Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1792

 

                                                  

                                       

 

   

 

 

 

 

2018 оны 8 сарын 01 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01792                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

гэрээний үүрэгт 33.006.050 /гучин гурван сая зургаан мянга тавь/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд, хариуцагчийн төлөөлөгч Д.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь 2015 оны 12 сарын 01-ний өдөр тус ББСБ-д хандан 15 сая төгрөгийн зээл авах өргөдөл гарган журмын дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгсөн. Г болон “Э” ХХК нарын хооронд 2015 оны 12 сарын 02-ны өдөр ЗГ0604150106 тоот Зээлийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5% үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, барилгын материал авч Хужирбуланд хашаа байшингаа нэмж засварлах зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож “Э” ХХК нь мөн өдөр ЗБ0604150Ю6 дугаар Барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн СХД, 18 хороо. Баруун Толгойт 18101, Москвагийн гудамж 48б байр, 56 тоот, 2 өрөө 26.7 м2 Ү-1201043546 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Барьцааны гэрээг мөн өдөр барьцаанд бүртгүүлж баталгаажуулсан. Гэрээний 2.3-т заасан “зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ э төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5, 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээнд “Зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохирсноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2016 оны 01 сарын 02-с эхлэн зээлээ төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй. Хариуцагч нь Зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2016 оны 01 сарын 02 болон 2016 оны 2 сарын 02-нд 1,500,000 төгрөг, 2016 оны 3 сарын 02-с сар бүр 3 сая төгрөг төлөхөөр тохиролцсон ч үүргээ зөрчсөнөөс нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул манайх зээл төлөх талаар удаа дараа сануулж, хугацаа өгч мэдэгдэж байсан. 2016 оны 6 сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ хүртэл төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 15 сая төгрөг, хүү 15,260,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,639,350 төгрөг, нотариатын төлбөр 36,500 төгрөг, эрэн сурвалжлахтай холбоотой гарсан тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 33,006,050 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 15.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай хуулийн этгээд дээрээ зээл аваад Ганзориг гэж ахад өгсөн. Та мөнгөө төлөөч гэхээр удахгүй төлнө гэж хэлээд яваад байгаа. Би өмгөөлөгч авах хүсэлтэй. Нөгөө хүн мөнгө төлнө гээд байгаа. Үндсэн зээлээ хүлээн зөвшөөрч байна. 12 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын мөнгийг зөвшөөрнө, харин бусад хүү, алданги, эрэн сурвалжлуулсан 70.200 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Манайх хаягаа өөрчлөөгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт 33.006.050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шаардахад удахгүй гэсээр хугацаа хэтрүүлсэн тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэхэд гарсан зардлыг гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь 12 сарын хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл, нотариатын зардлын хамт хүлээн зөвшөөрч, бусад хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болон хаягаа өөрчлөөгүй үндэслэлээр тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргалаа.

 

Г” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Э” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулан, 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5% үндсэн хүүтэй, барилгын засварын зориулалтаар зээлдүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож хариуцагчийн өмчлөлийн СХД, 18 хороо. Баруун Толгойт 18101, Москвагийн гудамж 48б байр, 56 тоот, 2 өрөө 26.7 м2 улсын Ү-1201043546 дугаарт улсын бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.

 

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн, барьцааг улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдэгч мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, гэрээний дагуу зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй байж болно гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний буюу 2016.01.02-ны өдрөөс 2016.06.02-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.538.250 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Талууд Гэрээний 2.3-т зааснаар “зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д, нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тооцохоор тохиролцжээ.

 

Гэрээний 1.2.3-т заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452.2, 453.1-д заасанд нийцэж байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүүний төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хүүний төлбөрт 15.260.000 төгрөг шаардсанаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй. Учир нь гэрээний дагуу үүргээ зөрчсөнөөс хойш хариуцагчаас үүргийг шаардаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хүүгийн төлбөр нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруу байгааг харгалзан нэхэмжилсэн хүүгийн тал хувиар тооцох нь зүйтэй байна.

 

Иймд үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 7.500.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.639.350 төгрөг, нотариатын зардал 30.500 төгрөг, нийт 25.169.850 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан, Г” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 7.836.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчид энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэлэлцэх явцад хариуцагч ирсэн тул түүнийг оролцуулан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393.180 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 283.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 25.169.850 /хорин таван сая нэг зуун жаран есөн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулан, “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.836.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393.180 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 283.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

              

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ