Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01535

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ю.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01079 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ю.М,

Хариуцагч П.О-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 6 270 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П.О-тэй 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Монгол харваа төв” барилгын архитектурын зураг, гадна экстерьер, дотор интерьерийн зургийг хийлгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний төлбөрт 1 200 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 1 200 000 төгрөг, 02 дугаар сарын 03-ны өдөр 1 200 000 төгрөг, нийт 3 600 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл хариуцагч гэрээгээр тохирсон хугацаа буюу гэрээний 3.1-д заасан хугацааг зөрчиж одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч гэрээний 3.1-т заасан хугацаа буюу 45 хоногийн дотор ажлыг хийж гүйцэтгээгүй тул гэрээний 5.3-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх гэрээний гүйцэтгээгүй үүргийн алданги 2 692 800 төгрөг, гэрээний үнэд төлсөн 3 600 000 төгрөг, мөн Худалдаа хөгжлийн банкнаас зураг төслийн ажлыг хариуцагчаар хийлгэхээр 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сарын 1.8 хувийн хүүтэй авсан цалингийн зээлийн хүүг гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцож 870 480 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 073 520 төгрөгөөр багасгажээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд Ю.М нь гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа ажлын урьдчилгаа төлбөр 1 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Ажлаа хүлээлгэж өгөхийн өмнөх өдөр Ю.М ирээд зурагтай танилцаж зарим зүйлс дээр өнгийг нь солих шаардлагатай гэсний дагуу засварласны дараагаар 1 400 000 төгрөгийг авахаар тохиролцож, улмаар тохиролцсоны дагуу засварыг хийж зургийг хүлээлгэж өгсөн. Тэгээд зурганд нэмж засах зүйл байвал хэлээрэй, дахиад засвар хийхгүй болсны дараа үлдэгдэл 400 000 төгрөгөө авья гэсэн. Гэтэл маргааш орой нь 22 цаг өнгөрч байхад ажиллаж байсан байранд Ю.М эгч 2 хүний хамт ирээд “зургийг дахин засахгүй бол болохгүй юм байна” гэсэн. Тэгэхээр нь би засаад өгье гэхэд Ю.М эгч үгүй мөнгөө авна гээд зургийг засуулаагүй. Миний бие гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 563 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ю.М нь “Эм Ай Ти” ХХК-ийн захирал П.О-тэй 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Монгол харваа төв” барилгын архитектурын зураг, гадна экстерьер, дотор интерерийн зургийг норм дүрмийн дагуу хийж гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 45 хоног, ажлын нийт төлбөрийг 4 000 000 төгрөгөөр тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ю.М нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 3 600 000 төгрөгийг П.О-д бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас хойш П.О нь гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэлгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш холбогдохгүй алга болсон учраас эрэн сурвалжилж, хаягийг тогтоож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тухайн ажлыг хийж гүйцэтгэх 45 хоногийн хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт “ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаас харахад талууд гэрээнд зааснаар гүйцэтгэх ажлыг тохиролцсон байдал нь харагддаг боловч П.О нь гэрээнд заасан хугацаандаа ажлыг хийж гүйцэтгээгүй хүлээлгэж өгөөгүй, өнөөдрийг хүрсэн. Ажлыг хүлээлгэж өгөөгүй учраас тухайн ажлыг өөр газраар гүйцэтгүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ю.М нь хариуцагч П.О-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 3 600 000 төгрөг, алданги 2 692 800 төгрөг, цалингийн зээлийн хүүд төлсөн 870 480 төгрөг, нийт 7 163 280 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний алдангид 1 800 000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 6 270 480 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч зургаа хүлээлгэж өгөөд гэрээнд заасан үлдэгдэл төлбөрөө авсан, үлдэх 400 000 төгрөгийг зурагт засвар оруулж сүүлийн байдлаар хүлээлгэж өгсний дараа авахаар тохиролцсон гэж маргажээ. /хх18-19/

Нэхэмжлэгч Ю.М нь “Монгол харваа төв” барилгын гадна, дотно экстерьер, интерьер зураг хийлгэхээр хариуцагч П.О-тэй тохиролцож 2016 оны 11 дүгээр сард гэрээ байгуулан, ажлын хөлсөнд 4 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож, гэрээний дагуу 3 600 000 төгрөгийг П.О-ийн Хаан банкны дансаар шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэжээ.

Хариуцагч П.О нь зургийг захиалагчийн зааврын дагуу хийж, зохих засвар оруулж, гэрээний хугацааг сунгаж байсан талаар гэрч А.Ууганбаяр, Ж.Оюунтуяа нар мэдүүлсэн, нэхэмжлэгч Ю.М нь засвар оруулуулахаар хугацаа өгч байснаа үгүйсгээгүй байна. Барилгын зургийг зааврын дагуу засч өөрчилж дуусгаад 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр захиалагч Ю.М-т хүлээлгэж өгсөн гэх хариуцагч П.О-ийн тайлбар, гэрч Г.Чойжамцын “2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусгаад манай компанийн тамга, гарын үсгээр баталгаажуулсан”, гэрч О.Тэмүүжингийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ю.М-ийн гэрт барилгын зургийг хүргэж өгснийг хүлээн авсан” гэх мэдүүлгээр ажил гүйцэтгэгч буюу хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлж ажлын үр дүнг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасан захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэгэнт ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлсийг төлөх үүрэгтэй, ажлын үр дүн бий болсон буюу ажлыг гүйцэтгэж дуусгасан байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхгүй болно. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг хариуцагч П.Оээс шаардах эрхгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаагаар алданги болон гэрээний төлбөрийг төлөхөөр авсан зээлийн хүүгийн төлбөрийг төлүүлэхээр шаардсаныг хангах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Ю.М нь хариуцагчийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан талаарх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, гэрээний хугацааг сунгаж ажлын үр дүнг нэгэнт хүлээн авсан байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/01079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 72 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ