Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 294

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол,  2 дугаар 60 айлын 18 тоотод оршин суух, Шарнууд овогт Цэцэнгийн Батбаяр /регистрийн дугаар ТБ74050479, утас 99053940/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

"Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16070551 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...миний бие нь Хаан банкинд 120 сая төгрөгийн зээлийн төлбөртэй бөгөөд үүний дагуу барьцаа хөрөнгөнөөс төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан юм.

Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газартай ярилцаж тус албанаас Капитал зууч ХХК-г  үнэлгээчнээр томилж үнэлүүлсэн боловч Капитал зууч ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн байна.

2017 оны 09 дүгээр сард дээрх Капитал зуучын үнэлгээний дагуу Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоол гарсан байх бөгөөд дээрх тогтоолыг надад танилцуулаагүй бөгөөд надад Капитал зуучийн үнэлгээнд гомдол гаргах боломж олгоогүй. Төлбөр төлөгчийн хувьд  өөрийн эд хөрөнгийг зах  зээлийн ханшаар үнэлүүлж чадаагүйд гомдолтой байна. Дархан сумын 4 дүгээр багт байрлах 2 өрөө орон сууц Дархан сумын 5 дугаар багт байрлах 2 өрөө орон сууц 3, Дархан сумын малчин багт байрлах арктай 1 өрөө орон сууц зэрэг нийт 5 орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд маань зэх зээлийн ханшаар доогуур үнээр дуудлага худалдаанд орох нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551, 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж дахин үнэлгээ хийж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 

“...тус шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2651 дугаартай захирамжаар Цэцэнгийн Батбаяр, Норовсүрэнгийн Цасчихэр нараас 126,957,908 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгч Ц.Батбаяр, Н.Цасчихэр нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг тогтоол үйлдэн битүүмжилж хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр “Капитал зууч” ХХК-ийг томилон үнэлүүлэхэд Ү-2003015614 эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Дархан сумын 4 дүгээр багт байрлах 288 мкв  талбайтай Авто үйлчилгээний зориулалттай барилгыг 290705500 төгрөгөөр, 080152360 нэгж талбарын дугаартай 1210 мкв талбайтай эзэмших эрхтэй авто үйлчилгээний зориулалттай газрыг 12,342,000 төгрөгөөр, Ү-2003001432, Ү-2003008120 эрхийн бүртгэлийн дугааруудад бүртгэлтэй Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар 60 айл байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгөөр, Ү-2003014151 эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол 17 дугаар байрны 25 тоот арктай 1 өрөө орон сууцыг 52,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайланг 2016 оны 06 сарын 2-ны өдөр ирүүлсэн.

Капитал зууч ХХК-с ирүүлсэн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ц.Батбаярт 2016 оны 06 сарын 06-ны өдөр танилцуулахад үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлээ татан авсан тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 981 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Батбаяр нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16070551 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал “Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Капитал зууч ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал “ хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2651 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар “...Ц.Батбаяр, Н.Цасчихэр нар нь ХААН банкинд төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 126,957,908 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор 20,000,000 төгрөгийг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 106,957,908 төгрөгийг өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулж төлбөрийг бүрэн төлж барагдуулж, ХААН банкны 5119005624 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон” талуудын эвлэрүүлэн зуучлагчдийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 201 тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулсан ба  энэхүү захирамж, албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 138 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2016 оны 03 сарын 01-ний өдрийн 108 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 172/39 дугаартай “Эд хөрөнгийг хураасан тогтоол”-оор барьцаа хөрөнгө болох  288,0 мкв талбайтай Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Авто үйлчилгээний зориулалттай барилга, 1210,0 мкв талбайтай Авто үйлчилгээний зориулалттай газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 2 дугаар 60 айлын 17, 18 тоот 4 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 2 дугаар 60 айл байрны 44 тоот 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 21 дүгээр хороолол 17 дугаар байрны 25 тоот арктай 1 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 10 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг  битүүмжлэн хурааж, улмаар  шийдвэр гүйцэтгэгч Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсны дагуу “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн Үнэлгээний тайлангаар дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийн нийт үнэлгээг 615,047,500 төгрөгөөр тогтоожээ.

Нэхэмжлэгч Ц.Батбаяр нь Капитал зууч ХХК-ний гаргасан үнэлгээний тайлангаас “Дархан сумын 4 дүгээр багт байрлах 1210,0 мкв талбайтай Авто үйлчилгээний зориулалттай газрыг 12,342,000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн байна”  гэх үндэслэлээр Капитал зууч ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул төлбөр төлөгч Ц.Батбаярын эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч Ц.Батбаяр нь өмнө нь 2016 оны 06 дугаар сарын 08, 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дээрх шинжээчийн тогтоосон эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргаж байсан ба тус шүүхэд Капитал зууч ХХК-нд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гаргаж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг тус шүүхийн шүүгчийн 981 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох, сэргээх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдан борлуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт , 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт тус тус зохион байгуулахаар тогтоож шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч Ц.Батбаяр нь анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “...тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай дээрх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж явуулсан ажиллагаа нь хууль бус байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаа явагдах гэж байгааг төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй” гэх үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Батбаяр нь дээрх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдлоо холбогдох эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Батбаярын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Капитал зууч ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батбаярын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Капитал зууч ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батбаяр нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4718 дугаартай  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг хүчингүй болсныг дурдсугай

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА