Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0250

 

 

 

Б.Э, Б.О нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Должиндэмид

Нэхэмжлэгч: Б.Э, Б.О

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар  сарын 07-ны өдрийн 122 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/1054/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э, Б.О нараас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан Хуулийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг тооцож олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан Б.Эд 65.520.000 төгрөг, Б.Од 65.520.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтад заасныг баримтлан Б.Э, Б.О нарын нэхэмжлэлийг бүхэл нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Э, Б.О нар тус бүрт 65.520.000 /жаран таван сая таван зуун хорин мянга/ төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Должиндэмид дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон.

3.2.  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-дэх хэсэгт “...сарын дундаж цалин...” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа. “...сарын дундаж цалин” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийгй Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

3.3. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна.

3.4. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл,

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

3.5. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч шаардлагадаа дурдсан ...47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин нь...” УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

3.6. Иймд 36 сарын тэтгэмжийг “албан тушаалын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар зарлигаар Б.Э-ыг Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар зарлигаар Б.Оыг Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

2.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалт, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 132, 133, 134, 135, 157, 158, 167 дугаар зарлигийг тус тус үндэслэж өндөр насны тэтгэвэрт гарсан Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр   ажиллаж байсан Б.Э, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.О нарт тус тус 100.800.000 төгрөгийг нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байна.

2.3. Нэхэмжлэгч нараас “... шүүгчийн цалин хөлсөнд албан тушаалын цалин, онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл орохоор хуульчилсан байхад тэтгэмжийг зөвхөн албан тушаалын цалингаас бодож олгон зөрүүг олгохгүй байгаа нь хууль бус ...” гэж маргасан. 

2.4. Анхан шатны шүүх “...хуульд зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт хууль тогтоогч албан тушаалын цалингаас гэж тусгайлан зааж өгөөгүй тул тус заалтад заасан “...түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр...” гэдгийг шүүгчийн цалин хөлс буюу албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл бүгд хамаарна...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.5. Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”,  46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй”, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус зааснаас үзвэл шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхойлон заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдсэн хэмжээгээр шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байхад хариуцагчаас  “... Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин ...” гэж хуулийн тодорхой заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шүүгчийг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгох тэтгэмж бодох цалингийн хэмжээг бууруулсныг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

2.6. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг  энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж,  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1-т “Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно”, 2.1.1-т “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” гэж тус тус зааснаар тухайн төрийн албан хаагчийн албаны чиг үүрэг, эрх зүйн байдалтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн хүрээнд шийдвэрлэхээр, тухайн албан хаагчийн албаны чиг үүрэгтэй холбоотой нарийвчилсан хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Төрийн албаны тухай хуулиар ерөнхийлөн зохицуулах байдлаар хууль хэрэглээний эрэмбэ дарааллыг тогтоож журамласан байх тул шүүх, шүүгчийн албан тушаалын эрх зүйн харилцааг тусгайлан зохицуулсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон шүүгчид нэг удаагийн тэтгэмжийг түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр олгох ёстой.

2.7. Өөрөөр хэлбэл, дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор заасан  боловч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож, нэг удаагийн тэтгэмж  олгох”-оор нарийвчлан зааж хуульчилсны дагуу мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т шүүгчийн цалин хөлс нь  “шүүгчийн албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс” бүрдэхээр заасан хүрээнд нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийг түүний авч байсан сарын дундаж цалин хөлснөөс нь тооцоогүй, зөрүү тэтгэмжийг олгоогүй хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул анхан шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 65.520.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э, Б.О нарт тус тус олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна. 

2.8. Нэхэмжлэлийн “..Б.Эд 65.520.000 төгрөг, Б.Од 65.520.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлагатай холбогдуулан хариуцагчаас анхан болон давж заалдах шүүхэд үнийн дүн дээр  маргаагүй болно.

 

2.9. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ...36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

3. Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0021 дүгээр Тогтоолд “... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар шүүгчийн цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүгчийн авч байсан цалин, албан тушаалын цалин гэх ойлголтыг тодорхойлоогүй, харин цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байна” гэж энэ талаарх хуулийн зохицуулалтыг тайлбарласан, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

           ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

           ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН