Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0043/З |
Дугаар | 221/МА2024/0246 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0246
“БГМ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч татварын улсын байцаагч Ч.Б
Нэхэмжлэгч: “БГМ” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б, А.Б нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 107 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Т.З
Хариуцагч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0043/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “БГМ” ХХК-иас хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б, А.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 107 дугаар шийдвэрээр: “...2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.1.1, 7.2.5 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.1.2 дахь заалт, 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалт, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “БГМ” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 4 дэх заалтад заасан 2,156,447,790.54 төгрөгийн зөрчлөөс 1,091,794,761.88 /нэг тэрбум ерэн нэгэн сая долоон зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн зөрчил, түүнд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Татварын улсын байцаагчийн НА-20210000003 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д заасан борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ зөвхөн Татварын албаны гаргасан тайлбар мэдээллийг үндэслэн, манай компани шалгалтад хамрагдах хугацаанд хэдэн төгрөгийн орлого олсон, хэдийг нь НӨАТ-ын тайланд тусгасан, хэдэн төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар дутуу төлсөн талаар бодит байдлыг тогтоолгүй, нотлох баримт цуглуулахгүйгээр шийдвэр гаргасан, тухайлбал шийдвэрийн 13 дугаар хуудасны 8-д ...үлдэх 1,158,214,864.18 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системийн тайлангийн мэдээллээр нотлогдсон байна гэж дүгнэсэн. Гэтэл манайх энэ орлогыг 2022 оны 03 дугаар сарын тайланд тусган, татвар ногдуулсан байдаг. Мөн өмнөх Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт энэ орлогыг шалгах талаар тусгасан байдаг ба энэ талаар дүгнэлт хийгээгүй. “Кап корп Монголиа” ХХК-д борлуулсан орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахдаа бусад орлоготой нэгтгэн эцсийн хэрэглэгчээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гарган тайлагнасныг тооцоолоогүй, оршин суугч бус этгээдэд борлуулалт хийсэн мэтээр дүгнэсэн.
3.2. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2-д заасан зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, гэрээнд түрээс, хөдөлмөрийн хөлсийг нэгтгэн тусгасан байна гэж дүгнэн манай гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Бизнесийн үйл ажиллагаанд төлбөр нэхэмжлэхтэй холбоотой практикт гэрээнд ерөнхий үнийг тусган, бодит гарсан төлбөрийг нэхэмжлэхийг үндэслэн тооцдог болохыг авч хэлэлцээгүй.
3.3. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 4-д заасан зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ манай компанийн болон гүйцэтгэгч компанийн хийсэн ажил үйлчилгээний дүнгээс цалин хөдөлмөрийн хөлсийг хасч тооцолгүй нийтэд нь тоног төхөөрөмжийн түрээс гэж тодорхойлон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан мөртлөө Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу суутган татвар ногдуулахдаа цалин хөдөлмөрийн хөлсний орлогыг хасч тоног төхөөрөмжийн түрээсийн орлогод ногдсон төлбөрийг хүчингүй болгосон.
3.4. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 5-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын торгууль, алданги тооцох хугацааг шүүх шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуулийн хуулийн /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн/ 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11.3.2-т “тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” тооцно гэж заасныг зөрчсөн байна. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 578 дугаар тушаалаар батлагдсан “Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журам”-ын 3.2-т “Татварын тайлангаар ногдуулсан хугацаанд нь төлөгдөөгүй татварын өрийн үлдэгдэлд тооцогдох торгууль, алдангийг татварын төрөл бүрээр тооцох бөгөөд, татвар төлөх эцсийн хугацааг дараах байдлаар тодорхойлно 2. Нэмэгдсэн өртгийн албан татвар дараа сарын 10 /тооцооллын хүндрэлтэй байдлаас үүдэн дараа оны эхний сарын 10-аас/ гэсэн зүйл заалтыг хэрэглээгүй.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0437 тоот шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” заалтуудыг зөрчиж шударга ёсны зарчмыг гажуудуулж, хууль, журамд заасан тодорхой заалтуудыг хэрэглэхгүй, эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан байгаа тул зохих хуулийн дагуу хэлэлцэн бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч татварын улсын байцаагч Ч.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч “БГМ” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулагч, БНХАУ-д байрладаг толгой компани болох “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК’’-тай 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр BGP-MN-11-2016 дугаартай “Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 641,563 47 ам.доллар буюу 1,461,237,790.54 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,277.62 төгрөг/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 280,000.00 ам.доллар буюу 695,240,000.00 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,483.00 төгрөг/, нийт 2,156,477,790.54 төгрөгийг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулагч, “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК” шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй зөрчилд 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан. Шүүхээс дээрхи зөрчлийн тухайд шийдвэрийнхээ үндэслэл хэсгийг 22-32 дугаарт дүгнэхдээ хуулийн этгээд хооронд байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн нийт 2,156,477,790.54 төгрөгийн төлбөрөөс 1,091,794,761.88 төгрөг нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр, үлдэх 1,060,945,524.12 төгрөг нь ажилчдын цалин хөлс байсан байна гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж, улмаар тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийн зарим хэсэгт ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
4.2. Хэргийн бодит үйл баримтаар, нэхэмжлэгч “БГМ” ХХК нь ажилчидтай аливаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тэдгээр ажилчдын хувьд ажил олгогч этгээд болохгүй, харин БНХАУ-д байрлах өөрийн толгой компанитай байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болно. Харин Хятадын үндэсний газрын тосны корпораци БК” нь олсон орлогыг ажилчдынхаа цалин болон бусад зардалд зарцуулах нь тухайн компанийн асуудалд хамаарна.
4.3. Шүүхээс нөхөн ногдуулалтын актын 4 дэх зөрчлийг хянан шийдвэрлэхдээ давхар татварын гэрээний холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн “эрхийн шимтгэлийн орлого” гэсэн тодорхойлолтын хүрээнд асуудлыг дутуу үнэлж, дүгнэсэн. БНХАУ-д байрладаг “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК” нь “БГМ” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч, толгой компани, шууд харилцан хамааралтай этгээд юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно”, 9.1.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар”, ...в “...түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого” гэж заасан. Мөн Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Монгол Ард Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-ийн холбогдох заалтыг баримталсан.
4.4. БГМ-гаас /БЖП гм/ болон БК-ийн хооронд үүссэн “Төхөөрөмж түрээслэх” тухай харилцааг давхар татварын гэрээний хүрээнд Эрхийн шимтгэлийн тухай 12 дугаар зүйлээр зохицуулна. Уг зүйлийн 12.3-д давхар татварын гэрээний дагуу эрхийн шимтгэлийн тухай ойлголт, түүний хамрах хүрээг тайлбарласан байдаг. ...Монгол-Хятадын давхар татварын гэрээний Эрхийн шимтгэлийн тухай 12 дүгээр зүйлийн 3-д заасан үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн орлогод ногдуулах албан татвар мөн гэрээний 12.2-т заасны дагуу 10%-иас ихгүй байна гэж заасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д гадаадын компани Монгол Улсаас олсон орлогод 20%-иар татвар ногдуулна гэсэн. Энэ тохиолдолд дээр дурдсанаар 2 орны хооронд байгуулсан давхар татварын гэрээний Эрхийн шимтгэлийн тухай 12 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шилжүүлсэн орлогод 10%-иар татвар ногдуулна.
4.5. Дээрх хэргийн хувьд давхар татварын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д БНХАУ татвар ногдуулах боломжтой гэж заасан байгаа боловч 12.2-т зааснаар төлбөр хүлээн авч буй этгээд нь эцсийн эзэмшигч бол Монгол Улсад татвар ногдуулахаар зохицуулсан. Эцсийн эзэмшигчид толгой компани хамаардаг тул 12.1-ийг үл харгалзан 12.2-ыг хэрэгжүүлэх бөгөөд бид дотоодын хуулиа баримтлах бололцоо бүрдэж байгаа юм. Гагцхүү дотоодын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хувь хэмжээнд хязгаар тогтоосон байгаа нь 10% дээд хязгаар болно. Нөгөөтэйгүүр энэ дээд хязгаарыг дотоодын хуулийн хувь хэмжээ, давхар татварын гэрээний хувь хэмжээний аль багыг хэрэглэх гэж ойлгож болох юм.
4.6. БНХАУ-ын тал татвар ногдуулсан гэж байгаа нь гэрээний буруу хэрэглээ болно. Гэрээнд тусгасан үйлчилгээ нь хугацааны хувьд төлөөний газар болохгүй нь гарцаагүй юм. Гэвч энэ нь төлөөний газрын бус эрхийн шимтгэлийн асуудал тул ДТГ-ний 5-р зүйлийг баримтлах шаардлага байхгүй. Гэрээний 2.1-д “БК” нь өөрийн зардлаар Төхөөрөмжийг ажиллуулахаар /22/ ажилтныг дагалдуулан илгээнэ гэж заасан байна. Гэтэл Гэрээний 5.1-д Төхөөрөмж, ажилтны зардал 13,000 ам.доллар /өдөр гэсэн байгаа нь ойлгомжгүй байна. /Монголын тал хөдөлмөрийн хөлс олгож байгаа эсэх/ Үүнийг бид гэрээний 2.1-ийг баримтлан зөвхөн төхөөрөмжид төлж буй 13,000 ам.доллар гэж үзэж болно.
4.7. Иймд дээр дурдсан эрхийн шимтгэлийн 10%-ийг 13,000 ам.доллараас ногдуулан авах нь зүйтэй. Нэгэнт гэрээнд Хятадын тал ажилчдын өөрийн зардлаар хүргүүлж байгаа, ажилчид нь төхөөрөмж түрээслэх харилцааны салшгүй нэг хэсэг болох тул 13,000 ам.доллараас ажилчдын цалинг салган авч давхар татварын гэрээний өөр зүйлийг ашиглах шаардлагагүй юм.” гэсэн тул тус компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч, БНХАУ-д байрладаг “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-д тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 641,563.47 ам.доллар буюу 1,461,237,790.54 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,277.62 төгрөг/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 280,000.00 ам.доллар буюу 695,240,000.00 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,483.0 төгрөг/, нийт 2,156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй зөрчилд 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй юм.
4.8. Шүүхийн 128/ШШ2024/0107 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 25, 26, 27-д уг зөрчилтэй холбоотой хуулийн болон давхар татварын гэрээний зүйл заалтаар хэрхэн зохицуулагдсаныг дурдсан атлаа 29-д “Шүүх дараах үндэслэлээр тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого нь эрхийн орлогод хамаарахгүй гэж үзлээ” гэсэн боловч хамаарахгүй гэсэн үндэслэлээ дүгнээгүй байна.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар 01-ний өдрийн 128/ШШ2024/0107 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хүчингүй болгон шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Үүнд:
2.1. Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б, А.Б нар нь нэхэмжлэгч “БГМ” ХХК-ийн 2015-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, маргаан бүхий Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаартай нөхөн ногдуулалтын актаар:
“1. “МГУП” ХХК-иас шилжүүлсэн ажил гүйцэтгэсний орлого 2016 онд 1,158,214,864.18 төгрөг, 2017 онд 437,139,520.00 төгрөг, нийт 1,595,354,384.18 төгрөгийн ажил гүйцэтгэсний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д заасныг зөрчсөн,
2. БНХАУ-д байрладаг “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-д шилжүүлсэн тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 641,563.47 ам.доллар буюу 1,461,237,790.54 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханшаар 2,277.62 төгрөг/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 280,000.00 ам.доллар буюу 695,240,000.00 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханшаар 2,483.00 төгрөг/, нийт 2.156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-т заасныг зөрчсөн,
3. БНХАУ-д байрладаг “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-д зээлийн хүүгийн орлого гэж 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000 ам.доллар буюу 22,776,200.00 /Монголбанкны тухайн өдрийн ханшаар 2,277.62 төгрөг/ төгрөгийг шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй нь “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг зөрчсөн,
4. БНХАУ-д байрладаг “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-д тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж ... нийт 2.156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй нь “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9-д заасныг зөрчсөн,
5. Нэмэгдсэн өртгийн албан татвар 2016 онд 185,113,505.72 төгрөг, 2017 онд 164,338,285.40 төгрөг нийт 349,451,791.12 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг зөрчсөн,
6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2017 онд 71,590,393.10 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасныг тус тус зөрчсөн зөрчил илэрснийг тэмдэглээд 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд 593,108,616.52 төгрөгийн нөхөн Татвар 193,134,987.58 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 906,945,676.17 төгрөгийн төлбөр” ногдуулжээ.
2.2. Нэхэмжлэгч “БГМ” ХХК-иас дээрх актын холбогдох хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ы өдрийн 09 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актаар 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд 593,108,616.52 төгрөгийн нөхөн татвар, 193,134,987.58 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 906,945,676.17 төгрөгийн төлбөрөөс хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 25,287,255.39 төгрөгийн торгуулийн төлбөрийг бууруулж, 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд ногдох 593,108,616.52 төгрөгийн нөхөн татвар, 167,847,732.19 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 881,658,420.78 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.
2.3. Улмаар нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх ...Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 5 дахь хэсэгт заасан зөрчлүүдийн талаар хууль зүйн үндэслэлтэй, зөв дүгнэсэн хэдий ч тус актын 4 дэх заалтад заасан 2,156,447,790.54 төгрөгийн зөрчлөөс 1,091,794,761.88 /нэг тэрбум ерэн нэгэн сая долоон зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн зөрчил, түүнд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.
2.4. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д заасан “МГУП” ХХК-иас шилжүүлсэн ажил гүйцэтгэсний орлого 2016 онд 1,158,214,864.18 төгрөг, 2017 онд 437,139,520.00 төгрөг, нийт 1,595,354,384.18 төгрөгийн ажил гүйцэтгэсний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэх зөрчлийн тухайд:
2.4.1. “БГМ” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “МГУП” ХХК-тай UVS1-2016-2D-001 дугаар “Монгол Улсын газрын тосны Увс-1 талбайд хоёр хэмжээст чичирхийллийн хээрийн бичиглэл, боловсруулалт, тайлал хийх ерөнхий гүйцэтгэл гэрээ” байгуулсан байх бөгөөд “МГУП” ХХК-иас гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,097,800.00 ам.доллар буюу 2,128,370,728.00 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 439,120.00 ам.доллар буюу 971,149,009.60 төгрөг, нийт 1,536,920.00 ам.доллар буюу 3,099,519,737.60 төгрөгийг нэхэмжлэгч компанийн Голомт банкны ам.долларын 8115100119 дугаар харилцах дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь тус орлогоос 1,665,857,672.14 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын “ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан”-д эцсийн хэрэглэгчээр бүртгэж тайлагнан, харин үлдэх 1,158,214,864.18 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй болох нь хяналт, шалгалтын явцад татварын удирдлагын нэгдсэн системийн тайлангийн мэдээллээр нотлогдсон байна.
2.4.2. Нэхэмжлэгчээс дээрх 1,158,214,864.18 төгрөгийн борлуулалтын орлогыг 2018 оны 3 дугаар сарын “ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан”-д /гомдолд 2022 оны 3 дугаар сард гэж дурдсан/ тайлагнасан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “БГМ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “КМ” ХХК-тай #2017CарCorpSeis01 дугаартай Монгол Улс дахь блок IV, V дахь 3D ба 20 газрын чичирхийллийн хайгуулын үйлчилгээний гэрээ байгуулж, улмаар “КМ” ХХК-иас гэрээт ажлын төлбөрт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,314,315,122.62 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр 230,971,752.00 төгрөг, 03 дугаар сарын 01-ний өдөр 1,541,730,771.61 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгч компанийн Голомт банкин дахь төгрөгийн 8115100117 дугаар харилцах дансны хуулгаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь “КМ” ХХК-иас шилжүүлсэн 2018 оны 1, 2 дугаар сарын гэрээт ажлын төлбөр 2,313,897,158.75 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан болох нь татварын удирдлагын нэгдсэн системийн тайлангийн мэдээллээр мөн тогтоогдсон байгаа энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагч нараас нэхэмжлэгч “БГМ” ХХК-ийг дээр дурдсан “МГУП” ХХК-тай байгуулсан гэрээт ажлын үлдэх 1,158,214,864.18 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй үйлдлийг зөрчилд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
2.4.3. Хариуцагчаас татварын хяналт, шалгалтын хугацаанд хамаарах нэхэмжлэгч “БГМ” ХХК-ийн дансны хуулга болон татварын удирдлагын нэгдсэн систем дэх тайлангийн мэдээлэл зэргийг үндэслэн маргаан бүхий актаар холбогдох зөрчилд нөхөн татварын төлбөр ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гээд мөн зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна” гээд мөн зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан тухай бүрд” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдол үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
2.5. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2-т заасан БНХАУ-д байрладаг “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-д шилжүүлсэн тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 641,563.47 ам.доллар буюу 1,461,237,790.54 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханшаар 2,277.62 төгрөг/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 280,000.00 ам.доллар буюу 695,240,000.00 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханшаар 2,483.00 төгрөг/, нийт 2.156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-т заасныг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:
2.5.1. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл “БГМ” ХХК нь “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-тай 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээний дагуу тус компанид тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого шилжүүлснээр нэхэмжлэгчийн хувьд ногдох татварыг суутган төсөвт төлөх үүрэг үүсэх юм.
2.5.2. Энэ талаар анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэгэнт үндэслэл бүхий дүгнэсэн байх тул дахин дүгнэх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч “БГМ” ХХК-ийн “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-тай 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан BGPMN-11-2016 дугаартай Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээнд “Түрээслүүлэгч” гэж гэрээний нэг тал болох “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-ийг ойлгохоор, мөн гэрээний “Хүн хүч” хэсгийн 2.1-д “Түрээслүүлэгч нь ажиллах хүчний цалин, урамшуулал болон холбогдох нийгмийн даатгал болон төлбөрийг төлнө” гэж, “Төлбөр тооцоо” гэх хэсгийн 5.1-д “Тоног төхөөрөмжийн түрээс болон ажиллах хүчний нийлүүлэлтийн нэг өдрийн зардал 13,000.00 ам.доллар /арван гурван мянган ам.доллар/ байх бөгөөд үнийн задаргааг хавсралт 1-д зааснаар тооцно”, 5.3-д “БГМ нь нэхэмжлэх дээр байгаа гарцаагүй дүнгээр Түрээслүүлэгчийн банкны данс руу цахилгаан шилжүүлгээр төлнө” гэж харилцан тохиролцсон, төдийгүй “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-иас 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт ажилласан 159 өдөрт хоногийн 8,025.00 ам.доллароор тооцож нийт 1,275,975.00 ам долларын “Техникийн түрээсийн нэхэмжлэх”-ийг нэхэмжлэгчид ирүүлсэн зэргээс үзэхэд талууд ажилчдын цалин, хөлсийг тусгайлан заагаагүй, харин түрээсийн зардал болон ажилчдын цалинг хамтатган тоног төхөөрөмжийн нэг өдрийн үнэлгээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
2.5.3. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тэмдэглэх хэсгийн 2-д заасан зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, ...төлбөр нэхэмжлэхтэй холбоотой практикт гэрээнд ерөнхий үнийг тусган, бодит гарсан төлбөрийг нэхэмжлэхийг үндэслэн тооцдог болохыг авч хэлэлцээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
2.6. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 4-д заасан БНХАУ-д байрладаг “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-д тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж ...нийт 2.156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй нь “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9-д заасныг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:
2.6.1. Хариуцагчаас нэхэмжлэгч “БГМ” ХХК-ийг “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-тай байгуулсан дээр дурдсан “Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээ”-ний дагуу тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 641,563 47 ам.доллар буюу 1,461,237,790.54 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,277.62 төгрөг/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 280,000.00 ам.доллар буюу 695,240,000.00 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,483.00 төгрөг/, нийт 2,156,477,790.54 төгрөгийг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулагч, “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-д шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй зөрчилд 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
2.6.2. Харин анхан шатны шүүх маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 2-т заасан зөрчилд татвар нөхөн ногдуулсан нь үндэслэлтэй буюу “...гэрээний дагуу ажиллагсдын цалин хөлсний төлбөрийг тусад нь салгаж заагаагүй” гэж дүгнэсэн атлаа уг зөрчилтэй холбогдуулан ногдуулсан актын Тэмдэглэх хэсгийн 4-д заасан зөрчлийг дүгнэхдээ “...БНХАУ-д байрладаг Хятадын үндэсний газрын тосны БК-д тоног төхөөрөмж түрээслүүлсний орлогод шилжүүлсэн гэх дүнгийн бүрдлээс авч үзэхэд, 1,091,794,761.88 төгрөг нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр, 1,060,945,524.12 төгрөг нь ажилчдын цалин хөлс байсан байна” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн төдийгүй нэхэмжлэгч нь өөрийн толгой компани болох “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-д газрын тосны тодорхой талбайд чичирхийллийн судалгаа, хайгуулын үйлчилгээ үзүүлэхээр түрээсэлсэн тоног төхөөрөмжийн төлбөрт 1,091,794,761.88 төгрөгийг шилжүүлснийг эрхийн шимтгэлд хамааруулан тухайн орлогод төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу байна.
2.6.3. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг ойлгоно гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-д “албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно” гээд 9.1.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна” гээд 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар” гээд ...в “...түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого” гэж хуульчилсан бөгөөд харин Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан.
2.6.4. “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК” нь БНХАУ-ын байнга оршин суугч татвар төлөгч болох нь холбогдох баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас “БГМ” ХХК болон “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК”-иудын хооронд байгуулсан “Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээ”-нд Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Монгол Ард Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-ийг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2.6.5. Энэхүү Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Монгол Ард Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-ийн 12 дугаар зүйл буюу “Шан харамж, эрхийн шимтгэл” хэсгийн 1-д “Хэлэлцэн тохирогч улсад бий болж байгаа бөгөөд хэлэлцэн тохирогч нөгөө улсад байнга оршин суугчид төлж буй шан харамж, эрхийн шимтгэлд Хэлэлцэн тохирогч нөгөө улсад татвар ногдуулж болно” гэж, 12.2-т “Гэхдээ Хэлэлцэн тохирогч улсад бий болж байгаа шан харамж, эрхийн шимтгэлд тухайн улсын дагуу татвар ногдуулж болох боловч уг шан харамж, эрхийн шимтгэлийг хүлээн авагч нь түүний жинхэнэ эзэмшигч мөн бол ийнхүү ногдуулж буй татвар нь шан харамж, эрхийн шимтгэлийн нийт хэмжээний 10 хувиас хэтэрч үл болно”, 12.3-д “Энэхүү хэрэглэгдэж буй “шан харамж, эрхийн шимтгэл” гэсэн ойлголтод ...үйлдвэрлэл худалдаа буюу шинжлэх ухааны багаж хэрэгсэл, ...ашигласан буюу ашиглах эрх эдэлсний төлөө төлж буй бүх төрлийн төлбөрийг хамааруулна” гэж заажээ.
2.6.6. Дээрх “Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээ”-нд зааснаар “БГМ” ХХК нь өөрийн бизнесийн үйл ажиллагаа болох БЛОК-1 дээр хэрэглэх төхөөрөмжийг түрээслэхээр, харин “Хятадын үндэсний газрын тосны корпораци БК” нь нэхэмжлэгч компанийн шаардлагад нийцсэн төхөөрөмжийг түрээслүүлэхээр тохиолцсон бөгөөд энэхүү “тоног төхөөрөмж” нь Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Монгол Ард Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-ийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “...үйлдвэрлэл худалдаа буюу шинжлэх ухааны багаж хэрэгсэл, ...ашигласан буюу ашиглах эрх эдэлсний төлөө төлж буй бүх төрлийн төлбөр...” гэсэнд хамаарах тул маргаан бүхий актаар тухайн зөрчилд татвар нөхөн ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд ийнхүү татвар ногдуулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар”, ... в/эрхийн шимтгэлийн орлого, ...түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого гэж заасныг болон тус хэлэлцээрийн 12.2-т ...ногдуулж буй татвар нь ... эрхийн шимтгэлийн нийт хэмжээний 10 хувиас хэтэрч үл болно гэсний дагуу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, түүнд ногдох татварын хувь, хэмжээг бууруулж шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актын холбогдох заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
2.6.7. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...актын Тэмдэглэх хэсгийн 4-д заасан зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ манай компанийн болон гүйцэтгэгч компанийн хийсэн ажил үйлчилгээний дүнгээс цалин хөдөлмөрийн хөлсийг хасч тооцолгүй нийтэд нь тоног төхөөрөмжийн түрээс гэж тодорхойлон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан мөртлөө Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу суутган татвар ногдуулахдаа цалин хөдөлмөрийн хөлсний орлогыг хасч тоног төхөөрөмжийн түрээсийн орлогод ногдсон төлбөрийг хүчингүй болгосон” гэх, хариуцагчийн “...шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 25, 26, 27-д уг зөрчилтэй холбоотой хуулийн болон давхар татварын гэрээний зүйл заалтаар хэрхэн зохицуулагдсаныг дурдсан атлаа 29-д “Шүүх дараах үндэслэлээр тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого нь эрхийн орлогод хамаарахгүй гэж үзлээ” гэсэн боловч хамаарахгүй гэсэн үндэслэлээ дүгнээгүй” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй байна.
2.7. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 5-д заасан Нэмэгдсэн өртгийн албан татвар 2016 онд 185,113,505.72 төгрөг, 2017 онд 164,338,285.40 төгрөг нийт 349,451,791.12 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:
2.7.1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ” гээд 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.4-д “татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх” гэж заасны дагуу татвар төлөгч нь ногдсон татварыг хуулийн хугацаанд тайлагнах буюу төлөх үүрэгтэй.
2.7.2. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл Татвар төлөгч буюу “БГМ” ХХК-ийн хүсэлтээр тус компанийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн хяналт шалгалтыг хийж, улмаар маргаан бүхий актаар нэхэмжлэгчид 2016-2017 онд 349,451,791.12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд торгууль ногдуулсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн тус актаар ногдуулсан торгуулийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн байна.
2.7.3. Энэхүү маргааны тухайд хөөн хэлэлцэх хугацаа нь анх Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Баясалмаа, О.Цэнд-Аюуш нар нэхэмжлэгч компанийн дээрх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл иж бүрэн хяналт шалгалтыг явуулсан үеэс тооцогдох тул Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тооцно, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-д “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж зааснаар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 2015-2017 оныг дуусталх хугацаанд нэхэмжлэгч “БГМ” ХХК-д холбогдох зөрчилд татвар ногдуулсан нь үндэслэлтэй.
2.7.4. Харин тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гээд 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2008 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж тус тус заасныг зөрчиж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “БГМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 107 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.1.1, 7.2.5 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.1.2 дахь заалт, 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5, Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “БГМ” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч татварын улсын байцаагч Ч.Б-гийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА