Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 181/2019/02428/и |
Дугаар | 001/ХТ2021/00565 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2021/00565
Д.У-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00916 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1102 дугаар магадлалтай,
Д.У-ын нэхэмжлэлтэй,
“Х и” ХХК-д холбогдох
Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэх тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26,754,318 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, түүний өмгөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Г.Ч, С.Я, нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Миний бие 2019.01.14-ний өдөр “Х и” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежерээр ажилд орсон. Гэтэл 2019.07.31-ний өдөр Б/19 дугаартай тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Тус компанийн бүхий л дүрэм, журмыг боловсруулж, олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо болох “ISO9001:2015”-г тус компанид нэвтрүүлж, сертификатжуулахаар стандартын бичиг баримтыг 6 сарын турш ганцаараа боловсруулсан. Тус компани Хятад, Монголын хөрөнгө оруулалттай компани бөгөөд компанийн ерөнхий захирал Ц.С-Э, гүйцэтгэх захирал Г.Г нар миний төрсөн дүү Д.О-г Хятад улсад эдийн засагч мэргэжлээр төгссөн хятад хэлтэй, мэргэжилдээ туршлагатай болохыг надаас мэдээд Д.О-г “Э М” ХК-д ажиллаж байхад нь манай компани ирээдүйтэй хэмээн ажлаасаа гарахыг ятган 2019.03.25-ны өдөр ажилд авсан. Дадлагажигч хугацаа хэмээн үндсэн ажилтнаар авалгүй 5 сарын турш ажиллуулсан. Д.О ажиллах 5 сарын хугацаанд маш олон орчуулгыг хийж, эдийн засгийн тооцооллуудыг хийж үр өгөөжтэй ажилласан. Энэ байдлыг тэсч тэвчихэд хүнд байсан тул миний бие Д.О-ийн талаар 2019.07.25-ны өдөр Ц.С-Э, Г.Г нарт хандан “...хэрэв энэ хүнийг үндсэн ажилтнаар авахгүй, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил хийлгэхгүй байсан юм бол яах гэж ажилд авсан юм бэ” гэж хэлэхэд 2 захирал хоёул над руу дайрч уурласан. Би жирэмсэн байсан учраас тэдэнтэй маргалдахыг хүсэлгүй шууд өрөөг орхин гарсан. Гэтэл 2019.07.26-ны өдөр Г.Г, Ц.С-Э нар намайг болон Д.О-г хурлын өрөөнд дуудаж хурал хийхээр болсон. Энэхүү хурлаар Д.О-г хийсэн ажлаа танилцуул гэсэн. Ц.С-Э над руу хандан ууртайгаар чи яагаад миний үгийг сонсохгүй байсан хэмээн уурлаж дайрч эхэлсэн, энэ үед би Ц.С-Э-д хандан “удирдлага хүн ажилтантайгаа зүй бусаар харьцсан тохиолдолд би заавал удирдлагын үгийг сонсох албагүй” хэмээн хурлын өрөөнөөс гарах гэтэл Ц.С-Э өөрийн урд байсан шилэн стаканыг авч шидсэн. Тэгээд захирал Ц.С-Э шууд босож ирэн намайг зодохоор дайрсан. Харин 07 дугаар сарын 31-ний өдөр Г.Г, Ц.С-Э нар өрөөндөө намайг дуудаж цаашид чамтай ажиллаж чадахгүй хэмээн тэр өдөртөө ажлаас халсан. Би Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежерээр ажилладаг ч ажлын байрны тодорхойлолтоор хүний нөөцийн асуудлыг давхар хариуцдаг байсан тул өөрийн дүү гэдэг үүднээс, мөн тухайн асуудлыг хариуцахын хувьд ярьсан болно. Нягтлан Я.Б-тэй зүй бус харилцаагүй, харин цалин дутуу орсон асуудлыг тодруулж асуусан. Харин дүү Д.О шалтгаангүйгээр өвдөөд байсан болохоор хүнээр үзүүлэхэд байгууллагаас хүн юм хийлгэсэн гэж хэлсэн болохоор энэ тухай хэлсэн нь үнэн. Энэхүү байдлаас болж 2019.07.30-ны өдөр Д.О өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгч ажлаас гарсан. Хуулиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгоход сүүлийн 6 сар нийгмийн даатгал төлсөн байхыг шаарддаг, миний бие 3 сартай жирэмсэн халагдсанаас болоод жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй. Ажиллах хугацаандаа тус компанийн охин компани болох “Г О” ХХК-д давхар ажил гүйцэтгэж, давхар цалинждаг байсан. Тус хоёр компаниас авдаг байсан цалин хөлс, нийгмийн даатгал хоёр дэвтэрт бичигдэн зохих шимтгэл төлөгдсөн. Хариуцагч “Г О” ХХК-г охин компани гэдэгт маргахгүй байна. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр давхар ажилладаг байсан гэдгийг захирлууд зөвшөөрсөн байдаг. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, 2018. 08.01-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх нийт 8 сар 6 хоногийн хугацааны олговорт хоёр байгууллагаас авсан сүүлийн саруудын цалингийн нийлбэрээс тооцон нийт 26,754,318 төгрөгийг гаргуулна. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Д.У ажлын гүйцэтгэлийн хувьд сайн боловч зан харилцааны хувьд хүмүүстэй таарамжгүй, ёс зүйн хувьд доголтой болох нь олон удаагийн үйлдлээр харагдсан. Компанийн зүгээс ажилтан Д.У-ыг хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн тул тушаал гарган сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Сахилгын хариуцлага хүлээх болсон үндэслэл нь Д.У хөдөлмөрийн гэрээний 9.2.17-д заасан “өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бус харьцсан”, 9.2.19-д заасан “ажлын байранд бусдыг доромжлох, хэрэлдэж маргалдах зэргээр бусдыг илтэд үл хүндэтгэсэн зан авир гаргасан” тул гэрээний 9.3-т зааснаар тусгайлан заасан “ноцтой зөрчил” гаргасан гэж үзсэн. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежерээр ажилладаг тул хүний нөөцийн асуудал түүнд хамааралгүй. Гэтэл дүү Д.О-г жинхэлсэнгүй хэмээн өөрийн ажил үүрэгт хамаарахгүй асуудлаар хүний нөөцийн ажилтан П.Б болон захирлуудтай, мөн цалин бага бодлоо гээд нягтлан бодогч Я.Б-тэй тус тус муудалцсан. Захирлуудаа өөрийн дүүд хараал жатга хийлгэсэн гэж ярьсан. Түүний энэ ёс зүйгүй, бусадтай зүй бус харилцдаг байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Тушаалын үндэслэлд хамааралгүй ч нэхэмжлэгчтэй таарамжгүй харилцаатайн улмаас өмнө нь өөр ажилтан сайн дураараа ажлаас гарч байсан. “Г О” ХХК-ийн тухайд тус компанийн охин компани мөн. Гэхдээ нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ хэрэгт хамааралгүй тул олговор тооцох үндэслэлгүй. Мөн нийгмийн даатгалаа сайн дураар төлж, тэтгэмжээ авах бололцоотой байсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр цуцалсан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хориглосон зохицуулалтад хамаарахгүй байгаа. Иймд Д.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00916 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.У-ыг “Х и” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны албаны менежерээр эгүүлэн тогтоож, “Х и” ХХК-иас нөхөх олговорт 8,677,072 /найман сая зургаан зуун далан долоон мянга далан хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.У-д олгож, үлдэх 18.077.246 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “Х и” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 153.783 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1102 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, түүний гомдол гаргахдаа төлсөн 153,783 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,783 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч “Х и” ХХК-ийн ерөнхий захирал Ц.С-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Тодруулбал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Талуудын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.2.17 дахь хэсэгт тусгасан “Бусадтай зүй бус харьцах” зохицуулалтын агуулгыг шүүгчийн зүгээс хэрхэн ойлгож, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай хэрхэн уялдуулан дүгнэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, “Тогтоогдохгүй байна” гэдэг тайлбар нь хангалттай бус юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Монгол хэлний их тайлбар толь” Mongoltoli.mn сайтад “Зүй бус харьцах” гэдгийг “ёсноос гадуур” хэмээн тайлбарласан. Энэ нь хууль, журам, дүрэмд тусгагдахаараа тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн журам, дүрмээс гадуур үйлдлийг ойлгох бөгөөд тэр ч агуулгаар нь хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Нэхэмжлэгч Д.У нь удирдах түвшиний албан тушаалтан биш бөгөөд ажилтнуудад шаардлага тавих, үүрэг өгөх, тайлан сонсох, тайлбар авах эрхгүй. Гэтэл нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч “Х и” ХХК-ийн хүний нөөцийн ажилтан П.Б, нягтлан бодогч Я.Б нарын ажил үүрэгт хувийн асуудлаар оролцож, тэдний ажил үүргийг зааж зааварлаж, ааш араншингийн хувьд зүй бус харьцсан үйлдэл гаргасан нь баримтуудаар нотлогдсон. Уг асуудлаар холбогдох ажилтнуудын зүгээс хариуцагч “Х и” ХХК-ийн удирдлагуудад гомдол гаргасан. Тэрхүү гомдлын асуудлыг “Х и” ХХК-ийн зүгээс бүх ажилтнуудын хурлаар хэлэлцэж, улмаар нэхэмжлэгч Д.У-ыг “Хөдөлмөрийн гэрээ”-нд заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж асуудлыг шийдвэрлэсэн. Энэ талаарх баримтуудыг хариуцагчийн зүгээс нэг бүрчлэн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад флаш дискэнд бичигдсэн уулзалт, хурлын ярианд үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгийн явцад нэхэмжлэгч Д.У нь гомдол гаргасан ажилтнуудтай зүй бус харьцаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Уг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүх “Тогтоогдохгүй байна” хэмээн дүгнэснийг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.У нь байгууллагын ажилтнуудын уур амьсгалыг эвдэж, ажилтнуудын ажил, үүргээ сайн гүйцэтгэх хүсэл эрмэлзлэлийг дарж байгууллагад хэрүүл, маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн. “Х и” ХХК-ийн удирдлагуудын зүгээс нэхэмжлэгчид итгэл хүлээлгэж, байгууллага бүхий л зүйлээр дэмжиж, санхүүгийн дэмжлэг ч үзүүлж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч нь удирдлагуудын уг итгэлийг ашиглаж байгууллагын бусад ажилтнуудтай зүй бус харьцаж, тэдний ажил үүрэгт дур зоргоороо оролцож ирсэн нь түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхэд хүргэсэн. Үүнийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг хэт ерөнхий байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээний 9.2.19-т “ажлын байранд бусдыг доромжлох, хэрэлдэж маргалдах зэргээр илт үл хүндэтгэсэн зан авир гаргасан бол” гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч өөрийн дүү болох Д.О-ийн талаар болон тухайн ажлын байран дээрээ ямар асуудал яригдсан тухай хэлсэн байна. Мөн шашны зан үйлтэй холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн байгааг шууд бусдыг доромжлон хэрүүл маргаан өдөөсөн гэх нөхцөл байдалд хамаарна гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй” гэжээ. Нэхэмжлэгч нь “Х и” ХХК-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежер” албан тушаалд ажилладаг байсан. Энэхүү албан тушаал нь нэгжийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны албанд харьяалагддаг. Нэхэмжлэгч Д.У нь Хүний нөөцийн ахлах, Захиргааны албаны захирал биш бөгөөд өөрийн ажил үүрэг, чиглэлийн хувьд “Х и” ХХК-ийн ажилтан Д.О-ийн асуудалд хөндлөнгөөс оролцох, байгууллагын удирдлагуудтай маргалдах, түүнийг заавал жинхлэх шаардлага гаргах бүрэн эрхтэй этгээд биш юм. Гэтэл нэхэмжлэгч Д.У нь өөрийн төрсөн дүүгийн асуудалд шууд оролцож, удирдлагын зүгээс өөрийн ажилтан Д.О-д шаардлага тавихад өмнөөс нь хэрүүл үүсгэж, хариуцагч байгууллагын удирдлагуудыг хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан. Түүнчлэн, уг маргалдааны явцад “Х и” ХХК-ийн удирдлагуудыг өөрийн төрсөн дүү Д.О-ааг бөөгөөр хараалгасан, түүний улмаас дүү нь хатгаа туссан зэргээр гүтгэж хүний ёс зүйд байж боломгүй үйлдэл гаргасан. Мөн нэхэмжлэгч Д.У нь хурлын танхимд өөрийн нөхрийг оруулж, түүгээр “Х и” ХХК-ийн удирдлагуудыг доромжлуулж, ерөнхий захирал Ц.С-Э жирэмсэн байхад “Чамайг бас би бөөгөөр хараасан, чи яагаад хараалд өртөхгүй байгаа юм” зэргээр сүрдүүлсэн үйлдэл гаргасан. Энэ бүх асуудлыг хариуцагчийн зүгээс нотлох боломжтой хэлбэрээр бүгдийг гаргаж өгсөн бөгөөд үзлэгийн явцад ч тодорхой болсон. Тэр ч утгаараа анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн уг үйлдлийг “Шашны зан үйлтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлсэн” хэмээн хэтэрхий өрөөсгөл хэлбэрээр дүгнэсэнд гомдолтой байна. Шашны зан үйлтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэх ойлголт нь “Бөөгөөр хараасан хэмээн гүтгэх”, “Бөөгөөр чамайг хараасан байхад чамд яагаад үйлчлэхгүй байгаа юм” гэх зэргээс эрс ялгаатай ойлголт. Ийм байдлаар бусдыг гүтгэж, бусдыг айлгах нь зөвхөн шашны үзэл бодлоо илэрхийлсэн төдий хэлбэр гэж хариуцагчийн зүгээс үзэхгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Д.У-ыг талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.19-д заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн шууд үзсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс шашны холбогдолтой асуудал гэдгийг хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг нэг бүрчлэн үзэхгүйгээр өнгөцхөн дүгнэлт өгснөөс “Үзэл бодлоо илэрхийлсэн” төдий гэж ойлгосон хэмээн үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.У, түүний өмгөөлөгч С.Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн шийдвэр гаргалаа. Нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгө нь нийгмийн даатгалаа төлсөн ард түмний хөрөнгө юм. Аль нэг албан тушаалтан, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг төлж барагдуулах ёстой хөрөнгө биш юм. Тийм ч учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөхийг тодорхой заасан байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор Нийгмийн даатгалын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл энэ хугацаа нь 2020 оны 05 дугаар сард дуусчихсан. Одоо 2020.06.20-ны өдрийн өнөөдрийн байдлаар ч “Х и” ХХК нь миний нийгмийн даатгалыг төлөөгүйгээр барахгүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхгүй өдий хүрээд байна. Энэ нөхцөл байдлаас үзвэл уг хэргийн талаар Дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацаанд биелэгдэхгүй байдалд ороод байна. Энэ хэрэг Дээд шүүхэд шийдвэрлэгдэх хугацааны байдлыг судалж үзвэл энэ ондоо ч хэлэлцэгдэж амжихгүй байж болох нөхцөл байдал ажиглагдаж байна. Ийм учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх 6 сарын хугацаа аль хэдийнээ өнгөрсөн учир Д.У миний биед Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар нэг ч төгрөг олдохгүй хохирч өнгөрөх боллоо. Иймд “Х и” ХХК-иас нэхэмжлэлийн дагуу Д.У миний биед 18,077,246 төгрөг гаргуулан өгөхийг хүсье. Аливаа компанийн толгой компани нь охин компанийнхаа хагас, бүтэн жилийн тайлан балансыг цэвэр ашигтай ажилласан нөхцөлд түүний ашгийг өөрийн компанидаа бүрэн хэмжээгээр төвлөрүүлэн зөвхөн толгой компанийн зөвшөөрлөөр шинээр чухам хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, аж ахуй зохион байгуулалтын ажилд чухам хэдэн төгрөг захиран зарцуулах эрхийг жил бүр олгодог бөгөөд цэвэр орлогогүй ажилласан тохиолдолд охин компаниа дуртай цагтаа татан буулгадаг эрхтэй байдаг. Гэтэл “Х и” ХХК-ийн захирал Ц.С-Э нь түүний охин компани болох “Г О” ХХК-д Д.У миний биеийг ажиллаж ажлынхаа хөлсөнд тохирсон цалин авч байхыг /амаар/ үүрэг өгч охин компанидаа ажиллуулж цалин хөлс олгуулж, тэндээс /давхар/ нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж байснаа, намайг хууль бусаар ажлаас халсны дараа тухайн охин компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, охин компанид ажилд авсан тушаал шийдвэр гаргаагүй тул охин компани болох “Г О” ХХК-д ажилласан хугацаанд оногдох цалингийн хохирол төлбөрийг төлөхгүй, тэндээс олгогдож байсан цалин хөлсний хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр боллоо. Ямар ч байгууллага, компани хүн ажиллуулчхаад цалин, хөлс өгч байсан нь нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажилд авсан тушаал гарсан, гараагүйг харгалзахгүйгээр хохирлыг нөхөн гаргуулдаг журамтай. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тушаал гаргаагүй атлаа тухайн хүнийг ажиллуулсаар цалин хөлс олгож байсан нь нотлох баримтаар тогтоогдвол тухайн хүнийг ажилд авч ажиллуулсан гэж хохирлыг тооцож гаргуулж байх талаар Дээд шүүхийн тогтоол гарч түүнийг хэрэгжүүлэн биелүүлж байгаа практик ч бий. Толгой компанийнхаа охин компанид ажиллаж байсан цалин хөлс нь үндсэн ажлаас гадуур ажилласан цалин хөлс биш, харин толгой болон охин компанийн захирал Ц.С-Э-ийн шийдвэр, зөвшөөрлөөр орой, үдэш, амралтын цагаар ажилласан, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авч байсан бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд охин компанид ажилласан цалин хөлс дундаж цалин хөлсөнд орохгүй гэсэн заалт байхгүй юм гэжээ.
ХЯНАВАЛ:
Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
Хариуцагч байгууллага болох “Х и” ХХК-ийн захирал 2019.07.31-ний өдрийн Б/19 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 9.2.17, 9.2.19-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-ыг “хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, дуусгавар болгосныг хууль бус гэж дүгнэн, эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч зөрчил гаргасан боловч түүнд хүлээлгэсэн сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдал, үр дагаварт нийцээгүй байна” гэсэн утгатай дүгнэлт хийсэн нь буруу, давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулан “нэхэмжлэгч сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч бусадтай зүй бусаар харьцсан гэх үйл баримт тогтоогдоогүй” гэж үзсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримт болох хариуцагч байгууллагын 2019.07.29-ний өдрийн хурлын тэмдэглэл /болсон үйл явдлын дараах/, хүний нөөцийн ажилтан П.Б, нягтлан бодогч Я.Б нарын гомдол, флаш дискэнд /нэг нь дуугүй дүрс бүхий бичлэгтэй/ шүүхээс хийсэн хоёр удаагийн үзлэгийн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгчийг бусдыг дарамталсан, зүй бусаар харилцсан гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр бүрэн тогтоогдохгүй, харин эсрэгээрээ хариуцагч байгууллагын удирдлагаас нэхэмжлэгч рүү эд зүйл шидэж байгаа, гарах гэхэд нь саад болж байгаа талаар тэмдэглэлд заасан байна.
Харин нэхэмжлэгч нь өөрийн дүү болох Д.О-ийн хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахгүй байгаатай холбоотой хувийн асуудлаар бусдын ажил үүрэгт оролцсоныг, мөн “дүү Д.О шалтгаангүй өвдөөд байсан болохоор хүнээр үзүүлэхэд байгууллагаас хүн юм хийлгэсэн гэж хэлсэн болохоор энэ тухай хэлсэн нь үнэн” гэснийг зөвтгөх боломжгүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс “...шашны шинжтэй зан үйлтэй холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн...” гэсэн утгатай дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай, гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 9.2.17-д заасан “өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж, дарамт үзүүлсэн”, 9.2.19-д заасан “ажлын байранд бусдыг доромжлох, хэрэлдэж маргалдах зэргээр илт үл хүндэтгэсэн зан авир гаргасан...” гэдэг нь бүрэн тогтоогдоогүй тул маргаан бүхий тушаалыг хууль ёсны гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
Тодруулбал, “зүй бусаар харьцаж, дарамт үзүүлсэн”, “доромжлох, хэрэлдэх, маргалдах зэргээр илт үл хүндэтгэсэн” гэдэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлахуйц ноцтой зөрчил болохын хувьд хүмүүсийн хоорондын үзэл бодлын зөрүү, түүнээс болж ам зөрөх, шүүмжлэх зэргээр илэрхийлж буй үйлдэл болгоныг ойлгохгүй, харин бусдыг ноцтой үг, үйлдэл /эс үйлдэл/-ээр заналхийлсэн, бүдүүлэг, хараалын шинжтэй, доромж үгээр, дайрах, хэл амаар доромжлох зэрэг ноцтой үйлдлийг ойлгоно.
Иймд, “шүүх нотлох баримтыг нэг бүрчлэн судлалгүйгээр хэргийг буруу, хэт ерөнхий байдлаар шийдвэрлэсэн” гэсэн утгатай хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, түүнчлэн гомдолд дурдсан нэхэмжлэгчийн хэлсэн гэх үг, гаргасан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын гомдолд заасан “шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийг зөрчсөн” гэсэн утгатай хяналтын гомдлын тухайд, хэдийгээр нэхэмжлэгч “миний бие 3 сартай жирэмсэн байх үедээ халагдсанаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй” гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тухайлан /тодорхой мөнгөн дүн/ зааж маргаагүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй /хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д заасан тэтгэмж авах бусад нөхцөлийг хангасан болохоо нотолсон/, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг /27,754,318 төгрөгийг яаж тооцсон талаар/ тодруулахад “... “Х и” ХХК болон охин компани нарын 2019 оны 5, 6, 7 саруудад авч байсан цалингийн дунджаар гаргасан...” гэснээс үзвэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, ингэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчийн жирэмсний амралт авах өдөр хүртэл /2019.11.18/ тооцон олгосон нь үндэслэлтэй байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаанаа заан тэтгэмж авах асуудлаар эрх бүхий этгээдэд хандахад, түүнчлэн буруутай этгээдээс хохирлоо шаардахад энэ тогтоол саад болохгүй.
Мөн, “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан журамд охин компанид ажилласан цалин хөлс дундаж цалин хөлсөнд орохгүй гэсэн заалт байхгүй байхад нөхөх олговрыг дутуу олгосон” гэсэн утгатай хяналтын гомдлын хувьд, шүүхүүдийн дүгнэсэнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 болон дурдсан журмын дагуу олгогдвол зохих нөхөх олговорт үндсэн ажлаас гадуур “Г О” ХХК-аас олгосон хөлс хамааралгүй болно.
Иймд, шүүх бүрэлдэхүүн зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00916 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.У, түүний өмгөөлөгч С.Ц болон хариуцагчийн төлөөлөгч Ц.С-Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 153,783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ