Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2574

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02647 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Сгийн, хариуцагч “АД” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нөхөр бид хоёр 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ХААН банкнаас орон сууцны ипотекийн ЗГ/1361 тоот зээлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 22 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцыг 63 000 000 төгрөгөөр зээлийн нөхцлөөр худалдан авсан. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “АД” ХХК-ийн Дархан салбартай 30514006208 тоот зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ 30314106911, 3031416912 тоот үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгааг үйлдэж даатгуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хамтран зээлдэгч Д.Цогтсайхан нь зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан тул гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр олгох тухай өргөдөл хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “АД” ХХК-ийн Дархан салбарт холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “АД” ХХК-иас нөхөн төлбөр олгох нөхцлийг хангаагүй, нөхөн төлбөр олгох боломжгүй гэх мэдээллийг өгсөн. Мөн санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргахад 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 9/2737 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн. Иймд бидний орон сууцны зээлийн төлбөр 582 800 төгрөг бөгөөд үүнээс өрхийн орлогод эзлэх хувь буюу талийгаачийн нөхөн төлбөрт 65 хувь болох 35 734 036 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “АД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.С нь өөрийн нөхөр Д.Ц-ны хамт 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээг ХААН банктай байгуулан 63 000 000 төгрөгийг зээлж авсан. Нэхэмжлэгч “АД” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбартай 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгааны 30514006208 дугаар бүхий даатгалын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгааны 30314106911 дугаартай гэрээг тус тус байгуулсан. Даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг үндэслэн даатгуулагчийн амь нас алдах эрсдэл, хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувь алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж байгуулсан. Гэрээний дагуу даатгалын тохиолдол гарсан нөхцөлд Б.Сд нөхөн төлбөр олгох хувийг банктай байгуулсан зээлийн гэрээний үнийн дүнгийн 35 хувь, Д.Ц-д 65 хувиар тус тус тооцон олгохоор харилцан тохиролцон даатгалын баталгааг даатгагч компани өгсөн. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч Д.Ц нас барсан тул гэрээний дагуу түүнд ногдох нөхөн олговор олгох хүсэлтийг нэхэмжлэгч нь гаргасан. Энэхүү хүсэлт нь Даатгалын тухай хууль, гэрээний дагуу нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарсан учраас хүсэлтийг манай компани хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээж аваагүй.

            Даатгалын гэрээний 8.10 дахь хэсэгт даатгуулагчийн сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй, мансуурах, согтууруулах бодис хэрэглэсэн аливаа хохирол нь нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл гэж заасан. Мөн гэрээний 12.2.3-т согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохиролд нөхөн төлбөрийг олгохоос татгалзах даатгагчийн эрхийг тодорхойлсон. Нөхөн төлбөр хүссэн хүсэлтийн хавсралт Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд үүнд даатгуулагч нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ нас барсан, хөнгөн зэргийн согтолттой гэсэн байна. Иймд даатгалын гэрээний 12.2.3-т заасны дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас даатгалын тохиолдол үүсвэл даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “АД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 620 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх даатгалын гэрээний 8.10, 12.2.3 дахь заалтуудын аль алиныг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Уг гэрээний 8.10-т согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохгүй тухай заасан бол гэрээний 12.2.3-т согтууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохгүй тухай заасан. Энэхүү маргааныг шийдвэрлэхийн тулд гэрээний тус 2 заалтаас аль заалтыг хэрэглэх үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт өгөх учиртай.

Даатгалын гэрээнүүдийн бүтцийг харвал ерөнхий болон тусгай нөхцлөөс бүрдэнэ. Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний 1-11 дүгээр зүйл хүртэл ерөнхий нөхцөл бол 12 дугаар зүйл нь зээлдэгчийн эрсдэлийн даатгалын тусгай нөхцөл юм. Даатгалын компаниудын зүгээс банкаар дамжуулж борлуулж буй бүхий л даатгалын бүтээгдэхүүний гэрээний төслийг боловсруулахдаа даатгалын бүтээгдэхүүнд хамаарах ерөнхий нөхцлийг бичиж, мөн тухайн даатгалын гэрээнд нарийвчлан хэрэглэгдэх тусгай нөхцлийг бичдэг. Ингэснээр гэрээний тусгай нөхцөл нь тухайн даатгалын бүтээгдэхүүний онцлогтой холбоотой заалт учир тусгай нөхцөлд өөрөөр заасан бол ерөнхий нөхцлийн заалтыг хэрэглэдэггүй. Иймд даатгалын гэрээний тусгай нөхцөлд заасан бол энэ нь гэрээний ерөнхий нөхцөлд зааснаас давуу үйлчилнэ. Тухайлбал, даатгалын гэрээний 12.3-т болон 7.1-д тус тус даатгалын нөхөн төлбөрийн баримтуудыг заасан. Даатгалын гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийн аль алийг нь хэрэглэх үндэслэлтэй бол даатгагч даатгалын тохиолдлын үед гэрээний 7.1 болон 12.3-т заасан баримтуудыг даатгуулагчаас шаардах байсан. Даатгалын гэрээний нүүрэн хэсэг буюу эхний хуудасны нөхөн төлбөр олгохгүй нөхцлүүд хэсэгт согтууруулах ундаа ... хэрэглэсний улмаас үүссэн хохирол гэж заасан нь мөн адил бидний тайлбарлаж буй байдлыг илтгэх юм. Хэрэв даатгалын гэрээнд тус хоёр заалт хоёулаа нэгэн зэрэг хэрэглэгдэх байсан бол гэрээний тус хэсэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үед болон хэрэглэсний улмаас учирсан хохирол гэж заах байсан. Түүнчлэн хэрэв согтууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохоос татгалзах нь даатгалын гэрээний 8.10-т хамт хэрэглэгдэх байсан бол гэрээний 12.2.3-т согтууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирол гэж заах шаардлагагүй байсан. Учир нь даатгалын гэрээний 8.10-т согтууруулах ундаа хэрэглэсэн үед учирсан хохирол гэж заасан нь тус агуулгыг хамарч байгаа буюу согтууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирлыг багтааж байгаа юм.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцлийг илэрхийлсэн үг хэллэгийг утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасны дагуу стандарт нөхцлөөр хийгдсэн даатгалын гэрээг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах үндэслэлтэй. “АД” ХХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ болон хоёр ч үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ нь нэг стандарт бүхий нөхцөл, загвараар байгаа нь болон гэрээнүүдийг даатгагч дугаарласан байгаа нь тус гэрээг даатгагчийн стандарт нөхцөл болохыг илтгэнэ. Мөн даатгалын гэрээг зуучилсан “ХБ” ХХК-ийн салбар нь энэ тухай шүүхэд тайлбар ирүүлэхдээ бид “АД” ХХК-ийн боловсруулж, өгсөн нөхцөл загварын дагуу ямар нэгэн өөрчлөлтгүйгээр тус гэрээг байгуулсан гэж заасан нь гэрээний стандарт нөхцөл болохыг тодорхой өгүүлнэ. Анхан шатны шүүхийн зүгээс гэрээний заалтыг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлахгүй гэж үзэх үндэслэлээ ... ашигтайгаар тайлбарлах үндэслэл тогтоогдохгүй буюу гэрээний заалт тодорхой бус, ойлгомжгүй байдал тогтоогдохгүй байна гэж тайлбарласан. Гэвч даатгалын гэрээний 8.10-т согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж, 12.2.3-т согтууруулах бодис хэрэглэсний улмаас хохирол учирсан бол нөхөн төлбөр олгохгүй гэж тус тус заасан нь хоорондоо зөрчилдөөнтэй юм. Учир нь даатгалын гэрээний 12.2.3-т заасны дагуу даатгуулагч согтууруулах бодис хэрэглэсэн боловч энэ нь түүний амь насаа алдах шалтгаан болоогүй бол даатгагч нөхөн төлбөр олгох агуулгатай бол даатгалын гэрээний 8.10-т заасан нь хохирол учрах шалтгаан болоогүй ч согтууруулах бодис хэрэглэсэн бол нөхөн төлбөр олгохгүй байх агуулгатай байгаа нь зөрчилдөөнтэй юм. Даатгуулагч согтууруулах бодис хэрэглэсэн үедээ зүрхний шигдээс өвчнөөр нас барсан. Үүнтэй холбоотой даатгалын гэрээний аль заалтыг хэрэглэж нөхөн төлбөрийг шийдвэрлэх нь тодорхой бус, маргаантай болж байгаа нь гэрээний ойлгомжгүй, тодорхой бус байгааг илтгэх билээ. Гэрээ нь стандарт нөхцлөөр байгуулагдах нөхцөлд гэрээний бүхий л заалтуудыг нэг талаас урьдчилан боловсруулсан байдаг тул гэрээний нөгөө тал болох хэрэглэгчийг хамгаалах шаардлагатай болдог. Энэ үүднээс Иргэний хуульд гэрээний стандарт нөхцөлд тусгахыг хориглох зүйлүүдийг зааж, мөн гэрээний стандарт нөхцлийг хэрэглэгчид ашигтайгаар тайлбарлах зэргээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах журмуудыг заасан. Даатгалын гэрээний 8.10-т согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан хохирол гэж заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус нөхцөл юм. Учир нь энэхүү нөхцөл нь уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө тал буюу даатгуулагчид хохиролтой, шударга ёсны зарчимд харш заалт юм. Гэрээний тус заалт нь даатгалын тохиолдол болох шалтгаан болоогүй ч даатгуулагч согтууруулах бодис хэрэглэсэн үед хохирол учирсан бол нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхийг даатгагчид олгож байна. Тухайлбал, даатгуулагч нь маш бага хэмжээний боловч согтууруулах бодис хэрэглэсэн үедээ гуравдагч этгээдийн халдлагад өртөж, гэмт хэргийн хохирогч болж амь насаа алдсан нөхцөлд даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзахаар байна. Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын хувьд даатгуулагч согтууруулах бодис хэрэглэсэн үед үл хөдлөх эд хөрөнгөд галын эрсдэлийн улмаас хохирол учирсан мөн адил нөхөн төлбөр олгохоос татгалзахаар байна. Энэ нь даатгалын тохиолдол бий болох шалтгаан болоогүй зүйлийг шалтаглаж, шударга бусаар нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхийг даатгагчид олгож буй тул шударга ёсны зарчимд харш, түүнийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

Даатгуулагч нас барах үед шүүхийн шинжилгээ хийгдэж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаар шинжээчийн дүгнэлтээр түүний нас барсан шалтгааныг тогтоосон. Ингэхдээ талийгаач нь зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрхний булчингийн шигдээсээр нас барсан хэмээн тогтоосон. Хэдийгээр нас барах үед хөнгөн зэргийн согтолттой байсан боловч энэ нь түүний нас барсан шалтгаан болоогүй. Харин зүрхний архаг өвчний улмаас зүрхний шигдээс өвчлөл онош тавигдсан. Иймд согтууруулах бодис хэрэглэсний улмаас даатгуулагч амь насаа алдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Хүний нас барсан шалтгааныг тогтоох нь эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн тогтоох асуудал тул үүнийг хариуцагч болон шүүгчийн зүгээс өөрийнхөөрөө тайлбарлах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.С шүүхэд хандан, хариуцагч “АД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирол учирсан учир гэрээний дагуу нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамарсан ...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.С, түүний нөхөр Д.Ц нар Х банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан зээл авч, улмаар “АД” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын болон зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус байгуулан даатгалын хураамж төлсөн байна. Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, анхан шатны шүүх энэ харилцааг зөв тодорхойлжээ. Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин талийгаачийн нас барсан шалтгааныг зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний 8.10, 12.2.3-т заасан нөхцөлд хамаарах эсэх талаар марган, улмаар даатгуулагч буюу нэхэмжлэгч Б.С “АД” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгагчийн үүргийг “даатгалын гэрээгээр даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх” гэж тодорхойлсон.  

Хэргийн 8 дугаар талд авагдсан бичгийн баримтаас үзэхэд талууд даатгалын гэрээний 8.10 дахь заалтаар “даатгуулагчийн сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй, мансуурах, согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохирол”, 12.2.3-т “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирол”-д нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцсон байна. Даатгуулагч Д.Ц 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ нас барсан байх ба шинжээч талийгаачийн нас барсан шалтгааныг “зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрхний булчингийн шигдээс” гэж тодорхойлон, харин нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан гэж дүгнэжээ. /хх-6 дугаар хуудас/

Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд даатгуулагч буюу талийгаач Д.Ц нь согтууруулах бодис хэрэглэснээс бус, харин өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсон байхад хариуцагч үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзжээ.

Зохигчид гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгох хэмжээг нэхэмжлэгч Б.Сд 35 хувь, түүний нөхөр Д.Ц-д 65 хувиар тогтоосон, энэ талаар маргаангүй. Нэхэмжлэгч Б.С, талийгаач Д.Ц нар Хангасан банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 54 975 440 төгрөг төлөх үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгч нь нөхөр Д.Ц-ы нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй. /хх-8, 23/

Иймээс Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ногдох хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “АД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 /гучин таван сая долоон зуун гучин дөрвөн мянга гучин зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “АД” ХХК-иас 336 620 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

                                             Ч.ЦЭНД