Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 205

 

Д.О-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806075692170 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

..................................., 1981 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн цагдаа ажилтай, ам бүл 4, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 30-01 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЙР81011218/;

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Д.О нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн саатуулах байранд шүүхийн хамгаалалтын цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Золжаргалтай маргалдан, улмаар түүний баруун шанаа руу цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “............................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Оэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, cap тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Оэд сануулж, хохирогч Г.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Оэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн саатуулах байранд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр албан үүрэг гүйцэтгэж байхдаа саатуулагдсан этгээд болох иргэн Г.Золжаргалын шанаан тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлээ эс зөвшөөрч байна. Tэр өдөр албан үүрэг гүйцэтгэж байх явцад хохирогч Г.Золжаргал өөрийн холбогдох хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэр болон өөрийн өмгөөлөгч нарын шийдвэр, үйл ажиллагаанд бухимдаж “элдэв цээртэй хараал хэлэх, өмгөөлөгчийнхөө утсаар яриулж өг” гэх зэрэг саатуулах байрны дотоод журамд заасан хэм хэмжээгээр хориглосон зүй бус үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Энэ байдлыг тус шүүх хуралд гэрчээр оролцсон Г.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт “эд нар /Г.Золжаргал/ хараал хэлээд хашгирч, цагдааг хэл амаар доромжилж байсан, би айгаад хурдан гараад явсан” гэж мэдүүлж байгаагаар Г.Золжаргалаас саатуулах байрны дотоод журмыг зөрчсөн болон биеэ авч явсан байдлыг нотолж байна. Гэтэл улсын яллагч шүүх хуралдаан дээр намайг “өмгөөлөгчид таны үйлчлүүлэгч таныг муулж байсан” зэрэг хов живын асуудлаас болж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллаж, дүгнэж байгаад гомдолтой байна. Гэрчийн мэдүүлгээр тогтоогдож буй дээрх Г.Золжаргалын биеэ авч явсан байдал, өмгөөлөгчийнх нь утсаар яриулахгүй гэсэнтэй холбогдуулан “цагдаагийн албан хаагч намайг элдэв байдлаар хэл амаар доромжилж утсаар яриулахгүй та нар хүний эрхийг зөрчиж байна, муу сайн цагдаа нар” гэх зэргээр дайрч давшилж байсан үедээ саатуулах байрны бие засах өрөөнд орсон. Гарч ирмэгцээ над руу салаавч гаргаж ам руу чиглүүлэх үед би захнаас нь барьж шанаа руу нь түлхэн цохиж биеийн хүч хэрэглэсэн юм. Энэ үйл явдлыг шүүх хуралд гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгсөн гэрч Н.Бямбадорж, Ч.Сугар нар тодорхой нотолж байдаг. Би ямар нэгэн байдлаар хувийн болон хоорондын маргааны зүгээс хохирогч Г.Золжаргалын биед хөнгөн гэмтэл учруулаагүй. Хохирогч Г.Золжаргал нь бие засах газраас гарч ирмэгцээ ямар нэгэн шалтгаан байхгүйгээр гэнэт салаавч гарган миний ам руу хийх гэж дайрсан үед нь биеийн хүч хэрэглэсэн нь Цагдаагийн албаны хуульд заасан “цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэх” үндэслэл, журмын дагуу явагдсан гэсэн байр суурьтай байна. Г.Золжаргалын энэхүү үйлдэл нь гэнэтийн шинжтэй байсан учир миний бие биеийн хүч хэрэглэх хуулийн заалтын дагуу түүний халдсан үйлдлийг таслан зогсоосон. Хохирогч Г.Золжаргалын салаавч гаргаж дайрсан үйлдэл түүнийг таслан зогсоох нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхээс биеийн хүч хэрэглэх тохиолдол гараагүй, нэн тэргүүнд хэрэглэхгүй бaйx боломж байсан гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Миний бие хохирогч Г.Золжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учуурлсан үйлдэл дээрээ огтхон ч маргаагүй бөгөөд гагцхүү миний энэ үйлдэл нь Монгол Улсын Цагдаагийн албаны хуульд “Цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэх” үндэслэл журмын дагуу явагдсан хууль зүйн үндэслэлтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн албан хаагч нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тухайн өдөр Д.О ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хоригдож байсан этгээдүүдийн биеэ хэрхэн авч явж байсан, түр саатуулах байрны дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүд байдаг. Баярмаа өмгөөлөгчийн мэдүүлэгт “маргасан” зүйл байгаагүй гэж мэдүүлсэн. Хохирогчийг цохисон гэх үйлдлийг гэрч болох цагдаагийн дэслэгч Бямбацогт тодорхой мэдүүлсэн. Цохисон гэх үйл баримт нь саатуулах байрны орон зай хязгаарлагдмал өрөөнд агшин зуур үүссэн нөхцөл байдал байгаа. Хохирогч өөрөө зүй бус үйлдэл хийсэнд тусгай хэрэгсэл хэрэглэх, биеийн хүч хэрэглэх гэх мэтээр хуульд заасан арга мэхийг ашиглах, түүнийг сонгох нөхцөл бүрдээгүй байсан нь гэрч Бямбадоржийн мэдүүлэгт тодорхой байдаг. Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Цагдаагийн албан хаагч руу довтолсон, эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн алба хаагчаас тусгай хэрэгсэл, мэх, биеийн хүч” хэрэглэхийг тодорхой заасан бөгөөд боломжтой тохиолдлыг сонгоно” гэсэн байдаг. Гэтэл энэ хуульд заасан боломжтой тохиолдол тухайн үед байгаагүй. Цагдаагийн албан хаагч руу довтолсон, эсэргүүцсэн үйлдлийг хуульд заасан үндэслэлээр няцаах явцдаа бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Маргааны хувьд өмгөөлөгч Баярмаа, хохирогч Г.Золжаргал нар гаднаас маргалдаж орж ирсэн байдаг. Хохирогч Г.Золжаргал “өмгөөлөгч намайг муу өмгөөлсөн” гэснийг өмгөөлөгчид Д.О хэлснээр энэ гэмт хэрэг үүсэх шалтгаан болсон. Гэрч болон хохирогчийн мэдүүлгээр “шууд нүүр рүү нь цохисон” гэж мэдүүлсэн. Ямар нэгэн довтолсон үйлдлийг няцаах зорилгоор идэвхтэй үйлдэл хийлгүйгээр шууд нүүр рүү цохисон, хөл рүү нь өшиглөсөн гэдгийг хохирогч мэдүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тодорхойлсон. Иймд шүүгдэгч Д.Оийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.О нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн саатуулах байранд шүүхийн хамгаалалтын цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Золжаргалтай маргалдан, улмаар түүний баруун шанаа руу цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Золжаргал /1хх-14-16/, гэрч Б.Мөнхбаяр /1хх-18-19/, Э.Амгаланбаатар /1хх-215/, Н.Бямбадорж /1хх-219-220/, Ч.Сугар /1хх-221-222/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ /1хх-244-245/ нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-24/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10973 дугаартай дүгнэлт /1хх-28/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Г.Золжаргал нь Д.Отэй маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /1хх-14-16/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Б.Мөнхбаяр /1хх-18-19/, Э.Амгаланбаатар /1хх-215/ нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Оийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.О гаргасан давж заалдсан гомдолдоо: “...хохирогч Г.Золжаргал нь бие засах газраас гарч ирмэгцээ ямар нэгэн шалтгаан байхгүйгээр гэнэт салаавч гарган миний ам руу хийх гэж дайрах үед нь биеийн хүч хэрэглэсэн нь Цагдаагийн албаны хуульд заасан “цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэх” үндэслэл, журмын дагуу явагдсан гэсэн байр суурьтай байна. Г.Золжаргалын энэхүү үйлдэл нь гэнэтийн шинжтэй байсан учир миний бие биеийн хүч хэрэглэх хуулийн заалтын дагуу түүний халдсан үйлдлийг таслан зогсоосон тул надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ” гэж, 49.1.1-д “Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн” гэж, 49.1.2-д “Баривчлах, эрүүл мэндийн болон бусад эрх бүхий байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн” гэж тус тус зааснаас үзэхэд хохирогч Г.Золжаргал нь шүүгдэгч Д.Оийг өөрийн эсрэг биеийн хүч хэрэглэх шаардлага үүсэхээр хэмжээний эсэргүүцэл үзүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хохирогч Г.Золжаргалын “нойлоос гарч ирэхэд надтай маргалдсан цагдаагийн ахлагч Д.О гаднаас орж ирж таарсан. Намайг юу ч яриагүй байхад хажуу талаас татаж ирээд нэг удаа баруун хөл рүү өшиглөсөн. Бас дараа нь баруун гараараа баруун талын хөмсөг рүү нэг удаа цохисон” гэх, гэрч Б.Мөнхбаярын “Г.Золжаргал бие засаад ороод ирсэн. Тэгтэл Д.О “чи муу юу гээд байгаа юм бэ?” гээд Г.Золжаргалыг өшиглөсөн. Тэр үед Г.Золжаргал зугтаагаад цаашаа болсон. Ээлжинд гарч байсан цагдаа нар салгах гэтэл Д.О цамцнаас нь татаад шууд баруун гараараа хөмсөг рүү нь нэг удаа цохисон.” гэх тус тус мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хэргийн материалаас үзэхэд, хохирогч Г.Золжаргал нь гэнэтийн аюул учруулж болох ямар нэгэн халдсан үйлдэл хийгээгүй байх бөгөөд харин хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан, уг үйлдэлд зайлшгүй хүч хэрэглэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

  ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ