Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0201

 

 

 

 

 

 

 

 

 

         

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

 

Нэхэмжлэгч: Ж.Г

Хариуцагч: Ц е г д

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц е г д-ын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0069 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Г

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 118/2022/0010/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Г-оос Цагдаагийн ерөнхий газрын даргад  холбогдуулан  “... тус газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0069 дүгээр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 81 дүгээр зүйлийн 81.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ж.Гандоржийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг зэргийг дутуу, буруу үнэлж, буруу дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.2. Хариуцагч нь Ц е г д-ын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг хуульд заасан хугацаанд танилцуулаагүй буюу гардуулаагүй нь /2805 дугаартай мэдэгдэх хуудаст “дарга, цагдаагийн хурандаа Б.Б гэснийг д/х гэсэн гарын үсэгтэй”/ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

3.3. Учир нь нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас ажил хөдөлмөр эрхэлж байсан тухай архивын лавлагаа авах өргөдөл гаргаж, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5а/4521 дугаартай архивын лавлагааг хүлээн авч танилцахад Ц е г д-ын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалаар хориглосон үйл ажиллагаа явуулсан, нийгмийн дэг журам алдагдуулсан этгээдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгүй нуун дарагдуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй бусдаас шан харамж авч, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 81 дүгээр зүйлийн 81.3, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.8 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон албанаас халж, “цагдаагийн хошууч” цолыг хураасан байна гэсэн “Архивын лавлагаа”-г хүлээн авч танилцсан. Улмаар дахин Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт гаргаж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б/1067 дугаартай тушаалыг хүлээн авсан байдаг. Гэтэл Зөрчлийн хэрэг бүртгэх газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж-ийн Г нь бусдаас шан харамж аваагүй болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Ц-ын мэдүүлгээр тодорхой нотлогдож байдаг.

3.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0069 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Цагдаагийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч Ж.Г-оос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулж, “тус газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа, “... цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа Дотоод хэргийн их сургуулийн найз /онжав/  М.Ц-аас хувийн хэрэгцээний журмаар 500,000 төгрөг зээлж буцааж төлснийг шан харамж авсан гэж буруутгасан, Цагдаагийн албаны тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, Ц е г д-ын 2022 оны Б/1067 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус” гэх зэргээр үндэслэлээ тодорхойлж маргасан.

4. Харин анхан шатны шүүх, Ц е г д-ын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/201 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3, 2.3.8-д заасан хэм хэмжээг зөрчсөн буюу хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж буруутгасан хариуцагчийн шийдвэрийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй; маргаан бүхий актын гол үндэслэлд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг хэрэглэсэн тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд зөв дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд (a) маргаж буй захиргааны акт нь /шаардлагын үндэслэлд тодорхойлсончлон/ Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ (б) нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох учиртай.

6. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгахын тулд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан алдааг агуулж байгаа эсэхийг л шалгана, хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгадаг шиг захиргааны акт нь формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь шалгах шаардлагагүй. /Г.Б, Захиргааны процессын эрх зүй, х.205, (2019)/

7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын төрлийг “маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон байхад шүүх нотлох зарчмыг эдгээр шаардлагын үндэслэлийн хүрээнд хэрэгжүүлж, эрх зүйн дүгнэлт хийх нь шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ойлголтыг илэрхийлэх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн non ultra petita зарчмын шаардлагад нийцнэ.

8. Захиргааны актын утга агуулгын илэрхий алдаа гэдэгт а/ хуульч биш дундаж боловсролтой бүх хүний хувьд уншихад агуулга ойлгомжтой, тодорхой байх шалгуурыг үл хангах, б/ захиргааны актаар зохицуулах гол харилцаа дутагдаж, хуулийн зохицуулалтыг давтсан алдаа /П.О, Захиргааны эрх зүйн ерөнхий анги, 3.хэвлэл, х.214, (2016)/-г ойлгох бол Ц е г д-ын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” Б/1067 дугаар тушаалд, цагдаагийн алба хаагчийг албанаас халахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалтыг сонгон хэрэглэж, Ж.Гандоржийн гаргасан гэх зөрчил болоод тухайн тохиолдолд шийдвэр гаргах эрх хэмжээг тодорхойлсон холбогдох дүрмийн заалтыг баримталж, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан албанаас халах хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхээр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” шинжийг агуулсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх ойлголт нь хуульд заагаагүй үндэслэлээр хүний эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлдэг.

Энэ тохиолдолд, хариуцагч нь Ж.Г-ийг цагдаагийн албанаас халах тухай тушаал гаргахдаа, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд цагдаагийн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, чөлөөлөх, халах талаар даргын эрх хэмжээг тодорхойлсон, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5.2.1 дэх заалтыг тус тус баримталжээ.

10. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад тодорхойлсон “... хориглосон үйл ажиллагаа явуулсан, нийгмийн дэг журам алдагдуулсан этгээдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгүй нуун дарагдуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй бусдаас шан харамж авсан” гэх зөрчил тогтоогдсон гэж хариуцагчаас үзэж, Ж.Г-ийг цагдаагийн албанаас халах шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Ц е г д-ын маргаан бүхий 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар тушаалыг захиргааны актад тавигдах эрх зүйн формаль шаардлагын хувьд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, хуульд заагаагүй үндэслэлээр хүний эрхэд халдсан гэж дүгнэн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.

11. Гэрчийн мэдүүлэг нь дангаараа хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэхгүй, нөгөөтээгүүр шүүх нотлох зарчмыг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэрэгжүүлэх тул “гэрч өөрөө шүүхэд ирээд мэдүүлээд байхад үнэлээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг хэрэглээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээж авсангүй.

12. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөх давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ