Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 58

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01047/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, шүүгч С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

“Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16070551 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б-аас:

              ...Миний бие нь Хаан банкинд 120.000.000 төгрөгийн зээлийн төлбөртэй бөгөөд үүний дагуу барьцаа хөрөнгөнөөс төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан юм. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай ярилцаж тус албанаас “Капитал зууч” ХХК-ийг үнэлгээчнээр томилж үнэлүүлсэн боловч “Капитал зууч” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн байна. 2017 оны 09 дүгээр сард дээрх “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарсан байх бөгөөд дээрх тогтоолыг надад танилцуулаагүй бөгөөд надад “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээнд гомдол гаргах боломж олгоогүй. Төлбөр төлөгчийн хувьд өөрийн эд хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлүүлж чадаагүйд гомдолтой байна. Дархан сумын 4 дүгээр багт байрлах 2 өрөө орон сууц, Дархан сумын 5 дугаар багт байрлах 2 өрөө орон сууц 3, Дархан сумын малчин багт байрлах арктай 1 өрөө орон сууц зэрэг нийт 5 орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд маань зэх зээлийн ханшаас доогуур үнээр дуудлага худалдаанд орох нөхцөл байдал үүсээд байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551, 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас:

 ...Тус шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2651 дугаартай захирамжаар Цэцэнгийн Б-, Норовсүрэнгийн Цасчихэр нараас 126.957.908 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгч Ц.Б-, Н.Цасчихэр нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг тогтоол үйлдэн битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр “Капитал зууч” ХХК-ийг томилон үнэлүүлэхэд Ү-2003015614 эрхийн бүртгэлийн дугаар бүртгэлтэй Дархан сумын 4 дүгээр багт байрлах 288 м.кв талбайтай авто үйлчилгээний зориулалттай барилгыг 290.705.500 төгрөгөөр, 080152360 нэгж талбарын дугаартай 1210 м.кв талбайтай эзэмших эрхтэй авто үйлчилгээний зориулалттай газрыг 12.342.000 төгрөгөөр, Ү-2003001432, Ү-2003008120 эрхийн бүртгэлийн дугааруудад бүртгэлтэй Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар 60 айл байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг 65.000.000 төгрөгөөр, Ү-2003014151 эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол 17 дугаар байрны 25 тоот арктай 1 өрөө орон сууцыг 52.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайланг 2016 оны 06 сарын 2-ны өдөр ирүүлсэн. “Капитал зууч” ХХК-аас ирүүлсэн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ц.Б-т 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр танилцуулахад үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлээ татан авсан тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 981 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, “Капитал зууч” ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б- нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б- давж заалдсан гомдолдоо:

...Миний бие 2 дахь дуудлага худалдааг хийхээр зохион байгуулж байгааг мэдсэн өдрөө ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан боловч надад ямар нэгэн хариу ирүүлээгүй. Энэ үед би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байж дуудлага худалдааг зохион байгуулсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирсэн албан тоотыг үнэлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч нь барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүний байршлын газрыг илт доогуур үнэлсэн буюу улсаас тогтоосон доод үнээс доогуур үнэлж байхад анхан шатны шүүх илт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шинжээчийн үнэлгээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ                               

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16070551 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх  гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч тал хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, “Капитал зууч” ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б- нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 160701551 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б- давж заалдах гомдолдоо ...миний бие 2 дахь дуудлага худалдааг хийхээр зохион байгуулж байгааг мэдсэн өдрөө ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан боловч надад ямар нэгэн хариу ирүүлээгүй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирсэн албан тоотыг үнэлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч нь барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүний байршлын газрыг илт доогуур үнэлсэн буюу улсаас тогтоосон доод үнээс доогуур үнэлж байхад анхан шатны шүүх илт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой гэжээ. 

Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2651 дугаартай захирамжаар ...Ц.Б-, Н.Цасчихэр нар нь ХААН банкинд төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 126.957.908 төгрөгөөс 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор 20.000.000 төгрөгийг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 106.957.908 төгрөгийг өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулж төлбөрийг бүрэн төлж барагдуулж, ХААН банкны 5119005624 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрүүлэн зуучлагчдын дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 201 тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулсан дээрх 2651 тоот захирамж, албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 138 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,  гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

2016 оны 03 сарын 01-ний өдрийн 108 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 172/39 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаа хөрөнгө болох 288,0 м.кв талбайтай Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах авто үйлчилгээний зориулалттай барилга, 1210,0 мкв талбайтай авто үйлчилгээний зориулалттай газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 2 дугаар 60 айлын 17, 18 тоот 4 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 2 дугаар 60 айл байрны 44 тоот 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 21 дүгээр хороолол 17 дугаар байрны 25 тоот арктай 1 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 10 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь заалтыг зөрчөөгүй байна.

            Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн нийт үнэлгээг 615.047.500 төгрөгөөр тогтоожээ.

Нэхэмжлэгч Ц.Б- өмнө нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дээрх шинжээчийн тогтоосон эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Капитал зууч” ХХК-д холбогдуулан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 981 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх шүүгчийн захирамжийн талаар гүйцэт дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б- “Капитал зууч” ХХК-д холбогдуулан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа урьд нь шүүхэд гаргаж байсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шаардлагын энэ хэсэг буюу “Капитал зууч” ХХК-д холбогдуулан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дахин хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөөгүй, албадан дуудлага худалдааг зохион байгуулах тогтоолд гомдол гаргасан байхад иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах тухай хуулийн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж зохицуулжээ.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:

            “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, “Капитал зууч” ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг

            “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 160701551 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

          

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ       

                                                                  ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ                     

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ