Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0274

 

 

 

 

 

 

   “ЭДК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Нэхэмжлэгч: “ЭДК” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: ТДС, С.Б, Б.Н, С.Н, Ү.Т, С.Ц, Д.Д, “ХХБ” ХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 90А дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг Ү-2206089037, 6 дугаар давхрын 604 тоотын Ү-2206089030, 11 дүгээр давхрын 1101 тоотын Ү-2206089032, 1102 тоотын Ү-2206089034, 1103 тоотын Ү-2206089033, 1104 тоотын Ү-2206089025, 1105 тоотын Ү-2206089031, 1106 тоотын Ү-2206089036 дугаарт тус тус бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч

Гуравдагч этгээд С.Н

Гуравдагч этгээд С.Б, Б.Н, С.Н нарын өмгөөлөгч В.Г

Гуравдагч этгээд “ХХБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0727/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ЭДК” ХХК нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 90А дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг Ү-2206089037, 6 дугаар давхрын 604 тоотын Ү-2206089030, 11 дүгээр давхрын 1101 тоотын Ү-2206089032, 1102 тоотын Ү-2206089034, 1103 тоотын Ү-2206089033, 1104 тоотын Ү-2206089025, 1105 тоотын Ү-2206089031, 1106 тоотын Ү-2206089036 дугаарт тус тус бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182 дугаар шийдвэрээр: “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.5, 10.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.9 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭДК” ХХК-ийн гаргасан ...Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 90А дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг Ү-2206089037, 6 дугаар давхрын 604 тоотын Ү-2206089030, 11 дүгээр давхрын 1101 тоотын Ү-2206089032, 1102 тоотын Ү-2206089034, 1103 тоотын Ү-2206089033, 1104 тоотын Ү-2206089025, 1105 тоотын Ү-2206089031, 1106 тоотын Ү-2206089036 дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...шийдвэрлэсэн байна. 

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...нэхэмжлэлд дурдагдаж буй бүртгэлүүдийг хийхдээ манай компанид мэдэгдсэн эсэх, Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байсан эсэх талаарх үйл баримтад дүгнэлт хийх ёстой байсан ба эдгээр үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй шууд хамааралтай. Улсын бүртгэлийн байгууллагад Тэнгэр дээд сургуулиас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1/15 дугаартай албан бичгээр нэхэмжлэлд дурдагдаж буй 8 үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр бүртгүүлэх, Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргасан. Ийнхүү хүсэлт гаргахдаа “ЭДК” ХХК болон “ТДС” ХХК нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээ, Хот байгуулалт хөгжлийн газрын хаягийн тодорхойлолт, Орон сууцны гадна зураг, тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг л хавсаргасан байсан.

3.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 8 үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгчөөр бүртгүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргах хүсэлтэд өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зургийг хавсаргаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн байхад түүнийг нягтлаагүй, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтаас зөрүүлж, шууд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг олгох шийдвэр нь илт хууль бус, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл анхнаасаа байгаагүй.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлэх бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргах хүсэлтэд өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зургийг хавсаргаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн байхад түүнийг нягтлаагүй, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтаас зөрүүлж, шууд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг олгосон нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 20 дугаар зүйлийн 20.1-д тус тус зааснаар татгалзах үүрэгтэй буюу хүлээн авч бүртгэл хөтлөх эрх зүйн үндэслэл байгаагүйг бүрэн харуулж байна.

3.4. “ЭДК” ХХК болон “ТДС” ХХК нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээний дагуу ТДС нь гэрээнд заасан газрын эрхийг “ЭДК” ХХК-д шилжүүлж өгөх, “ЭДК” ХХК-иас гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг авах, гэрээний харилцаатай ба энэ харилцаа дуусгавар болоогүй. ТДС одоо хүртэл газрын эрхээ шилжүүлж газраа өгөөгүй, биднээс ямар ч хамааралгүйгээр, бидний зөвшөөрөлгүйгээр, бидний барьсан барилгаас 8 үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчилсөн. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн юмыг өгөөгүй байхад Улсын бүртгэлд бүртгүүлэх замаар бидний юмыг аваад байгаа энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болбол хөндөгдсөн эрхээ хаана хандаж сэргээлгэхээ мэдэхгүй байна.

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “ЭДК” ХХК-иас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 90А дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг Ү-2206089037, 6 дугаар давхрын 604 тоотын Ү-2206089030, 11 дүгээр давхрын 1101 тоотын Ү-2206089032, 1102 тоотын Ү-2206089034, 1103 тоотын Ү-2206089033, 1104 тоотын Ү-2206089025, 1105 тоотын Ү-2206089031, 1106 тоотын Ү-2206089036 дугаарт тус тус бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

2.2. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг “...иргэн, хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргах эрхтэй бөгөөд, улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээтэй байх тул түүний дагуу хийсэн бүртгэлийн ажиллагааг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцжээ.

2.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд анх “ЭДК” ХХК-иас шүүхэд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 90А дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг Ү-2206089037, 6 дугаар давхрын 604 тоотын Ү-2206089030, 11 дүгээр давхрын 1101 тоотын Ү-2206089032, 1102 тоотын Ү-2206089034, 1103 тоотын Ү-2206089033, 1104 тоотын Ү-2206089025, 1105 тоотын Ү-2206089031, 1106 тоотын Ү-2206089036  дугаар үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2750 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг захирамжид гомдол гаргаагүй, улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дээрх 8 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6452 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч мөн гомдол гаргаагүй байна.

2.4. Үүний дараагаар нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 90А дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг Ү-2206089037, 6 дугаар давхрын 604 тоотын Ү-2206089030, 11 дүгээр давхрын 1101 тоотын Ү-2206089032, 1102 тоотын Ү-2206089034, 1103 тоотын Ү-2206089033, 1104 тоотын Ү-2206089025, 1105 тоотын Ү-2206089031, 1106 тоотын Ү-2206089036 дугаарт бүртгэсэн бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тул тухайн бүртгэлүүд хуулийн шаардлага хангасан эсэхийг буюу хариуцагч маргаан бүхий бүртгэлүүдийг хийхдээ холбогдох хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.

2.5. Энэ талаар анхан шатны шүүх маргаан бүхий  үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэсэн бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэнд хамаарах эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх тул “...нэхэмжлэлд дурдагдаж буй бүртгэлүүдийг хийхдээ манай компанид мэдэгдсэн эсэх, Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байсан эсэх талаарх үйл баримтад дүгнэлт хийх ёстой байсан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.  

2.6. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд захиргааны акт “илт хууль бус” байх үндэслэл нь “дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байх шаардлагатай” гэж онолын хувьд үздэг бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийн зүйл заалтыг илт буруугаар хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь гуравдагч этгээд Тэнгэр дээд сургуулиас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/15 дугаар албан бичгээр гаргасан “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 90А дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг Тэнгэр дээд сургуулийн, 6 дугаар давхрын 604 тоотыг С.Ц-гийн, 11 дүгээр давхрын 1101 тоотыг С.Б-ын, 1102 тоотыг Б.Н-гийн, 1103 тоотыг С.Д-ын, 1104 тоотыг Д.Д-ын, 1105 тоотыг С.Н-ын, 1106 тоотыг Д.Д-ын өмчлөлд тус тус бүртгүүлэх” тухай хүсэлтийг шийдвэрлэсэн нь улсын бүртгэгчийн чиг үүрэгт огт хамаарахгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэж, улмаар гэрчилгээ олгох ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй нь илэрхий тохиолдолд илт хууль бус захиргааны актад хамаарч, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох учиртай.

2.8. Харин Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Улсын бүртгэгчийн эрх, үүргийг зохицуулсан бөгөөд 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” эрхтэй гэж,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 10 дугаар зүйлийн 10.5-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ”, 11 дүгээр сарын 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана”, 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заажээ.

2.9. Хариуцагч нь дээрх хуульд заасан эрхийн хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын дагуу гуравдагч этгээд болох Тэнгэр дээд сургуулиас ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан ТДС болон “ЭДК” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээ, Хот байгуулалт, хөгжлийн газрын хаягийн тодорхойлолт, орон сууцны гадна зураг, тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 1103 тоотын хувьд өвлөх эрхийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээ, мэдүүлэг зэрэг баримт бичгийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа энэ тохиолдолд уг бүртгэлийг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.10. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэсэн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “...улсын бүртгэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт хавсаргахаар хуульд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн байхад түүнийг нягтлаагүй, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтаас зөрүүлж, шууд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг олгосон, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд зааснаар татгалзах үүрэгтэй буюу хүлээн авч бүртгэл хөтлөх эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

2.11. Харин нэхэмжлэгч “ЭДК” ХХК нь “ТДС” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой.

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ЭДК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА