Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 359

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 4-9 тоотод оршин суух Мундаагийн Идэрчулуун, Батдоржийн Баясгалан /утас 95035175, 99296869/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 15 дугаар байрны 67 тоотод оршин суух Жамсранжавын Энхбаяр /утас 99375550/-т холбогдох 

 

“7,504,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Идэрчулуун, Б.Баясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Идэрчулуун, Б.Баясгалан нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ж.Энхбаяр нь 2012 оны 11 дүгээр сарын 15-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай зээл авсан боловч зээл хүүгийнхээ төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардуулж байсан болочв одоо хүртэл төлөхгүйгээр банкны зээл хүүгийн дарамтанд оруулж хохироож байна. иймд хуулийн дагуу зээлдэгч Ж.Энхбаяраас үндсэн зээл 7,000,000 төгрөг, түүний хүү 420,000 төгрөг, алданги 84,000 төгрөг, нийт 7,504,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Ж.Энхбаяр нь нэхэмжлэгч М.Идэрчулуунтай 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар 6 хувийн хүүтэйгээр зээлж авчээ. Мөн барьцаат зээлийн гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Орхон сумын нутаг дэвсгэр дэхь 0206817 тоот гэрчилгээтэй газрын эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд тавьсан. Хариуцагч Ж.Энхбаяр нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Идэрчулуун, Б.Баясгалан нар нь хариуцагч Ж.Энхбаярт холбогдуулан үндсэн зээл 7,000,000 төгрөг, түүний хүү 420,000 төгрөг, алданги 84,000 төгрөг, нийт 7,504,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч М.Идэрчулуун, Б.Баясгалан нар нь “...Ж.Энхбаяр, М.Идэрчулуун нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээлийн төлбөр гаргуулахаар, иргэний хувьд нэхэмжлэлийн шаардаж байна. Си энд чи ХХК-ний нэрийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг хуулийн этгээд нь Ж.Энхбаяртай холбогдуулан шаардлага гаргаагүй ...” гэж нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэл гаргасан этгээдийг тодруулсан болно.

Хавтас хэрэгт М.Идэрчулуун, Ж.Энхбаяр нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр М.Идэрчулуунаас 7,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэйгээр, 2012 оны 11 дүгээр сарын 15-наас 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар хариуцагч Ж.Энхбаярт зээлдүүлсэн байна. /хх-5/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба зохигчид дээрх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй болно.

Хариуцагч тал “...зээлийн төлбөрийг бүрэн төлсөн. Төлөх төлбөр байхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

Нэхэмжлэгч М.Идэрчулуун, хариуцагч Ж.Энхбаяр нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан ба нэхэмжлэгч нар нь дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж, шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Иргэн зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааг Иргэний хуулиар тодорхой хязгаарлалт хийсэн нь тус хуулийн 75 дугаар зүйлд заасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан байх тул нэхэмжлэгч нарын дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Хавтас хэрэгт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоосон, тасалдсан талаарх нотлох баримт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Идэрчулуун, Б.Баясгалан нарын гаргасан хариуцагч Ж.Энхбаяраас зээлийн төлбөр 7,504,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанаас өмнө “гэрч С.Алтанцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулах тухай” хүсэлтийг бичгээр гаргасан боловч уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд оролцоогүй тул шүүх дээрх хүсэлтийг хүлээн аваагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Идэрчулуун, Б.Баясгалан нарын гаргасан хариуцагч Ж.Энхбаяраас зээлийн төлбөр 7,504,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,020 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА