Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00421

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01829 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1847 дугаар магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хөнгөнбетон ХК-д холбогдох

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 23,469,174 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2017.07.06-ны өдөр******* ХК-тай төлбөр барагдуулах гэрээг (17,449,200 төгрөг) байгуулсан. Гэрээний 2-р зүйлд заасны дагуу хариуцагч нь төлбөр тооцоог шатлалтайгаар хувааж төлөхөөр тохиролцож, сүүлчийн төлбөрийг 2018.06.30-ны дотор барагдуулах үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл энэхүү төлбөрийг барагдуулаагүй байна. Төлбөр барагдуулах талаар хариуцагч талтай олон удаа утсаар холбогдож, уулзалт зохион байгуулж байсан ч үр дүнд хүрэхгүй өнөөг хүрсэн. Иймд төлбөр барагдуулах гэрээний 2.1-р зүйлд заасан гэрээний төлбөр болох 17,499,200 төгрөг болон гэрээний 2.2-т заасны дагуу (нийт 345) хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-ийн алданги болох 6,019,974 төгрөг, нийт 23,469,174 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Наранзулын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ******* ХХК-тай 2017.07.06-ны өдөр 17,449,200 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээг байгуулж, төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон боловч үйлдвэрлэлийн дамжлагад эвдрэл гэмтэл гарч бүтээгдэхүүн хангалттай үйлдвэрлэж чадахгүй, хөрөнгө санхүүгийн боломжгүйн улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй билээ. 2019.04 дүгээр сараас блокны үйлдвэрээ түрээслүүлж эхэлсэн боловч үйл ажиллагаа нь жигдрэхгүй, засвар үйлчилгээ хийж, энэ сараас эхлэн хэвийн явж эхлээд байна. Манай компанийн зүгээс түрээслэгч компанидаа хандан түрээсийн орлогоо авахгүйгээр******* ХК-ийн харилцагч компаниудын өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсаныг хүлээн авч шийдвэрлэж өгч туслахаар болсон юм. Бидний хувьд ******* ХХК-ийн нэхэмжилж буй алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, компани асар их өр төлбөртэй байгаа. Харин бид төлбөр барагдуулах гэрээний дүн болох 17,449,200 төгрөгийн үнийн дүнд хөнгөн бетон блокыг наадмын дараагаас түрээслэгч компаниар дамжуулан бага багаар хэсэгчлэн нийлүүлэх боломжтой юм гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.04-ний өдрийн 183/ШШ2019/01829 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6-д заасныг баримтлан хариуцагч******* ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,293,387 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,175,787 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019.06.07-ны өдөр төлсөн 275,296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 259,416 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.01ий өдрийн 1847 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.04-ний өдрийн 183/ШШ2019/01829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,460 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Наранзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Төлбөр барагдуулах гэрээ- ний 2.2-т хэрэв хүснэгтэд заасан төлбөр төлөгдөх сүүлийн хугацаанаас хойш 6 cap болоход төлбөр төлөгдөж дуусаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнд хоногийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу хариуцагч талын төлбөр төлөх сүүлийн хугацаа болох 2018.06.30-ны өдрөөс хойш 6 сарыг тооцон 2018.12.30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019.06.12-ны өдрийг хүртэл 163 хоногийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн, гүйцэтгээгүй үүргийн дүн болох 17,449,200 төгрөгийн 0.1 хувиар тооцож 2,844,187 төгрөгийн алдангийг хариудагч******* ХК-иас гаргуулан нэхэмжлэгч "******* ХХК-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.6-д заасантай нийцэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт ... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь манай компани 2017.07.06-ны өдөр ******* ХХК-тай Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2014.10 дугаар сард ******* ХХК-иас нийлүүлсэн цементийн үнийн үлдэгдэл болох 17,449,200 төгрөгийг 2017.08.01-ний өдрөөс 2018.06.30-ны өдрийн дотор cap бүр 2,908,200 төгрөгийг ******* ХХК-д төлж барагдуулахаар болсон. Ийнхүү Төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа нийт дүнг 17,449,200 төгрөг байхаар тохиролцсон хэдий ч үйлдвэрлэлийн дамжлагад эвдрэл гэмтэл гарч бүтээгдэхүүн хангалттай үйлдвэрлэж чадаагүй, хөрөнгө санхүүгийн боломжгүйн улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүйн улмаас төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулж чадаагүй. Үүний дараа манай компанийн зүгээс түрээслэгч компанидаа хандан түрээсийн орлого авахгүйгээр харилцагч компаниудын өр төлбөрийг барагдуулах хүсэлт тавьсныг хүлээн авч шийдвэрлэж үнийн дүнг бага багаар хэсэгчлэн төлөх боломжтой болсон. Манай компани 17,449,200 төгрөгийг хугацаандаа төлөх боломжгүй болсноо ******* ХХК-д мэдэгдэж, бизнесийн харилцааны хүрээнд ойлголцон алдангийг тооцохгүй байх тохиролцоонд хүрсэн байсан тул 2,844,187 төгрөгийн алдангийг манай компаниас гаргуулах үндэслэлгүй. Алданги 2,844,187 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ******* ХХК-тай хийсэн тохиролцоогоор үгүйсгэгдэх тул дээрх шүүхийн шийдвэр, магадлалын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалын 2,844,187 төгрөгийн алдангийг хариуцагч******* ХК-иас гаргуулах-аар шийдвэрлэснийг хүчингүй болгон өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* ХХК,******* ХК-аас 23,469,174 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 20,293,387 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчид цемент нийлүүлж байсан. 2014.10 дугаар сараас 2017.05 дугаар сар хүртэлх хугацааны бараа нийлүүлэлтийн талаар талууд тооцоо хийж 2017.06.13-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж үлдэгдэл төлбөрийн дүнг 17,499,200 төгрөг гэж баталгаажуулжээ. (хх-8)

Энэ төлбөрийн дүнгээр 2017.07.06-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж гэрээний 2.1-д зааснаар төлбөрийг 2017.08.01-ний өдрөөс 2018.06.30-ны өдрийн хүртэлх хугацаанд 2,908,200 төгрөгөөр 6 удаа хэсэгчлэн төлж дуусгах, уг хугацаанд төлбөр барагдуулаагүй тохиолдолд гэрээний 2.2-т заасны дагуу хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1% -иар алданги тооцохоор тохиролцжээ.(хх-6)

Талуудын урт хугацааны турш цемент нийлүүлсэн бизнесийн үйл ажиллагааны дээрх харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарч байх боловч тэд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл үүргийг барагдуулах зорилгоор тусгайлан Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулжээ.

Энэхүү гэрээгээр төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөх хугацааг тогтоон, үүргийг харилцан тооцон барагдуулах, хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон байна.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох, мөн зүйлийн 466.6-д тооцоо нийлэх гэрээний дагуу үүссэн шаардлагад үүргийн гүйцэтгэлийн хангах аль нэг аргыг хэрэглэж болохыг зохицуулжээ.

Иймд 2017.07.06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний тохиролцоог анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан Тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн, үүрэг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

2. Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх нь үүргийг биелүүлэх зарчимд нийцнэ.

Хариуцагч******* ХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болохыг үгүйсгээгүй ба компани өр төлбөр ихтэй тул алдангид нэхэмжилсэн 6,019,974 төгрөгийг төлөх боломжгүй гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.

Түүнчлэн хяналтын журмаар гаргасан гомдолд ...2,844,187 төгрөгийн алданги гаргуулан шийдвэрлэж байгаа нь ******* ХХК-тай хийсэн тохиролцоогоор үгүйсгэгдэнэ гэж тайлбарлан шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн гомдол гаргасан боловч Төлбөр барагдуулах гэрээ-нд алданги тооцох талаар тохирсноос, өөрөөр алданги чөлөөлөх тухай тохиролцоо, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээх тул хариуцагч гэрээний хариуцлага болох алдангиас татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан, талуудын мэтгэлцсэн баримтын хүрээнд дүгнэлт хийж барааны үлдэгдэл үнэ 17,449,200 төгрөг, мөн шаардах эрх үүссэн үеэс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар алданги тооцон 2,844,187 төгрөг бүгд 20,293,387 төгрөгийг нэхэмжлэлээс хангаж, алдангиас 3,175,787 төгрөг хангах үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.6, 232 дугаар зүйлийн 232.6- д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хуулийн үндэслэл бүхий байна гэж дүгнэхдээ хэргийг бүхэлд нь хянах хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...алданги 2,844,187 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дүгнэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01829 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1847 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 60,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                   Х.СОНИНБАЯР

                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                   Г.ЦАГААНЦООЖ