Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/01079

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо,******* 11 дүгээр гудамжны 210 тоотод оршин суух, эмэгтэй, Их ******* овогт Ю.М /РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ******* *******, 13 дугаар байрны 117 тоотод оршин суух,  эрэгтэй, ******* овогт П.О /РД УП*******/-д холбогдох,

            Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 6 270 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* /ҮД *******/, хариуцагч П.О, хариуцагчийн өмгөөлөгч Б., гэрч Г. /РД /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.                                                 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчтай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “ ” барилгын архитектурын зураг, гадна экстерьер, дотор интерерийн зургийг нормын дагуу хийж гүйцэтгүүлэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний төлбөрт 1 200 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 1 200 000 төгрөг, мөн оны 2 дугаар сарын 03-ны өдөр 1 200 000 төгрөг нийт 3 600 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл хариуцагч гэрээгээр тохирсон хугацаа буюу гэрээний 3.1-дэх хэсэгт заасан хугацааг зөрчиж өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Би барилгын зураг зурагдаж байх явцад 2 удаа очиж үзэн засвар хийх шаардлагатай зүйлсийг хэлсэн боловч тавьсан шаардлага биелүүлээгүй, зургийг хангалтгүй зурж байсан. Хариуцагч нь байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж төлөвлөсөн ажлыг цаг хугацаа алдаж, хөрөнгө мөнгөний  хувьд намайг хохироож байх тул ажил гүйцэтгэх гэрээний 5.1.2 дахь заалтад зааснаар гэрээг цуцлах хүсэлтэй байна. Мөн гэрээгээр тохиролцсоноор миний бие гэрээний үнэд нийт 3 600 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хугацаа буюу 45  хоногийн дотор ажлыг хийж гүйцэтгээгүй тул гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх гэрээний гүйцэтгээгүй үүргийн алданги /374х7200/ болох 2 692 800 төгрөгийг гаргуулах. Мөн Худалдаа хөгжлийн банкнаас зураг төслийн ажлыг хариуцагчаар хийлгэхээр цалингийн зээл 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сарын 1.8 хувийн хүүтэй авсан бөгөөд гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх цалингийн зээлийн нийт хүү 870 480 төгрөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Эм Ай Ти” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлах, гэрээ цуцалснаас болон гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс үүссэн үр дагавар болох нийт 7 344 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Би шүүхэд гаргасан шаардлагаасаа 1 073 520 төгрөгөөр багасгаж, хариуцагч П.Оээс 6 270 480 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ю.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад  2016 онд “ ”-ийн барилгын зураг хэрэгтэй болоод Ж.гаас барилгын зураг хийх хүн байна уу гэхэд П.Отэй уулзуулсан. П.Оээс ийм зураг зурж чадах уу гэхэд чадна гээд бид 4 000 000 төгрөгөөр 45 хоногийн хугацаанд хийхээр тохироод урьдчилгаа 1 200 000 төгрөгийг 2016 оны 11 дугаар сарын 21-ний өдөр дансаар  шилжүүлж, зураг зурж байх явцад нь 2-3 удаа очиж үзэж, зургийн талаар санаагаа хэлж байсан. Гэрээ байгуулахдаа Ж. эгчээс асуухад стандарт гэрээ гэж загвар явуулахаар нь тэр гэрээгээр нь байгуулсан. Тухайн үед барилга барих газраа сонгоогүй байсан. Анх ажлынх нь өрөөний самбар дээр иймэрхүү байна гээд зургийн талаар хэлж, зурж өгч байсан. Дараа нь П.Од 2017 оны 1 дүгээр сард 1 200 000 төгрөг, 2 дугаар сарын 03-ны өдөр 1 200 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг өгсөн. П.О 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт зургийг авчирч өгсөн нь үнэн. Гэрээний хугацаа буюу 45 хоногт П.О ажлыг хийж гүйцэтгээгүй учир 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Ж., А. нарын хамт ажил дээр нь очиж үзэхэд ажил нь шаардлага хангахгүй байсан тул нэмэлт 5 хоногийн хугацаа олгосон. Үүнээс хойш П.Отэй холбогдож ажлаа нэхсэн боловч хийгээгүй, утас нь холбогдохгүй байсан тул шүүхэд хандахад хаяг нь тодорхойгүй гэсэн учир эрэн сурвалжлуулаад Цагдаагийн байгууллагаар хаягийг тодруулж дахин шүүхэд хандсан. Иймд П.О нь ажлаа хугацаанд нь хийгээгүй, хугацааг хэтрүүлсэн тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 3 600 000 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар алданги 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож, 1 800 000 төгрөг, цалингийн зээл авч П.Од өгсөн учир зээлийн гэрээний төлбөрт төлсөн 13  сарын хүү 870 480 төгрөг нийт 6 270 480 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед би П.Од цалингийн зээл авч, хувиасаа санхүүжилт хийсэн гэдгээ хэлсэн. Одоо энэ зураг ямарч байсан надад хамаагүй. Би гадаадын компанитай холбоо тогтоогоод, тэд өөрсдөө зураг төслөө хийгээд надад явуулсан учир энэ зураг надад одоо хэрэггүй, тэр компаниас авсан зургаар төсөл нь бичигдэж байгаа гэжээ.

 

Хариуцагч П.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын эхээр Оюунчимэг эгч, өөрийн найз Ю.М гэдэг хүний хамт ирж “ ” нэртэй спортын байгууламж барих санаатай, санхүүжилт авах зорилгоор хүнд үзүүлж харуулах төсөл маягийн интерьер, экстерьерийн зураг хийлгэх гэсэн юм гээд биднээс ямар үнэтэй хийж өгөх вэ гэхээр нь бид “бид туршлагагүй болохоор нээх их үнэрхэхгүй, хэлсэн үнэнд чинь хийгээд өгье” гэсэн. Хэд хоногийн дараа Оюунчимэг эгч утсаар “4 сая төгрөгөөр хийлгэе” гэхээр бид “та үнэ жаахан өсгөөч, арай л бага байна” гэхэд Оюунчимэг эгч “боломжгүй байна” гэхээр нь бид “за яахав, анхны ажил юм байна, хийе” гээд зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан маргааш нь гэрээг нягталж гэрээнд алдаатай зарим зүйлс байсан. Үүнд 1.Архитектурын зураг  гэж оруулсан байсан. 2. Тамир бид хоёр “Эм Ай Ти” нэртэй компани байгуулах гэж байтал нэр нь давхцсан байсан тул гэрээнд компаний нэр алдаатай бичигдсэн байсан. Тэгээд Оюунчимэг, Мөнхчимэг эгч нар луу залгаж “гэрээнд алдаатай зүйлс байна, засах хэрэгтэй байна” гэхэд Ю.М эгч ирээгүй, харин Оюунчимэг эгч ирээд “Би гэрээ байгуулаагүй юм чинь Мөнхчимэг эгчтэйгээ уулзаад дахин шинэчилчихгүй юу” гэсэн. Тэгээд Ю.М эгч рүү залгаад “эдгээрийг засмаар байна” гэхэд тэрээр “нээх сүртэй юм биш шүү дээ, чи бид нарын дундын юм чинь хамаагүй. Бид нар мэдэж байгаа юм чинь”  гэсэн тул бид гэрээг тэр чигээр нь засвар хийлгэлгүй үлдээсэн. Гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа ажлын урьдчилгаа төлбөр 30 хувь болох 1 200 000 төгрөгийг миний ХААН банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөгийг бид авсан. Ю.М эгч ажлын явцад болон ажлын үе шаттай удаа дараа ирж танилцаж байсан. Мөн тэрээр “би Эрхий мэргэн ” ТББ-д давхар ажилладаг, наад зураг чинь манай ТББ-ын захиалга юм. Би тэр хүмүүсээс мөнгө авсан учир зургийг нь үзүүлмээр байна гэхээр нь бид ажил хийх явцдаа боловсруулсан зургаа 3 нь ч удаа бүрэн эхээр нь хэвлэж харуулж байсан. Ю.М эгч заримдаа ганцаараа, заримдаа “Эрхий мэргэн ” ТББ-ын хүмүүстэй ирдэг байсан. Тэр болгонд нь би тэдгээрийн хүмүүсийн сэтгэлд нь тааруулж чанартай хийхийн тулд ажил дээрээ хонон өнжин хийдэг, заримдаа зургийг нь мэйл-р явуулж байсан. Мөн Ю.М эгч утсаараа зургийг нь авч, мөн утсандаа авсан зургаа нөгөө хүмүүстээ үзүүлдэг байсан. Бид зургийг хийх явцдаа Чойж захиралтай “ ” ХХК-тай хамтарч ажиллаж байсан ба “ ” ХХК-ийн архитектурч ын заавраар зургийг зурж, захирал Чойж гэж хүнээр хянуулж, тамга даруулсан билээ. Ажлаа хүлээлгэж өгөхийн өмнөх өдөр Ю.М эгч ирээд зурагтай танилцаад зарим нэг зүйлс дээр өнгийг нь солих даалгавар өгөхөөр нь нь бид маргааш хэлсэн юмыг чинь засаад таньд аваачаад өгье, харин та 1 400 000 төгрөгөө өгөөрэй гээд маргааш нь зургийг нь аваачиж өгөөд 1 400 000 төгрөгөө авсан. Тэгээд зурганд нэмж засах юм байвал хэлээрэй, дахиад засвар хийхгүй болсны дараа үлдэгдэл 400 000 төгрөгөө авья гэсэн. Тэгтэл маргааш орой нь 22 цаг өнгөрч байхад ажиллаж байсан байранд Ю.М эгч хоёр хүний хамт ирээд нэг нь өөрийгөө инженер гэж танилцуулаад “зургийг дахин засахгүй бол болохгүй юм байна” гэсэн. Тэгэхээр нь би за засаад өгье гэхэд Ю.М эгч “үгүй, мөнгөө авна” гээд л дайраад эхэлсэн. Бид хоёр засаад өгье гэж зөндөө гуйсан ба түүнд “бид хоёрт таньд өгөх мөнгө байхгүй, Учир нь “ ” ХХК-аар хянуулж, мөн заавар зөвөлгөө авахын тулд 1 сая гаруй төгрөг төлсөн, мөн байрлаж байсан ажлын байрандаа интернэт үйлчилгээг удаан хугацаагаар тавиулсан. Бид ашиг гэхээсээ алдагдалтай ажилласан” гэж бид учир байдлаа хэлсэн боловч би 14 хоногийн дараа би утсаа алдаж, сэргээж авсан. Түүнээс хойш над руу нэг ч залгаагүй, бас Ю.М эгч бид хоёр фэйсбүүкийн найзууд ба өмнө нь мессенжерээр надтай харьцаж болох байсан. Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагаас над руу  яриад ирж уулз гэхээр нь очоод Ю.М эгчтэй уулзахад “би чамаас 3 600 000 төгрөг дээрээс нь цалингийн зээлийн хүүгээ авна. Ер нь чамаас өшөө ихийг авна. Чи надтай ирж уулзаж байгаа юм чинь дийлэхгүйгээ мэдээд ирж байгаа биз дээ” гэсэн. Тэгэхээр нь би шүүхээрээ явья даа гэсэн. Иймд Ю.Мийн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.М эгч бид хоёрын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд “архитектур”-ын зураг байхгүй гэж тохирсон боловч оруулсан байсан учир өөртэй нь утсаар ярьж засвар оруулья гэхэд “нээх сүртэй юм биш шүү дээ, чи бид нарын дундын юм чинь хамаагүй. Бид нар мэдэж байгаа юм чинь”  гэсэн тул бид гэрээг тэр чигээр нь засвар хийлгэлгүй үлдээсэн. Гэрээгээр архитектурын зураг зурах талаар тохиролцоогүй. Гэрээний 2.2.2-т зааснаар зургийг 100 хувь хийсний дараа төлбөрийг шилжүүлэхээр тохирсон бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зургийг бэлэн болгоод гэрт нь аваачиж өгч үлдэх 2 400 000 төгрөгөө авсан. Гэрээнд үлдэх 400 000 төгрөгийг зурагт засвар хийх шаардлагагүй болсон үед олгоно гэж заасан учир зургаа өгөхдөө би засвар оруулах бол хэлээрэй, би засч өгнө гэж хэлсэн. Гэтэл маргааш нь хоёр хүнтэй ирээд зургийг авахгүй, мөнгөө авья гэхээр нь би буцааж өгч чадахгүй, зургийг засч өгч болно гэдгээ хэлсэн. Хэдэн гэр, байшингийн зураг өгөөд эндээс харж байгаад зур гэсэн. Ю.М эгч яг ямар зураг зуруулахаа анхнаасаа хэлээгүй байж зурагт дахин дахин засвар оруулдаг байсан. Өөрөө ч юу хүсч байгаагаа мэдэхгүй хирнээ намайг зурахаар наадахаа соль гэдэг. Зураг зурах явцад байнга өөрийнх нь хэлснээр засвар оруулж байсан. Одоо хугацаа алдсан гээд байх юм. Зургийг нь зураад 2-3 удаа үзүүлэхэд хэлбэр нь таалагдахгүй байна гээд байнга өөрчлүүлээд надад ажиллах боломж бүрдүүлээгүй. Би зургийг зураад 3 удаа хэвлээд өөрт нь өгсөн. Мөн мэйл-ээр өөрт нь явуулж байсан. 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хийгээд өгөх үед шаардлага хангахгүй байна гэж хэлээгүй, мөнгөө өгсөн. Сүүлд нь би Ж. эгчийн ажил дээр очоод хэлж байсан. Тэр чамаас мөнгөө авна гээд байна гэж хэлсэн. Иймд хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.М нь “Эм Ай Ти” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 3 600 000 төгрөг, алданги 2 692 800 төгрөг, цалингийн зээлийн хүүд төлсөн 870 480 төгрөг нийт 7 163 280 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн П.Оийг хариуцагчаар солих хүсэлт гаргасныг шүүгчийн 184/ШЗ2018/03542 дугаар захирамжаар хангаж, түүнийг хариуцагчаар хэргийн оролцогч болсныг баталсан.

/хх-ийн 1-2, 25, 38 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч нь гэрээний алдангид 1 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 6 270 480 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч П.О нь эс зөвшөөрч, маргажээ.

/хх-ийн 50 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ю.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч П.О нь гэрээний дагуу “ ”-ийн барилгын гадна экстерьер, дотор интерьерийн зургийг гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор норм, дүрмийн дагуу хийж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацааг хэтрүүлсэн учир гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 3 600 000 төгрөгийг, гэрээнд заасны дагуу алданги 1 800 000 төгрөг, уг төлбөрийг төлөхийн тулд цалингийн зээл авсан, уг зээлийн хүүд төлсөн 870 480 төгрөг нийт 6 270 480 төгрөгийг гаргуулна” гэж,

хариуцагч нь “нэхэмжлэгч нь хэдэн гэр, байшингийн зураг өгөөд эндээс харж зур гээд өөрөө юу хүсч, ямар зураг зуруулахаа ч мэдэхгүй хирнээ зурахаар наадахаа соль гэдэг байсан. Мөн зураг зурж байх явцад 2-3  удаа өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу зургийг өөрчилж зурж байснаас шалтгаалан 45 хоног хэтэрсэн тул хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зургаа хүлээлгэн өгөөд гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрөө авсан, үлдэх 400 000 төгрөгийг засвар оруулж бэлэн болсны дараа өгөхөөр тохирсон учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сард “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, “ ”  барилгын гадна экстерьер, дотор интерьерийн зургийг норм дүрмийн дагуу хийж гүйцэтгүүлэх, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т зааснаар урьдчилгаа төлбөр 30 хувь болох 1 200 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн ХААН банк дахь 5173047570 тоот дансанд шилжүүлснээр гэрээт ажлыг эхлүүлэх, 2.2.2-т үлдэгдэл санхүүжилт болох 60 хувь буюу 2 400 000 төгрөгийг зургийн ажлыг 100 хувь хүлээлгэн өгч, захиалагч батлан гэрээ дүгнэсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор гүйцэтгэгчийн дээр дурдсан дансанд шилжүүлэх, эсхүл бэлнээр төлөх, 2.2.3-т сүүлийн үлдэгдэл болох 10 хувь буюу 400 000 төгрөгийг захиалагч зурагт дахин засвар хийх шаардлагаггүй гэж үзсэний дараа гүйцэтгэгчид төлөх, 3 дугаар зүйлийн 3.1-т гэрээт ажлыг гүйцэтгэгч талын боловсруулах хугацаа нь гэрээ байгуулан урьдчилгаа санхүүжилд орсон өдрөөс хойш 45 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тус тус тохиролцон, гэрээний төлбөрт нэхэмжлэгч Ю.М нь хариуцагч П.Оийн гэрээнд заасан ХААН банк дахь 5173047570 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1 200 000 төгрөгийг шилжүүлж, мөн 2017 оны 1 дүгээр сард 1 200 000 төгрөг, 2 дугаар сарын 03-ны өдөр 1 200 000 төгрөгийг тус тус бэлнээр хариуцагчид төлсөн талаар буюу талууд гэрээ байгуулсан, гэрээний төлбөрт  хариуцагч П.О нь нэхэмжлэгч Ю.Мээс 3 600 000 төгрөгийг хүлээн авсан талаар зохигч маргахгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

/хх-ийн 4-6, 7 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, мөн хуулийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэжээ.

 

Дээрхээс дүгнэвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь захиалагчийн даалгавраар ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны дүнд шинээр бий болсон эд юмс байдал тул талууд гэрээгээр ямар шинж чанар агуулсан үр дүнд хүрэхийг харилцан тохирсон байх ёстой. Ингэж тохиролцоогүй нь гэрээний үүргийн биелэлтийг саатуулах, гэрээнд зааснаас өөр эд зүйлс, доголдолтой эд хөрөнгө нийлүүлэх үр дагаварт хүргэдэг. Өөрөөр хэлбэл талууд анх “ ”-ийн барилгын зураг хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа ямар шинж чанартай, хэлбэр дүрстэй зураг зуруулах талаар тохиролцсон болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Ажил гүйцэтгэгч, захиалагч хоёр ажлын үр дүнгийн талаар ижил төсөөлөлтэй байх нь гэрээг хоёр талын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлох нөхцөл болдог.

 

Түүнчлэн гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол мөн хуулийн 225, 226 дугаар зүйлд зааснаар нөгөө тал нь гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан боловч гэрээний явцад 2-3 удаа засвар оруулж байсан талаар маргадаггүй. Мөн гэрээний дээрх заалтад “зурагт өөрчлөлт, засвар оруулах бол гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь зурагт өөрчлөлт, засвар оруулах талаараа хариуцагчид урьлчилан мэдэгдсэн талаарх үйл баримт хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгч шүүх хуралдаанд энэ талаар зөвшөөрсөн тайлбарыг гаргасан болно.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээнд заасан зурагт засвар оруулах ажлыг 2017 оны 3 сард хийж дуусгасан болох нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан “н ” ХХК-ийн захирал Г.ын мэдүүлэг болон “н ” ХХК-ийн эскиз зураг зэрэг баримтуудаар тогтоогдож  байна.

/хх-ийн 78, 79-81 дүгээр тал/

 

Иймд хариуцагч П.О нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.2-т зааснаар гэрээний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүхээс хууль сануулж асуусан гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байх бөгөөд талууд гэрээ байгуулахаас өмнө гэрээний зүйлийн талаар урьдчилан нэг ойлголттой байгаагүйгээс шалтгаалан /зурагт удаа дараа өөрчлөлт оруулж байснаас/ гүйцэтгэгчийг гэрээний хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ю.М нь талуудын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас буцаан шаардах үндэслэлгүй байна гэж үзлээ.

/хх-ийн 47, 48, 71, 73-74, 75, 76-77 дугаар тал/

        

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх бөгөөд гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно.

 

Иргэний хуулийн  355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ю.М нь хариуцагч П.Оийг гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж үзэж гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул хугацаа хэтрүүлсэн алданги болон хохирлоо шаардах эрхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг цалингийн зээл авч төлсөн гэж зээлийн гэрээний дагуу төлсөн хүүг хохиролд тооцон 870 480 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байх боловч нэхэмжлэлийн энэ шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

/хх-ийн 8 дугаар тал/

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч П.Оээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон алданги, хохиролд нийт 6 270 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Тэрээр ажил гүйцэтгэх гэрээний доголдлын талаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Оээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон алданги, хохиролд 6 270 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Мээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                               Н.БАТЧИМЭГ