| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01954/и |
| Дугаар | 2536 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2536
И.Б-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02031 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч И.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НЗД-д холбогдох
НЗД-ын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн захирлаар томилогдон, Нийслэлийн боловсролын газрын даргатай хөдөлмөрийн гэрээ, Хан-Уул дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээг байгуулан ажилласан. 2017 оны 01 дүгээр улиралд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.А-ээр ахлуулсан ажлын хэсгийн шалгалтаар манай сургууль хангалттай үнэлгээ авахаар шалгагдсан хэмээн урьдчилан мэдэгдсэн боловч зарим сургуулиудад дахин шалгалт явуулж, надтай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд D буюу дутагдалтай хэмээн дүгнэсэн. Үр дүнгийн гэрээг дүгнэсэн үзүүлэлттэй танилцаж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх заалт болон үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн нь бодит байдалд нийцээгүй. Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4-д “Дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар гэрээг дуусгавар болгох”-оор заасан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны Б/144 дугаартай ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4 200 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах тухай” 229 дүгээр захирамжаар тус дүүргийн 41 дүгээр сургуулийн захирлаар И.Б-ыг томилсон. Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн бөгөөд 41 дүгээр сургуулийн захирлын үнэлгээ, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-д “Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 7.1 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Хөдөлмөрийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, Хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т “Дүүргийн Засаг даргтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт “Хангалтгүй” дүгнэгдсэн тохиолдолд захирлын албан тушаалаас чөлөөлөх Б/114 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Нэхэмжлэгч И.Б Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд үнэлгээн дээр ямар нэг гомдол, тайлбар гаргаагүй, үнэлгээг дахин хэлэлцүүлэх үндэслэл бүхий тайлбар гаргаж маргаан үүсгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-ын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/144 дүгээр захирамжийг хүчингүй болгож, И.Б-ыг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 200 559 төгрөгийг НЗД-ын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч И.Б-т олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын орлогоос 70 200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч И.Б-т, хариуцагч НЗД-ын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 82 159 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч И.Б-ын 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн бөгөөд уг үр дүнгийн гэрэзний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар дүнг тус дүүргийн Засаг дарга баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч И.Б үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурахаас татгалзсан, уг асуудлаар дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй, маргаан үүсгээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч И.Б хариуцагч НЗД-д холбогдуулан НЗД-ын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
НЗД-ын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/114 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7.1, Хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т заасныг үндэслэн “Үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн” үндэслэлээр Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн захирал И.Б-ыг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-4-5/
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжаар нэхэмжлэгч И.Б-ыг тус дүүргийн 41 дүгээр дунд сургуулийн захирлаар ажиллуулж, улмаар Нийслэлийн Боловсролын газрын дарга болон нэхэмжлэгч И.Б нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар мараагүй.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон эсэх талаар маргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т “Дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт “Хангалтгүй” дүгнэгдсэн бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж, ажлаас халахаар тохиролцсон байна. /хх-8-9/
Мөн төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх үзүүлэлтийг “D” үнэлгээг “дутагдалтай”, “F” үнэлгээг “хангалтгүй” гэж ялгамжтай тогтоосон, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар байгуулагдсан, ажлын хэсэг гэрээний биелэлтийг нийт 69 оноогоор “D” буюу “дутагдалтай” гэж дүгнэсэн /хх-71-80/ байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцэхгүй.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил биш гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.
Иймээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч И.Б-ыг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 200 559 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт гомдол гаргах тусгайлан заасан хугацааг хариуцагч хэтрүүлсэн нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч И.Б үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурахаас татгалзсан, уг асуудлаар дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй, маргаан үүсгээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.БАЙГАЛМАА