| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00661/и |
| Дугаар | 135/ШШ2018/00730 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2018/00730
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.*******туяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** багт байрлах ******* ******* ******* ХХК-д холбогдох,
1 028 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “******* *******” ХХК-д 2011 оноос 2015 он хүртэл цахилгааны инженерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд буюу 2012 оны 11 сард тухайн моторыг ерөнхий инженерээс зөвшөөрөл аваад харуулд бүртгүүлээд ажилд дээрээ тавьсан. Би тэр хөдөлгүүрийг хувиараа ажил хийж ажлын хөлсөндөө авсан. Би 2015 онд ажлаас халагдсан. Тухайн хөдөлгүүр овор хэмжээтэй тул би тухайн үед авч яваагүй. Тэгээд намайг ажлаас гарсны дараа 2016 оны 10 сард миний хөдөлгүүрийг өөрсдөө суурилуулаад ******* алтан ******* ХХК нь ашиглаж байсан. Би учир байдлыг асуутал одоо ашиглаж байгаа учир 1 сая төгрөгөөр худалдаж авъя гэж тохиролцсон. Тэрнээс хойш уулзаж болон утсаар ярьдаг байсан боловч хүлээж бай болно бүтнэ гэдэг байсан. Тэгээд өгөхгүй болохоор нягтлан бодогч Сарантуяатай утсаар ярьтал юу ч мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрээгүй. Тэгээд шүүхэд хандсан. Иймд “ ******* алтан *******” ХХК-иас хөдөлгүүрийн мөнгө 1 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахад хандахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөг нийт 1 028 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* –******* ******* ХХК-ны гүйцэтгэх захирал ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* 2012 онд харуулын бүртгэлд бүртгүүлж байгууллагад оруулж ирсэн гэж байгаа боловч 2013.01.09-ний өдөр бүртгэлд моторыг авчирсан байсан. Дараа нь дахин мотор авчирсан боловч ямар мотор гэдэг нь тодорхойгүй моторыг оруулж ирсэн байсан. Яах гэж байгууллагаруу оруулж ирсэн бэ гэхээр хуучин байсан учир засаж сайжруулах гээд оруулж ирсэн гэсэн. Моторыг 1 сая төгрөгөөр тохирсон гэж байна. Гэтэл манай байгуулага материалыг хүлээж авахдаа заавал орлогын баримтаар хүлээж авдаг. Үнэхээр тэгж тохирсон бол санхүүтэй уулзах ёстой. Надтай Хонгор суманд таараад энэ талаар хэлэхээр нь таных мөн юм бол баримтаа авчирч өг нярав хүлээж аваад санхүүд бүртгэгдээд танд мөнгө гарна гэж хэлсэн. Тэгсэн би тэр авгайтай уулзахгүй би шүүхэд хандана гэж хэлсэн. ******* ногоон өнгийг мотор оруулж ирсэн гэдэг гэтэл одоо манайд байгаа мотор нь цэнхэр өнгийн мотор байгаа. Тэр мотор манай байгууллагын хашаанд хэнийх нь мэдэгдэхгүй яваад байсан. Одоо тэр мотор нь манай байгууллагад байгаа. Санхүүгийн бичиг баримтаа бүрдүүлж байж нярав хүлээж аваад захиалгын хуудсаар гардаг. ******* нь 2015 ажлаас гарахдаа ямар ч тооцоогүй гээд гарын үсгээ зураад ажлаа хүлээлгэж өгөөд гарсан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь *******-******* ******* ХХК-д холбогдуулан хөдөлгүүрийн мөнгө 1 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахад хандахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөг нийт 1 028 550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь манай байгууллагад мотор нь байгаа өөрийнх гэдгээ нотлоод авах боломжтой, 1 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* нь ******* –******* ******* ХХК-д ерөнхий цахилгаанчнаар ажиллаж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан ******* –******* ******* ХХК –ны захирлын тушаал, тойрох хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь ******* –******* ******* ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2012 онд 11 квт болон, 1,4 квт-ын 2 ширхэг цахилгаан хөдөлгүүрийг тус компанид нэвтрүүлж оруулсан болох нь Д.******* 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргаж байсан хүсэлт, буцаан гаргахыг зөвшөөрсөн цохолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 10 сард ерөнхий инженер Гомботой 1 сая төгрөгөөр тохирч худалдахаар тохирсон, 1 сая төгрөгийн санхүүгийн баримт бүрдүүл гэсэн тул 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн санхүүгийн баримтыг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч *******-******* ******* ХХК-тай худалдахаар 1 сая төгрөгөөр тохирсон нотлогдохгүй, маргааны зүйл болох нь хөдөлгүүр нь 1 сая төгрөгийн үнэтэй эсэх талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, эвлэрүүлэн зуучлалын зардал 28 550 төгрөг нэхэмжилсэн боловч эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан талаар болон төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч *******-******* ******* ХХК-д 11 квт-ын хөдөлгүүрийг 1 сая төгрөгөөр худалдсан эсэх талаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.******* нэхэмжлэлтэй ******* –******* ******* ХХК-д холбогдох 1 028 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29235 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА