Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 638

 

 

 

 

 

 

 

2019         6             27                                              2019/ДШМ/638

 

Ц.Дд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Н.Сунаравын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Сунаравын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Дд холбогдох 1903000550103 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Урианхан овгийн Цийн Д, 1999 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Ц.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн урд замд “...” ХХК-ий эзэмшлийн “Тоёота Приус” загварын ... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Н.Сунаравыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Урианхан овогт Цийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйдлсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Ц.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц.Дын жолоочийн 1249816 дугаартай түр үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Ц.Д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Сунараваас өмгөөлөгч Ж.Энх-Амгаланд төлсөн 800.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Сунарав нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Сунарав давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ц.Д нь 261.044 төгрөг надад төлсөн гэсэн хэдий ч баримтгүй. 1.548.000 төгрөг байсан. Гэрээс эмнэлэг орсон бензин, унааны зардал 224.500 төгрөг, 10 хоногийн сахиуртай байсан зардал 300.000 төгрөг, эм эмчилгээний 132.108 төгрөг төлөөгүй байхад “төлсөн” гэж хохиролтой холбоотой бичмэл нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар үнэлээгүй. Хохирогч миний биед учирсан хүнд хохирол, хор уршиг арилаагүй байхад Ц.Дд тэнсэх ял өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.Дыг явган хүний гарцан дээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулж болох аргаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг санаатай зөрчсөн гэж үзэж байна. миний бие одоогийн байдлаар муу, сонсгол муудсан. Бусдын яриаг ойлгох чадваргүй байгаа тул давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Н.Сунаравын гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирогч Н.Сунарав нь хохирол төлбөртэй холбоотой болон ял хөнгөдсөн гэх хоёр үндэслэлээр гомдлоо гаргасан. Хохирогч нь хүнд гэмтэл авсан бөгөөд тухайн гэмтлээс болж хоёр чих нь дүлийрсэн. Цаашид хор хохирол үүсэж болох байтал шүүгдэгчийг тэнсүүлсэн нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйл болон 36.7 дугаар зүйл заалтууд тус тус зөрчигдсөн гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил хорих ялаар ялын санал бичиж, прокурор оролцсон. Шүүх шүүгдэгчийн хохирлоо барагдуулсан байдал, баримттай хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулалгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн урд замд “...” ХХК-ий эзэмшлийн “Тоёота Приус” загварын ... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Н.Сунаравыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Сунаравын “...явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч яваад замын 2 дугаар эгнээнд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан 8434 УБУ улсын дугаартай “Тоёота Приус маркийн автомашинд мөргүүлээд газар унаад босож ирсэн. Машинд мөргүүлээд унахдаа толгойнхоо зүүн хэсгээрээ цемент мөргөж унаад толгойдоо хагалгаа хийлгээд гарч ирсэн байгаа. Намайг мөргөсөн автомашины жолооч ганцаараа явж байсан. Харагдах орчин чөлөөтэй, зам халтиргаа, гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн их. удааширсан, цаг агаар таатай байсан. ...” гэх /хх-16/,

иргэний хариуцагч Б.Алтанцэцэгийн “...Осол болох үед манай төрсөн хүүхэд Ц.Дын унаж явсан 8434 УБУ улсын дугаартай Т.Приус маркийн автомашин миний нэр дээр байдаг юм. ... Харин нөгөө гэмтсэн хүний төлбөрийг чадлынхаа хэрээр төлж барагдуулж байгаа. Одоогоор эмчилгээнд нь нийт 2.610.744 төгрөг зарцуулаад байгаа. Баримтаар гарсан мөнгийг нь төлж барагдуулах болно. Энэ машиныг төрсөн хүү Ц.Дын хамтаар унаж хэрэглэдэг юм. ...” гэх /хх-22/,

шүүгдэгч Ц.Дын “...8434 УБУ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлтэй замын 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай ганцаараа явж байгаад явган хүний гарц нэвтрэх үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хүнийг тулж хараад л тоормос гишгээд амжаагүй. Тээврийн хэрэгслийнхээ баруун урд гупер хэсгээр мөргөөд унагаасан юм. Тэгээд машинаасаа буугаад иртэл нөгөө мөргүүлсэн ах газарт унаад босоод ирчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь та яаж байна, бие чинь зүгээр үү гэж асуугаад өөрийнхөө 88840209 утсаар эмнэлэг, цагдаа дуудсан юм. Би энэ хүний эмчилгээнд одоогийн байдлаар 2.610.744 төгрөг зарцуулаад байна. Ямар ч байсан баримтаар гарсан мөнгийг төлж барагдуулах болно. Явган хүний гарц дээр хүн мөргөсөн нь миний буруу. Ийм асуудал гаргасандаа их харамсаж байна.” гэх /хх-63-64/ мэдүүлгүүд,

мөрдөгчийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн “Жолооч Ц.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч Н.Сунарав нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэх 67 дугаартай магадлагаа /хх-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “1. Н.Сунаравын биед зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, зүүн чамархай ясанд цооног гаргаж цусан хурааг авсан мэс ажилбар /2019.01.10/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх 1873 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-41/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны 00141 дугаартай өвчний түүх /хх-42-53/, Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлага лавлагааны хуудас /хх-86-88/ / зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Дыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Н.Сунарав нь “...Анхан шатны шүүх Ц.Дыг тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй, хөнгөдсөн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийн баримтуудыг шинжлэн судлахад:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж зааснаар анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг шүүгдэгчид хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүгдэгч Ц.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоос 2.610.000 төгрөгийг сайн дураараа төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг зөв тогтоож дүгнэлт хийсэн байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Сунаравын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Сунаравын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ