Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/00301

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, ,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол 31 дүгээр байрны 16 тоотод оршин суух Олхонууд овогт Наранчулууны Энхтуяа /РД:ТЗ69052668/-гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 3 тоотод байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39 а байрны 1 тоот орон сууцны үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                                       

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энхтуяа нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дугаартай шийдвэрийн дагуу иргэн Г.Чулуунцэцэгт “Альяанс проперти групп” ХХК-ийн хамт 66,628,350 төгрөгийг гаргаж өгөхөөр болсон болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт зохигчид гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 2279 дугаар магадлал гаргасан бөгөөд түүнд “... 66,628,350 төгрөгийг “Альяанс проперти групп” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгт олгож, хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2019/00476 дугаар тогтоолоор хэвээр баталсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 66,628,350 төгрөгийг “Альяанс проперти групп” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгт олгож, хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан Иргэний хэргийн давж заалдах болон Хяналтын шатны шүүхүүдийн шийдвэрийг эс биелүүлж “Альяанс проперти групп” ХХК-аас хөрөнгө гаргуулах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй атлаа барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шууд шийдвэрлэж байгаа нь хуульд нийцсэнгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж зохицуулжээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүрэг гүйцэтгэгч “Альяанс проперти групп” ХХК, үүрэг гүйцэтгүүлэгч Г.Чулуунцэцэг, өмчлөгч Н.Энхтуяа нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцуулах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй атлаа шууд шинжээч томилох тухай 297 дугаар тогтоол гаргаж түүний дагуу хөрөнгийн үнэлгээг хийсэн нь хуулийг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-эстимэйт” ХХК нь миний орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хэт доогуур, бодит бусаар үнэлсэн байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дугаар шийдвэрээр “Алъяанс проперти групп” ХХК, Н.Энхтуяа нараас 66,628,350 төгрөг гаргуулж Г.Чулуунцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Алъяанс проперти групп” ХХК-ийн харилцах данснаас 16,000,000 төгрөг хасалт хийж төлбөр авагчид олгож, төлбөр төлөгч Н.Энхтуяагийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024338 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39 а байрны 1 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал асуухад төлбөр төлөгч Н.Энхтуяа үнийн санал ирүүлээгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд 62,973,100 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/22212 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/26392 дугаар мэдэгдлээр тус тус мэдэгдэж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39А байрны 1 тоот орон сууцны үнэлэгдсэн үнэ 62,973,100 төгрөгийн 70 хувь 44,081,170 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2279 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2019/00476 дугаар тогтоолоор “Алъяанс проперти групп” ХХК-аас 66,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгт олгож, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39 а байрны 1 тоот орон сууц болох барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ГХ2019/00465 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39 а байрны 1 тоот орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19250701/02 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 19250701/03 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд үнийн санал өгөөгүйн улмаас харилцан тохиролцоогүй байна.

 

Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 297 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилсон, шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК нь дээрх орон сууцны зах зээлийн үнийг 62,973,100 төгрөг болохыг тогтоосон байна.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хх 68-69/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн орон сууц ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тайланг өмчлөгч Н.Энхтуяад 2019 оны 11 дүгээр сарын 04-ний танилцуулсан /хх 77/ байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан /хх 31/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39 а байрны 1 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Энхтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.