Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0150

 

 

 

 

 

 

 

  2021        03           03                                      128/ШШ2021/0150

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ө Г Х А” ХХК

Хариуцагч: АМГТГ

Хариуцагч: АМГТГКХ

Нэхэмжлэлийн шаардлага: “... 1.  АМГТГ даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/167 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд холбогдох 2 дахь хэсгийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох,

2. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайг “А К” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлийг хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар хууль зөрчиж олгосон АМГТГКХ даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох,

3. “А К” ХХК өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлөө “В р” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 815 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох,

4. “В р” ХХК -иас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлөө “В м” ХХК-уруу 29712.64 га талбайг хэсэгчлэн шилжүүлэх өргөдлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж, “В м” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-21271 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ  даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох,

5. “В р” ХХК нь өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 11996.2 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-20952 тоот тусгай зөвшөөрлөө шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулах өргөдлийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  гаргасныг бүртгэж, ““В р” ХХК -д ашигт малтмалын ашиглалтын ХV-021322 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах,

6. “В м” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-21271 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл 186 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай” шаардлагууд бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “В м” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, гуравдагч этгээд “А К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд “В р” ХХК -ийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол”-ыг олон нийтэд нээлттэй зарласны дагуу манай компани Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын энэхүү тогтоолын хавсралтад заагдсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эргэл-Халивын өргөтгөл талбайд эрэл хайгуулын ажил хийхээр сонгон шалгаруулалтад тодорхой цаг зардал гаргаж бэлтгэл хангаж мэргэжлийн багтай хамтран тус газарт ажиллаж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцож, талбайн анхдагч танилцуулгыг бэлдэж, компанийнхаа үйл ажиллагааг энэ ажилд зориулаад байсан юм.

Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр АМГТГ ГУУКХ дээрх талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулахаар зарласны дагуу зохих тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсөнд 250,000 төгрөг төлж сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17/88 дугаар албан бичгээр өгсөн боловч манай хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд сонгон шалгаруулалтын материал өгөхөөс татгалзсан бөгөөд үүний шалтгааныг АМГТГ даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаалын дагуу уг талбайд хязгаарлагдмал тендерээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болсон гэж амаар хариу өгсөн.

АМГТГ даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/167 дугаар тушаалаар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайг хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах талбай болгон өөрчилсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус байна.

Засгийн газрын нийтэд зарласан нээлттэй сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал болгох эрх хэмжээ АМГТГ  даргад хуулиар олгогдоогүй. Компанид талбайг өгөх санаатай үйлдлээ халхавчлан ийм тушаал гаргаж, улмаар АМГТГКХ даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр орон нутгийн өмчийн оролцоотой гэх “А К” ХХК -д сонгон шалгаруулалтгүйгээр шууд давуу эрхээр ашигт малтмалын хайгуулын XV-20952 дугаартай тусгай зөвшөөрлийг олгох нөхцөлийг бий болгосон. Энэхүү захиргааны акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1- д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг ... хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэснийг зөрчиж байна. АМГТГ дарга хуулийн үндэслэлгүйгээр дур зоргоор хандаж, манай компанийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох эрхэд халдсан. Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж манай өргөдлийг хүлээн авалгүйгээр буцаасан. Энэхүү хуулийн үндэслэлгүй үйлдлийн улмаас манай компани сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болсон ба улмаар манай компанийн тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олж авах эрх зөрчигдсөн.

Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагад дурдсан АМГТГ даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд холбогдох 2 дахь хэсэг нь хуулийн үндэслэлгүйгээр манай компанийн эрхийг зөрчсөн агуулгатай болсон ба хууль зөрчиж хаалттай сонгон шалгаруулалт зарлах ямар ч хуулийн үндэслэл байгаагүй.

Захиргааны илт хууль бус актыг үндэслэж гарсан бусад захиргааны актууд шууд хууль бус актууд болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д эдгээр актуудын хувьд нэгэн адил хэрэглэх боломжтой. Хууль бус тушаал гаргаж, хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулсан нэрээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайг орон нутгийн өмчийн оролцоотой гэх ““А К” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-20952 дугаар тусгай зөвшөөрлөөр олгосон. Ийнхүү олгосноос хойш сарын дараа уг зөвшөөрлийг 100 хувь хувийн өмчийн “В р” ХХК -д бүхэлд нь шилжүүлсэн. “В р” ХХК нь зөвшөөрлөө хувааж “В м” ХХК -д 29712.64 га талбайг хэсэгчлэн шилжүүлсэн зарим талбайг яаралтай ашиглалтын болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар хууль бус сонгон шалгаруулалт анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох ба түүнийг үндэслэж олгосон тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, ашиглалтын болгосон бусад актууд мөн хуулийн 47.3-д заасны дагуу бүхэлдээ илт хууль бус, эрх зүйн үйлчлэлгүй болох үр дагавартай. Захиргааны илт хууль бус акт болох АМГТГ даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/167 дугаар тушаалаар зарлагдсан сонгон шалгаруулалтын дагуу “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайг “А К” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-20952 дугаар тусгай зөвшөөрлөөр олгосон АМГТГКХ даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр хууль бус шийдвэр гарсны дараа эрх ашгаа сэргээлгэхээр манай компани АМГТГ удаа дараа гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.С 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17/84 дүгээр албан бичгээр энэхүү хууль бус шийдвэр, тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 01/133 дугаар албан бичгээр АМГТГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хэрлэнд  “... Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших "Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд “А К” ХХК -д, дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь ... холбогдох шийдвэрүүдтэй зөрчилдөж байна. Иймд дээр дурдсан хязгаарлагдмал байдлаар зохион байгуулсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, нэр бүхий компаниудад олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах арга хэмжээ авна уу” гэх үүрэг даалгавар хүргүүлсэн. Гэвч дээд шатны захиргааны байгууллага болох яам, сайдынхаа өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг биелүүлэхгүй өдий хүрсний улмаас манай компанийн тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олж авах эрх зөрчигдсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 01/33 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа талаар 2018 оны 11 дүгээр сарын 12, 2019 оны 03 дугаар сарын 28, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Гомдол гаргах тухай” албан бичгүүдийг сайд, АМГТГ даргад хүргүүлсэн. Гэтэл энэхүү гомдлын хариуд АМГТГКХ дарга Д.Д 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07/481 дүгээр албан бичиг, АМГТГ дарга Х.Х 2018 оны 4 дүгээр сарын 05-ны 1/2090 дүгээр албан бичиг, мөн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны 1/2966 дугаар албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1077 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүдээр манай гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн. Энэхүү хариу албан бичгүүдэд АМГТГ дарга нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020952 тусгай зөвшөөрөл нь “А К” ХХК-д одоог хүртэл эзэмшүүлж байгаа. Гэтэл “А К” ХХК нь энэхүү талбайгаа өөр бусад компанид бүхлээр нь шилжүүлж, тэр компани нь мөн хэсэгчлэн өөр компаниуд уруу шилжүүлсэн үйлдлүүдийг олон нийт, манай компани болон салбарын сайдаасаа нуун дарагдуулсан байдаг.

Сонгон шалгаруулалтыг нийтэд зарласны дараа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Дорноговь байгалийн баялаг” ХХК гэх компани байгуулж энэ баримт мөн эргэлзээтэй ба шүүхээс шалгаж тогтоох шаардлагатай, улмаар ““А К” ХХК -ийн хувьцаа эзэмшигчээр 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн ба үүний дараа орон нутгийн өмчийн оролцоотой компани гэдгээр “А К” ХХК сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл аваад удалгүй сарын дараа 100 хувь хувийн өмчит компанид тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн. Энэхүү үйл баримтуудаас дүгнэхэд АМГТГ болон “А К” ХХК нар нь хууль зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж “Дорноговь байгалийн баялаг” ба “А К” ХХК -ийг халхавч болгон ашигласан байх хардлага төрүүлж байна.

АМГТГКХ шууд хамаарах дээд шатны байгууллага, албан тушаалтан болох АМГТГ даргад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасан байдаг. Гэтэл АМГТГКХ ямар ч арга хэмжээ аваагүй ба 2019 оны 4 дүгээр сарын 01-нд гаргасан гомдлын дагуу тодорхой хариу өгөөгүйгээр үл барам “В р” ХХК өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 11966.2 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-20952 тоот тусгай зөвшөөрлөө шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулах өргөдлөө 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг бүртгэж “В р” ХХК -д ашигт малтмалын ашиглалтын MV-021322 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэр нь өмнөх дөрвөн захиргааны илт хууль бус захиргааны актуудын үндсэн дээр гарсан шийдвэр тул хуулийн дагуу эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус захиргааны акт учир энэхүү хууль бус захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

Хариуцагч АМГТГ, АМГТГКХ итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр эрх олгосны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал, захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэж байгаа эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж, улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэдэг, “өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж заасны дагуу хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянуулж, бүртгүүлэхээр 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 01/1552 дугаар албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Хууль зүй дотоод хэргийн яамнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хянан үзээд уг журам нь Монгол Улсын Үндсэн хууль болон хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж үзээд улсын нэгдсэн бүртгэлийн 3768 дугаарт бүртгэсэн.

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6 дахь хэсгийн “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заасныг үндэслэн мөн тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комисс,  АМГТГ даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн а/167 дугаар тушаалын дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар дүгнэлтэд: Сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын 309 тоот өрөөнд хүлээн авч, сонгон шалгаруулалтын нээлтийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад тус газрын 210 тоот өрөөнд хийж, СШ 22-2 кодтой Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг “Эргэл Халивын өргөтгөл” нэртэй 49,260.41 га талбайд санал ирүүлсэн нэг аж ахуйн нэгж болох “А К” ХХК -ийн техникийн болон үнийн саналуудыг комисс журмын дагуу үнэлж “А К” ХХК шалгарсныг АМГТГ даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17/193 дугаар тушаалаар баталгаажуулсан. Улмаар АМГТГКХ даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийн дагуу ашигт малтмалын хайгуулын XV-020952 тоот тусгай зөвшөөрлийг “А К” ХХК -д олгосныг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

АМГТГ дарга тушаал гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг үндэслэл болгож Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Засгийн газраас эрх олгогдож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын баталсан журмыг үндэслэж хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарласан. Яагаад хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарласан гэхээр тухайн орон нутагт ажлын байр бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх орон нутгийг өмчтэй болгох үүднээс сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалт зарласан талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байсан учраас Засгийн газраас хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарлахаас өөр аргагүй болсон. Гол үндэслэл нь орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, хариуцлагатай хязгаарлагдмал компаниудын дунд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарлана гэж заасан. 2017 оны 09 дүгээр сард агентлагийн дарга тушаал гаргаж нийтэд ил тод нээлттэй сонгон шалгаруулалт болохоос 30 хоногийн өмнө вэб сайт, өдрийн сонинд зарласан. Энэ зарыг үндэслээд орон нутгийн өмчийн оролцоотой ямар ч аж ахуй нэгж оролцох эрх нь нээлттэй байсан. Үүнийг ил тод нээлттэй гэж байгаа юм. Тушаал гаргаад зарлахгүй байж байгаад нэг өдөр зарлаагүй. 30 хоног нээлттэй зарлахад нэг л компани материал өгсөн. Энэ журмаар сонгон шалгаруулалтад нээлттэй, хаалттай байхаас үл хамаарч нэг компани оролцсон ч гэсэн энэ сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцно гэж журамд заасан учир сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцоод ирүүлсэн материалыг үндэслэж “А К” ХХК шалгарсан.

Агентлагийн даргын тушаалыг ямар үндэслэлээр хууль бус гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байна. Сүүлийн 5 шаардлага нь АМГТГКХ холбоотой юм байна. Эдгээр нь ямар үндэслэлээр хууль зөрчөөд хүчингүй болгуулах гэж байгаа вэ гэдэг нь тодорхой биш байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэх АМГТГКХ даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж заасан заалтыг “А К” ХХК хангаж байсан. “В р” ХХК -ийн шилжүүлэх материал нь шаардлага хангаж байсан тул “В м” ХХК -д шилжүүлсэн. Эдгээр нь хуулийн шаардлага хангаж байсан тул энэ компанид шилжүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. 25-д заасан бичиг баримтуудыг бүрэн ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэст ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй. Үүний дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд учраас энэ сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй байсан. 30 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарласан байхад яагаад ирж оролцоогүй вэ? Материал ч ирүүлээгүй. Хавтаст хэргийн материалаар нотлогдоно. “Ө Г Х А” ХХК сонгон шалгаруулалтад оролцохоор ямар нэгэн материал бэлдэж төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх гэж оролдсон нэг ч баримт байхгүй. Нээлттэй болон хаалттай сонгон шалгаруулалтад ямар ч материал өгөөгүй байж шүүхэд хандаад байвал ямар ч сонгон шалгаруулалт утгагүй болно.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “А К” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ хуулийн үндэслэл болгож буй Ашигт малтмалын тухай хуулийн 7.1 дэх заалт нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “хуулийн этгээдэд” гэсний дараа “энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар” гэж нэмэлт орсон, уг нэмэлт өөрчлөлт орсон хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөн уг өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байх тул хэрэг явдлын дараа өөрчлөгдсөн заалтыг тухайн үед хүчинтэй байсан мэтээр үндэслэн бичсэн нь нэхэмжлэлийн үндэс болохгүй гэж үзэж байна.

Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Ө Г Х А” ХХК-д явуулсан тусгай зөвшөөрөл авахад татгалзах зүйлгүй гэх албан бичгийн дагуу аймаг орон нутагтай тохиролцсон байсан гэж тайлбарласан. Уг албан бичиг нь харилцан тохиролцооны шинжгүй зөвхөн бүх аж ахуйн нэгжид олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэйг тайлбарласан агуулга бүхий бичиг байх ба он цагийн хувьд тухайн “Эргэл Халивын өргөтгөл” гэх газрын орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаас өмнөх үеийн бичиг байх тул татгалзах зүйлгүй гэсэн байна.

АМГТГ сонгон шалгаруулалт зарлахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг үндэслэн гаргасан байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын “Эргэл Халивын өргөтгөл” нэртэй газарт сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулахыг хүссэн албан бичиг түүнийг АМГТГ уламжилсан Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг зэргээс үзэхэд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулсан нь орон нутгийн хүсэлтийг харгалзан тогтоосон журмын дагуу явуулсан хууль зүйн хүчин төгөлдөр процесс гэж үзэж байна.

Хувийн компаниуд ирэхээр аймаг орон нутагт ямар нэгэн үлдэцгүй, татвараа төлсөн ч ухаж сэндийчээд явчихдаг, аймаг орон нутгаа оролцуулъя гэсэн зорилгоор тусгай хэрэгцээнд авч байгаа. Дараа дараагийн зарласан сонгон шалгаруулалт зарласан шийдвэрүүд хуулийн дагуу бүх шийдвэр гарсан гэж үзэж байна. Орон нутгийн хувьцаа эзэмшдэггүй “В м” ХХК -д шилжүүлсэн гэж байгаа нь “Эргэл-Халивын өргөтгөл”-ийн талбайг бүхэлд нь шилжүүлсэн гэсэн үг биш. Хөрөнгө босгохын тулд хэсэгчилж шилжүүлсэн. Ингэхдээ бэлэглээгүй, зарсан. Хөрөнгө босгох гэсэн үндсэн зорилготой учраас аймаг орон нутаг нь тодорхой хэмжээний оролцох боломжтой болж байгаа юм. Гурван компанийн хооронд шилжиж байгаа нь орон нутгаас зөвшөөрөл авч байсан ба дур мэдэн хийгдэж байгаа үйлдлүүд биш. Нэхэмжлэлийг  хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “В р” ХХК -ийн өмгөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “А К” ХХК -д хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар хууль зөрчин XV-20952 дугаартай тусгай зөвшөөрлийг АМГТГ хууль бусаар олгосон мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа илт хууль бус захиргааны акт гэж маргаан үүсгэсэн нь маргаан үүсэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанаас зайлсхийхийн тулд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хууль зүйн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар тодорхойлсон бөгөөд 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг зааж өгсөн бөгөөд илт хууль бусад тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий  засах боломжгүй алдааг ойлгодог.

Нэхэмжлэлийн шаардлага нь илт хууль бус болохыг тогтоолгох хуульд заасан нөхцөлүүдийн алинд нь хэрхэн, ямар шалтгаанаар хамаарч байгаагаа тодорхойлоогүй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэсэн заалтыг үндэслэн гаргасан нь хэзээ болсон үйлдлийг хэзээнээс хэрэгжиж эхэлсэн хуулиар зохицуулсан талаар ойлголтгүй хуулийг өнгөрсөн үед хэрэглэж болох мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. “В р” ХХК -ийн хувьд “В м” ХХК -д газрыг хэсэгчлэн шилжүүлсэн. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ гэж байгаа. Энэ гэрээний дагуу “В р” ХХК үнэ төлбөргүйгээр 34 хувиа орон нутагт өгчихсөн. Хайгуулын ажлын эрсдэлийг “В р” ХХК бие даан хариуцдаг. Хөрөнгө мөнгөө өөрсдөө гаргаж байна. Тодорхой хэмжээний хайгуулын үр дүнд тодорхой хэмжээний талбайгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон. Энэ хэмжээний талбайн төлбөрөө төлдөг. Хайгуул хийгээд ашиггүй, бидний хайж байгаа эрдэс биш гэж үзсэн талбайгаа бусдад шилжүүлэх асуудал нь гэрээнүүд дээр тодорхой заагдсан байгаа. Ингэснээр хөрөнгө үүсгэж байгаа юм. Мөн бидний хооронд хийсэн гэрээ байдаг. Дэд бүтцийн асуудлыг хамтдаа шийдвэрлэж байгаа. Яг манай компани хариуцна гэвэл их хэмжээний хөрөнгө шаардагдана. “В р” ХХК өөрсдийн хайгуулыг хийсний үр дүнд шаардлагатай талбайгаа аваад ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “В м” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Манай компани АМГТГКХ даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь “Эргэл Халивын өргөтгөл” нэртэй газарт орших 29712.64 гектар талбайг XV-021271 дүгээр тусгай зөвшөөрлөөр хууль ёсны эзэмшилд авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасан нөхцөл, журмыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эрхтэй”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно”, 50 дугаар зүйлийн 50.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлсэн болон үлдэх талбайн хэмжээ, хэлбэр, байршил нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдаас шилжүүлж авсан манай компанийн үйлдэл нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь.

Нэхэмжлэгчээс анх шүүхэд хандан:

  1. АМГТГ даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/167 дугаар тушаалын  нэгдүгээр хавсралтын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд холбогдох хоёр дахь хэсгийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох,
  2. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайг “А К” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлийг хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар хууль зөрчиж олгосон АМГТГКХ даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох,
  3. “А К” ХХК өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлөө “В р” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 815 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох,
  4. “В р” ХХК -аас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлөө “В м” ХХК -уруу 29712.64 га талбайг хэсэгчлэн шилжүүлэх өргөдлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж, “В м” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-21271 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох,
  5. “В р” ХХК нь өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 11996.2 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-20952 тоот тусгай зөвшөөрлөө шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулах өргөдлийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  гаргасныг бүртгэж, “В р” ХХК -д ашигт малтмалын ашиглалтын ХV-алив тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах,

Гэх нийт таван шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

  1. “В м” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-21271 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдийн 186 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” хэмээн нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байгаа, маргаан бүхий захиргааны актуудад дүгнэлт хийж, дараах үндэслэлээр “Ө Г Х А” ХХК -аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Нэхэмжлэгч “Ө Г Х А” ХХК-ийн зүгээс  “хариуцагч нь А/167 дугаар тушаалаар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайг хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах талбай болгон өөрчилсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасны дагуу илт хууль бус, Засгийн газрын нийтэд зарласан нээлттэй сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал болгох эрх хэмжээ АМГТГ даргад хуулиар олгогдоогүй” хэмээн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын үндэслэлийг тодорхойлж байна.

Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Талбайн солбицол тогтоох тухай” 37 дугаар тогтоолоор, мөн оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 234 дүгээр тогтоолоор тус тус сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол батлагдаж, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдэж, нийтэд мэдээлэх, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосноор хариуцагч захиргааны байгууллагаас олгосон маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь солбицлоороо сонгон шалгаруулалтын журмаар олгогдох талбай болох нь үйл баримтын хувьд нийтэд илэрхий үйл баримт байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т: “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж ашигт малтмалын асуудлаар геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрхэд тусгаснаар,

Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэлд[1]: “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын шинэчилсэн найруулгын төслийг хянан хэлэлцээд Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгох”-оор зааж,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” А/129 дүгээр тушаалын[2] нэг дэх заалтаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүн”-ийг хоёрдугаар хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас”-ыг гуравдугаар хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний талбайн нэгтгэл”-ийг дөрөвдүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний нийт нэгтгэл”-ийг тавдугаар хавсралтаар тус тус баталсан, уг тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3768 дугаарт бүртгэгдсэн байна[3]. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 59.1-т “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр байх” гэж заасантай нийцэж, хууль зүйн хүчин чадлын хувьд дагаж мөрдөх хэм хэмжээ болжээ.

Дээрх “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д: “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно”, 1.7-д “Сонгон шалгаруулалтад Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд оролцоно”, 2 дугаар зүйлийн 2.7-д: “Төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 2.6-д заасны дагуу сонгосон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу нийтэд зарлана” гэж тус тус заасны дагуу  Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаал[4] гарчээ. Уг тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1957 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн гарч, дээрх тушаалын нэгдүгээр хавсралт ёсоор тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарлах талбайг баталсан ба уг хавсралтын хоёр дахь хэсэгт: Дорноговь аймаг Хатанбулаг сумын нутаг 74347.47 га бүхий Эргэл-Халивын өргөтгөл нэртэй талбайд босго үнэ 334,563,615.00 төгрөг байхаар талбайн код: СШ-21-2 хэмээн заажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн дурдсан үндэслэлээр тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3: “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6: “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр дээрх тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Яагаад гэвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.1.2-т зааснаар ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор уг журмын холбогдох заалтыг үндэслэн мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13: “...тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах ...”, 11.1.14: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж зааснаар тусгай зөвшөөрөл олгохтойгоор сонгон шалгаруулалтыг бүрэн эрхийнхээ хүрээнд зарласан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт гэж тогтоох алдаа байхгүй байна.

Энэ тохиолдолд “нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар явуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус” гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хоёр. АМГТГ даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/193 дугаар тушаалаар сонгон шалгаруулалт зохион явуулах дүгнэлт, үнэлгээний дүнг баталсан ба уг сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтэд: “... сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл Сонгон шалгаруулалтын комисс тус байгууллагын 309 тоот өрөөнд хүлээн авсан ба нийт 2 аж ахуй нэгжээс хоёр санал ирүүлсэн.

-сонгон шалгаруулалтын журмын дагуу комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад АМГТГ 210 тоот өрөөнд аж ахуй нэгжийн төлөөллийг оролцуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээж, талбайн код СШ 22-2 Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах 49260.41 га бүхий “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд “А К” ХХК -аас санал ирүүлснийг үнэлэхэд техникийн саналын оноо 30.0, үнийн санал 231.674.500, босго үнэ 221.674.500, хамгийн өндөр үнийн санал 231.674.500, үнийн саналын оноо 45, нийт оноо 75.0 оноо авсан байна ...” гэжээ.

Энэ байдал нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн “Журам батлах тухай” А/129 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт ёсоор батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-т “Төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 2.7-д заасан талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулах бэлтгэлийг хангана”, мөн зүйлийн 2.7-д “Төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 2.6-д заасны дагуу сонгосон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу нийтэд зарлана”. 6 дугаар зүйлийн 6.5.4-д “Сонгон шалгаруулалт зарласан талбайд  1 (нэг) болон түүнээс дээш санал ирсэн бол сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцно”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу олгоно” гэж зохицуулсанд нийцжээ.

Дээрх зохицуулалтын дагуу АМГТГКХ даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 629 дүгээр шийдвэрээр[5] “А К” ХХК -д Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Нэхэмжлэгч талаас энэхүү 629 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “хууль зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр, нэг компанид давуу байдал олгож, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус” зэргээр маргасан. Үйл баримтын хувьд буюу маргаж буй 629 дүгээр шийдвэр гаргах үед Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэх заалт хуулийн хүчин төгөлдөр байсан ба уг заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар мөн хууль, зүйлийн 7.1-д заасныг “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж өөрчлөлт оруулсан нь маргаан бүхий үйл баримтаас сүүлд гарсан, илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байгаа 629 дүгээр шийдвэр гарах үед энэхүү нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхлээгүй байсан байна. Ийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн, хууль бус шийдвэр байна гэж шууд дүгнэх үндэслэлгүй болно.

Мөн маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч “Ө Г Х А” ХХК-ийн зүгээс дээрх сонгон шалгаруулалтын комиссын шийдвэртэй маргаагүй, “зохих тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлж, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ хүргүүлсэн” гэх боловч сонгон шалгаруулалтын комисст хүсэлтээ гаргасан гэх үйл баримт нь тогтоогдохгүй байна.  Харин АМГТГ хаяглан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт[6] гаргасныг тус газрын бичиг хэргийн ажилтан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 35 минутад газрын даргад шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 19-ний 14 цаг 44 минутад “журмын дагуу шийдвэрлэх” гэх удирдлагын заалттайгаар Кадастрын хэлтсийн даргад шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 51 минутад “хянаж хариу өгөх” гэх удирдлагын заалттайгаар Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэнд шилжсэн ба тэрээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 03 минутад “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар хязгаарлагдмал сонгон шалгаруулалтын талаар тайлбар хийж бичгийг хаав” гэсэн тайлбартайгаар утсаар мэдэгдсэн, энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй ба нэхэмжлэлдээ “манай хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд татгалзсан хариуг амаар өгсөн” гэсэн байдаг. Энэхүү “хүсэлт”-ийг хүлээн аваагүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь шүүхэд хандан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргаж байсан ба тухайн үед шүүхээс шийдвэрлэсэн асуудалтай маргаж давах гомдол гаргаж байгаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болж үлдсэн байна. Ийм учраас сонгон шалгаруулалтгүйгээр, зөвхөн “А К” ХХК -д давуу байдал олгож хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэлийн шардлагыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн сонгон шалгаруулалтад оролцохын тулд орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахаар бэлтгэлээ ханган ажиллаж байсан хэмээн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 05/189 дүгээр албан бичгийг[7] дурдаж тайлбар гаргасныг цаг хугацааны хувьд АМГТГ даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаалын 2 дахь заалтаар маргаан бүхий тусгай зөвшөөрөл олгосон талбай бүхий газар дээр сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар нийтэд зарлан мэдээлэх хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэж тогтоосон байгаа нь тухайн талбай дээр хайгуул хийхээр орон нутагтай хамтран ажиллаж байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” 79 дүгээр тогтоолоор[8] “...аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалт болон байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах 1.000.000 /нэг сая/ төгрөгийн дүрмийн сантай “Дорноговь аймгийн баялаг” нэртэй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг /ОНӨААТҮГ/ байгуулж,

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Компанийн хувьцаа эзэмшихийг зөвшөөрөх тухай” 80 дугаар тогтоолоор[9] “...аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, хуваарилах, хөрөнгө оруулалт татах замаар орон нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, орон нутгийн хөгжүүлэх санд хуримтлал үүсгэх, шинээр ажлын байр бий болгох, орон нутагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын болон байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах зорилгоор “Дорноговь байгалийн баялаг” ОНӨААТҮГ-т... “А К” ХХК -ийн энгийн хувьцааг эзэмшүүлж,

Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Эрх шилжүүлэн авах, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/682 дугаар захирамжаар[10] “...аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, хуваарилах, хөрөнгө оруулалт татах замаар орон нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, орон нутгийг хөгжүүлэх санд хуримтлал үүсгэх, шинээр ажлын байр бий болгох, орон нутагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын болон байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах зорилгоор “А К” ХХК -ийн энгийн хувьцааны 34%-ийг тус тус үнэ төлбөргүй, зардал гаргахгүйгээр эзэмшихийг “Дорноговь байгалийн баялаг” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт зөвшөөрч,

Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулалтад давуу эрхтэй оролцуулах тухай” А/684 дүгээр захирамжаар[11] “А К” ХХК -ийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай Хатанбулаг сумдын нутаг дэвсгэр дэх 74347.47 га бүхий “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд тус тус зарлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших сонгон шалгаруулалтад оролцуулах талаар гарч байсан эдгээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрүүдэд дүгнэлт хийхэд хариуцагч АМГТГКХ нь маргаж буй 629 дүгээр шийдвэрийг гаргахын тулд захиргааны хэм хэмжээний акт /Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/129 дүгээр тушаалаар батлагдсан журам/-аар зохицуулсан журмын хүрээнд холбогдох баримтуудын бүрдлийг шалган шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй, маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Ийм учраас хариуцагч АМГТГКХ нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, мөн зүйлийн 11.2-т “ .... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэсэн хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийн эрхийг олгосон тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Гурав. АМГТГКХ даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 815 дугаар шийдвэрээр[12] ашигт малтмалын хайгуулын XV-020952 дугаар тусгай зөвшөөрлийг “А К” ХХК -аас “В р” ХХК -д шилжүүлсэн байна.

“А К” ХХК -аас 2018 оны 11 сард өөрийн эзэмшилд байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг[13] АМГТГКХ гаргасан. Уг өргөдлийг захиргааны байгууллага шийдвэрлэхдээ, “А К” ХХК болон “В р” ХХК -уудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, шилжүүлэн авах тухай” 2018/01 дүгээр гэрээ[14], Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн АМГТГ хүргүүлсэн “...““В р” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн, хайгуулын ажлын явцад байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа гаргаагүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад татгалзах зүйлгүй” гэх агуулгатай 05/668 дугаар албан бичиг[15] зэрэг баримтыг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т: “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно”, мөн зүйлийн 49.6-д: “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 49.6.1-д “хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх” гэж заасны дагуу гаргасан шийдвэр болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, бичиг баримтын үзлэг хийсэн тэмдэглэлээр[16] тогтоогдож байна.

Дөрөв. АМГТГКХ даргын 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 16 дугаар шийдвэрээр[17] “В р” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-008947 дугаар өргөдлийг хянаж үзээд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэл-Халивын өргөтгөл нэртэй 49260.41 гектар талбай бүхий XV-020958 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Эргэл-Халивын өргөтгөл нэртэй 29712.64 гектар талбайг “В м” ХХК -д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэсэн байна.

Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар албан бичгээр[18] Эргэл-Халивын өргөтгөл нэртэй ашигт малтмалын хайгуулын 49260.41 га бүхий талбайн тодорхой хэсгийг буюу 29712.64 га талбайг “В м” ХХК -д шилжүүлэх, өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусдад худалдахад татгалзах зүйлгүй” гэх,

Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/19 дүгээр албан бичгээр[19] “Дорноговь байгалийн баялаг” ОНӨААТҮГ-т танай газар хөрөнгө оруулах зорилгоор “В р” ХХК -ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тодорхой хэсгийн талбайг “В м” ХХК -д шилжүүлэх, өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусдад худалдахад татгалзах зүйлгүй” гэх,

“Дорноговь байгалийн баялаг” ОНӨААТҮГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай” 05 дугаар албан бичгээр[20] “В р” ХХК-ийн бусдад худалдахаар санал болгосон хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авахгүй буюу хувьцааг бусдад худалдахад татгалзах зүйлгүй” гэх баримтуудыг тус тус бүрдүүлж,

“В р” ХХК -ийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл болон хувьцаа шилжүүлэх тухай” 01/05 дугаар тогтоолоор[21] “компани хөрөнгө оруулалт татах зорилгоор Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах “Эргэл Халивын өргөтгөл” нэртэй ашигт малтмалын хайгуулын 49260.41 га бүхий талбайн тодорхой хэсгийг буюу 29712.64 га талбайг “В м” ХХК -д олгохоор” баталж шийдвэрлэснийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй 16 дугаар шийдвэр гаргасныг шүүх, Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйл: “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлэх”, 50 дугаар зүйлийн 50.1-д: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ... шилжүүлж болох бөгөөд ... хангасан байна”, мөн хууль, зүйлийн  50.2-т: “талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 50.1-д заасны дагуу шилжүүлснийг мөн хуулийн 49.1.6-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, бичиг баримтын үзлэг хийсэн тэмдэглэлээр[22] тогтоогдож байна.

Тав. “В р” ХХК -аас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг[23] АМГТГКХ гаргасныг АМГТГКХ даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 171 дүгээр шийдвэрээр[24] Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэл-Халивын өргөтгөл нэртэй 11966.20 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “В р” ХХК -д олгож шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д: “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах...”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д: “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авч ...”, 26.3-д: “төрийн захиргааны байгууллага ... өргөдлийг бүртгэснээс хойш ... шийдвэрийн аль нэгийг гаргана”, 26.3.2-д: “”хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг ... төлүүлэх” гэж заасныг зөрчөөгүй байна.

Зургаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “эрх ашгаа сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд нэхэмжлэлийн дөрөв дэх шаардлагад хамаарах “В м” ХХК -д олгосон байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаа “В м” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-21271 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ  даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдийн 186 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох”-оор нэмэгдүүлсэн.

АМГТГКХ даргын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 186 дугаар шийдвэрээр[25] NM-025949 дугаартай өргөдлийн дагуу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Шар хөтөл нэртэй 1600.46 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “В м” ХХК -д олгожээ.

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д: “ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл олгох” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т: “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т: “энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д: “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авч ...”, 26.3-д: “төрийн захиргааны байгууллага ... өргөдлийг бүртгэснээс хойш ... шийдвэрийн аль нэгийг гаргана”, 26.3.2-д: “”хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг ... төлүүлэх” гэж зааснаар гаргасан шийдвэр болох нь тогтоогдож байна.

Ийнхүү цаг хугацаа болон үйл баримтын хувьд дараалсан шинжтэй хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг зөрчөөгүй, маргаж буй захиргааны актуудыг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох буюу нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаж тайлбарласан үндэслэлээр хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул маргаан бүхий актуудыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн баримт тогтоогдохгүй байна гэж шүүх нэгтгэн дүгнэв.

Нэхэмжлэл гаргагч нь уг маргаан бүхий асуудлаар удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд ийнхүү нэхэмжлэлээ ирүүлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг биелүүлээгүй, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангаагүй байдлаар ирүүлдэг, шүүхээс гаргасан нэхэмжлэлийг хуульд нийцүүлж авах талаар тухай бүрт нь шүүгчийн захирамж гаргаж, хувийг нь гардуулж байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.14, 11.1.16, 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2, 49 дүгээр зүйлийн 49.6, 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг баримтлан “Ө Г Х А” ХХК-аас  “АМГТГ  даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/167 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд холбогдох 2 дахь хэсгийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайг “А К” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлийг хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар хууль зөрчиж олгосон АМГТГКХ даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, “А К” ХХК өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлөө “В р” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 815 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, “В р” ХХК -аас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлөө “В м” ХХК -уруу 29712.64 га талбайг хэсэгчлэн шилжүүлэх өргөдлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж, “В м” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-21271 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн АМГТГКХ даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, “В р” ХХК нь өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 11996.2 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-20952 тоот тусгай зөвшөөрлөө шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулах өргөдлийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг бүртгэж, “В р” ХХК –д ашигт малтмалын ашиглалтын ХV-021322 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “В м” ХХК -д ашигт малтмалын хайгуулын XV-21271 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 186 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай” шаардлагууд бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 77-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 106-122-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 105-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 63-65-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 94-95-р хуудас

[6] 3-р хавтаст хэргийн 14-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 25-р хуудас

[8] 2-р хавтаст хэргийн 120-р хуудас

[9] 2-р хавтаст хэргийн 121-р хуудас

[10] 2-р хавтаст хэргийн 122-р хуудас

[11] 2-р хавтаст хэргийн 123-р хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 97-р хуудас

[13] 2-р хавтаст 193-198-р хуудас

[14] 2-р хавтаст 199-201-р хуудас

[15] 2-р хавтаст хэргийн 167-р хуудас

[16] 2-р хавтаст хэргийн 144-145-р хуудас тэмдэглэл хавсралтын хамт

[17] 1-р хавтаст хэргийн 96-р хуудас

[18] 2-р хавтаст хэргийн 225-р хуудас

[19] 2-р хавтаст хэргийн 226-р хуудас

[20] 2-р хавтаст хэргийн 230-р хуудас

[21] 2-р хавтаст хэргийн 231-р хуудас

[22] 2-р хавтаст хэргийн 144-145-р хуудаст буй тэмдэглэл хавсралтын хамт

[23] 2-р хавтаст хэргийн 162-165-р хуудас

[24] 1-р хавтаст хэргийн 98-р хуудас

[25] 3-р хавтаст хэргийн 56-р хуудас