Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2571

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Н-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02016 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Н,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

 

Амь нас хохирсны нөхөн төлбөр, алдангид нийт 183 214 524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямаа, Т.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Төмөрбаатар, Т.Одгал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н миний төрсөн дүү Самбуу овогтой Оюунчимэг нь 1994 оноос эхлэн Баянгол, Хан-уул дүүргийн шүүх, Сум дундын 28 дугаар шүүх, Хэнтий аймгийн сум дундын шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, шүүгчээр тус тус нийтдээ тасралтгүй 29 жил ажиллаж байсан ба сүүлд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд /элэгний хатуурал ээнэгшил, улаан хоолойн варизозын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний дутагдал, комын байдал, бөөрний цочмог дутагдал/ оноштой хэвтэж, эмчилгээ авалгүй цус алдаж нас барсан. 

Шүүхийн Ерөнхий зөвлөл /цаашид ШЕЗ гэх/ нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-тай “Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгал” ШХНЭМДҮ-00/2016-01 гэрээг байгуулсан байдаг ба энэхүү гэрээгээр шүүгчийн амь нас эрсдэх, эрүүл мэндэд бэртэл учирсан болон хохирол учруулсан нөхцөлд даатгагч нь даатгалын зүйлд учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгалын гэрээ байгуулагч нь даатгалын хураамж төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан. Гэрээний хугацаа 1 жил байдаг ба 505 шүүгчийн даатгалын хураамжид 596 000 000 төгрөгийг ШЕЗ нь “М” ХХК-д төлсөн байдаг. ШЕЗ-ийн ажлын албанаас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04/199, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/591 тоот албан бичгүүдээр талийгаач С.Оюунчимэгийн ар гэрт “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-ний дагуу нөхөн төлбөр олгох талаар “М” ХХК-д хандсан болно.

            “М” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НТА-17/045 тоот албан бичгээр “…даатгалын гэрээний 7.1.3 дахь заалт болон Даатгалын тухай хуулийн 8 зүйлийн 8.5.3 дахь заалтыг үндэслэн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох боломжгүй болохыг мэдэгдэж байна…” гэсэн ба үүнийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 9/2025 тоот албан бичгээр “…даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэл бүхий байна. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний маргааныг талууд иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой…” гэсэн хариуг тус тус өгсөн болно. Гэтэл дүү С.Оюунчимэгийн гэнэт цус алдаж нас барсан нь даатгалын гэрээний 2.1.10, 4.1.8-д заасан даатгалын эрсдэл, мөн гэрээний хавсралтын “Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт” гэсэн бүлэгт заасан даатгалын эрсдэлийн “Амь насны даатгал” хэсгийн 2-т заасан “Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон” гэдэгт хамаарч байгаа юм. 

Дүү С.Оюунчимэг нь маш их ачаалалтай, хагас бүтэн сайнгүй ажилладаг байсан бөгөөд эмнэлэгт очоод 24 цаг ч болоогүй нас барсан. Урьд нь цөсний хагалгаанд л орж байснаас өөрөөр өвдөж, үзүүлж харуулж байгаагүй. Архинд донтсон байгаагүй. Хагас сайны орой бие нь муудаад очиход учир нь ойлгогдохгүй олон зүйл яриад байхаар нь архи уучихаж гэж бодож ярьсан. Гэтэл өвчний шокт орсон байсныг мэдэхгүй байсан, үүнийг эмч хэлснээр л бид ойлгосон юм.  Талийгаач эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан ба цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй гэж нас барахынх нь өмнө гэрт нь гаргасан тухай бичиг баримтыг бүрдүүлсэн юм.

Гэрээний дагуу шүүгч асан С.Оюунчимэгийн нас барсан өвчний онош нь даатгалын эрсдэлд орж байгаа тул гэрээний 5.1-д заасан 133 246 974 төгрөгийн нөхөн төлбөр, гэрээний 9.2-д заасны дагуу даатгагч “М” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 75 хоногийн алданги 49 976 550 төгрөг, нийт 183 214 524 төгрөгийг авах эрхтэй гэж үзэж байна. Иймд “М” ХХК-иас “Шүүгчийн амь нас, Эрүүл мэндийн даатгал” ШАНЭМДҮ-00/2016-01 тоот гэрээний 2.1.10, 4.1.8, 6.2.3-т тус тус заасны дагуу талийгаач С.Оюунчимэгийн амь нас хохирсны нөхөн төлбөрт 133 246 974 төгрөг, алданги 49 976 550 төгрөг, нийт 183 214 524 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

ШЕЗ-өөс талийгаачийн ар гэрт учраад байгаа гачигдлыг боломжоороо шийдэж өгөхийг хариуцагчид хүссэн, мөн нэхэмжлэгчийн зүгээс  талийгаачийн орон сууцны асуудлыг нааштай шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч хариуцагч гачигдал нотлогдоогүй гэж үзсэн. С.Оюунчимэг нь эцэг эхээс өвлөсөн өөрийн эзэмшлийн байраа хүнд өвчнөөр өвдсөн ахынхаа эмчилгээний зардалд зарцуулаад өөрөө Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд ар хорооллын 15а байрны 30 тоот байрыг түрээслэн амьдарч байгаад Хэнтий аймагт хуваарилагдан очсон. Хэнтий аймагт ажиллаж байх хугацаандаа 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Финанс лайн” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 13-р хорооны “Алтан тэвш” амины орон сууцны 1-р гудамжид орших 184 айлын баригдаж буй орон сууцанд захиалга өгөн гэрээ байгуулсан.

Уг орон сууцны нийт төлбөр 95 655 600 төгрөг бөгөөд урьдчилгаа төлбөрт 20 хувь буюу 19 131 120 төгрөгийг бэлнээр төлсөн. Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу хуваарилагдан ирэх үед байрны асуудал шийдэх шаардлагатай болсон үед барилга хугацаандаа амжиж баригдаагүй, барилгын туслах материал үйлдвэрлэдэг найз нь бартерийн олон байр байхад аль нэгийг нь сонгоод надаас байр ав гэснээр захиалгын байрны гэрээгээ цуцалж, гэрээ цуцалсны 10 хувь болох 1 913 112 төгрөгийг суутгуулж үлдсэн мөнгөө авсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байрны урьдчилгаа болох 12 000 000 төгрөгийг н.Адъяахүүгийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. Мөн дансанд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлж, нийт 20 000 000 төгрөгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. Улмаар Баянгол дүүргийн 3-р хороо, нарны хороолол, 13-р байр, 106 тоот 64.32 м.кв хоёр өрөө байрыг сонгож, бүрэн тавилгын хамтаар 147 936 000 төгрөгөөр худалдан авахаар нүүж орсон. Ипотекийн зээл авахаар хамтран зээлдэгчээр төрсөн ах С.Болдтой тохиролцоод хөөцөлдөж эхлэх үедээ амь нас барсан болно гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямаа, Т.Ариунаа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3 дахь заалтаар шүүгчийг албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас, эрүүл мэндэд нь учирч болох эрсдлээс хамгаалах, нийгмийн хамгаалалтыг төр хариуцаж, даатгалын хураамжийг улсын төсвөөс гаргаж даатгуулах, 24.2.1 дэх заалтаар “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх” гэсэн хууль зүйн зохицуулалттай байдаг. Энэ нь ерөнхийдөө бэртэл, гэмтлийг хамаараад байгаа юм.

“М” ХХК нь 2016 оны 08 дугаар сард тендерээр шүүгчдийн даатгалыг авч, дээрх хуульд заасан тохиолдлоос гадна ажил үүргээ гүйцэтгэх явцад гэнэт гарч болох зарим гэнэтийн өвчнийг тооцон “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын ШАНЭМДҮ-00/2016-01 тоот гэрээг ШЕЗ-төй байгуулсан бөгөөд дээрх гэрээний 1.2-д “хоёр тал гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр”, 4.1-т “даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учрах гэнэтийн эрсдлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцохоор тохиролцсон. Тухайлбал, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1, 24.2.2, 24.2.3 дахь хэсгүүдэд заасан эрсдэлүүдээс гадна байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл, гуравдагч техниктэй харьцах үеийн эрсдэл, гуравдагч этгээдээс учруулах хохирол, бусдад хорлогдох, буу, хутга, мэс зэрэг зэвсэгт болон гадны дайралтад өртөх, гэнэтийн өвчлөл” гэсэн үндсэн эрсдэлээс хамгаалахаар заасан.

Гэрээний 4.1.8-д “Гэнэтийн өвчлөл” гэдгийг тодорхойлон ажил үүргээ гүйцэтгэх явцад гэнэт гарч болох дараах өвчнийг нэр заан эрсдэлд тооцно гэж тохиролцсон. Үүнд: мухар олгойн хурц түгжирэл болон түүний архаг өрөвслийн сэдрэлт, гэдэсний хурц түгжирэл, хоол боловруулах эрхтэний цооролт, түлэгдэлт, цус харвалт, ухаан алдалт, зүрхний цусан хангамж алдагдах болон цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах, зүрхний цочмог шигдээс, гэнэтийн ухаан алдалт, татаж унах, хордолт, бүх төрлийн хордлого гэж заасан.

Гэтэл ШЕЗ-ийн ажлын албаар дамжуулан ирүүлсэн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой цугларсан нотлох баримтуудаас үзэхэд талийгаач нь шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх явцтай огт холбоогүй шалтгаантай буюу “2015 оноос өвчилсөн цөсний шалтгаантай элэгний хатуурал өвчин түүний ээнэгшил алдсан үе шат, хоол боловсруулах дээд замын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний хурц дутагдал, комын байдал, бөөрний цочмог дутагдал” гэсэн онош бүхий ердийн өвчнөөр нас барсан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1 дэх “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр  шүүгчийн өв залгамжлагчид төлөх”, даатгалын гэрээний 4.1-т “даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан эрсдэл”, 4.1.8-д “гэнэтийн өвчлөл” гэсэн заалтуудад хамаарахгүй, даатгалын тохиолдол үүсээгүй. Харин даатгалын гэрээний 7.1.3 дахь заалт болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан”, 8.5.5-т “Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл” гэсэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байдал үүссэн тул даатгалын сангаас нөхөн төлбөр олгохооc татгалзаж шийдвэрлэн, энэ тухай хариуг албан бичгээр ШЕЗ болон талийгаачийн эгч С.Н-т даатгалын гэрээнд заасан хугацаанд өгсөн.

С.Н-ийн нөхөн төлбөр авах өргөдлийг дараах нотлох баримтуудыг үндэслэн татгалзсан. Үүнд: Хэнтий аймгийн Хаштун эмнэлгийн тодорхойлолтоор 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “элэгний билиар цирроз өвчин” оноштойгоор тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, цаашид нарийн мэргэжлийн эмчийн хяналтад бай гэсэн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгчийн картын 6 хуудас баримт, талийгаачийн эгч С.Н нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу амралтын өдрийн 18 цаг 24 минутад Нийслэлийн түргэн тусламжийн төв буюу 103-т “олон хоног гэрээр архи уусан, өнөөдрөөс цусаар бөөлжүүлж эхэлсэн, эмчид үзүүлээгүй, цус гарахаар нь 103 дуудсан” гэсэн дуудлага өгсөн, түргэний эмч Б.Анхбаяр талийгаачийн Баянгол дүүрэг дэх гэрт нь очиж үзлэг хийн “архины хордлого” гэсэн урьдчилсан онош тавьж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн MCIB11467263 дугаартай түргэн тусламжийн хуудсаар батлагддаг.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн баг зохих эмнэлгийн үйлчилгээ тусламж үзүүлэн эмчлэгч эмч О.Сувданцэцэг яаралтай тусламжийн хуудсыг 20 цаг 35 минутад нээн бичиж “хорт зуршил: “архи”, өвдөлт: “архаг”, өмнөх өвчний түүх “элэгний өвчин”, онош: “элэгний хатуурал, ээнэгшил алдсан үе, хоол боловсруулах дээд замын цус алдалт” гэсэн урьдчилсан онош тавьсан байдаг. Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасаг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 05 минутад 535 тоот өвчний түүх нээсэн, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 45 минутад өвчтөнийг эмнэлгээс гаргаж өвчний түүхийг хаасан байдаг. Эмчлэгч эмч Г.Норовсүрэн өвчний түүх дээр хэвтэх үеийн онош: К74 буюу элэгний ширэгдэл ба хатуурал”, эмнэлгээс гарах үеийн үндсэн онош: элэгний хатуурал, ээнэгшил алдах үе, дагалдах онош: “архисах өвчин” өвчний хүндрэл: “ходоод гэдэсний дээд замын цочмог цус алдалт, элэгний дутагдал комын байдал 2 дугаар үе шат, элэг бөөрний хам шинж” гэж бичиж тэмдэглэсэн байдаг.

Мөн талийгаачийг эмнэлэгт хүргэж ирсэн түүний эгч С.Нийн өвчтөний талаарх эмчийн асуултанд хариулсан: “2014 оны 11 дүгээр сард цөсний хүүдий авахуулах мэс засал хийлгэсэн, 2015 онд элэгний хатуурал оношлогдсон, эмнэлэгт үзүүлж хяналтанд байдаггүй, дүү нь сувилагч гэрээр дусал тариа хийдэг, сүүлийн нэг cap архи ууж байгаа, 3 хоногийн өмнөөс гэрээр дусал тариа хийлгэж байгаа, хоол идээгүй, өнөөдөр 19 цагийн үед амнаас нь цус гарч, бүлэгнэсэн цус байсан тул 103 дуудаж ирсэн” гэсэн хариулт тэмдэглэсэн байдаг. Талийгаачийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж яаралтай тусламж үзүүлэн 15 цаг өнгөрсний дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 45 минутад “биеийн байдал нь дээрдэх боломжгүй, бид ойлгосон, цус алдах, амьсгал хураах, зүрх зогсох хүндрэл учрахыг ойлгосон” гэсэн хүсэлт гаргаж, “өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрөлийн хуудас”-ыг ар гэрийнхэн нь бичгээр гаргаж өгснөөр эмчилгээг зогсоож, талийгаачийг гэрт нь гаргаж, мөн өдрөө буюу 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ нас барсан байдаг.

Талийгаачийн өвчин гэнэтийн өвчин эсвэл ердийн өвчний аль болох нь тусгай мэдлэг шаардсан ажил тул Монгол Улсын Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Даваадорж эмчид хандахад өвчний түүхтэй холбоотой эмнэлгийн бүх баримт материалтай танилцаад: “С.Оюунчимэг 2015 онд анх цөсний шалтгаант элэгний хатуурал оношлогдсон байна. Өвчний түүхэнд архины өндөр хэрэглээтэй байсан. Уг өвчнийг хүндрүүлсэн, 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр цөсний шалтгаант элэгний хатуурал өвчний ээнэгшил алдсан үе шатанд ХБДЗ-н цус алдалт, элэгний хурц дутмагшил үүсч биеийн байдал маш хүндэрсэн байна, уг өвчний төгсгөл үе шат болох ээнэгшил алдах үе шатанд элэгний үйл ажиллагааны хурц дутагдал үүсэх нь эмнэлзүйн практикт нилээд тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд С.Оюунчимэгт Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд стандартын дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн болно” гэсэн дүгнэлт гаргасан.

Дээрх байдлуудаас үзэхэд талийгаач элэгний архаг өвчтэй байж нас барсан ба энэ нь албан үүргээ гүйцэтгэхтэй огт холбоогүй гэдэг нь нотлогддог юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо С.Нийн гомдлоор даатгагчийн татгалзсан шийдвэрийг хянаж үзээд, нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэл бүхий байна гэсэн хариу өгсөн байдаг.

Нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 75 хоногийн алданги 49 967 550 төгрөг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. ШЕЗ-ийн ажлын албаны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04/199 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан /өрөгдөл, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, нас барсан гэрчилгээ, даатгалын баталгаа, амбулаториор эмчлүүлэгчдийн картын 6 хуудас, эмнэлгийн тодорхойлолт/ баримт материалыг манай нөхөн төлбөрийн алба 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцахад нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд нас барсан шалтгаан, шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэх үед даатгалын тохиолдол гарсан эсэх нь тодорхой биш, нотлох баримт дутуу байсан тул даатгалын гэрээний 1.2, 8.1.3, 8.1.8 дахь заалтын дагуу дутуу байгаа баримт материалыг бүрдүүлж өгөхийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/12-369 тоот албан бичгээр ШЕЗ-ийн ажлын албанаас шаардахад 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04/306 тоот албан бичгээр “...амбулаториор эмчлүүлэгчийн карт, нас барсны гэрчилгээг эгч С.Нээс авах, нас барахын өмнөх оношилгоо, эмчилгээ хийлгэсэн баримтыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж авна уу...” гэсэн хариу ирүүлсэн.

Энэ албан бичигт бичсэний дагуу талийгаачийн эгч С.Нт хандаж энэхүү баримт бичгийг ирүүлэхийг хүсэхэд С.Н нь амбулаториор эмчлүүлэгчийн карт гэх мэт баримт байхгүй гэж ирүүлээгүй. Харин Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 тоот албан бичгээр яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, оношилгоо, эмчилгээг зогсоож өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрлийн хуудас, эмчилгээ, шинжилгээний бусад холбогдох баримт болох 34 хуудас баримт бичгийг манайд ирүүлсэн. Эдгээр баримт бичгүүдтэй танилцаж судлаад Монгол Улсын Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Даваадорж эмчид хандан дүгнэлт гаргуулсан.

Ингээд ШЕЗ-ийн ажлын албанд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/12-476 тоот албан бичгээр, С.Нт 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 01/12-483 тоот албан бичгээр тус тус хариу мэдэгдсэн. Иймд хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Манай нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай хариуг аваад ШЕЗ-өөс 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 61/591 тоотоор “...талийгаачийн ар гэрт учраад байгаа гачигдлыг боломжоороо шийдэж өгөөч” гэсэн бичиг ирүүлсэн, С.Н нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр талиийгаачийн орон сууцны асуудлыг нааштай шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргасан, судалж үзэхэд хүсэлтэд дурдсан гачигдал нотлогдоогүй, орон сууцны зээлгүй байсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1, даатгалын гэрээний 4.1-т тус тус заасан даатгалын тохиолдол гараагүй, даатгагчид Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-аас 133 246 974 төгрөгийг гаргуулж, С.Н-т олгож, нэхэмжлэгчийн 49 967 550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 074 023 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 824 185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямаа, Т.Ариунаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэнэ үү. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Тендерийн баримт бичгийн “Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт” гэсэн бүлэг нь даатгалын гэрээнд хавсралт болж орсон байх ба түүнд заасан даатгалын эрсдлийн “Амь насны даатгал” хэсэгт “Шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад дараах шалтгааны улмаас амь нас нь хохирсон бол даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Үүнд: ...2.Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон бол” гээд “Бүхий л өвчин эмгэг” гэдгээ “шүүгчийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц бүх төрлийн өвчнийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Хавсралтыг гэрээний салшгүй хэсэг гэж даатгалын гэрээний 3.3-т заасан байна...” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 133 246 974 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл энэ даатгалын гэрээний хавсралт болгож хэрэгт хийсэн 2 хуудас нь ШЕЗ-өөс 2016 оны 5 дугаар сард зарласан ШАНЭМДҮ-00/2016 дугаартай тендерийн “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний тендерийн баримт бичиг”-ийн хавсралт Е-Захиалагчийн үзүүлэх үйлчилгээ болон техник хэрэгсэл гэсэн 58, 59 дүгээр хуудсууд байгаа бөгөөд эдгээр 2 хуудсыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс нэг жилийн хугацаатайгаар байгуулсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын ШАНЭМДҮ-00/2016-01 тоот даатгалын гэрээний хавсралт болгож даатгалд үүрэг үүсгэх зорилгоор зориудаар зохиож хэрэгт нотлох баримт болгон өгсөн байна.

Даатгалын гэрээний хавсралт нь зөвхөн шүүгч нарын нэрсийн жагсаалт бөгөөд “Хавсралт Е-Захиалагчийн үзүүлэх үйлчилгээ болон техник хэрэгсэл гэсэн 58, 59 дүгээр хуудас” гэсэн хавсралт гэрээнд байхгүй, мөн даатгалын гэрээний хуудас бүр дээр хоёр тал гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан байгаа. Гэтэл даатгалын гэрээний хавсралт болгосон тендерийн баримт бичгийн 58, 59 дүгээр хуудсууд дээр 2 талын гарын үсэг байхгүй, 58, 59 гэсэн бичилт тодоор харагдаж байгаагаар тендерийн баримт бичгийн хавсралт болох нь нотлогдож байна. Гэрээний хавсралт болгосон 58, 59 гэсэн хоёр хуудсыг "Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний тендерийн баримт бичиг"-ийн 58, 59 дүгээр хуудсуудтай харьцуулан харахад эдгээр нь үг, үсгийн зөрүүгүй, түүний хуулбар болох нь нотлогдож байхад шүүх “Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон бол” гэсэн даатгалын гэрээнд байхгүй, даатгалын эрсдэл биш тендерийн саналыг нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт болгон дүгнэснийг хууль зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна.

Талийгаач нь шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх явцтай огт холбоогүй шалтгаантай буюу “2015 оноос өвчилсөн цөсний шалтгаантай элэгний хатуурал өвчин, түүний ээнэгшил алдсан үе шат, хоол боловсруулах дээд замын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний хурц дутагдал, комын байдал, бөөрний цочмог дутагдал” гэсэн оноштой ердийн өвчнөөр өвчилсөн үедээ удаан хугацаагаар архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний дутагдал комын байдалд орж өвчин нь хүндэрч улмаар нас барсан байсан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1, даатгалын гэрээний 4.1, 4.1.8, 7.1.3, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, 8.5.5-т тус тус заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байдал тогтоогдсон, хариуцагчийн татгалзал нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдсон, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг нь эдгээрийг үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байхад шүүх шийдвэртээ эдгээр нотлох баримтыг үндэслэл болгосонгүй.

Тухайлбал: С.Н-ийн даатгалд ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгчдийн картын 6 хуудас баримт болон үүнийг баталгаажуулсан Хаштун эмнэлгийн тодорхойлт, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн MCIB11467263 дугаартай түргэн тусламжийн хуудас, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн хуудас, тус төвийн Эрчимт эмчилгээний тасгийн өвчний түүх, ар гэрийнхний эмнэлгээс гаргах тухай бичгээр гаргасан өргөдөл, Монгол Улсын Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Даваадорж эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байхад шүүх хэт нэг талыг баримталж, үндэслэлтэй нотлох баримтгүйгээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, даатгалын гэрээнд заасан эрсдэлтэй огт холбоогүй, талийгаачтай холбоотой нь нотлогдоогүй, хоёр талын гарын үсэг байхгүй А.Хишигбуянтай хийсэн гэх орон сууц худалдан авах гэрээ, С.Нарантуяа нэрээр хийгдсэн төлбөрийн баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нотлох баримт гэж үзэж шийдвэртээ дурдсаныг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх талийгаачтай хамт ажиллаж байсан П.Лхагвасүрэн, эгч С.Нарантуяа, Д.Ганчимэг гэсэн ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийг гэрчээр оруулсан, эдгээрийн мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдоогүй, харин ч дээр дурдсан эмнэлгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад шийдвэрийнхээ үндэслэл болгон “...талийгаач эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Харин ар гэрийнхэн нь талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй гэж нас барахын өмнө гэрт нь гаргасан тухай бичиг баримт бүрдүүлсэн нь хэрэг хэлэлцэх явцад тодорхой болсон болно...” гэж илт нэг талд үндэслэлгүй дүгнэлт хийж байна.

Шүүх нэхэмжлэгч талын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хүсэлт, хүсэлтийг шийдвэрлэсэн 182/ШЗ21017/08813 дугаартай захирамж зэргийг хариуцагч талд тухай бүрт нь танилцуулж байгаагүй, шүүхийн шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уншиж танилцуулсан атлаа бичгийн шийдвэрийг 7 хоногт биш, 20 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж хууль зөрчиж байгааг анхаарна уу.

Даатгуулагч нас барсан нь шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх явцтай огт холбоогүй шалтгаантай нь нотлох баримтаар тогтоогдож, даатгагчид гэрээний үүрэг үүсээгүй байхад, даатгалын эрсдэлд хамааруулах зорилгоор тендерийн баримт бичгийн 58, 59 дүгээр хуудсыг даатгалын гэрээний хавсралт болгон зохиож, нэхэмжлэлийн шаардлагатай огт хамаагүй бусдын орон сууцны төлбөр тооцооны асуудлыг даатгалын сангаар төлүүлэх шийдвэр гаргаж байгааг манай зүгээс хууль, шударга ёсонд үл нийцлээ гэж үзэж байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1, даатгалын гэрээний 4.1-т тус тус заасан даатгалын тохиолдол гараагүй, даатгагчид Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй гэдэг нь тогтоогдож, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдож Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, 8.5.5, 9 дүгээр зүйлийн 9.1.1, даатгалын гэрээний 7.1.3 дахь заалтуудад заасан үндэслэл бүхий гэдэг нь нотлогдсон. Харин нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй. Даатгуулагч Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нөхцөлөөр нөхөн төлбөр шаардах хязгаартай эрхтэй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Шүүхийн ерөнхий зөвлөл, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын ШАНЭМДҮ-00/2016-01 дугаартай гэрээгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 505 шүүгчийн амь нас, эрүүл мэндийг 67 289 721 870 төгрөгийн даатгалын үнэлгээтэйгээр даатгуулж, даатгалын хураамжид 596 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаатай уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 431.4 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүсчээ.

            Даатгуулагч даатгалын гэрээний хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон ба даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, даатгуулагч С.Оюунчимэгийн амь насны даатгалын нөхөн төлбөрт 133 246 974 төгрөг, түүнийг хугацаанд нь төлөөгүйн алданги 49 967 550 төгрөг, нийт 183 214 524 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулахаар өв залгамжлагч С.Н-ийн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ өвчний онош нь гэнэтийн өвчлөлд хамаарахгүй, гэрээнд заасан даатгалын эрсдэл бий болоогүй, мөн ажил үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон гэх үндэслэлгүй тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй гэж тайлбарлан маргажээ.

            Талууд гэрээний дөрөв дэх хэсгийн  4.1.8-д “гэнэтийн өвчлөл” нь даатгалын эрсдэл   байхаар харилцан тохиролцож тодорхойлон, түүнд хамаарах өвчлөлийг тоочиж нэрлэсэн ба “гэнэтийн өвчлөл” гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг ойлгохоор гэрээний 2.1.10-т заажээ.

            Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар албан бичигт өвчний оношийг “элэгний хатуурал, ээнэгшил, улаан хоолойн варикозын цус алдалт, эзлэхүүн багадалтын оворго, элэгний дутагдлын комын байдал, бөөрний цочмог дутагдал” гэж тодорхойлсноос үзвэл өвчлөлийг бүхэлд нь архаг, урьд нь оношлогдож байсан гэж үзэхээргүй, хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай хоол боловсруулах замын цус алдалт, бусад хүндрэлийн улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд гэрээний 4.1.8-д заасан “хоол боловсруулах эрхтний цооролт”-д хамаарах даатгалын эрсдэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Даатгуулагч С.Оюунчимэг нь 2014 онд цөсний хүүдий /чулуу/ авахуулах мэс засал хийлгэсэн, Хэнтий аймгийн Хаш тун эмнэлэгт 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 22 хоног билиар цирроз оноштойгоор хэвтэж эмчлүүлснээс өөр өвчин оношлогдсон, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байсан баримт хэрэгт авагдаагүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатай шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулагдах үед болон түүнээс  хойшхи хугацаанд архаг өвчнөөр өвдөж, эрсдэлтэй байдал хүлээгдэж байсан гэж үзэх болон гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.16-д заасан нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хэргийн 132-133 дугаар талд авагдсан хоол боловсруулах эрхтэн судлалын эксперт эмчийн дүгнэлт нь хэргийн оролцогчийн хүсэлтэд үндэслэн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт биш, хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй. Түүнчлэн даатгуулагч С.Оюунчимэгийн өвчний түүхэд тэмдэглэгдсэн архи уусан гэх мэдээллүүд нь эмнэлгийн болон лабораторийн шинжилгээгээр батлагдсан баримтгүй, эргэлзээтэй байх ба дүүргийн эрүүл мэндийн төвийн тодорхойлсон албан ёсны оношийг хэрэгт хамаар алтай эргэлзээгүй баримт гэж үзнэ. 

Даатгуулагч нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эмнэлгийн яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэх хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хэрэгт цугларсан яаралтай тусламжийн дуудлагын баримт болон эмчилгээний түүх хөтлөгдсөн байдал, гэрч П.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэл, бусад бичгийн баримтаар тогтоогдож байх тул   даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа өвчилсний улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн дээрх нөхцөл байдал, баримтыг харьцуулан үзвэл “гэнэтийн өвчлөл”-ийн улмаас даатгуулагч нас барсан, даатгалын эрсдэл бий болсон байх бөгөөд гэрээний 6.2.3-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг даатгагч төлөх үүрэгтэй, гэрээний 8.2.1-т зааснаар даатгуулагч нөхөн төлбөр шаардах эрхтэй.

Хариуцагч талыг даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх алданги шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд даатгуулагчийн сүүлийн 15 жилийн цалингийн хэмжээг гэрээний 5.1-д 133 246 974 төгрөг гэж талууд харилцан тохиролцож тодорхойлсныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж, алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, даатгалын гэрээний 4.1, 4.1.8, 5.1, 6.2.3, 8.2.1-т заасанд нийцсэн, даатгалын эрсдэл үүссэн эсэхтэй холбоотой хэргийн нотлох баримтыг үнэлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй ба хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин даатгуулагчийн орон сууцны зээл, өр төлбөртэй байсан нөхцөл байдлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн нэхэмжлэгч талын хүсэлт нь даатгалын гэрээний нөхөн төлбөр гаргуулах үндэслэлд хамаарахгүй бөгөөд даатгалын нөөц сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулах эрхгүй тул шийдвэрлэх боломжгүй гэж даатгагч үзсэнийг даатгалын гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхгүйг дурдаж байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  824 185  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ