Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00368

 

А.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01889 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2118 дугаар магадлалтай,

А.Х-ийн нэхэмжлэлтэй,

З.П-ид холбогдох,

60.000.000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, хариуцагч З.П-, өмгөөлөгч В.Батжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч А.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Өлзийдэлгэрт 40.000.000 төгрөг зээлдүүлж, тус зээлийнхээ өрөнд түүний ВМW-5 маркийн 8795-УНХ улсын дугаартай автомашиныг тооцон авсан. Тухайн үед З.П- нь уг автомашиныг нь худалдан авах санал тавьсныг хүлээн зөвшөөрч автомашиныг Д.Өлзийдэлгэрээс өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүйгээр шууд З.П-ийн нэр дээр шилжүүлэн өгч, автомашины үнэ 40.000.000 төгрөгийг 14 хоногийн дараа өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу 3.Пүрэвдоржид автомашиныг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Д.Өлзийдэлгэр болон З.П- нартай уулзалдаж Төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоон, хэрэв тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, талууд гарын үсгээ зурж, нотариатаар батлуулсан. Гэтэл З.П- нь өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй тул автомашины үнэ 40.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 300 хоногийн алдангийг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 20.000.000 төгрөгийг нэмж нийт 60.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч З.П- шүүхэд гаргасан тайлбартаа: Би автомашиныг худалдан авч ашиглаагүй бөгөөд 2016 оны 3 дугаар сард дээрх автомашиныг Ч.Бат-Ирээдүй нь миний найз Д.Өлзийдэлгэрээс худалдан авахад зуучлан өөрөөрөө дамжуулж өгсөн. Дээрх автомашины төлбөрийг Ч.Бат-Ирээдүй нь өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. А.Х-тай эд хөрөнгө, мөнгө өгч авалцаагүй бөгөөд өөрийн найз Д.Өлзийдэлгэрийн хүсэлтээр нэхэмжлэлд хавсаргасан төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01889 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2118 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч З.П- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01889 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2118 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

З.П- миний бие 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өвчтэй байж байгаад өмгөөлөгчтэй уулзаж чадаагүй бөгөөд өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж энэ талаарх эмчийн магадалгааг шүүхэд хүргүүлсэн боловч энэхүү баримтыг шүүхээс хүлээн аваагүй шүүх хуралдааныг явуулсан. Түүнчлэн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойших шүүхээс гарч буй баримт болох шүүгчийн захирамжтай танилцуулаагүй шүүх хуралдааныг хийсэн нь шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг олгоогүй болно.  Пүрэвдорж би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу шүүх хуралдааны үед шүүх руу очоогүй эмчийн магадлагааг хүнээр өгч явуулсан байхад намайг шүүх хуралдаанд ирсэн мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээс болж З.П- би нэхэмжлэлийн татгалзлаа үндэслэх нотлох баримтуудыг шүүхэд өгөх, хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхээ хэрэгжүүлж чадаагүй боломж олгогдоогүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01889 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2118 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Нэхэмжлэгч А.Х- нь хариуцагч З.П-оос 60.000.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд төлбөр барагдуулах тухай гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Ч.Бат-Ирээдүй нь Д.Өлзийдэлгэрээс машин худалдан авахад зуучилж, өөрөөрөө дамжуулсан, Д.Өлзийдэлгэрийн хүсэлтээр гэрээнд гарын үсэг зурсан” гэсэн тайлбар гаргажээ.

            Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээнд “...Д.Өлзийдэлгэр нь А.Х-д төлөх 40.000.000 төгрөгт ВМW-X5 маркийн 8795 УНХ улсын дугаартай машиныг өгөх, уг машиныг З.П-  худалдан авах санал тавьсныг А.Х- хүлээн зөвшөөрсөн тул өөрийн эзэмшилд шилжүүлэн авч  үнэ 40.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ний дотор бүрэн төлж барагдуулах, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр” харилцан тохирч,  улмаар Д.Өлзийдэлгэр, А.Х-, З.П- нар гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлжээ /хэргийн 4 дүгээр тал/.

            Дээрх гэрээний агуулгаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.  

            Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба гэрээний зүйл болох ВМW-X5 маркийн 8795 УНХ улсын дугаартай машин хариуцагч З.П-ийн эзэмшилд шилжсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч машины үнэ, алданги шаардах эрхтэй.

            Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа, гэрээний нөхцөл, алдангийн  тохиролцоо, тэдгээрийн агуулгыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1.-т нийцжээ.  

            Анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч тогтоосон хугацаанд тайлбар гаргаагүй байна. Хариуцагчийн “...өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” хүсэлтийг шүүх хангаж,  2018 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэрээр 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй  байх тул  энэ талаарх гомдол үндэслэлгүй байна. 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-г зөрчөөгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ирсэн талаар шийдвэрт дурдсан нь буруу. Гэвч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01889 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2118 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч З.П-ийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ