Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0284

 

2021 05 06 128/ШШ2021/0284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ц ХХК ,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчТ.М,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.М,

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд гомдол гаргагч Ц ХХК-ийн төлөөлөгч Ч.Т, түүний өмгөөлөгч н.Б, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч Т.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ц ХХК-ийн төлөөлөгч шүүхэд анх гаргасан шаардлагадаа: Тус компани нь дарс үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн дагуу жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэр юм. Манай компани нь үйл ажиллагаа эрхлэх хугацаандаа Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмыг сайтар даган мөрдөж, хяналт шалгалт, стандартын байгууллагуудын үндсэн шаардлагад бүрэн нийцсэн үйдвэрлэлийг эрхлэж байгаа ба 40 тогтмол ажлын байрыг бий болгож, нийгмийн даатгал, аж ахуйн болон онцгой албан татварын тухай хуульд заасан үүргээ амжилттай биелүүлж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

Ц ХХК нь 1/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Мийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл (Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих)-ийн 5.1 дэх хэсэг (хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй)-т заасан зөрчлийн учир 3,000,000 төгрөг, 2/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчТ.Мийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл (Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих)-ийн 3 дахь хэсэг (Барааг төөрөгдүүлэх замаар худалдсан)-т заасан зөрчлийн учир 20,000,000 төгрөгийн торгууль тус тус хүлээсэн.

Тус компанид оногдуулсан 2 шийтгэлийн шийдвэрийг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж буйг хянан шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийн тухайд уг зөрчил нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн зөрчил гэж үзсэн зөрчилтэй нэг эс үйлдэхүйн шинжтэй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой болно.

Манай компани нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн дор дурьдсанаар гомдол гаргаж байгаа бөгөөд шүүх хэрэв тухайн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх тохиолдолд нэг эс үйлдэхүйн шинжтэй 2, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулах бол аль хүнд шийтгэл ноогдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулахыг журамласан Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалттай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэр нийцэхгүй гэж үзэж байна. Иймд уг шийтгэлийг хүчингүй болгох гомдол гаргаж байна.

2.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн манай компанийг барааг төөрөгдүүлэх замаар худалдсан гэж үзэн шийтгэл оногдуулсан шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Манай компани нь худалдан авагчдыг төөрөгдүүлж буюу хууран мэхэлсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Тодруулбал С******* дарсыг аль нэгэн улсын болон өөрийн улсын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний шошгыг ашиглаагүй, өөрийн компанийн албан ёсны нэр, хаяг бүхий мэдээлэлтэй шошгыг хэрэглэж байсан. Хэн нэгэн худалдан авагч буюу хэрэглэгчээс манай компанийн нэр, хаяг бүхий дарсыг С******* дарс гэж андуурсан, уг бүтээгдэхүүнийг худалдан авсан тухай тодорхой баримт зөрчил шалган шийдвэрлэх хэргийн материалд байхгүй болно. Манай компанийн нэр, хаяг бүхий дарсны найрлага зохих зөвшөөрөл бүхий стандартын дагуу хийгдсэн баримтаар тогтоогдсон байгаа.

Манай компани нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу барааны талаарх мэдээллийг бүтээгдэхүүний шошгондоо тодорхой тусгасан байгаа тул хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай компанид Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн учир торгуулийн шийтгэл оногдуулсан боловч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хэрэглэгчийн ямар эрхийг зөрчсөн, үйлдвэрлэгч, худалдагчийн хувьд мөн хуулиар хүлээсэн ямар үүргийг биелүүлээгүй болох нь тодорхой бус байх ба Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж буй бол хууль зөрчсөн заалт нь тодорхой байх ёстой.

Иймд уг шийтгэлийг хүчингүй болгох гомдол гаргаж байна. Гомдлыг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын зарим шаардлагаасаа татгалзаж, шаардлагаа тодруулж ирүүлэхдээ: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Мийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл (Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих)-ийн 5.1 дэх хэсэг (хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй)-т заасан зөрчлийн учир 3,000,000 төгрөгийн торгууль ногдуулсныг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчТ.Мийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж шаардлагаа тодруулж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчТ.М нь 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл (Хэрэглэгчийн замаар худалдсан)-т заасан зөрчил гаргасан гэж үзэн 20.000.000 төгрөгийн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Манай компани нь Хэрэглэгчийн эрхийн хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу барааны талаарх мэдээллийг бүтээгдэхүүний шошгондоо тодорхой тусгасан бөгөөд худалдан авагчдыг төөрөгдүүлж буюу хууран мэхэлсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн учир торгуулийн шийтгэл оногдуулсан боловч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хэрэглэгчийн ямар эрхийг зөрчсөн, үйлдвэрлэгч, худалдагчийн хувьд мөн хуулиар хүлээсэн ямар үүргийг биелүүлээгүй болох нь тодорхой бус байх ба Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн нь тодорхой байх ёстой.

Дээрх зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн (Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих)-ийн 5.1 дэх хэсэг (хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй)-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэн 3,000,000 төгрөгөөр торгосон болно. Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нэгэнт шийтгэл ногдуулсан байтал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нэг зөрчилд дээрх байдлаар давхардуулан шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох шаардлагаасаа татгалзсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна.

Стандартчилал, хэмжил зүйн газраас авсан тохирлын гэрчилгээний нэршлийн дагуу С******* дарсыг үйлдвэрлэсэн. Тохирлын гэрчилгээний сунгалт хийх явцдаа ямар стандартаар үйлдвэрлэж байгаа талаар технологийн зааврыг авдаг. Стандартчилал, хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээг олгохдоо бүтээгдэхүүний савлагаа, нэр төрөл, амт чанар, шошго зэргийг баталсны дараа гэрчилгээ олгодог журамтай. гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбараас харахад 2 үндэслэлээр шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан байдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 12.6, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9-д тус тус зааснаар шийтгэл ногдуулсан байдаг. Уг зөрчилд гомдлоор 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалтыг хийсэн. С******* гэдэг бүтээгдэхүүнийг Стандартчилал, хэмжил зүйн газраас үйлдвэрлэх тохирлын гэрчилгээ авсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдвэрлэлийн стандарт горим алдагдсаны улмаас манай үйлдвэрлэдэг С******* гэх бүтээгдэхүүний гадна талд Л******* гэдэг шошго наагдсан. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар үйлдвэрлэлийн стандарт горим зөрчсөн гэдэг үндэслэлээр 3,000,000 төгрөгийн торгууль ногдуулж, уг торгуулиа төлсөн.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч шийтгэл ногдуулахдаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 10.2-т зааснаар 20,000,000 төгрөгөөр торгосон гэж тайлбарладаг. Гэтэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2 агуулгатай тайлбар ирүүлсэн байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 12.6 буюу шошгыг орос хэлээр наасан учраас Беларус, Польш улсаас оруулж ирдэг импортын бараатай адилхан нэршлээр хэрэглэсэн байна гэж шийтгэл ногдуулсан. Гэтэл бүтээгдэхүүний шошгыг харахад С******* гэдэг нэрийг 3 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээтэй, Стандартчилал, хэмжил зүйн газраас уг нэршлээр үйлдвэрлэлийн тохирлын гэрчилгээ авсан.

Хариуцагч С******* нэрийг хэрэглэх талаар зөвшөөрөл аваагүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь С******* нэрээр барааны тэмдгийн зөвшөөрөл авахаар Оюуны өмчийн газарт хандаж зөвлөгөө авахад энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэршил учраас барааны тэмдэг олгогдохгүй гэдэг. Гэтэл хариуцагч талаас иргэд төөрөгдсөн эсэх талаар тодруулаагүй, төөрөгдөх магадлалтай нөхцөл байдал үүссэн гэдэг агуулгаар шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч шийтгэл ногдуулахдаа хуульд байхгүй эрх хэмжээг хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Монгол улсад шошгыг англи, монгол, орос 3 хэлээр байршуулахыг хүлээн зөвшөөрдөг. Манай зүгээс шошгыг орос хэлээр, үйлдвэрлэсэн газраа Монгол улс гэж хаягласан. Мөн бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэсэн талаар 865 дугаартай бар кодыг тавьсан. Эдгээр байдлаас харахад хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал үүсээгүй, мөн эдгээр нөхцөл байдал үүссэн эсэх талаарх баримт уг зөрчлийн хэрэгт байхгүй.

Хариуцагч нь уг шалгалтыг төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан гэж байгаа бол ямар баримтаар хийгдсэн бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Тиймээс уг хяналт шалгалт хуулийн дагуу явагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын нэршил дээр Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн зөвшөөрөл авах шаардлагагүй гэж зөвлөсөн. Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэж байгаа бол энэ талаар баримтаа зөрчлийн хавтаст хэрэгт өгөх ёстой байсан. Иймд Ц ХХК-ийн гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчТ.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц ХХК-иас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан 0005652 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

1. Нэг эс үйлдэхүйн шинжтэй 2, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулах бол аль хүнд шийтгэл ногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл ногдуулахыг журамласан Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалттай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан шийдвэр нийцэхгүй гэж үзэж байна гэсэн нь Ц ХХК нь өөрийн зөрчлийг хүлээн зөвшөөрч, гомдлын шаардпагаа өөрөө үгүйсгэж байна.

2. Манай компани нь худалдан авагчдыг төөрөгдүүлж буюу хууран мэхэлсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Тодруулбал С******* дарсыг аль нэгэн улсын болон өөрийн улсын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний шошгыг ашиглаагүй, өөрийн компаний албан ёсны нэр, хаяг бүхий мэдээлэлтэй шошгыг хэрэглэж байсан" гэх тухайд: Ц ХХК-ийн холбогдсон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 01/70 тоот албан бичгээр Оюуны өмчийн газраас С******* гэх нэр нь барааны тэмдгийн бүртгэлтэй эсэх талаар лавлагаа, мэдээллийг авахад уг нэрийн бүтээгдэхүүн нь барааны тэмдгээр бүртгэгдээгүй байсан.

Мөн Ц ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Т*******аас мэдүүлэг авахад С******* гэх нэрийг барааны тэмдгээр бүртгүүлээгүй, уг нэрийг ашиглах болсон шалтгаан нь зах зээл дээр тэсч үлдэхийн тулд гэж мэдүүлсэн байдаг.

3. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу барааны талаарх мэдээллийг бүтээгдэхүүний шошгондоо тодорхой тусгасан байгаа тул хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна гэх тухайд: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна гэж заасан, гэтэл Ц ХХК нь Монгол улсад үйлдвэрлэсэн С******* нэрийн оргилуун дарсны шошгын мэдээллийг орос хэл дээр бичиж худалдан борлуулсан.

Импортын С******* оргилуун дарсны шошгыг Ц ХХК-ийн үйлдвэрлэдэг С******* оргилуун дарсны шошготой харьцуулах үүднээс Н ХХК-ийн Н******* дэлгүүр, С ХХК-ийн О дэлгүүрээр худалдаалагдаж буй С******* оргилуун дарсны зургийг баримтжуулан авч шалгахад С******* игристое п******* гэх үгнүүд хэрэглэсэн байх бөгөөд Ц ХХК-ийн шошгон дээр мөн адил эдгээр үгнүүдийг хэрэглэсэн.

Ц ХХК-ийн энэ үйлдэл нь хэрэглэгчдийн барааны талаар үнэн зөв сонголт хийх, бодит мэдээллээр хангагдах эрхийг зөрчиж байгаа бөгөөд Ц ХХК-ийн С******* нэрийн оргилуун дарсны шошго нь хэрэглэгчдийг импортын оргилуун дарстай андуурч, төөрөгдүүлэх нөхцлийг үүсгэсэн. Тиймээс Ц*******" ХХК-ийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, ... замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу Ц ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: импортын дарс нь Н ХХК-ийн Н******* дэлгүүр, С ХХК-ийн О дэлгүүрт С******* игристое п******* гэсэн нэрээр зарагдаж байсан. Хяналт шалгалтын явцад энэ компани С******* гэдэг дарсыг үйлдвэрлэж зарж байгаа нь хэрэглэгчийг импортын дарстай андруурч төөрөгдүүлэх нөхцөл байна гэж үзсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага үйлдвэрлэлийн стандарт зөрчиж, шошгыг давхарлаж наасан гэж торгосон.

Зөрчлийн талаар олон нийтийн сүлжээгээр, мэдээллийн хэрэгслээр видео бичлэг, мэдээлэл тавигдсан. Уг мэдээллээр удирдамж гарч шалгасан. Мэдээллийн дагуух төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэдийн гомдол мэдээллээр болон улсын байцаагч өөрийн санаачлагаар явуулж болно.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.2, мөн дарсыг орос хэл дээр бичигдсэн шошготой гаргасан нь иргэдийг төөрөгдөлд оруулж байна гэсэн үзсэн. Импортын бүтээгдэхүүн буюу гаднаас орж ирсэн бүтээгдэхүүн нь зөвхөн орос, англи, монгол хэлээр байх ёстой. Гэтэл үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүнтэй адилхан оросоор шошголсон. Бид Ц ХХК нь С******* гэх нэрийг ашиглах эрхтэй юу гэдгийг Оюуны өмчийн газраас тодруулсан. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс орос хэл дээр шошголж дарсыг үйлдвэрлэсэн байдаг үндэслэлээр торгоогүй, импортоор орж ирсэн оргилуун дарстай андуурагдах буюу хэрэглэгчийг төөрөгдүүлж байна гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан. Мөн зөвхөн тохирлын гэрчилгээ аваад үйлдвэрлэнэ гэж тайлбарлаж байна. Тодруулбал Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь барааны тэмдгийг өөрийн эзэмшилд аваагүй байж, адилхан шошгоор уг дарсыг үйлдвэрлэсэн нь хэрэглэгчийг төөрөгдүүлж байна гэж үзсэн. Л*******, С******* 2 дарсыг үйлдвэрлэх эрхтэй байсан. Гэтэл иргэдийн гомдлоор ирж шалгалт хийж Л******* гэдэг дарсыг С******* дарсны шилэнд савлаж, давхар шошголж худалдаанд гаргасан. Үүнийг шалгах явцад Л******* бичигтэй дарсыг С******* дарсны шилэнд савласан учраас Мэргэжлийн хяналт торгосон.

Холбогдогчоос авсан мэдүүлэгт Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Т*******а зах зээлд тэсч үлдэхийн тулд С******* нэрээр дарсыг үйлдвэрлэсэн гэж хариулсан байдаг. Үүнээс үзэхэд хэрэглэгчдэд С******* гэх нэрээр дарс гаргавал илүү борлуулалт хийх зорилготой байсан гэдэг нь тодорхой байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.1-д барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээдийн өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх чадвартай илэрхийлэл гэж заасан. Гэтэл Ц ХХК-ийн Монгол улсад үйлдвэрлэсэн С******* гэх нэртэй оргилуун дарсны шошго импортоор орж ирдэг С******* дарстай шошго нь яг адилхан орос хэл дээр, үг үсгийн ямар ч зөрүүгүй байсан. Тиймээс хэрэглэгчийг импортын дарстай андуурч төөрөгдүүлсэн гэдэг үндэслэлээр шалгалт хийж зөрчил гэж үзсэн. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц ХХК-ийн гомдолтой, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Мийн 2102 дугаартай хэргийг хамтран хариуцагчаар татсан гомдолтой танилцаж дараах тайлбар гаргаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.М би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01/13 дугаар нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө, 520 тоотод байрлах Ц ХХК-д /РД:2733***, БД:901100****/ 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 2102 зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шалгалтаар тус үйлдвэр нь хуучин эргэлтийн шилийг үйлдвэрлэлд дахин ашиглахдаа хуучин шошгыг бүрэн гүйцэд арилгаж угааж цэвэрлээгүй 1200 орчим шилэн лонхыг хуучин шошгон дээр шошголж үйлдвэрлэн, зах зээлд худалдан борлуулсан болох нь холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, фото зураг, бараа материалын тайлан, үйлдвэрлэлийн дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй горимууд, батлагдсан технологийн заавар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалаар батлагдсан үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар хавсралт Хүнсний үйлдвэрт мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийн 4.2 дахь заалт, 9.4 дэх заалтыг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөж ажиллаагүй тул энэ нөхцөл байдлаас хохирол үүсч, хохирсон хохирогч тогтоогдоогүй тул учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй байсан учир тус хуулийн этгээдэд 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Ц ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчТ.М, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.М нарт холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах-аар гомдлын шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, шаардлагаа тодруулснаар гомдлын зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчлийн хэргийн материал, нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд L******* гэсэн оргилуун дарсны шошгыг хуулахад С******* нэрийн оргилуун дарсны шошго гарсан талаарх видео бичлэг, мэдээлэл тавигдсанаар, хэрэглэгчдийн энэ мэдээлэлд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01/13 дугаар нийтийг хамарсан баяр ёслолын арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.М 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаар удирдамжийн дагуу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчТ.М, улсын байцаагч Д.Г нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Ц ХХК-д хяналт шалгалтыг хийж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий дээрх албан тушаалтнууд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад С******* гэсэн шошготой оргилуун дарсны шилийг ашиглаж L******* гэсэн шошгыг давхарлан нааж үйлдвэрлэсэн, мөн С******* нэрийн оргилуун дарсны шошго импортын С******* нэрийн оргилуун дарсны шошготой адилхан байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээр нөхцөл үүссэн гэсэн зөрчлийг илрүүлж шалгасан байх бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2102 дугаартай, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2021 оны 1 дүгээр сарын 14-нд 2102 дугаартай зөрчлийн хэрэг тус тус нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчТ.М 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдсан зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.М 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй зөрчилд 3,000,000 төгрөгөөр торгож, буруу шошголсон оргилуун дарсыг устгахаар шийдвэрлэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч Ц ХХК нь хяналт шалгалтаар L******* нэрийн оргилуун дарс буруу шошготой худалдаанд гарсан зөрчлийг хүлээн зөвшөөрч, хүнсний сүлжээ 37 харилцагчаас 205 ширхэг уг нэрийн оргилуун дарсыг татан авсан талаараа 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 02/05 тоотоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тайлбар ирүүлсэн байдаг.

Ц ХХК нь дээрх шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэг зөрчилд шийтгэл давхардуулан оногдуулсан гэж хөнгөн шийтгэл оногдуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудастай маргах үндэслэлээ болгож, харин хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэрэглэгчдийг төөрөгдлүүлж, хууран мэхлэх үйлдэл гаргаагүй буюу бусдын шошго ашиглаагүй, өөрийн нэр, хаяг бүхий шошго ашигласан, хэрэглэгч импортын гэж андуурч худалдан авсан гэх баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй, өөрийн хаяг бүхий шошготой дарсыг стандартын чанарын гэрчилгээгээр үйлдвэрлэсэн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчөөгүй, барааны талаарх мэдээллийг шошгондоо тусгасан, хэрэглэгчдийг хууран мэхэлж төөрөгдүүлсэн гэх баримтгүй хэмээн маргасан.

Хариуцагч нарын тайлбар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээс үзвэл мэргэжлийн хяналтын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ц ХХК-ийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчиж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ давхар шошголж хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан гэж үзсэн, харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч тус компанийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчиж С******* гэсэн шошготой оргилуун дарсны шилийг ашиглаж L******* гэсэн шошгыг давхарлан нааж үйлдвэрлэсэн нь хэрэглэгчдийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, мөн С******* нэрийн оргилуун дарсны шошго нь хэрэглэгчдийг импортын оргилуун дарстай андуурч, төөрөгдүүлэх нөхцлийг үүсгэсэн зөрчил гаргасан гэж үзсэн, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн дүрэм, стандарт зөрчиж, хууран мэхэлж, төөрөгдүүлж С******* гэсэн шошготой оргилуун дарсны шилийг L******* гэж давхар шошголсноос гадна, С******* нэрийн оргилуун дарсны шошго нь мөн хэрэглэгчдийг импортын оргилуун дарстай андуурч, төөрөгдүүлэхээр байна гэж үзсэн нь үндэслэлтэй тул улсын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т нэг үйлдэл, эс үйлдэхүй нь уг хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасныг буруу хэрэглээгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл С******* гэсэн шошготой оргилуун дарсны шилийг L******* гэж давхар шошголсон болон импортын оргилуун дарсны шошгыг дуурайлган С******* нэрийн оргилуун дарс үйлдвэрлэж худалдаанд гаргаж хэрэглэгчдийг хууран мэхэлж төөрөгдүүлсэн үйлдлүүд нь тусдаа үйлдэл бөгөөд 1 үйлдэл гэж үзэх боломжгүй.

Гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэж нэг зөрчилд шийтгэл давхардуулан оногдуулсан гэж маргахдаа анх хөнгөн шийтгэл ногдуулсан гэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудастай маргах үндэслэлээ болгож байсан бол мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, хүнд шийтгэл оногдуулсан гэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын байцаагчийн шийтгэлийн хуудастай маргах үндэслэлээ болгож буй нь ойлгомжгүй бөгөөд ийнхүү дээрх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Гомдол гаргагч нь Стандартчилал, хэмжил зүйн газраас 2017 оны 12 дугаар сарын 25-наас 3 жилийн хугацаатай олгосон УБД0001230 дугаартай Тохирлын гэрчилгээгээр L*******, С******* нэрийн оргилуун дарс үйлдвэрлэж байгаа гэж тайлбарлах ч Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар тохирлын үнэлгээ гэж бүтээгдэхүүн, ажилтны ур чадвар, менежментийн тогтолцоо нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг, 4.1.11-д зааснаар тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг ойлгох ба, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар тохирлын үнэлгээний зорилго нь бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалахад орших бөгөөд, 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэт стандарт, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, тохирлын үнэлгээнд хамрагдах эрхтэй байна.

Эндээс үзэхэд Стандартчилал, хэмжил зүйн газраас хийгдсэн тохирлын үнэлгээ нь тухайн бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хэмжээ Монгол Улсын холбогдох стандартын шаардлагад нийцэж буйг тодорхойлохоос бус, барааны тэмдгийг ашиглаж бараа үйлдвэрлэхийг, уг бараа нь тухайн барааны тэмдэг бүхий бараатай адил чанартайг тодорхойлохгүй. Өөрөөр хэлбэл С******* нэрийн дарсанд олгосон тохирлын гэрчилгээ нь импортын С******* нэрийн оргилуун дарсыг үйлдвэрлэх эрх олгоогүйн дээр импортын С******* нэрийн оргилуун дарстай адил чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг тодорхойлохгүй, зөвхөн Ц ХХК-ийн үйлдвэрлэж буй С******* нэрийн оргилуун дарс Монгол Улсын MNS5074-2011 стандартад нийцэж буйг л тодорхойлно.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт нь зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх зарчимд суурилах бөгөөд 7 дугаар зүйлд зааснаар хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй, үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны болон бусад таних тэмдгээс эхлээд барааны талаарх үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй, энэ мэдээлэл нь барааны шошгонд тодорхой тусгагдах ёстой бөгөөд 12 дугаар зүйлийн 12.9-д бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, ... замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулах-ыг хоригложээ.

Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2016 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан, 2017 оны 20 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандартын 4.1-д хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь буруу ташаа, хууран мэхэлсэн, эсвэл хүнсний шинж чанарын талаар төөрөгдөлд хүрэхүйц, буруу ойлголт төрүүлэхүйц байж болохгүй, 4.2-т хүнсний бүтээгдэхүүний шошгод тухайн бүтээгдэхүүнтэй андуурч болзошгүй бусад бүтээгдэхүүнд хамаарах эсвэл түүнийг шууд ба шууд бусаар сануулах, өөр бүтээгдэхүүнтэй холбоотой гэх сэтгэгдэл төрүүлэхүйц үг, зураг, дүрслэл зэргийг тодорхойлон бичих буюу илэрхийлж болохгүй гэж заажээ.

Ц ХХК нь өөрийн үйлдвэрлэж буй С******* нэрийн оргилуун дарсыг импортын С******* нэрийн оргилуун дарсны шошготой адил орос хэлээр шошголж худалдаанд гаргасан бөгөөд үүнийгээ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасанд нийцсэн гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Учир нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна гэж заасан, өөрөөр хэлбэл импортоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээллийг орос хэлээр байхыг зөвшөөрснөөс биш Монгол улсад үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүнийг орос хэлээр шошгын мэдээллийг үйлдэхийг зөвшөөрсөн заалт биш юм.

Хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Оюуны өмчийн газраас холбогдох мэдээллийг гаргуулснаар тус компанийн нэр дээр 3 барааны тэмдэг бүртгэлтэй, харин С*******, L******* нэрийн барааны тэмдэг бүртгэлгүй байна.

Гаалийн импортын мэдээгээр С******* нэрийн оргилуун дарсыг 2019, 2020 онд Польш, Беларус улсаас нэр бүхий 3 аж ахуйн нэгж импортоор оруулсан, Ц ХХК С******* нэрийн оргилуун дарсыг импортлоогүй байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7.3-т өөр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буруу шошголсон гэж үзнэ гэж заасан тул Ц ХХК өөрийн үйлдвэрлэж буй оргилуун дарсны шошгыг орос хэлээр, импортын С******* нэрийн оргилуун дарсны шошгыг дуурайлган үйлдсэнийг буруу шошголсон гэж үзнэ. Тиймээс Ц ХХК С******* нэрийн оргилуун дарс үйлдвэрлэхдээ импортын С******* нэрийн оргилуун дарсны шошгыг дуурайлган орос хэлээр үйлдсэнээр хэрэглэгчдийг хууран мэхэлж, импортын оргилуун дарстай андуурч, төөрөгдөхөөр нөхцөл үүсгэсэн буюу бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компани ийнхүү С******* нэрийн импортын оргилуун дарстай адил шошго бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тухайгаа 2021 оны 1 дүгээр сарын 13-нд 02/07 тоотоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ...С******* шампанское барааны тэмдгийг ЗХУ задран унаснаас хойш хэд хэдэн компани эзэмшиж байсан бөгөөд Польш, Герман, Украйн, Беларусь, Молдав зэрэг олон орны үйлдвэрлэгч нар С******* Игристое, С******* П*******, С******* Золотое зэрэг нэрээр одоог хүртэл үйлдвэрлэж байна. 2000 оноос эхлэн манай улсын гадаад худалдааны томоохон компаниуд Герман, Польш, Украйн зэрэг Европын холбооны улс орнуудад захиалгаар С******* Шампанское дарсыг үйлдвэрлэж Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн.

2014 онд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцид нэгдэн орсон улс орнууд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад Франц улсын эрх ашгийг хамгаалж Шампань дарсны барааны тэмдэгтийг улс бүрийн Оюуны өмчийн газарт хамгаалуулах ажил эхэлсэн. Монгол Улсын Оюуны өмчийн газар дээрх барааны тэмдэгтийг бүртгэснээр Монгол Улсад импортоор орж ирдэг Герман, Польш, Украйн зэрэг Европын холбооны үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүний шошго дээрх Шампанское үгийг авч, оронд нь игристое, п******* нэршлийг ашиглах болсон.

Ц ХХК-ийн хувьд Монгол Улсын оргилуун дарсны жилийн нийт хэрэглээ болох 300,000 лонх бүтээгдэхүүний 10 хувийг Улаанбаатар хотод байрлах өөрийн үйлдвэрээс нийлүүлдэг, Тансаг, Аурис, С Новым годом, Happy Surprise, С******* Игристое П******* оргилуун дарсыг Герман, Австри, Голланд, Монгол технологийн дагуу боловсруулж, Монгол Улсын MNS5074-2011 стандартын дагуу үйлдвэрлэж байна хэмээн тайлбар хүргүүлсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн төлөөлөгч С******* нэрийн оргилуун дарсыг сүүлийн 2 жил 2019, 2020 онд үйлдвэрлэсэн, С******* нэрийг Оюуны өмчийн газар бүртгүүлээгүй, Оюуны өмчийн газарт С******* нэрээр асуудал үүсч байсан, С******* дарсны шошгыг ОХУ-д захиалгаар хийлгэдэг, зах зээл дээр тэсч үлдэхийн тулд С******* нэрээр дарс үйлдвэрлэдэг хэмээн мэдүүлсэн байдаг.

Зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтан Н******* ХХК-ийн Н******* дэлгүүр, С ХХК-ийн О дэлгүүрт худалдаалагдаж буй импортын С******* Игристое П******* оргилуун дарсны шошгыг Ц ХХК-ийн үйлдвэрлэж худалдаанд нийлүүлсэн С******* Игристое П******* оргилуун дарсны шошготой харьцуулсныг фото зургаар бэхжүүлж, үзлэгийн тэмдэглэл үйлдсэн, энэ нотлох баримтаас үзэхэд Ц ХХК-ийн үйлдвэрлэсэн С******* Игристое П******* нэрийн оргилуун дарсны шошгын мэдүүллүүд орос хэлээр бичигдсэн импортын С******* Игристое П******* оргилуун дарсны шошгоноос ялгагдахааргүй дуурайлгаж хийсэн байх тул хэрэглэгч тус компанийн үйлдвэрлэсэн оргилуун дарсыг импортын оргилуун дарс гэж андуурч төөрөгдөхөөр байна, энэ нь хэрэглэгчийн барааны талаарх үнэн зөв мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдсан зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2,7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Ц ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаасаа гомдол гаргагч Ц ХХК татгалзсаныг баталж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч нь гомдлын шаардлагаасаа татгалзсан асуудлаараа дахин гомдол, нэхэмжлэл гаргах, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хэргийн оролцогч нар давж заалдах гомдол гаргах эрхгүй, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА