Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/01829

 

 2019 оны 09 сарын 04 өдөр

                Дугаар 183/ШШ2019/01829

                   Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: “Х” ХК-д холбогдох,

 

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 23.469.174 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, нарийн бичгийн дарга Т нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Х” ХК-тай төлбөр барагдуулах гэрээг (17.449.200 төгрөг) байгуулсан. Гэрээний 2-р зүйлд заасны дагуу хариуцагч нь төлбөр тооцоог шатлалтайгаар хувааж төлөхөөр тохиролцож, сүүлчийн төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны дотор барагдуулах үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл энэхүү төлбөрийг барагдуулаагүй байна. Төлбөр барагдуулах талаар хариуцагч талтай олон удаа утсаар холбогдож, уулзалт зохион байгуулж байсан ч үр дүнд хүрэхгүй өнөөг хүрсэн. Иймд төлбөр барагдуулах гэрээний 2.1-р зүйлд заасан гэрээний төлбөр болох 17.499.200 төгрөг болон гэрээний 2.2-т заасны дагуу (нийт 345) хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-ийн алданги болох 6.019.974 төгрөг, нийт 23.469.174 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Н-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “А” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17.449.200 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээг байгуулж, төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон боловч үйлдвэрлэлийн дамжлагад эвдрэл гэмтэл гарч бүтээгдэхүүн хангалттай үйлдвэрлэж чадахгүй, хөрөнгө санхүүгийн боломжгүйн улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй билээ. 2019 оны 4 дүгээр сараас блокны үйлдвэрээ түрээслүүлж эхэлсэн боловч үйл ажиллагаа нь жигдрэхгүй, засвар үйлчилгээ хийж, энэ сараас эхлэн хэвийн явж эхлээд байна. Манай компанийн зүгээс түрээслэгч компанидаа хандан түрээсийн орлогоо авахгүйгээр “Х” ХК-ийн харилцагч компаниудын өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсаныг хүлээн авч шийдвэрлэж өгч туслахаар болсон юм. Бидний хувьд “А” ХХК-ийн нэхэмжилж буй алдангийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй, компани асар их өр төлбөртэй байгаа. Харин бид төлбөр барагдуулах гэрээний дүн болох 17.449.200 төгрөгийн үнийн дүнд хөнгөн бетон блокыг наадмын дараагаас түрээслэгч компаниар дамжуулан бага багаар хэсэгчлэн нийлүүлэх боломжтой юм.  

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХК-д холбогдох, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 23.469.174 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

             “Х” ХК, “А” ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “Х” ХК нь 2014 оны 10 дугаар сард “А” ХХК-иас нийлүүлсэн цементийн үнийн үлдэгдэл болох 17.449.200 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор сар бүр 2.908.200 төгрөгийг “А” ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар талууд “Тооцоо нийлэх гэрээ”-г байгуулсан байна гэж дүгнэв.

 

Уг тооцоо нийлэх гэрээний дагуу “Х” ХК нь гэрээний үүрэг болох  17.449.200 төгрөгийг “А” ХХК-д төлөөгүй болох нь талуудын тайлбар, Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байх тул хариуцагч “Х” ХК-иас 17.449.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Мөн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 2.2-т “хэрэв хүснэгтэд заасан төлбөр төлөгдөх сүүлийн хугацаанаас хойш 6 сар болоход төлбөр төлөгдөж дуусаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнд хоногийн 0.1 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу хариуцагч талын төлбөр төлөх сүүлийн хугацаа болох 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 6 сарыг тооцон 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 163 хоногийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 17.449.200 төгрөгийн 0.1 хувиар тооцож 2.844.187 төгрөгийн алдангийг хариуцагч “Х” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д  ХХК-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.6-д заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.6, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.449.200 төгрөг, алданги 2.844.187 төгрөг, нийт 20.293.387 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.175.787 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч Б.Н-д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.293.387 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.175.787 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 275.296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 259.416 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД