Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0522

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0522

Улаанбаатар хот

 

 

“Петролеум продакшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбатын гаргасан давж заалдах гомдлоор “Петролеум продакшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Долгорсүрэн, А.Болормаа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Петролеум продакшн” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар, ерөнхий нягтлан бодогч Б.Нандин-Эрдэнэ нар 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн дүнг бууруулсан шаардлагадаа:

“...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Долгорсүрэн, А.Болормаа нарын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 210201536 тоот актын 349.485,152,74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948,515,27 төгрөгийн нөхөн торгууль тавьсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр:

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Петролеум продакшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Долгорсүрэн, А.Болормаа нарын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 210201536 тоот актын 349.485,152,74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948,515,27 төгрөгийн нөхөн торгууль тавьсан хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан маргаан бүхий актад дурдсан асуудлаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос 30 хоногийн дотор сайн дурын үндсэн дээр тайлангаа гаргасныг үндэслэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар тайланг нөхөн хүлээн авч, нэг удаа чөлөөлөх нь зүйтэй болох”-ыг дурдаж шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч “Петролеум продакшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргахдаа “...төгрөгийн дутуу төлөлттэй гэж тогтоох үед дээрх хуульд зааснаар чөлөөлөгдөх боломжтой хуулийн хугацаа дуусаагүй, хуулийн үйлчлэлд хамрагдах үндэслэлтэй байсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т... гэж заасан хугацааны дотор нэхэмжлэгчид дээрх дутуу төлөлттэй гэдгээ залруулан шинээр сайн дурын үндсэн дээр тайлангаа гаргаж, уг хуульд хамрагдан нэг удаа чөлөөлөгдөх боломжтой байсан... ”, “...актаар нөхөн төлүүлэхээр тогтоохдоо цаг хугацааны хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журам зэрэг нь батлагдан гарч, хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд байхын зэрэгцээ уг хууль, журам хэрэгжих хугацаа дуусах болоогүй байхад ийнхүү актаар төлбөр тогтоосон нь нэхэмжлэгчид хуульд заасан эрхийг эдлэх боломжоор хангаагүй бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй ...” гэсэн үндэслэлийг дурдсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж хуульчилсан.

Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго болон уг хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан үл хөдлөх хөрөнгө, орлого, үйлчилгээгээ өөрөө сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар тайландаа тусгаж, шинээр тайлагнасан, нөхөн мэдүүлсэн тохиолдолд уг хуулийн үйлчлэлд хамаарах нь тодорхой байна.

Иргэн хуулийн этгээд нь сайн дурын үндсэн дээр нуун дарагдуулсан зүйлээ эрх бүхий байгууллагад мэдүүлж, ийнхүү мэдүүлснийхээ төлөө хүлээх ёстой хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байгаа. Харин эсрэгээрээ тус хуульд заасан хугацаанаас өмнө эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон буюу ил болгосон мэдээллийг бүртгэх асуудал энэ хуульд хамааралгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт “Петролеум продакшн” ХХК-ийн хүсэлтээр хийгдсэн бөгөөд нийт 401,478,871.24 төгрөгийн зөрчил илрүүлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үлдэгдлийг 20,537,663.50 төгрөгийн дутуу төлөлттэй баталгаажуулалт хийснийг тус компанийн удирдлага 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 210201536 дугаар акттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй, татварын улсын байцаагч нар мөн хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа актын холбогдох хэсгийг хүчингүй болгосон, түүнчлэн дахин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар тайланг нөхөн хүлээн авч, нэг удаа чөлөөлөгдөх болохыг дурдсан нь үндэслэлгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдахаас өмнө буюу 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Отгонтуул, Ц.Түвшинбаяр нар “Петролиум продакшн” ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, 12 дугаар сарын 31-ний байдлаар үлдэгдлийг 19.286.320,2 төгрөгийн буцаан авалттай гэдгийг 220000010 тоот актаар тогтоосон ч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 210201536 тоот актаар нэхэмжлэгчийг дээрх дүнгээр буцаан авалттай бус харин 20.537.622.6 төгрөгийн дутуу төлөлттэй гэж баталгаажуулжээ.

            Цаг хугацаа, бодит нөхцөл байдлын хувьд маргаан бүхий акт гарахаас өмнө Нийслэлийн татварын хэлтсээс ийнхүү илүү төлөлттэй байна гэдгийг тогтоосон нь нэхэмжлэгчийн хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах боломжийг хязгаарласан, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлт нь дутуу бус илүү төлөлттэй байна гэж үзсэнээс шалтгаалсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.

Учир нь Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй”, мөн уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэхүү хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар сунгасан байх бөгөөд анхнаасаа дутуу төлөлттэй гэдгийг татварын улсын байцаагчид тогтоосон тохиолдолд түүнийгээ залруулан шинээр сайн дурын үндсэн дээр тайлангаа гаргах бодит боломж байсан, нөгөө талаас уг хуулийг хэрэгжүүлэх журамд нуун иргэн, хуулийн этгээдэд дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэхэд гааль, татварын байгууллагын албан тушаалтан зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэн ажиллана” гэж зааснаас үзэхэд ч хариуцагч татварын улсын байцаагч нар тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтыг хянахдаа актаар тогтоогдсон зөрчлийг ил болгон тайлагнах талаар нэхэмжлэгчид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх бүрэн боломжтой байсан бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах гомдолд “...сайн дурын үндсэн дээр нуун дарагдуулсан зүйлээ эрх бүхий байгууллагад мэдүүлж, ийнхүү мэдүүлснийхээ төлөө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байгаа...” гэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүхээс ч үүнийг үгүйсгээгүй, гагцхүү энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдахаас өмнө нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй байна гэж зохих шатны татварын байгууллагаас баталгаажуулсан нь уг хуульд хамрагдах шаардлагагүй болгосон, цаашлаад хууль мөрдөгдөж байх хугацаанд энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж акт тавих бус харин дэмжлэг үзүүлэх чиг үүргээ хариуцагчийг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан байна. 

Мөн актад гарын үсэг зурсныг зөвшөөрсөн гэж үзэх, түүнийг хууль бус гэж үзэн маргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1-д заасныг баримтлан “Петролиум продакшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Долгорсүрэн, А.Болормаа нарын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 210201536 тоот актын 349.485.152,74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948.515,27 төгрөгийн нөхөн торгууль ногдуулсан хэсгийг төлөхөөс нэг удаа чөлөөлсүгэй” гэж, 3 дахь заалтыг 2 гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН