Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 74

 

                         Иргэн С.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

                   захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 540 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0796 дугаар магадлалтай, иргэн С.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 540 дүгээр шийдвэрээр 1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Оюунчимэгийг “12, 25 дугаар хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 07 дугаар  сарын 25-ны шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг суутган тооцож, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0796 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6...” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “1. С.Оюунчимэг хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан атал шүүх нэхэмжлэлийг хүлээн  авч шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байгаа тул өмнөх шатны шийдвэрийг үндэслэлтэй эсэхэд томоохон эргэлзээ төрж байна. Мөн энэ хэрэг өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандаж шийдвэрлүүлэх ёстой атал өөр албан тушаалтанд буюу Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандаж шийдвэрлүүлэн үүнд үндэслэн шүүхэд хандан шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна. 2. С.Оюунчимэгт 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сануулах арга хэмжээ авч дараагийн зөрчил гарсан болон албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлэн өмнө нь “сануулах” сахилгын шийтгэлтэй байсан гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн атал давж заалдах шатны шүүх энэ бүхнийг харгалзан үзэлгүй хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүгнэж нотлох баримтыг зөв үнэлэлгүй шийдвэрээ гаргасан байна. Мөн өвчний акт хуурамч болох тухай, нэхэмжлэгч зөрчил гаргасан тухай гэрчийн мэдүүлгүүд байгаа атал мөн л тэдгээрийг үнэлээгүй байна. 3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч зөрчил гаргасан, тэр нь нийтэд илэрхий байлаа ч зохих журмын дагуу тогтоогоогүй гэжээ. Гэтэл өмнө зөрчил гаргаж сануулах арга хэмжээ авагдсан, дараагийн зөрчилтэй холбоотойгоор ажлаас халсан болно. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                      ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/92 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, Төрийн албан хаагчийн Ёс зүйн дүрмийн 5.4.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1.б-д заасныг үндэслэн тус дүүргийн 12, 25 дугаар хорооны Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Оюунчимэгийг “удаа дараа сахилгын зөрчил гаргаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Дээрх тушаалын үндэслэлээ хариуцагч “С.Оюунчимэг ажлын цаг ашиглалт муу, ажил тасалж,  ажлын байранд байдаггүй болохыг 12 дугаар Хорооны Засаг дарга тодорхойлсон, иргэн н.Улаанхадаас төсөл дэмжих нэрээр мөнгө авсан нь тогтоогдсон” гэж, нэхэмжлэгч “төсөл хэрэгжүүлэх ажил хариуцдаггүй тул н.Улаанхадаас мөнгө авах ямар ч үндэслэл, боломж байхгүй, мөн би 1, 3 өдрүүдэд 12 дугаар хороонд, 4, 5 өдрүүдэд 25 дугаар хороон дээр ажиллаж, бусад үед хөдөлмөрийн хэлтэс дээрээ ажилладаг” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн Л.Улаанхад 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр  “...“Амтлаг” нэртэй төслийг дэмжих нэрээр С.Оюунчимэгт зохих хэмжээний мөнгө өгсөн тул буцаан олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст гаргасныг тус хэлтсийн Ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 29-ний Хуралдаанаар хэлэлцээд “С.Оюунчимэг мөнгө авсан эсэхийг холбогдох байгууллагад шалгуулах”-аар шийдвэрлэжээ.

Үүний дагуу асуудлыг шалган тогтоолгохоор эрх  бүхий байгууллагад шилжүүлээгүй, түүний мөнгө авсан эсэхийг тогтоосон шийдвэр байхгүй байхад  Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б/92 дугаар тушаал гарган, “мөнгө авсан нь тогтоогдсон” хэмээн С.Оюунчимэгийг ажлаас чөлөөлж, нэхэмжлэгчийн  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна.

Мөн “ажлын цаг ашиглалт муу гэж 12 дугаар хорооны Засаг даргаас гомдол гаргасан” гэсэн хариуцагчийн тайлбартай холбогдуулан хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 2015 оны 07 дугаар сарын 23-аас 26-ны өдрүүдэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах зорилгоор харьяа хороодын үйл ажиллагаатай танилцах явцад тухайн зөрчлийг илрүүлсэн байх бөгөөд сахилгын зөрчлийг ирүүлснээс хойш 2 сарын дараа буюу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан байна.          

Хариуцагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан сахилгын зөрчлийг шалган тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах журмыг буруу хэрэгжүүлсэн байх тул шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, С.Оюунчимэгийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хэргийн материалтай танилцах эрх, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн” гэсэн гомдлыг давж заалдах журмаар гаргаж, давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тухайн үйл баримтыг хяналтын шатны шүүх дахин үнэлэх шаардлагагүй.

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0796 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН