Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0265

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э м с” ХХК-ийн

                                        нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                                       

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бутлан ангилах төхөөрөмж ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийг /шийдвэр/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл”-ийг, СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” “Мэдэгдэл”-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Э э Б М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч О.Б Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2024/0004/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч “Э м с” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бутлан ангилах төхөөрөмж ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийг /шийдвэр/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл”-ийг, СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” “Мэдэгдэл”-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Э э Б М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э м с” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хэрэгцээт Бутлан ангилах төхөөрөмж ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Үнэлгээний дүгнэлт-ийг /шийдвэр/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар Мэдэгдэл-ийг, СЭ-112-12/73 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай Мэдэгдэл-ийг, “”Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон Э э Б М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ-г тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус шийдвэр, үйлдлийг хууль зөрчөөгүй гэж дүгнэж, гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн материал шаардлагад нийцэж байна гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад үл нийцэж байна.

3.1. Үнэлгээний хороо хууль бус бүрэлдэхүүнээр ажилласан тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна”, 47.3-д “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараахь шаардлагыг хангасан байвал зохино” гэж заасныг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зөрчсөн байхад анхан шатны шүүх зөрчөөгүй гэж нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэн.

Тухайлбал, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар тушаалын 88 дахь хавсралтад “Бутлан ангилах төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүн”-ийг байгуулсан байх бөгөөд тус үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Ч.Амарбаясгалан гэдэг хүнийг захиалагч томилсон байна.

Гэвч дээрх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Д.Гантулга гэх хүн ажилласан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудад уг тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргыг захиалагч өөрчлөн томилсон шийдвэр огт байхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдаагүй баримт болох 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар тушаалаар Ч.Амарбаясгаланг чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж хууль бус дүгнэлт хийсэн. Мөн анхан шатны шүүх Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-д заасны дагуу үнэлгээний хорооны гишүүнийг сольж болохоор зохицуулсан тул захиалагч ийм эрхтэй гэж тайлбарлаж хууль зөрчөөгүй байна гэдэг үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээний хорооны гишүүнийг чөлөөлөх, шинээр томилж болох эсэх асуудлаар маргаангүй, харин үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ч.Амарбаясгаланг чөлөөлсөн шийдвэр, Д.Гантулга гэх хүнийг үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон шийдвэр буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын тушаал төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn вэб сайтад болон хавтаст хэрэгт авагдаагүй, ийм тушаал байхгүй байхад шүүх Д.Гантулгыг үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Захиалагч үнэлгээний хорооны нарийн бичгийн даргыг өөрчлөн томилсон эсэх нь баримтаар тогтоогдоогүй байхад Д.Гантулга гэдэг хүн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх нь тогтоогдохгүй байна. Ийм бүрэлдэхүүнээр ажилласан үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй юм.

3.2. Захиалагч нь “Э э Б М” ХХК-иас тендерийн агуулга өөрчилсөн тодруулга авсан тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үүнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан зохицуулалтын дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Э э Б М” ХХК-иас тодруулга авсан байна.

Гэвч гуравдагч этгээд “Э э Б М” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж тендерийн агуулгад өөрчлөлт оруулах хэмжээний баримт мэдээллийг тодруулгаар дамжуулан захиалагчид хүргүүлснийг үнэлгээний хороо хүлээн авч үнэлсэн байна.

Тухайлбал, “Э э Б М” ХХК нь өөрийн тендертээ ирүүлээгүй баримт мэдээлэл болох конусан бутлуурын гидро системийн талаарх мэдээлэл, эргэлдэгч тоног төхөөрөмжийн хамгаалалт, аюул үүсгэж болох тоноглолууд стандартын дагуу хаалт, хашилтаар тоногдсон тухай мэдээлэл тус тус шинээр ирүүлсэн нь тендерт энэ тоног төхөөрөмжүүд байгаа гэдэг агуулга бий болж тендерийн агуулга өөрчлөгдөж байна. Нөгөөтээгүүр гуравдагч этгээд тодруулга ирүүлэхдээ тоос дарах системийн талаарх мэдээлэл, багаж хэрэгсэл болон галын автомат системийн талаарх мэдээлэл, операторын бүхээгийн халаалтын талаарх мэдээлэл огт ирүүлээгүй байхад үнэлгээний хороо “Э э Б М” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр, Монгол Улсын Сангийн яамнаас захиалагчид хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 тоот албан бичигт “Э э Б М” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгээс дараах зүйлийг шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлгээний хороо хянан үзээгүй байна гэж тусгасан. Үүнд:

1 Нийт эрчим хүчний зарцуулалт 405 квт цагаас ихгүй байх

2 Конусан бутлуурын гидро систем

3. Тоос дарах систем

4. Металл баригч

5. Багаж хэрэгсэл

6. Галын автомат систем

7. Энергийн эх үүсвэрийн зарцуулалт

8. Тоос дарагч автомат усаар шүршигч систем

9. Бутлуурын операторын бүхээгийн нөхцөл

10. Механик аюул, аюулгүй байдлыг тоноглол

            Анхан шатны шүүх дээрх үзүүлэлт нь тендерийн шаардлагад нийцсэн талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд дээрх баримтууд нь тендерийн материалд байгаа нь тогтоогдож байна гэдэг үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

            Сангийн яамнаас захиалагчид ирүүлсэн албан бичигт заасны дагуу “Э э Б М” ХХК-ийн ирүүлсэн тендерийн дээрх үзүүлэлт нь тендерийн шаардлагад нийцэж буй эсэхийг тогтоохоор захиалагч нь “Э э Б М” ХХК-иас тодруулга авсан байдаг. Гэвч тодруулгаар “Э э Б М” ХХК нь багаж хэрэгсэл буюу туузан дамжуулгын тууж солих багаж, засварлах багажны иж бүрдэл, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бутлуурын операторын бүхээгийн нөхцөл буюу бүхээгийн халаалтын системийн талаарх мэдээллийг огт ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж үнэлгээний хороо үзсэн нь үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл, “Э э Б М” ХХК-ийн ирүүлсэн тендерт энэ талаар огт мэдээлэл байхгүй, дээрх үзүүлэлтүүдийн талаар тодруулгаар мэдээлэл огт ирүүлээгүй байхад тендерийн шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлгээний хороо хэрхэн хянасан нь ойлгомжгүй байна. Үүнээс үзэхэд хянахгүйгээр нийцэж байна гэдэг дүгнэлт гаргасан байхад шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

            3.3. Гуравдагч этгээд “Э э Б М” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн шаардлагад нийцээгүй тухайд:

            Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.4-т “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан дагалдах бичиг баримтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлнэ” гэж тус тус заасан.

            Гуравдагч этгээд “Э э Б М” ХХК-ийн ирүүлсэн тендерт бутлуурын операторын бүхээгийн халаалтын нөхцөл, багаж хэрэгсэл буюу туузан дамжуулалтын тууж солих багаж, засварлах багажны иж бүрдэл, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бүтцийн схем, зарчмын схем, техникийн зураг зэргийг огт ирүүлээгүй байхад шүүх үүнийг буруу дүгнэлээ.

            Мөн гуравдагч этгээд “Э э Б М” ХХК-ийн ирүүлсэн тендерт техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцнэ гэсэн үгийг бичсэн боловч энэ нь Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.4-т заасан зураг, өгөгдлөөр нотлогдоогүй байгаа нь шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “Э м с” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Бутлан ангилах төхөөрөмж нийлүүлэх” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон.

2.2. Анх нэхэмжлэгчээс “Э м с” ХХК-иас “ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг /хууль бус захиргааны акт/ хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Э э Б М” ХХК нарын хооронд байгуулагдаж байгаа хууль бус гэрээг түдгэлзүүлэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Э э Б М” ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан тохиолдолд тус гэрээг /хууль бус захиргааны акт/ хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Э э Б МХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн ЭҮТӨҮГ/202301715 тоот тендерт шалгарсан тухай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.3. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Э э Б М ХХК нарын хооронд байгуулагдаж байгаа хууль бус гэрээг түдгэлзүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийг /шийдвэр/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл”-ийг, СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” “Мэдэгдэл”-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Э э Б М” ХХК-ин хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ Э э Б М ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй, 4-т заасан конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем, б-д заасан энергийн эх үүсвэрийн зарцуулалт, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол-ын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй, ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараахь шаардлагыг хангасан байвал зохино” гэж заасныг зөрчиж, хууль бус үнэлгээний хороо тендерийг үнэлсэн...” гэж тайлбарлан маргасан байна.

2.4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ..., 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.  

2.5. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүрд тендерийн баримт бичиг болон гуравдагч этгээд “Э э Б МХХК-иас ирүүлсэн материалыг харьцуулан үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлгүй “... санал болгож байгаа төхөөрөмжийн нарийвчилсан үзүүлэлт болон ажиллах системүүд тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг захиалга баталгаажихаар үйлдвэрлэгчээс авч илгээх боломжтой тухайгаа “Э э Б М” ХХК тодруулгын хариу хүргүүлэхдээ мэдэгдсэн, ... шаардлагад нийцсэн тендерүүдээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Э э Б М ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, хууль зөрчөөгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

2.6. Тодруулбал, нэхэмжлэгчээс “...Үнэлгээний хороо гуравдагч этгээдээс тодруулга авахдаа тендерийн агуулгыг өөрчилсөн тодруулга хүргүүлснийг хүлээн авч, үнэлсэн” гэж тайлбарлан маргаж байх атал шүүхээс үүнтэй холбоотой гуравдагч этгээдээс тендерт анх ирүүлсэн баримт болон ...тодруулгын дагуу ирүүлсэн материалыг харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөх, мөн Монгол Улсын Сангийн яамнаас захиалагчид хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 тоот албан бичгийн 8-т “Э э Б М” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3, 4-т заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзээгүй” гэсний дагуу Үнэлгээний хороо дахин үнэлэхдээ уг албан бичигт дурдсан ...шаардлагыг хангаж буй эсэхийг ямар шалгуураар, хэрхэн үнэлсэн талаар холбогдох баримтыг бүрэн гүйцэт цуглуулсны үндсэн дээр талуудын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

2.7. Түүнчлэн, Үнэлгээний хороо хууль бус бүрэлдэхүүнээр ажилласан гэж маргаж буй энэ тохиолдолд тус Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ч.Амарбаясгаланг чөлөөлсөн, Д.Гантулгыг тус хорооны нарийн бичгийн даргаар томилсон эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байхад холбогдох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

2.8. Нөгөөтэйгүүр, хэрэгт хавсарган ирүүлсэн CD хоосон, уншигдаж судлагдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар авагдсан, тендерийн баримт бичиг цаасан хэлбэрээр хэрэгт хавсаргагдаагүй байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

           

 

 

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                               Г.МӨНХТУЛГА

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

 

              ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН