Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0230

 

 

 

 

 

 

 

 

 

         

С.Б-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Б д Т х итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, С.Т

 

Нэхэмжлэгч: С.Б /РД:/

Хариуцагч: Убег Эхбг

Хариуцагч: Бд Т х

Гуравдагч этгээд: М У И с

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн 14,449,766 төгрөгийн албан татварын нэхэмжлэхийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Улаанбаатар Их сургуулийн барилгыг иргэний өмчлөлд бүртгэсэн Ү-2204011690 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0090 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагч УбегЭхбг итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Хариуцагч Бд Т хитгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, С.Т

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/1007/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газар, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн 14,449,766 төгрөгийн албан татварын нэхэмжлэхийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Улаанбаатар Их сургуулийн барилгыг иргэний өмчлөлд бүртгэсэн Ү-2204011690 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0090 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 2, 7 дугаар зүйлийн 1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.3, 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан С.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн өргөтгөлийн барилгыг Б.Ч, С.Б нарын өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011690 дугаартай 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэл, 2004 онд олгогдсон 000095941 дугаартай гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн төрийн өмчийн барилгад үл хөдлөх эд хөрөнгийн 2018-2023 оны татварт иргэн С.Бд үүсгэсэн 14,469,758 төгрөгийн ногдлыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, С.Т нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь албан татвар төлөгч байна” гэж хуульчилсан. С.Б нь 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ү-2204011690 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч бүртгүүлсэн байх тул татвар төлөх үүрэг үүссэн.

3.2. Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ”, 13.3-д “Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ”, 13.8-д “Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй”, 18 дугаар зүйл 18.1.9-д “татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргийг биелүүлээгүй” гэж заасан.

3.3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд Нийцлийн аудитын газрын хийсэн шалгалтаар 2021 оны тайлангаар 2018-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлт Татварын ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сан, тэдгээрт байгаа татвар төлөгч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эд хөрөнгөтэй холбоотой татварын албанд бүртгэгдээгүй татвар төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэн ажиллах судалгааг ирүүлсэнд үндэслэн С.Б-ны нэр дээр Ү-2204011690 дугаартай 1431 м.кв талбайтай сургалтын зориулалттай, 301.453.308 төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөнд 14.469.758,77 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн татварын ногдлыг 2018-2023 оны хооронд буюу татварын нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацаанд үндэслэн нөхөн ногдуулсан.

Улсын бүртгэлийн асуудал хариуцсан байгууллага нь татвар төлөгчийн ирүүлсэн хүсэлт, нотлох баримтыг үндэслэн хууль тогтоомжид нийцсэн байна гэж үзсэнийг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан байна. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа нь иргэн Б.Ч-ийн гаргасан “гэрчилгээ гээгдүүлсэн гэх мэдүүлэг”-ээр 2004 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн дахин гэрчилгээ гаргаснаар нотлогдож байна.

3.4. Шүүхийн шийдвэрээр татвар төлөгчийн 14.469.758,77 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдлыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татвар төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно” гэх заалтад үл нийцэж байна. Татвар төлөгч нь тухайн татвар ногдох эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болсноор татварын ногдол үүсэхгүй бөгөөд нэгэнт өмчлөх эрх үүссэн байх үеийн татварын ногдлоос чөлөөлөгдөх боломжгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/0090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан тайлбарыг, харин хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч С.Б-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газар, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн 14,449,766 төгрөгийн албан татварын нэхэмжлэхийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Улаанбаатар Их сургуулийн барилгыг иргэний өмчлөлд бүртгэсэн Ү-2204011690 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “Улаанбаатар их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хувийн орон сууц болон сургуулийн өргөтгөлийн барилгыг барьцаалж банкнаас зээл авч өргөтгөлийг барьж дуусгасан, ашиглалтад орсон цагаасаа төрийн өмчид бүртгэгдсэн, миний нэр дээр Б.Ч -т ийн хамт дуусаагүй барилгын гэрчилгээ гарсныг мэдээгүй” гэж тодорхойлсон.

3. Харин хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1, 4.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж, дуусаагүй барилгын гэрчилгээ авсан тул татвар төлөгч мөн, татвар ногдох эд хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй учраас татвар төлөх ёстой, 2021 онд аудитын хяналт шалгалтын тайлангаар зөрчил илэрсэн, Татварын ерөнхий хуулийн дагуу 4 жилээр нөхөн ногдуулалт хийсэн” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газраас “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул бүртгэлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, энэ хугацаанд дуусаагүй барилгын бүртгэлийн асуудлаар маргаан гараагүй” хэмээн тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

4. Анхан шатны шүүх, ... уг өргөтгөлийн барилга нь 2003 оны жилийн эцсийн тооллогоор Улаанбаатар их сургуулийн үндсэн хөрөнгийн барилга байгууламжийн бүртгэлд 328,950 төгрөгөөр бүртгэгдэж, 2018 оны төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээгээр 1,918,982,847 төгрөгөөр бүртгэгдсэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг иргэний өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус ба төрийн өмчийн Улаанбаатар их сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөнө, сургуулийн өргөтгөлийн дутуу гүйцэтгэлтэй барилгыг хувийн хөрөнгө оруулалтаар гүйцээн бариулахыг зөвшөөрсөн Удирдах зөвлөлийн шийдвэрийг төрийн өмчөөс эд хөрөнгө хасах, хувийн өмчлөлд шилжүүлэх үр дагавар үүсгэнэ гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:” гээд 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;”, 4.1.4-т “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:” гээд 7.1.1-д “улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгө;”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.3-д “төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэж заасан.

Эдгээр хуулийн зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд хувь хүн, хуулийн этгээдийн өмчлөлд давхардуулан бүртгэхгүй; мөн төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэхгүй бөгөөд албан татвараас чөлөөлөгдөх эрх зүйн үр дагаврыг илэрхийлнэ.

6. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;

6.1. Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийн 2002 оны 5 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2001 оны 345 дугаар захирамжаар тус сургуульд эзэмшүүлсэн газар дээр барьж буй сургуулийн өргөтгөлийн барилгыг Удирдах зөвлөлийн дарга Б.Ч, захирал С.Б нарын хөрөнгөөр барьж дуусгахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан захирал С.Б нь арилжааны банкнаас зээл авч, 2003 онд өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулсан.

Ингэхдээ С.Б-ны өмчлөлийн 1 өрөө орон сууцыг, 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011690 дугаарт, сургалтын зориулалттай 4 давхар дуусаагүй барилга гэж бүртгүүлсэн Улаанбаатар их сургуулийн өртгөлийн барилгын хамт барьцаалсан.

6.2. Улаанбаатар их сургууль нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд 2022 оноос Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнд нэгдсэн болох нь Боловсрол, соёл, шинжлэн ухааны яамнаас 2002 онд олгосон 960058 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын тусгай зөвшөөрөл, сургуулийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоол, Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар тогтоол зэргээр тогтоогдоно.

6.3. Улаанбаатар их сургуулийн өргөтгөлийн барилга нь 2003, 2008 онд төрийн өмчийн тооллогод бүртгэгдэж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд 2018 онд дахин үнэлгээ хийхэд 1,918,892,847.00 төгрөгөөр үнэлэгдсэн, төсөвт байгууллагын санхүүгийн тайланд уг үнээр “Үндсэн хөрөнгө, барилга байгууламж” гэж бүртгэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс С.Бд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдол тодорхойлсон 2018-2023 оны хугацаанд ч Улаанбаатар их сургуулийн өргөтгөлийн барилга нь төрийн өмчид бүртгэлтэй байжээ.

6.4. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 онд олгосон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар, 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011690 дугаарт бүртгэж, 000095941 гэрчилгээ олгосон дуусаагүй барилга нь С.Б-ны өмчлөлд бүртгэлтэй төлөв хэвээр байх бөгөөд энэ хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлсэн, эсхүл эрхийн улсын бүртгэлийг хаасан тухай бүртгэл хийгдээгүй, өв залгамжлалийн асуудлаар талаар маргаан үүсээгүй.  

6.5. Харин С.Б-ны өмчлөлд /давхар/ бүртгэлтэй, төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн өргөтгөлийн барилга 2003 онд ашиглалтад орж, одоо Монгол Улсын их сургуулийн харьяа Улаанбаатар их сургууль сургалтын үйл ажиллагаа байгаа зэрэг үйл баримттай хэргийн оролцогчдын хувьд маргаагүй болно.

7. Энэ хэсгийн 5-д заасан хуулийн зохицуулалтыг хэргийн үйл баримттай уялдуулан авч үзэхэд С.Бд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үндэслэл болсон “дуусаагүй барилга” гэж эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011690 дугаарт бүртгэгдсэн барилга нь түүнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан хугацааны туршид төрийн өмчид бүртгэлтэй байгаа болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөх үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

8. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.4.3, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.14, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус заасантай хамтатгахын зэрэгцээ,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д заасан баригдаж дуусаагүй барилгыг бүртгэх зарчим, бүрдүүлэх баримтын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс ялгамжтай агуулгаар зохицуулсан зэргээс үзэхэд, татварын холбогдох хууль тогтоомжийн зорилго нь бүрэн ашиглалтад орсон эд хөрөнгөд л уг татварыг ногдуулах агуулгатай гэж тайлбарлахаар байх тул дуусаагүй барилгад татварын ногдол оногдуулсан нь үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэгэнт өмчлөх эрх үүссэн байх үеийн татварын ногдлоос чөлөөлөгдөхгүй, дуусаагүй барилга дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан бол татвар ногдуулах чиглэлийг Татварын ерөнхий газраас өгсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Мөн Улаанбаатар их сургуулийн захирлын 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/253 дугаар албан бичгээр гаргасан “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах” хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн байгууллагаас 2002 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “... өргөтгөлийн барилгын өмчлөгчийг нотлох баримтыг хянах” гэх зэргээр мэдүүлгийг хянан шалгах үйл ажиллагаа явуулж байсан атлаа Б.Чадраа, С.Б нарын гаргасан 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлтээс өмнө буюу 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэл хийж, Улаанбаатар их сургуулийн өргөтгөлийн 301,453,308 төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилгыг тэдний өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн 22040011690 дугаарт бүртгэж, 0063288 дугаартай гэрчилгээ олгосон нь бүртгэл нотлох баримтад үндэслэж, үнэн зөв хийгдэх зарчимд нийцээгүй гэж үзэх тул маргаан бүхий улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.

Анхан шатны шүүх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011690 дугаартай 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлээс гадна 2004 он 1 дүгээр сарын 08-ны өдрийн 000095941 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар гаргасан шийдвэр гэдэгт үл хамаана.

10. Дээр дурдсанчлан 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийг хуульд нийцээгүй, энэ нь төрийн өмчид бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө  байхад өмчлөх эрхийн улсын бүртгэлд давхардуулж бүртгэхгүй гэх үндэслэлээр Ү-2204011690 дугаартай эрхийн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоосон, хамтран өмчлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдийн зүгээс өмчлөл, өв залгамжлалын асуудлаар маргаагүй, харин эсрэгээрээ “төрийн өмчид бүртгэлтэй хөрөнгийг иргэдийн өмчлөлд бүртгэсэн нь үндэслэлгүй” гэж Монгол Улсын их сургуулиас тайлбарлаж байх тул хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд татах, түүний эрх залгамжлагчийг тогтоох ажиллагаа явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй гэж үзэв.

11. Харин анхан шатны шүүх, нэхэмжлэгчээс 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр олгосон “... харьяа дүүрэг, нийслэлийн болон Татварын ерөнхий газарт санал хүсэлт, гомдол гаргах, маргаан таслах зөвлөлийн хуралд оролцох, давж заалдах үйлдэл хийх” агуулгатай итгэмжлэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ыг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасантай нийцсэнгүй.

Гэвч С.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрөө гарын үсэг зурсан, уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаар түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх хангагдсан байх тул Ц.О-т олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхгүй ба хариуцагч нарын зүгээс энэ талаар гомдол гаргаж маргаагүй болохыг тэмдэглэв.

12. Түүнчлэн нэхэмжлэгчээс “үл хөдлөх эд хөрөнгийн 14,449,766 төгрөгийн албан татварын нэхэмжлэхийг хүчингүй болгуулах” шаардлагыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулж гаргасан ч хариуцагчаас 12,440,000 төгрөгийн дүн бүхий 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн DNPM22033000000364683 дугаартай нэхэмжлэх ирүүлж, “2021-2023 онд хамаарах нэхэмжлэхийг сүүлд шүүхэд гаргаж өгсөн” гэж тайлбарлах боловч хэргийн оролцогчид ногдуулсан татварын хэмжээний талаар маргаагүй буюу нэгэнт энэ хэсгийн 5, 7, 8-д заасан үндэслэлээр С.Б-д ногдуулсан 2018-2023 оны татварын ногдлыг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нөхцөлд 2021-2023 онд хамаарах нэхэмжлэхийг хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой зөрчил биш гэж дүгнэв.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0090 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, С.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ШҮҮГЧ                                                                    О.ОЮУНГЭРЭЛ

 

 

              ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

              ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ