Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00870

 

   

                                                        Н.Э-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00301 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 681 дүгээр магадлалтай,

Н.Э-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дугаартай шийдвэрийн дагуу Альяанс проперти групп ХХК-иас 66,628,350 төгрөгийг гаргуулж иргэн Г.Чулуунцэцэгт төлөх болсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.11.12-ны өдөр 2279 дүгээр магадлалаар гаргасан 66,628,350 төгрөгийг Альяанс проперти групп ХХК-иас гаргуулан Г.Чулуунцэцэгт олгож, хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.04.04-ний өдрийн 001/ХТ2019/00476 дугаар тогтоолоор хэвээр баталсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Альяанс проперти групп ХХК-иас хөрөнгө гаргуулах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй атлаа барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шууд шийдвэрлэж байгаа нь хуульд нийцсэнгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж зохицуулжээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүрэг гүйцэтгэгч Альяанс проперти групп ХХК, үүрэг гүйцэтгүүлэгч Г.Чулуунцэцэг, өмчлөгч Н.Э нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохирох талаар ямар ч ажиллагаа хийгээгүй атлаа шууд шинжээч томилох тухай 297 дугаар тогтоол гаргаж түүний дагуу хөрөнгийн үнэлгээг хийсэн нь хуулийг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК нь миний орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур, бодит бусаар үнэлсэн байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дүгээр шийдвэрээр Алъяанс проперти групп ХХК, Н.Э нараас 66,628,350 төгрөг гаргуулж Г.Чулуунцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Алъяанс проперти групп ХХК-ийн харилцах данснаас 16,000,000 төгрөг хасалт хийж төлбөр авагчид олгон, төлбөр төлөгч Н.Э-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024338 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39 а байрны 1 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал асуухад төлбөр төлөгч Н.Э үнийн санал ирүүлээгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд 62,973,100 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид 2019.10.15-ны өдрийн 4/22212 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2019.11.20-ны өдрийн 4/26392 дугаар мэдэгдлээр тус тус мэдэгдэж, 2019.11.29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39А байрны 1 тоот орон сууцны үнэлэгдсэн үнэ 62,973,100 төгрөгийн 70 хувь 44,081,170 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00301 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39А байрны 1 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 681 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч “Альяанс проперти групп” ХХК-ийн данснаас 66,628,350 төгрөгийг бүрэн гаргуулах боломжтой байсан атал зөвхөн 16,628,350 төгрөгийг данснаас авч үлдэх 50,000,000 төгрөгийг барьцаа хөрөнгөнөөс шууд гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн хувьд 2019.10.08-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 297 дугаар тогтоол болон түүний дагуу хийсэн хөрөнгийн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн орон сууц ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан үзэж, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Э Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.12-ны өдрийн 2279 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019.04.04-ний өдрийн 00476 дугаар тогтоолоорАльянс проперти групп ХХК-иас 66,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, Г.Чулуунцэцэгт олгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамжны 39А байрны 1 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Н.Эийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202024338 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамжны 39А байрны 1 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Хариуцагч Н.Э2019.10.04-ний өдрийн 4/21313 дугаартай албан бичгээр хураагдсан орон сууцанд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон ч нэхэмжлэгч уг хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.10.08-ны өдрийн 297 дугаар тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2019.10.14-ний өдрийн №01/116 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 62,973,100 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2019.10.08-ны өдөр шинжээчид шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний талаар 2019.10.15-ны өдрийн 4/22212 дугаартай мэдэгдлийг Н.Э2019.11.04-ний өдөр танилцуулж, гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019.11.04-ний өдөр хүлээн авсан хэдий ч 2019.11.13-ны өдөр шүүхэд хандсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан гэж үзэхгүй.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00301 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 681 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА   

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ              

                                                                             Б.УНДРАХ 

                                                                             Д.ЦОЛМОН 

                                                                            Х.ЭРДЭНЭСУВД