Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 182/2020/00119/И |
Дугаар | 001/ХТ2021/00868 |
Огноо | 2021-06-25 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00868
Б.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00596 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1144 дүгээр магадлалтай,
Б.М-ын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.04-ний өдрийн 182/Ш32019/01271 дүгээр захирамжаар Б.М-оос 107,856,610 төгрөгийг гаргуулж, “Манго капитал ББСБ” ХХК-д олгож, төлбөр төлөгч сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан улмаар эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан. Энэ орон сууц нь миний эцэг, эхийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө тул 450,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч нь хүлээн зөвшөөрөөгүй тул “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн ба 103,806,500 төгрөгөөр үнэлсэн нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч нарын хууль ёсны эрхэд шууд хохирол учруулж төлбөр төлөх нөхцөл боломжийг хясан боогдуулсан үйлдэл болсон. Учир нь үнэлгээний байгууллага Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж, тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж, тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн тайлангаас үзэхэд холбогдох хуулиар тогтоосон дүрэм журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн. 2018 оны байдлаарх судалгааг үндэслэн индексжүүлж үнэлгээ хийсэн. Орон сууцны гэрчилгээн дээр байгаа талбай буюу 50 м.кв хэмжээгээр тооцсон, гэтэл бодит байдалд уг орон сууц нь 80 м.кв талбайтай, энэ хэмжээгээр үнэлбэл 60,000,000 төгрөгийн зөрүү гарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар ажлын 3 өдөрт үнэлгээг талуудад мэдэгдэх ёстой. Гэтэл 2019.12.25-нд мэдэгдсэн нь хууль зөрчсөн, мэдэгдлээр үнэлгээг танилцуулж санал авсан зүйл байхгүй. Иймд үнэлгээг үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.04-ний өдрийн 1271 тоот шийдвэрээр Б.М-оос 107,871,610 төгрөгийг гаргуулж “Манго капитал БСББ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2019.11.08-ны өдөр битүүмжлэн, 2019.11.22-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр шинжээчээр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК буюу түүний итгэмжлэгдсэн үнэлгээчинг томилоход 103,806,500 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийн үнэлэгдсэн үнэ 103,806,500 төгрөгийн 70 хувь буюу 72,664,550 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болж, энэ тухай талуудад 2019.12.20-ны өдөр мэдэгдсэн. Талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б байрны 03 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай орон сууц нь зочны 1, унтлагын 2, ажлын 1, гэсэн 4 өрөөтэй. Тухайн орон сууцны гал тогоо, банны өрөө, ариун цэврийн өрөө, коридор, агуулахын өрөөнүүдийн талбай нь тусдаа 30 м.кв бөгөөд гэрчилгээнд уг талбайн хэмжээ ороогүй болно. Манай байр шиг 4 өрөө нь тусдаа 80 м.кв талбай бүхий угсармал орон сууц маш ховор байдаг. Тус байрны гадна зам, талбайг иж бүрэн бетон болон асфальтан зам тавьж 2019 онд бүрэн тохижуулж амьдрах орчин нөхцөлийг дээд зэргээр сайжруулсан. Энэхүү орон сууцыг бид олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд бий болгосон учраас 480,000,000 төгрөгөөр үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019.12.20-ны өдрийн 4/26670 тоот мэдэгдлээр мэдэгдсэн 103,806,500 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгуулах саналтай байна. Б.М нь 2017.05 дугаар сард “Манго капитал ББСБ” ХХК-иас зээл авч, уг зээлтэй холбоотойгоор сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. Энэ үед тухайн байрны өмчлөгч буюу гуравдагч этгээд болох бид хоёрт огт мэдэгдээгүй ба бидний хоорондын итгэмжлэлийн хугацаа ч дууссан байсан юм. Дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийн дагуу хэрэгжүүлж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлдээ хууль бус гэж үзэж байгаа тул уг ажиллагааны дагуу үнэлсэн үнэлгээ мөн адил хүчингүй болох ёстой. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00596 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, тус газрын 2019.12.20-ны өдрийн 4/29664 тоот мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1144 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.20-ны өдрийн 4/29664 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бөгөөд уг мэдэгдлээр Н.Батбаатар, Н.Намчин нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 196 байрны 3 тоот орон сууцыг “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь 103,806,500 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн юм. “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн хөрөнгийн үнэлгээний талаарх албан бичигт “тус байгууллага нь дээрх хөрөнгийг 2019.12.20-ны өдрийн байдлаар 103,806,500 төгрөгөөр үнэлсэн байна. Мөн тус өдөр мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярыг үнэлгээчнээр томилсон байна”. Ийнхүү үнэлгээний комнани нь 2019.12.20-ны өдөр мэргэшсэн үнэлээгээчинг томилсон атлаа мөн өдөр үнэлгээний талаарх тайлан дүгнэлт гаргасан нь туйлын ойлгомжгүй бөгөөд 103,806,500 төгрөгийн үнэлгээг хэн гаргасан болох нь тодорхойгүй байна. Тиймээс тухайн хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүх үнэлгээ холбогдох хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-иас ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд Монгол Улс дахь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн байдал болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 2018 оны судалгааг өнөөгийн хөрөнгийн үнэлгээнд ашиглаж, харьцуулан гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд үнэлгээ бодитой гараагүй гэдгийг нотолж байна. Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардалгыг хангаагүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн мөн адил үндэслэлгүй, хууль бус юм. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 182/ШШ2020/00596 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 1144 дүгээр магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Ж.Мөнхболд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.04-ний өдрийн 182/ШЗ2019/01271 дүгээр захирамжаар Б.М-оос 107,856,610 төгрөг гаргуулан, “Манго капитал” ББСБ-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд иргэн Н.Батбаатар, Н.Намчин нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б байрны 3 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Н.Батбаатар, Н.Намчин нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б байрны 3 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.
Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.
Хураагдсан орон сууцыг Б.М 2019.12.11-ний өдөр 450,000,000, өмчлөгч Н.Батбаатар, Н.Намчин нар 2019.12.13-ны өдөр 480,000,000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч “Манго капитал” ББСБ хөндлөнгийн шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.12.16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2019.12.20-ны өдрийн үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 103,806,500 төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчөөгүй талаар шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хариуцагч байгууллага 2019.12.16-ны өдөр шинжээчид шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижжилт, байршилтай ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.
Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.
Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг нотлох баримтаар нотлож чадаагүй байна.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00596 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1144 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД