Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0091

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 01 өдөр

 

 

 

Дугаар 128/ШТ2021/0023

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.М

Хариуцагч: ЧДЗД

Гуравдагч этгээд: Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “ЧДЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*4* захирамжийг хүчингүй болгуулах тухай”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Чингэлтэй дүүргийн 1** дүгээр хороо, ** дугаар хэсэг *** тоот 247 м.кв газрыг эзэмших гэрчилгээг Д.Б олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрын газар эзэмших гэрчилгээг Д.Б олгохыг  даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Ц.М миний бие Чингэлтэй дүүрэг ** дүгээр хороо ** дугаар хэсэг *** тоотод 247 м.кв газар болон З5 м.кв өвлийн сууцыг эзэмшиж амьдардаг. Манай өвөг эцэг эх, үе удмаараа Яргайтын богинын зусланд 1978 оноос хойш зуншиж амьдарч ирсэн. Одоо маргаан болоод байгаа тус газрыг миний бие 2011 оноос хойш эзэмшиж ашиглаж, ирсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж Засаг даргын А/**8 дугаартай захирамжаар хууль ёсоор эзэмших эрхтэй болсон. Дээрх газар манайхыг эзэмшихээс өмнө олон жил эзэнгүй, сүнс сүүдэртэй гэгддэг, орчин тойрны хүмүүс ойртохгүй, тэнэмэл хүмүүс орж гардаг, олон хүний шээс баасанд бохирдсон, энэ тэндхийн архичид цуглардаг орчин тойрны айлуудын аюулгүй амгалан тайван байдлыг алдагдуулдаг газар байсан тул миний бие уг газрыг хуулийн дагуу ашиглаж, арчилж тордож, эд хогшлоо байлгаж ашиглаж байгаад Газрын албаны мэдээллийн санд шүүлгээд хэн нэгэн эзэмшээгүй байсан тул, хуульд заасан үндэслэл журмын дагуу хандаж, Газар эзэмших эрхийг шударгаар олж авсан. Ингээд миний бие уг газрыг засаж сайжруулж, хүн ашиглаж болохооргүй ашиглалтын хугацаа дууссан модон сууц гэх зүйлийг буулган цэвэрлэж, 40 сая төгрөгийн зээл авч өвлийн сууц барьсан. Гэтэл ЧДЗД-ын2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*4* дугаартай захирамжаар миний газар эзэмших эрхийг цуцалсан. Уг захирамж гарах болсон шалтгаан нь иргэн Д.Бгэх хүний уг газрыг манай эцэг Д гэх хүн эзэмшиж байсан гэж Газрын албанд гомдол гаргаснаас болсон гэх ба уг Б***н гэх хүнд болон аав Д нарт албан ёсны эзэмшиж ашиглаж байсан талаар ямар нэгэн бичиг баримт байхгүй байдаг төдийгүй Б***н өөрөө Ды өмнөөс гомдол санал хэлцэл хийх эрхгүй нь тодорхой байсан. 

ЧДЗД-ын2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*4* дугаартай захирамж нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 827 дугаар тогтоолыг үндэслэсэн байх ба прокурор Ц.Б******* нь уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж хаасан байтал бодит байдалд хяналт тавьсан
холбогдох хүмүүс уг 827 дугаар прокурорын тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж, уг тогтоолыг буруугаар ашиглан газар эзэмших эрхгүй Б***нд давуу байдал
олгож нэг талыг баримтлан буруу шийдвэр гаргаж газар эзэмших эрхийг минь
цуцалсан нь хууль бус байсан. Миний бие
уг асуудлаар шүүхэд хандахын өмнө Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаж гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс асуудлыг судлан үзээд “Арга хэмжээ авах тухай’ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Тамгын газарт 07/5314 дугаартай албан тоот хүргүүлэн уг асуудлыг дахин судалж зөв шийдвэр гаргах ажиллагааг хийнэ үү гэж хүргүүлсэн боловч шийдвэр гаргах ажиллагааг хийхгүй, албан бичгийн хуульд заасан хоног хугацаа 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байхад хэтрүүлэн албан бичгийн хариуг өгөөгүй.

Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга асуудлыг хуулийн дагуу зөв судлаагүйгээс буруу шийдвэр гаргасан. Учир нь цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэгсэхгүй болгосон хэрэгт хохирогч гэх Б***н нь мэдүүлэхдээЯргайтын богинын байшинг манай аав С.Д нь авч байсан. 2017 оны 3 дугаар сард аав маань өвчний улмаас нас барсан юм. Манайх уг зуслангийн газарт 2008 оноос хойш гарахаа больсон”. гэснээс харахад Д.Бнь тухайн газрыг эзэмших эрхтэй эсэх, мөн уг модон сууцыг өмчлөх эрхтэй эсэх, аав Д нь нас барснаас хойших хугацаанд өв нээлгэж модон сууцны албан ёсны өмчлөгч болсон эсэх баримт байхгүй. Мөн уг газарт Д.Бболон Д гэх хүмүүс дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй байсан. Мөн хэрэг бүртгэлийн хэрэгт авагдсан баримтуудаар С.Д Д.Бнарт газар эзэмших эрхгүй, хүчин төгөлдөр газрын гэрчилгээгүй, өөрийнх нь мэдүүлснээр Газрын тухай хуульд заасны дагуу 2 жилээс дээших хугацаанд эзэмшиж ашиглаагүй, ямар нэгэн газрын төлбөр тооцоо хийсэн баримт байхгүй, газар эзэмших эрхгүй этгээд байсан.

Харин Ц.М миний бие 2011 оноос хойш уг олон жил эзэнгүй, сүнс сүүдэртэй гэх газрыг ашиглаж, арчилж тордож эд хогшлоо байлгаж ашиглаж амьдарч байгаад Газрын албанд хуульд заасан үндэслэл журмын дагуу өргөдөл хүсэлтээ өгч, газар эзэмших эрхийг шударгаар олж авсан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэсэн заалтууд байсаар байхад уг хуулийн холбогдох заалтуудыг үл хэрэгсэж бодит байдлыг хянаж үзэх ёстой албан тушаалтнууд бусдад давуу байдал олгож хууль зөрчин нөхцөл байдлыг бүрэн хянаж үзэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь Газрын тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хуульд нийцэхгүй байна.

Мөн түүгээр ч зогсохгүй, ЧДЗД-ын захирамж цуцлах төслийг боловсруулахад санал авах хуудас нь 5-6 хүний шийдвэрээр шийдвэрлэгдэж захирамж цуцлагдах ёстой байдаг. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цуцалсан захирамжаа очиж аваад хэргийн материалтай танилцах үед, захирамж цуцлах төслийг хэн хэн гэдэг, ямар албан тушаалтан, хэдэн хүн хянасан, ямар албан тушаалтны нийт хэдэн хүн гарын үсэг зурж захирамж цуцлагдсан төсөл, протокол хэргийн материалд байхгүй байсан. Мөн бодит байдал дээр 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай захирамж цуцлагдсан байхад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг 55 минутын үед Чингэлтэй дүүргийн Тамгын газрын хуулийн мэргэжилтэн Энхбаяр гэх хүн, уг манай хэргийн материалд 2 жилийн өмнөх 2018 оны он, сар, өдөргүй ямар ч тамга тэмдэг, гарын үсэггүй 2 ширхэг цаасыг танай захирамж цуцалсан төсөл хэмээн иргэн надад хэлж, хэргийн материалыг нууж, хамгийн сүүлийн хоёр хуудсанд сүүлд, хавсаргасан байсан. Бусармаг үйлдлийг нь иргэн би олж мэдэж, зураг зэргийг баримтжуулж авсан ба энэ мэт олон хууль зөрчсөн үйлдлүүдийг дурдах нь зүйтэй. Иймээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 827 дугаар тогтоолыг үндэслэж, уг тогтоолыг хууль бусаар ашиглан бусдад давуу байдал олгож, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчин, газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус үйлдэл юм. Иймд ЧДЗД-ын гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*4* дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү....” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яргайтын богино зусланд нэхэмжлэгч Ц.М нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу дүүргийн Газрын албаны саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2018 оны А/**8 дугаар захирамжаар 247 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Маргаан бүхий газар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд иргэн Б***н гомдол гаргасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15/959 дүгээр албан бичгээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст залилангийн шинжтэй байж болзошгүй гэх шалтгаанаар шилжүүлсэн байдаг. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 827 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Дүүргийн Засаг даргад иргэн Д.Бгомдол, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2019 оны А/*4* дугаар захирамжаар 2018 оны А/**8 дугаар захирамжийн Ц.М т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Д гуай нь 1970 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурорт ажилд ороод, 2003 онд тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарахаас нь өмнө маргаан бүхий газрыг Д гуайд байгууллагаас нь өгсөн. Тухайн үед байгууллагууд нь зуслангаа нэгдсэн журмаар байгуулаад ажилчдаа зундаа гаргадаг байсан. Үүнээс хойш Д гуай 2012 он хүртэл тасралтгүй зуслангийн газар дээрээ гарсан байдаг юм. Өмчийн харилцаа үүсэж, тухайн зусланг татан буулгах үед Д гуайг тухайн газраа өөрөө ав гэсэн. Д гуай 2008 оны 08 сард охиноо дагуулаад Газрын албанд очиж, кадастрын зургаа хийлгэсэн. Тухайн үед Газрын албанд ажиллаж байсан байцаагч “...таны энэ газар дээрээ байшинтай болохоор таны газар руу хэн ч халдахгүй. Өмчлөлийн шийдвэр гарчихвал нэг мөр хөөцөлдөөд авчихвал танд амар юм байна” гэж хэлээд буцаасан байдаг.

Д гуай 2012 оны наадмаар бүх хүүхдүүдээ цуглуулаад энэ газрыг Б***нд өгнө гэж аман байдлаар мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад Д гуайн хүүхдүүдийг бүгдийг нь байцаагч дуудаад “...танай эгчийг хохирогчоор тогтоох гэж байна. Маргах зүйл байна уу” гэж асуухад бүх ах дүү нар нь аав амьд сэрүүн байхдаа энэ газрыг Б***нд өгнө гэсэн тул маргахгүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл аман хэлбэрийн гэрээслэлээр үлдээсэн байгаа юм. Мөн бичиг баримтгүй хүнийг өмчийн эзэн биш гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 “...хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу, түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч” гэж тодорхойлсон. Д гуай болон Б***н нар нь шударга эзэмшигч юм. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “шударга эзэмшигч нь эд хөрөнгө болон түүнийг эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан. Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг мөн гэж үзээд прокурорын тогтоол дээр хохирлоо иргэний журмаар нэхэмжилж болохыг тодорхой заасан...” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Чингэлтэй дүүргийн 1** дүгээр хороо, ** дугаар хэсэг *** тоот 247 м.кв газрыг эзэмших гэрчилгээг Д.Болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох ба уг газрыг Д.Бгазар эзэмших гэрчилгээ олгуулахаар ЧДЗД-д шүүхийн шийдвэрээр даалгаж өгнө үү. /15*******15 нэгж талбарын дугаартай/.

Д.Б-ийнэцэг Д гуай 1970 оны 7 дугаар сарын 30-нд Бүгд Найрамдах Монгол ард Улсын Прокурорын байгууллагад ажилд орсон. /Одоогийн Ерөнхий прокурор/ 2003 оныг хүртэл тасралтгүй 33 жил ажиллаад чөлөөндөө гарсан. 1972 оноос  эхлэн Ерөнхий Прокурорын байгууллагынхаа зусланд гардаг болсон. Энэ нь одоогийн Чингэлтэй дүүргийн 1** дүгээр хороо, ** дугаар хэсэг *** тоот, 15*******15 нэгж талбарын дугаартай газар. /Одоо маргаантай байгаа газар Ц.М/ Д гуайд уг газар 3х5 хэмжээтэй зуны байшингийн хамт байгууллагаас нь өгсөн. Уг зусландаа 2012 он хүртэл гарч байсан ба Д гуай бие нь өвдөөд зусландаа гарахаа больсон ба таньдаг хүмүүсийг гуйхаар гаргадаг байсан. 2017 оны 3 дугаар сард Д гуай нас барсан. 2012 оны наадмаар бүх хүүхдээ ирүүлээд уг зуслангийн газар, байшингаа охин Б***ндээ өгч байгаагаа хэлсэн байдаг. Одоог хүртэл ах, эгч дүү нар нь хүлээн зөвшөөрдөг тул маргаан байхгүй. Б***н 2018 онд зуслангийн газраа эргэн очиход байшинг нь нураагаад өөр байшин газар дээр нь барьчихсан байсан. Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандахад Ц.М***** нь Б***нгийн байшинг хууль бусаар нурааж өөрийнхөө байшинг барьж минийх гэж Газрын албыг хууран мэхэлж, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/**8 дугаартай ЧДЗД-ын захирамжаар газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан байсан. Б***н энэ Ц.М-ын минийх гэж авсан газар байшин нь миний ааваас надад гэрээслэн үлдээсэн байсан юм гэж бүх учир шалтгаанаа Газрын албаны даргад хэлтэл Ц.М манай байгууллагыг хуурч, залилан газрын гэрчилгээ авсан байна. Энэ талаар холбогдох хуулийн байгууллагаар шалгуулна гээд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан байдаг. Өргөдлийн дагуу Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 181102922 тоот хавтаст хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажиллагаа нээн шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хийсэн нь нотлогдсон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 827 дугаар тоот тогтоолоор хэргийг хаасан.

Хэрэг бүртгэлийн явцад Д.Б***нг хохирогчоор тогтоосон байдаг. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Э****ад хууль бусаар газар эзэмших
гэрчилгээ авсан Ц.М-ын 2018 оны А/**8 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах өргөдөл Б***н гаргасан. Чингэлтэй дүүргийн
Засаг дарга 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*4* тоот захирамжаар Ц.М т холбогдох хэсгийг хүчингүй болгосон.  Б***н нь Чингэлтэй дүүргийн Газрын албанд Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хэсэг, *** тоот хаягт байрлах газарт газар эзэмших гэрчилгээ гаргуулахаар 3 удаа өргөдөл өгсөн. Үүнд:

1. 2014 оны 8 дугаар сард /Тухайн үед газрын албаны байцаагч Төрхүү байсан/

2. Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2018 оны 8 сарын 01-ний өдрийн  15/633 тоотоор

3. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 15/385 тоот албан бичгээр тус тус маргаантай байгаа тул хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлэ гэсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 827 дугаар тогтоол, Иргэнийн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн башин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна. Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 “Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь газрын бүрдэл хэсэг байх заалтуудаар тус тус Д.Бнь газар эзэмшигч байх нь тогтоогдож байгаа тул уг маргаантай байгаа газрын асуудлыг шийдэж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр , Яргайтын богино, 10 дугаар хэсгийн 1047а тоот 247 м.кв 15*******15 тоот нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Д.Болгох шийдвэр гаргаж өгөхийг ЧДЗД-д шүүхийн шийдвэрээр даалгаж өгөх шийдвэр гаргаж өгнө үү.

Жич: 2014 оны 8 сард уг зуслангийн газар дээрээ Д гуай Кадастрын зураг хийлгэн холбогдох материалаа бүрдүүлэн охин Б***нгийн хамт газрын албанд очиход хариуцаж байсан газрын байцаагч Төрхүү “танайх газар дээрээ байшинтай юм байна.  Зуслангийн газрыг өмчлөх шийдвэр гарсны дараа нэг мөр өгчих. Танай газар руу хэн ч халдахгүй” гэж хэлсэн байсан. /Энэ нь Төрхүү гэрчийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 8-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн 4 удаагийн хүсэлтээр шүүх хурал хойшлогдож, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШТ2020/00065 тоот тогтоолоор хариуцагчийн хүсэлтээр хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн газрыг Д гуай эзэмшиж байгаагүй байна. Би энэ газар дээр амьдарч байсан юм гэсэн хүн болгонд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй. Гэтэл гэнэт тухайн газар дээр байшин баригдсан гэдгийг мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж, бүр цаашилбал газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахыг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу гуравдагч этгээдэд гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй. Тэгэхээр энэ маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэж дууссаны дараа манайх шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар хуулийн дагуу ажиллах боломжтой болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг: ЧДЗД-ын2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*4* дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/*4* дугаар захирамжийг гаргахдаа “...иргэн Ц.М нь хууран мэхлэх замаар бусдын амьдарч байсан газар дээрх байшинг буулгаж 247 дугаар м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын А/**8 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын саналыг үндэслэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасныг баримталжээ.

Энэхүү маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” хянан шийдвэрлэнэ гэжээ.

Маргааны үйл баримтаас товч дурдвал анх нэхэмжлэгч Ц.М оос 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргасныг[1] тус алба холбогдох баримтыг хүлээн авч хянан үзээд дүүргийн Засаг даргад уламжилжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/**8 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Мт Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 247 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ олгожээ[2].

Улмаар иргэн Ц.М энэхүү газрыг засан сайжруулж, хуучин модон байшинг буулгаж, өөрийн эзэмшлийн өвлийн орон сууцыг барьсан байна.

Гэтэл төд удалгүй иргэн Д.Б Чингэлтэй дүүргийн газрын албанд хандан “...манай байшин, газрыг иргэн Ц.М нь “миний байшин, газар” гэж эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна...” гэсэн утга бүхий гомдлыг гаргаснаар дээрх үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар Чингэлтэй дүүргийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15/959 тоот албан бичгээр[3] Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст “...залилангийн шинж чанартай байж болзошгүй байх тул шалгаж өгнө үү...” гэж ханджээ.

Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-аас “...Тухайн үед нэхэмжлэгч Ц.М “энэ миний газар биш. Би хүнээс худалдаж авсан” гэж байсан. Тэгээд бичиг баримтаа авсныхаа дараа сонсох ажиллагаа хийх гээд дуудахад зугтаад ирээгүй. Тэгэхээр нь би дарга дээр ороод нөхцөл байдлыг танилцуулахад “...төрийн байгууллагыг залилсан байж магадгүй юм байна. Цагдаагийн газарт өгч шалгуул” гэсэн тул би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандсан...” тайлбар өгсөн болно.

Харин Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээрх захиргааны байгууллагын албан бичгийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1181102922 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж[4], хохирогчоор иргэн Д.Б***нг тогтоон, холбогдох ажиллагаа хийжээ.

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ц.М гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...уг байшингийн эзэд гэх хүмүүс ирэхгүй болохоор 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн Газрын албанд очиж уг хэсэг газар болон хуучин модон байшин нь хэний эзэмшилд байна вэ гээд шүүлгэж үзэхэд ... нэгдсэн бүртгэлд ороогүй, хоосон газар гэсэн болохоор газар зохион байгуулагч н.Сайнбаяр гэх хүнтэй уулзаж, уг газрын эзэмшигч нь байхгүй бол өөрийн нэр дээр холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, зохих журмын дагуу авч болох уу гэж асуухад болно гэж хэлсэн учир 2018 оны 5 дугаар сард хуучин модон байшинг буулгаж, өөрийн газар дээр өөрийн орон сууцыг барьсан”[5] гэж тайлбарласан.

Энэхүү хэрэг бүртгэлийн ажиллагааг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хянаад эцсийн байдлаар “...Ц.М нь дээрх иргэн С.Д ы амьдарч байсан газар байрлах зуны орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй байхад нураасан, энэ үйлдлийн улмаас иргэн Д.Б941.553 төгрөгийн хохирол учирсан байх тул Ц.М-ын үйлдлийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжтэй...” гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж[6] шийдвэрлэсэн байна.

            Түүнчлэн хэрэгт авагдсан баримтад гуравдагч этгээд Д.Б-ийнэцэг болох С.Д[7] гэх хүнд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 дугаар захирамжаар[8] Яргайтын богино зусланд 0,04 га газрыг зуслангийн сууцны зориулалтаар ашиглуулах эрх олгосны дагуу тэрээр уг эрх олгосон газар дээрээ модон байшинтай байсан болох нь хэрэгт авагдсан фото зургаар тогтоогдож байна[9].

Үүнээс үзвэл маргаан бүхий ЧДЗД-ын2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*4* дугаар захирамжид дурдсан үндэслэл үнэн зөв,

бодит байдалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж,...зөрчсөн” гэж дүгнэхээр байна.

Нөгөөтээгүүр хариуцагчийн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 ”хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн.

Маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байх тул уг актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр: Гуравдагч этгээдийн “Чингэлтэй дүүргийн 1** дүгээр хороо, ** дугаар хэсэг *** тоот 247 м.кв газрыг эзэмших гэрчилгээг Д.Болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох ба уг газрыг Д.Б газар эзэмших гэрчилгээ олгохыг ЧДЗД-д даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2 “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1 “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2 “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж тус тус заажээ.

Гуравдагч этгээд Д.Б-ийн“газар эзэмших тухай” хүсэлтэд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “...таны зуслангийн байшин байсан гэх газрыг иргэн Ц.Мт эзэмшүүлэн олгосон байна..., хуулийн байгууллагад хандана уу...” гэсэн хариу өгчээ[10].

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчийн тайлбар зэргээс үзвэл гуравдагч этгээд Д.Б***нгээс маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан гэж байх боловч тэрээр зөвхөн иргэн Ц.Мт эзэмшүүлэн захирамжтай холбоотой хандсан байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Д.Б***нгээс Газрын тухай хууль түүнийг дагаж гарсан журмын[11] дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоход батлагдсан бүрдүүлбэрийг хангуулан хандаагүй.

Талийгаач эцэг С.Ды зуслангийн зориулалтаар орон сууц, ашиглахтай холбоотой өв залгамжлуулах эрх шилжсэн талаарх Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасан холбогдох баримтгүй.

Энэ талаар ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...Энэ маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэж дууссаны дараа хуулийн дагуу баримтаа бүрдүүлээд хандах боломжтой...”  тайлбарласан болно.

Шүүх дээрх нөхцөл байдлаас гадна маргаан бүхий газар хэний ч эзэмшилд бүрэн шилжээгүй байгаа тул хариуцагч өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангасан баримт материалыг хянан үзээд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс хариуцагчийн эрх хэмжээнд халдаж газар эзэмших гэрчилгээ олгуулахыг даалгах боломжгүй гэж үзсэн тул “газар эзэмших гэрчилгээ олгохыг ЧДЗД-ддаалгах” гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гурав: Эцэст нь гуравдагч этгээд Д.Б***нгээс дээрх зуслангийн орон сууц, түүний орчны газрыг арчилж, хянах, хуульд заасан эрх зүйн хамгаалалт бий болгох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа уг эвдэрч, орхигдсон байшин, газрыг өөрийн хүч хөрөнгөөр засаж сайжруулан эзэмшсэн нэхэмжлэгч Ц.М-ын үйлдлийг буруутган маргаж байгаа нь нэг талаараа ёс зүйд нийцэхгүй явдал юм.

Цаашид нэхэмжлэгч болон гуравдагч нар хоорондоо эв эетэй байж, бие биеэ хүндлэн, зөвийг хүлээн зөвшөөрч харилцан буулт хийх замаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх нь хэргийн оролцогч нарын хэн алинд нь ашигтай зөв шийдэл болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын “ЧДЗД-ын2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*4* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Д.Б-ийн“Чингэлтэй дүүргийн 1** дүгээр хороо, ** дугаар хэсэг *** тоот 247 м.кв газрыг эзэмших гэрчилгээг Д.Болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрын газар эзэмших гэрчилгээг Д.Болгохыг ЧДЗД-д даалгах тухай” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.БАТБААТАР

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 54-р хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 15-р хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 60-р хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 152-р хуудас

[5]  2 дугаар хавтаст хэргийн 95-р хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 193,195 -р хуудас

[7] 1 Хавтас хэргийн 167-р хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн 83-р хуудас

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 199-р хуудас

[10]  2 дугаар хавтаст хэргийн 1-2-р хуудас

[11]  ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83  дугаар тушаалын хавсралт