Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/01809

 

                                                   

           

                                  

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 06 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01809                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 хороо, Сонсголонгийн 2-73 тоотод оршин суух, Д овгийн Огийн Эгийн /РД:ЧЕ91082341/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 хороо, Сонсголонгийн 2-73 тоотод оршин суудаг, М овгийн Гын М-ад /РД:ЗФ90052510/ холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 онд Г.М тай танилцаж үерхээд 2010 оноос хамтран амьдарч, бидний дундаас 2011 оны 9 сарын 28-ны өдөр охин А төрсөн. Эхний хэдэн жил амьдрал хэвийн байсан ч сүүлийн үед М нь байнга архи дарс ууж намайг хардаж, зодох зэргээр танхайрсаар гэр оронд байнгын хэрүүл зодоонтой байдаг болсон. 2017 оны 3 сард Г.М нь архи ууж согтууран миний чихэн тус газар өшиглөж миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ асуудлаар ХУД-ийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Гэхдээ эцэст нь Г.М нь намайг гуйсаар би өрөвдөөд цагдаагаас гомдлоо татан авч эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид гэрлэлтээ батлуулаагүй 8 жил хамтран амьдарсан. Гэтэл сүүлийн үед янз бүрийн хүүхнүүдтэй архи ууж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж эхэлсэн нь бүр даамжирсаар хэд хэдэн охидуудтай олон нийтийн сүлжээгээр харилцаж зүй бус үйлдлүүд удаа дараалан гаргасан. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байгаа тул охин Аг асрамждаа үлдээж, Маас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эгийн нэхэмжлэлийг хүлээж аваад Ад хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Г.Мад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

        

Г.М, О.Э нар нь 2009 онд танилцаж, 2010 оноос хамтран амьдарч, тэдгээрийн хамтран амьдрах хугацаанд 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин М.А төрсөн төрсөн болох нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан байна.

 

Хариуцагч нь М.Аг өөрийн хүүхэд мөн эсэх, тэтгэлэг төлөх эсэх дээр маргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан, энэ өдрийн шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн ч шүүхэд ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан М.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Маар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар О.Э нь Г.Мыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгав.

  

Хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50.350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин М.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг М овгийн Гын Маар /РД:ЗФ90052510/ тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар О.Э нь Г.Мыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50.350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ