хоолны заал, гараашууд байсан. Нэг гараашийг Б.Ч худалдаад авсан байсан. ...Худалдсан 2438 м2 талбай бүхий авто гараашийн газарт байгаа 6 гарааш дотор маргаж буй гарааш байгаа. 2006-2007 онд  гараашийн дотор ханыг оёдлын газар оруулахаар нураах үед би Монгол талын захирал гэж төлөөлж байсан. ...Газрыг шилжүүлэн авсны дараа гараашийг нураагаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэггүй болсон. 2007 онд ханыг нь нураагаад урагшаа 7 м сунгаад өөр байгууламж болсон” гэх тайлбараараа өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж байна.  

 

Нэхэмжлэгч Ц.О “...Газар өмчлөх гэрчилгээг яагаад өгсөн бэ гэхээр барилгын үйл ажиллагаа явуулахад газрын гэрчилгээ шаардлагатай байсан. Газрын гэрчилгээг яагаад шилжүүлээгүй вэ гэхээр төлбөр тооцоо дуусаагүй байсан учраас газар өмчлөх гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Хожим нь хариуцагч амалсан байраа өгөхгүй байсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шаардахад өгөхгүй байсан учир Ц.О газар өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн хэмээн газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан” гэж тайлбарлан Улсын бүртгэлийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1483 дугаар тушаал, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005338 дугаарт бүртгэгдсэн 000362469 тоот улсын бүртгэлийг гэрчилгээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Б.Ч, Н.Бат нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, Ц.О нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2438 м2 талбай бүхий автогараашийг эдэлбэр газрын хамт, Б.Ч нь 80 м2 талбай бүхий гарааш, моторын цехийн зориулалт бүхий газрыг М  ХХК-д шилжүүлж, улмаар 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206004073 дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авснаар “М ” ХХК маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болжээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж зааснаар дээрх Ц.Оын өмчлөлийн Ү-2206005338 дугаарт бүртгэлтэй 40 м2 талбай бүхий гараашийн барилга нь М  ХХК-ийн Б.Час шилжүүлэн авсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах гарааш, моторын цехийн зориулалттай 80 м2 газрын үндсэн бүрдэл хэсэг байх тул мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “...Энэ хуулийн 85.2-т заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна” гэж зааснаар М  ХХК-ийн өмч болох нь тогтоогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4260 дугаар захирамж гаргаж, “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тус компанийн үнэлгээний тайланд: аяган суурь нэг бүрийн үнэ 322 000 төгрөг нийт 1 159 200 төгрөг, дам нуруу нэг бүрийн үнэ 105 400 төгрөг, нийт 379 440 төгрөг гэжээ.

 

Харин Хан-Уул дүүргийн 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 113 тоот хаягт байрлах хашаанд 4 ширхэг аяган суурь, 4 ширхэг дам нуруу байсан талаар хариуцагч М  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Бат шүүхэд “...4 ширхэг аяган суурь, 4 ширхэг дам нуруу байсан. Ц.О гуайтай ярьж, эдгээр зүйлсээ ав гэж хэлэхэд аваагүй тул бутлаад хаясан” гэж мэдүүлсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хаясан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.О Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж зааснаар эдгээр зүйлсийн үнийг шаардах эрхтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр 4 ширхэг аяган суурины үнэ 1 159 200 төгрөг, 4 ширхэг дам нурууны үнэ 379 440 төгрөг, нийт 1 538 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 106 560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, маргаж буй 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М  ХХК худалдан авсан болохыг тогтоож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон А.Цэрэндулам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд талууд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзахгүй гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр, түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсныг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 087 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 39 568 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М  ХХК-иас 1 538 640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 106 560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлын хариуцагч М  ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах Ү-2206005348 дугаартай 40 м2 талбайтай, авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоосугай.   

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 087 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 39 568 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНГӨНТУУЛ

 

                                            ШҮҮГЧИД                                 Б.МӨНХБАЯР

 

                                                                                                   Б.МӨНХЖАРГАЛ