Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2018/01889

 

                               

 

 

 

                             

 

 

 

2018 оны 8 сарын 20 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01889                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол, Нарны зам гудамж, 143 байр, 10 тоотод оршин суух, Т овогтой А гийн Х гийн /РД:ЧЖ80082070/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 хороо, Маршал таун, Нархан хотхон, 51 байр, 18 тоотод оршин суух, С овогтой Зийн Пид /РД:ХЖ79081677/ холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 60,000,000 /жаран сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Х  нь Д.Ө т 40,000,000 төгрөг зээлдүүлж, тус зээлийнхээ өрөнд түүний ВМV-5 маркийн 8795-УНХ улсын дугаартай автомашиныг тооцон авсан. Тухайн үед З.П нь уг автомашиныг нь худалдан авах санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч автомашиныг Д.Өээс өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүйгээр шууд З.Пийн нэр дээр шилжүүлэн өгч, автомашины үнэ 40.000,000 төгрөгийг 14 хоногийн дараа өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу 3.Пид автомашиныг 2016 оны 5 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгчээс удаа дараа шаардлага тавьж байсан ч “удахгүй өгнө” гэж хэлж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Ингээд 2017 оны 5 сарын 11-ний өдөр Д.Ө болон З.П бид уулзалдаж “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-г байгуулж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2017 оны 5 сарын 20-ны өдрөөр тогтоон, хэрэв тогтоосон хугацаанд үүргээ г»йцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, талууд гарын үсгээ зурж, нотариатаар батлуулсан. Гэтэл З.П нь өнөөдрийг хүртэл төлбөр хийгээгүй тул автомашны үнэ 40,000,000 төгрөг, 2017 оны 5 сарын 20-ноос өдрөөс 300 хоногийн алдангийг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие автомашиныг худалдан авч ашиглаагүй бөгөөд 2016 оны 3 сард дээрх автомашиныг иргэн Ч.Б нь миний найз Д.Өээс худалдан авахад зуучлан өөрөөрөө дамжуулж өгсөн болно. Нэхэмжлэлийн үндэс болж буй дээрх автомашины төлбөрийг Ч.Б нь өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа билээ. Х тай шууд ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө өгч авалцаагүй бөгөөд өөрийн найз Өийн хүсэлтээр нэхэмжлэлд хавсаргасан төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан болно. Миний бие өнөөдрийг хүртэл уг автомашины төлбөрийг гаргуулахаар хөөцөлдөж удаа дараа шаардсан бөгөөд энэ тухайд нотлох баримтыг шүүх хуралд танилцуулж, хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгч оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х  нь хариуцагч З.П ид холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2016 оны 3 сард автомашиныг Ч.Б нь Д.Өээс худалдан авахад зуучлан өөрөөрөө дамжуулж өгсөн, Х тай ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө өгч авалцаагүй гэж маргасан байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж, 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэжээ.

 

Д.Ө нь өөрийн өмчлөлийн ВМV-5 маркийн 8795-УНХ улсын дугаартай автомашиныг А.Х д 40,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлдээ тооцон өгөх,  А.Х  нь З.Пид уг автомашиныг нь худалдахаар тохиролцон, Д.Өээс З.Пийн нэр рүү өмчлөлийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Төлбөр барагдуулах гэрээ, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Талуудын байгуулсан аман хэлцлийн дагуу 40,000,000 төгрөг төлөх 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр автомашины өмчлөлийг Д.Өээс З.Пид шилжүүлэн өгөхөөр хүсэлт гаргасныг мөн оны 6 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэний үйлдлийг хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн үүргийн гүйцэтгэлд авах автомашиныг худалдахаар хүсэл зоригоо илэрхийлснийг хариуцагч нь хүлээн авсан боловч хэлцлийн дагуу үүргээ гүйцэтгээгүйгээс Д.Ө, А.Х ,  З.П нар нь хэлцлээр тохиролцсоны дагуу “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-г 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, талууд гарын үсгээ зурж, нотариатаар батлуулжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу Д.Өийн өмчлөлийн автомашиныг өөрийн нэр рүү шилжүүлэлгүй шууд хариуцагчийн нэр рүү өмчлөлийг шилжүүлснийг үүргээ биелүүлсэн гэж үзэх ба хариуцагч нь худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан атлаа хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 40,000,000 төгрөг төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнэгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж, 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тодорхойлжээ.

 

Дээрх гэрээгээр автомашины төлбөр төлөх нэмэлт хугацааг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоосон боловч хариуцагч нь үүргээ гүйцэтгэсэн талаар баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй, гэрээгээр тохиролцсоны алданги нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байх тул тооцох үндэслэлтэй байна.

 

Талуудын байгуулсан гэрээгээр автомашины төлбөр төлөх хугацаа болох 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 345 хоногоор алданги тооцоход /гүйцэтгээгүй үүрэг болох 40,000,000 төгрөгийн 0.5 хувь = 200.000 х 345/ 69,000,000 төгрөг болох ба 50 хувиар буюу 20,000,000 төгрөгөөр тооцон Иргэний хуулийн 232.4-т нийцүүлэв.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дахь хэсэгт зааснаар З.Поос гэрээний үүрэгт 40,000,000, алдангид 20,000,000, нийт 60,000,000 төгрөг гаргуулан, А.Х д олгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч нь 2016 оны 3 сард автомашиныг Ч.Б нь Д.Өээс худалдан авахад зуучлан өөрөөрөө дамжуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн үйл баримтаар нотлогдохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Өмнөх шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гаргасан хүсэлтээр энэ өдрийг хүртэл хойшлуулсан боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч ирсэн тул түүнийг оролцуулан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан С овогтой Зийн Поос /РД:ХЖ79081677/ гэрээний үүрэгт 60,000,000 /жаран сая/ төгрөг гаргуулан, Т овогтой А гийн Х д /РД:ЧЖ80082070/ олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ