Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 112/2024/0002/З |
Дугаар | 221/МА2024/0249 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0249
“У у” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Аюурзана
Гомдол гаргагч: “У у” ХХК
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0009 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн өмгөөлөгч О.А, хариуцагч Н.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 112/2024/0002/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “У у” ХХК-иас Говь-Алтай аймгийн татварын улсын байцаагч Н.Д-д холбогдуулан “Говь-Алтай аймгийн Татварын хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0009 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг баримтлан “У у” ХХК-иас Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Дд холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0065718 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.А-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...
3.1. Анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж: 1.1 тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортлосон, эсхүл худалдсан, эсхүл худалдан борлуулсан; гэж заасан байна. Энэхүү 11.24 дүгээр зүйл нь "Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих" гэсэн гарчигтай байх тул энэ нь тус хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон зохицуулалт гэж үзнэ.
3.2. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь "төгссөн буюу үйлдэгдсэн" байхаар хуульчлагдсан, тиймээс худалдах борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан, эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар маргасан өмгөөлөгчийн тайлбарт анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг ийм байдлаар тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцэхгүй гэж дүгнэж худалдсан гэх зөрчлийг нотлох баримтаар тогтоож чадаагүй эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэн, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
3.3. Учир нь 2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйл. Хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавигдах нийтлэг шаардлага 30.1.3. үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих; гээд тодорхой заачихсан байхад хэт явцуу ойлголт учраас хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцэхгүй гэж хуульд тавигдах хоёрдмол утгагүй, тодорхой, ойлгоход хялбар байх зарчмыг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн тэмдэггүй согтууруулах ундааг лангуунд байршуулах нь худалдсан үйлдэлд хамаарч байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
3.4. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гээд тодорхой заачихсан байхад лангуунд байршуулах нь худалдсан, борлуулсан зөрчилд хамаарна гэж хоёрдмол утга гаргаж хуулийг буруу тайлбарлан зөрчлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоож чадаагүй эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч “У у” ХХК нь тухайн тэмдэггүй архи согтууруулах ундааг лангуунд байршуулсан талаар маргадаггүй бөгөөд цагдаагийн байгууллагад анхны мэдүүлэг өгөхдөө 2023 оны 11-12 дугаар сард хүргэн С.Б нь Япон улсад зорчоод ирэхдээ татваргүй барааны дэлгүүрээс 8 шил вискиг авчирч өгөөд шинэ оноор гэр бүлдээ 1ш хэрэглэж, хүүдээ 1ш-ийг өгөөд үлдсэн 6ш нь байсныг нь тодорхой мэдүүлж, тухайн барааны гарал үүслийг нотлох С. Баатарцогт нь япон зорчсон гадаад паспорт, визны баримтыг гаргаж өгсөн байдаг.
3.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ", 2-т "Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ", 4.15 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ", 7.1 дүгээр зүйлийн 1.1-д "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх" гэж тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн шинжийг хангасан гэдгийг нотлох баримтаар бүрэн тогтоосны эцэст шийтгэл оногдуулах үүрэгтэй байтал хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй шийтгэлийг анхан шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.6. Татварын улсын байцаагчийн хувьд тухайн зөрчлийн хэрэгт холбогдогчоос нэг удаа мэдүүлэг авч шийтгэлийн хуудсаа бичихээс өөр шалган шийдвэрлэх, зөрчлийг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй. Тухайн зөрчлийн хэрэгт 6ш вискиг эрх бүхий албан тушаалтнаас хурааж авсан тэмдэглэлээс өөр худалдсан, борлуулсан зөрчлийг нотолж, тогтоосон баримт байхгүй, тэмдэггүй гэх вискиг хаанаас, хэзээ ямар хэмжээтэй авсан бэлтгэсэн, худалдан борлуулсан талаарх анхан шатны баримтыг бүрдүүлээгүй, хэдэн ширхэг байгаад хэдийг нь хэдэн төгрөгөөр худалдсан, зарж борлуулсан зэрэг үйлдлийг нотолсон нотлох баримт байхгүй, бэлэн болон бэлэн бусаар олсон орлого, дансны хуулга, худалдсан барааны баримтаар зөрчлийг тогтоогоогүй, нотлогдохгүй байхад хуулийг буруу тайлбарлаж шийтгэвэр оногдуулж, “У у” ХХК-ийг 10000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгосон.
3.7. Анхан шатны шүүхээс цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас Эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай тэмдэглэл үйлдэж бш виски, холбогдогчийн бичиг баримт, Хаан банкны 2 дансны хуулга хураан авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.5, 4.13 дугаар зүйлд заасныг баримтлан ажиллагаа хийсэн боловч тухайн ажиллагааг хийхдээ Прокурорын зөвшөөрөл аваагүй байгаа процессын алдаанд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.
3.8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна", 4.5 дугаар зүйлийн 2-д "Эд зүйл, баримт бичиг хураан авах бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтална" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1-д "Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна" гэж гэж тус тус заасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйл баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэлийг хэсгийн байцаагч ц/д Г.Очирсүрэн үйлдсэн байх ба Прокуророос зөвшөөрөл авч хураасан талаар баримтгүй, энэ талаар тэмдэглэлд тусгаагүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан байхад анхан шатны шүүхээс эрх бүхий албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг хуульд нийцсэн, зөрчлийг тогтоосон гэж үзэж шийдвэрлэж байгаа нь алдаатай байна.
3.9. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ... эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гээд үйлдлийг төгссөн агуулгаар хуульчилсан байхад хариуцагч, болон анхан шатны шүүхээс онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахаар лангуун дээр байрлуулсан байгаа нь зөрчлийн шинжтэй үйлдэлд хамаарна гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Худалдсан, борлуулсан гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдах, үнэ авч арилжин өгөх, орлого олох, хөрөнгийн эзэмшил, өмчлөл шилжсэн байх ойлголт бөгөөд худалдсан борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор байхад лангуунд байрлуулсан байдлыг зөрчилд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.
3.10. Энэ талаар тухайн үйлдэл нь төгссөн шинжгүй, худалдсан, борлуулсан үйлдлийг нотлох баримтаар бүрэн нотолж тогтоогоогүй учир худалдан борлуулахаар завдсан үйлдэлд нь шийтгэд оногдуулсан гэж маргасан боловч анхан шатны шүүхээс хүлээж авч шийдвэрлэсэнгүй. Зөрчлийн тухай хуульд завдалт гэх ойлголт байхгүй бөгөөд зөрчил үйлдэгдэж төгссөн, агуулгатайгаар хуульчлагдсан байхад завдсан үйлдэл шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэр хэмжээнд тохирсон байхаар хуульчилсан.
3.11. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гээд заачихсан. Лангуунд байршуулсан үйлдлийг худалдсан үйлдэл гэж төсөөтэй байдлаар хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, бүрэн дүүрэн нотлох баримтгүйгээр шийтгэл оногдуулсан тул нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 112/2024/0009 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:
2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “У у” ХХК-ийн Солонго хүнсний дэлгүүр нь “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.2. Анхан шатны шүүхээс “...тухайн 6 шил вискиг худалдахаар өөрийн дэлгүүрт тавьсан талаар маргадаггүй, ...согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл бүхий этгээд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдахыг хориглосон хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн, ...тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй ” гэх дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.3. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж; 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж “шударга ёсны” зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.
2.4. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тэмдэггүй согтууруулах ундаа, .... бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ...бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг “Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...тэмдэггүй согтууруулах ундаа, ...”-г бэлтгэн нийлүүлэх, ...худалдах, ...”-ыг тус тус хориглохоор заасан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь “төгссөн буюу үйлдэгдсэн” байхаар хуульчлагдсан, тиймээс худалдах, борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...худалдсан, борлуулсан гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдах, үнэ авч арилжин өгөх, орлого олох, хөрөнгийн эзэмшил, өмчлөл шилжсэн байх ойлголт бөгөөд худалдсан борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор байхад лангуунд байрлуулсан байдлыг зөрчилд тооцож байгаа нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.
2.6. Зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-т зааснаар согтууруулах ундаа худалдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зааснаар тус аймгийн Засаг даргаас “У у” ХХК-ний “Солонго” нэртэй хүнсний дэлгүүрт спиртын өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдах тусгай зөвшөөрлийг 2022 онд 2 жилийн хугацаатайгаар олгосон боловч энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь Онцгой албан татварын тухай хууль болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн байх тул хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний хариуцлага тооцсон нь хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
2.7. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд “...танд зарж байгаа виски байна уу гэж асуухаар нь хэдэн шил виски байна гэсэн, ...зөрчлөө хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...хоёрыг авъя гэхээр нь тэг тэг үнэ нь 60.000 төгрөг гэж хэлээд зогсож байхад гаднаас цагдаа орж ирээд акцгүй архи зарж байна гэсэн” гэх тайлбар зэргээс үзэхэд гомдол гаргагч нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа энэ тохиолдолд хариуцагчийг “зөрчлийг тогтоогоогүй, ...нотлогдохгүй байхад хуулийг буруу тайлбарлаж шийтгэл оногдуулсан” гэж буруутгах үндэслэлгүй.
2.8. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН