Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2018/01181

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А ү г х” ХЗХ -д холбогдох,

            Ажилгүй байсан хугацааны олговор 3 200 000 төгрөг гаргуулах, 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын болон 2017 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* /ҮД *******/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* /РД *******/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.******* /ҮД *******/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.         

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг ажлаас халсан “А ү г х” ХЗХ-ны гүйцэтгэх захирлын тушаалыг хууль бус гэж үзсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Хариуцагч байгууллага уг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч миний хүсэлтээр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн саналаар шүүхийн шийдвэрийн зарим хэсэг дээр харилцан тохиролцсон. Тухайн үед Хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл болон гүйцэтгэх захирлын зүгээс ажилдаа эргэн орохгүйгээр шүүхийн шийдвэрт тусгагдсан үеийн цалингаа авч нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх саналыг тулгасан учраас аргагүйд хүрч уг саналыг хүлээн зөвшөөрсөн юм. “А ү г х” ХЗХ-ны гүйцэтгэх захирлын хууль бус тушаал болон хууль зүйн үндэслэлгүй давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудын улмаас миний бие өнөөдрийг хүртэл тогтсон ажилгүй байна. Ийм учраас “А ү г х” ХЗХ-ноос Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эвлэрэх хүртэл 8 сарын хугацааны цалин 3 200 000 төгрөгийг гаргуулж, 2016 оны 5, 6, 7 дугаар сарууд болон 2017 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага нь намайг үндэслэлгүй ажлаас халаад анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Хариуцагч нь Давж заалдах, Хяналтын шатны шүүхээр гомдол гаргаад эцсийн шийдвэр нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. Би Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч тал эвлэрэх санал гаргаад би ажилдаа эргэж орохгүй байх саналыг нь зөвшөөрч, цалингаа аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ хугацаанд би ажилгүй, цалин орлогогүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хариуцагч байгууллагатай эвлэрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон өдрийг хүртэл хугацааны 8 сарын цалин 3 200 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Мөн хугацааны болон миний 2016 оны 5, 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийгээгүй тул эдгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан. Би эмчийн магадлагаа өгөхөөр 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр очиход миний оронд Одонтуяа гэж нягтлан авсан байсан. Би ажилдаа хэзээ орох вэ гэхэд С.******* таны оронд 3 сарын хугацаатай хүн авсан, биеэ тэнхэртэл байж бай гэсэн учир би 2016 оны 5 дугаар сарын 2-нд ажилдаа орох өргөдөл өгсөн. Тэгтэл та өчигдөр ирэх байсан гээд хавьтуулаагүй улмаар надад сахилгын шийтгэл ногдуулах тушаал өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 27-нд Тэргүүлэгчдийн хурал болоод 7 дугаар сарын 01-нээс ажилдаа ор гэсэн, тэр өдөр нь ирэхэд таны хугацаа болоогүй гэсэн. Тайлан гаргах болоод ажилдаа ор гэсэн, би энэ хүний ажилласан хугацааны тайланг гаргахгүй, өөрөөр нь гаргуул гэхэд намайг 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халсан. Би хариуцагч байгууллагатай эвлэрэх гэж эвлэрээгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орохоор Шийдвэр гүйцэтгэгчтэй хамт байгууллага дээрээ очиход Засаг дарга намайг хашгирч загнасан учир шийдвэр гүйцэтгэгч хугацаа олгосон байсан. Тэр хугацаанд намайг дуудаж, бид эвлэрснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон юм гэжээ.  

 

Хариуцагч “А ү г х” ХЗХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхэд гаргасантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 585 дугаар шийдвэрээр *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1082  магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1044 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хариуцагчийн зүгээс бүрэн гүйцэтгэж, шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалинг түүнд олгосон, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилтийг хийлгэсэн, энэ ажиллагаа дуусгавар болсон. Тухайн үед буюу шүүхийн шийдвэр гарсны дараа ******* нь “А ү г х” ХЗХ-ны нягтлан бодогчийн ажилд эргэж орохгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь тус хоршоо нь “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сард байгуулагдсан хоршоо бөгөөд бичил зээлийн хэрэгцээ бүхий иргэдэд зээл олгох Нийслэлийн төсвөөс санхүүждэг ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн сан”-гаас ХЗХ-дод олгосон мөнгөн хөрөнгийг үе шаттайгаар буцаан татан  төвлөрүүлж байгаатай холбогдуулан “А ү г х” ХЗХ  нь хэвийн бус үйл ажиллагаатай, байнгын ажлын байранд ажиллаж нөхцөл бололцоо байхгүй, санхүүгийн чадамжийн хувьд ажилчдад цалинг хэвийн олгох боломжгүй болсныг ******* нь сайн мэдэж байсан учир шүүхийн шийдвэрт заасан цалингаа аваад ажилд эргэж орохгүй гэдгээ мэдэгдсэн гэж ойлгож байгаа. Шүүхийн шийдвэрээр нэгэнт ажилд нь эгүүлэн тогтоосон учир түүнийг биелүүлэх нь хоршооны үүрэг байсан хэдий ч өөрөө ажилд орохгүй гэдгээ мэдэгдсэн тул түүний саналыг хүндэтгэн үзсэн. Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан түүний өргөдөлд “...шийдвэрийн дагуу харилцан тохиролцож ажилгүй байсан хугацааны цалинг авсан бөгөөд ажилд орохоос татгалзсан болно. Иймд дээрх гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгоно уу” гэсэн хүсэлт гаргасны дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг. Түүнчлэн ******* ажилд эргэж орохгүй гэсэн хүсэл зоригоо илэрхийлэн тус хоршоонд өөрийн гараар “тус хоршооны нөхцөл байдлыг харгалзан үзэж ажилдаа эргэн орохгүйгээр төлбөрөө барагдуулж шүүхийн шийдвэрийг хаах үйл ажиллагаа явуулав” гэж бичсэн байдаг. Талууд тухайн үед энэ асуудлаар харилцан тохиролцож, ойлголцож гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Хэдийгээр шүүхийн шийдвэрт ажилд эгүүлэн тогтоохоор заасан, уг шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй боловч ******* нь өөрийн саналаар ажилдаа эргэж орохгүй, харин ажилгүй байсан хугацааны буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсөө авч, тухайн маргаантай байсан харилцааг бүрмөсөн дуусгавар болгох тухай хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн нь дээрх баримтуудад тодорхой байх тул ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн харилцаа нь эцэслэн дуусгавар болсон. Нэгэнт ******* нь өөрийн санаачилгаар ажилд эртгэж орохгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэнтэй холбогдуулан түүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу “А ү г х” ХЗХ-ноос Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/50 дугаар тогтоолоор *******гийн гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. Уг тогтоолд зааснаар “*******гийн ажилгүй байсан хугацааны цалин 3 200 000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 320 000 төгрөг, ХАОАТ болох 232 000 төгрөгийг холбогдох газруудад хүсэлт гарган нөхөн тайлагдаж, гарт олгох цалин 2 648 000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлэх, 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх нийт 8 сарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын хураамжийг нөхөн тайлагдах”-аар заасны дагуу уг тогтоолыг бүрэн хэрэгжүүлж дууссан. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа *******гийн хүсэл, зоригийн дагуу бүрэн биелүүлж дууссан, ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа нь *******гийн гаргасан хүсэлтээр дуусгавар болсон тул уг асуудлаас хойш гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Талууд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэснээр ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул дахин цалингийн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй, үндэслэлгүй хөрөнгөжих зорилготой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хяналтын шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнп 3 200 000 төгрөгийг авах, мөн хугацааны нийгмийн, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн бичилт хийлгүүлэх нь ойлгомжтой болсон, үүнийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шууд мэдсэн гэх үндэслэл болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Мөн хуулийн 128.1.5-д энэ хуулийн 69.1-д заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд тухайн асуудлаар хандсан гэж ойлгож байгаа. Тэгвэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсийг эс зөвшөөрч маргаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл Хяналтын шатны хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдсэнээс хойш 3 сарын дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө тухайн асуудлаараа шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Гэтэл 2018 оны 1 сарын сүүлээр нэхэмжлэл гаргасан тул тухайн гомдол гаргах хугацаа дуусгавар болсон гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орохгүй гэдгээ өөрөө мэдэгдсэн. Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа доголдож, тэрээр ажлын байргүй болсон учир өөрөө орохоос татгалзаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Иймд эвлэрснээр уг асуудал дууссан учир Иргэний хуулийн 39.1-д зааснаар уг харилцааг дуусгавар болох хэлцэл хийгдсэн учир дахин цалин нэхэмжлэх эрхгүй тул үүнээс хойших шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар буюу 2017 оны 9 дүгээр сарын 28-нд дуусгавар болсон. Үүнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан 3 сарын хугацаа өнгөрсөн учир хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дууссан. 2016 оны 5, 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх асуудлаа мөн өмнөх маргаан гаргах үедээ шийдвэрлүүлэх боломжтой байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2016 оны 5, 6, 7 сард энэ хүнд сануулах арга хэмжээ аваад өвчтэй гэхээр нь оронд нь өөр хүн ажилд түр авсан. Ажил хийгээгүй хүнд цалин олгох боломжгүй. Ажилдаа ор гэхээр ордоггүй, тайлан тооцооны хугацаа болсон байхад ажлаа хаяад явсан, өөрийнх нь буруутай үйлдэл байсан учир энэ шаардлагыг зөвшөөрөхгүй. ******* 2016 оны 2 дугаар сарын дунд үеэс 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл өвчтэй байсан гээд 5, 6, 7 сард ажилдаа ирээгүй, дараа нь 7 сард ирээд ажилдаа орно гэхээр нь ор гэхэд ороогүй учир тайлан гаргах хугацаа болсон учир арга буюу Д.Одонтуяаг түр авсан. Энэ хугацаанд *******тай холбоотой тушаал гарсан зүйл огт байхгүй        гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “А ү г х” Хадгаламж зээлийн хоршоо /цаашид ХЗХ гэх/-д холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 8 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 200 000  төгрөг гаргуулах, мөн хугацааны болон  2016 оны 5, 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гарснаас хойш уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагатай эвлэрч, “шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг харилцан тохиролцсон тухай” 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/50 тоот Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол гарах хүртэл хугацааны 8 сарын цалин, олговор 3 200 000 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны болон 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэх үндэслэлтэй" гэж тайлбарлаж,

хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “талууд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 39.1-д заасан уг харилцааг дуусгавар болгох хэлцэл хийсэн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 3 сарын хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй" гэж тайлбарлан маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан “А ү г х” ХЗХ-ны нягтлан бодогчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар магадлал нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны  2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2017/01044 дугаар тогтоол гарснаар хүчин төгөлдөр болж, энэхүү шийдвэрийн дагуу түүнийг ажил олгогч 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг сарын 400 000 төгрөг байхаар тооцсон болох нь нотлогдсон байх бөгөөд хариуцагч “А ү г х” ХЗХ-ны дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг “Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг харилцан тохиролцсон тухай” Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/50 дугаар тогтоол гарч, нэхэмжлэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаснаар дуусгавар болгосон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

/хх-ийн 5-7, 8-12, 13-16, 17, 41 дүгээр тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй болно.

 

Түүнчлэн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир ******* нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч “А ү г х” ХЗХ-ны захиргаа нь ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл  түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулан олгох ёстой.

 

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг гурван шатаар хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарахаар байна.

 

Хавтас хэрэгт авагдсан “А ү г х” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/50 дугаар “Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг харилцан тохиролцсон тухай” болон “А ү г х” ХЗХ-д өргөдөл гаргах учир нь гэх баримтуудаар нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоох шаардлагаасаа татгалзсан байх боловч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш уг ажилд орохоос татгалзах хүртэл хугацаа буюу мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан нь хууль бус шийдвэр гаргасан ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болжээ.

/хх-ийн 17, 34 дүгээр тал/

 

Түүнчлэн талууд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт нь уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой, тохиролцоо гэж үзэхээр байх тул хариуцагчийн “талууд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 39.1-д заасан уг харилцааг дуусгавар болгох хэлцэл хийсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн өдрөөс буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгч *******гийн ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацааны ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжлэх хугацааг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 3 сарын хугацаа дууссан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд түүний хавтас хэрэгт гаргасан баримтуудаар өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй байна гэж үзлээ.

 

Иймд хавтас хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******гийн ажлаас халагдахаас өмнө авч байсан цалингийн дундажийг 400 000 төгрөг гэж тогтоосныг үндэслэж, анхан шатны шүүхийн ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан өдөр буюу  2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс “А ү г х” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/50 дугаар “Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг харилцан тохиролцсон тухай” баримт үйлдсэн өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 200 000 төгрөг /400 000 х 8/-ийг хариуцагч “А ү г х” ХЗХ-ноос гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан буюу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг мөн хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Харин нэхэмжлэгч *******гийн 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч “А ү г х” ХЗХ-д даалгах шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтаны авч буй сар бүрийн цалин хөлснөөс шимтгэлийг тооцон дэвтэрт нь зохих бичилтийг хийх үүрэгтэй боловч ажилтан ******* нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор буюу уг зөрчлийг буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээн тогтоох хүндэтгэн үзэх үндэслэл хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байх тул түүнийг гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэн, энэ талаарх шаардлагыг нь хэрэгсэхгүй болголоо.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А ү г х” ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 66 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “А ү г х” ХЗХ-ноос нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар нь бичилт хийхийг хариуцагч “А ү г х” ХЗХ-д даалгаж, нэхэмжлэлийн 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А ү г х” ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 66 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                                                                                                                          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТЧИМЭГ