Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 45

 

М.И- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00160/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 359 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.И-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Э-т холбогдох

“7.504.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч М.И-, Б.Б- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч М.И-, Б.Б- нараас:

...Ж.Э- нь 2012 оны 11 дүгээр сарын 15-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай зээл авсан боловч зээл, хүүгийнхээ төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардуулж байсан боловч одоо хүртэл төлөхгүйгээр банкны зээл хүүгийн дарамтад оруулж хохироож байна. Иймд хуулийн дагуу зээлдэгч Ж.Э-аас үндсэн зээл 7.000.000 төгрөг, түүний хүү 420.000 төгрөг, алданги 84.000 төгрөг, нийт 7.504.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгаас:

...Ж.Э- нь нэхэмжлэгч М.И-тай 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар 6 хувийн хүүтэйгээр зээлж авчээ. Мөн барьцаат зээлийн гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Орхон сумын нутаг дэвсгэр дэх 0206817 тоот гэрчилгээтэй газрын эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд тавьсан. Хариуцагч Ж.Э- нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 359 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.И-, Б.Б- нарын хариуцагч Ж.Э-аас зээлийн төлбөр 7.504.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.020 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.И-, Б.Б-  нараас давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч      Ж.Э- нь С.Алтанцэцэгээр зуучлуулан 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай зээл авсан, аваагүй талаар маргадаггүй. Ж.Э- С.Алтанцэцэг нараас зээл хүүгээ төлөхийг олон жил сар шаардаж нэхэмжилж байсан болохыг Ж.Э- болон С.Алтанцэцэг нар өөрсдөө нотолдог бөгөөд зээлийнхээ хугацааг удаа дараа сунгуулж байсан тухай шүүхэд тайлбарлахад шүүх дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ж.Э- С.Алтанцэцэг нь Бидний удаа дараа шаардаж, зээлийн хугацааг удаа дараа сунгаж байсныг үгүйсгэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгосон шийдвэр гаргасан. С.Э-ыг цагдаагийн газарт гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа тул зээлийн хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргаж зээлийн хугацааг сунгуулж байсан гэрч, зээлийг зуучлагч С.Алтанцэцэг шүүх хуралдаанд гэрчээр дуудагдаж ирсэн байхад түүнээс тайлбар мэдүүлэг авахгүй, асуултад хариу авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Хэргийн болон зээлдэгч, зээлдүүлэгчийн хувийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэж хохироосонд гомдолтой байх тул хэргийг хянаж, эрх ашгийг минь хамгаалж өгнө үү гэжээ.                          

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч М.И- М.Б- нар нь хариуцагч Ж.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг хүү, алдангид 7.504.000 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбаруудын агуулгаас  2012 оны 11  дүгээр сарын 15-ны өдөр  М.И-  Ж.Э- нарын хооронд зээлийн болон барьцааны  гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу  7.000.000  төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаагаар Ж.Э-т  зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

            Хариуцагч зээлийн гэрээний  үүрэгт 7.000.000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй байна.

            Гэрээний хугацаа нь талуудын бичгээр тохиролцсон гэрээний дагуу 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон бөгөөд гэрээг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хугацааг удаа дараа сунгуулж байсан тухай тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

            Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байдал нь үүргийн зөрчил буюу шаардах эрх үүсэх үндэслэл болох юм.

Иймд зээлдэгчийн шаардлага гаргах эрх  нь 2013 оны 3 дугаар сард үүссэн тул энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байх бөгөөд  энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг  сэргээх боломжтой хэдий ч шүүхэд нэхэмжлэгч энэ талаар баримт гаргаагүй байна.

            Мөн Иргэний хуулийн 9 дүгээр бүлэгт заасан  хөөн  хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан зэрэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг байнга шаардаж байсан талаар тайлбарласан боловч шүүхэд гаргасан шаардлага тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

            Давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч шүүх хуралдаанд гэрч С.Алтанцэцэгийг асуулгах  хүсэлтийг хангаагүй талаар дурджээ.

Хэргийн 22 дугаар талд гэрч С.Алтанцэцэгийг  “2.000.000  төгрөгийг хэдийд хэн ямар банкаар хэнд шилжүүлсэн” талаар асуулгахаар нэхэмжлэгч тал хүсэлт гаргасан байх боловч хариуцагчийн хүсэлтээр гэрч С.Алтанцэцэгийг дээрх асуултын дагуу  гэрчээр асуусан тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /хх-21/

            Ийнхүү нэхэмжлэгч болон хариуцагчийн гэрчийн этгээд болон гэрчээс асуух асуултын агуулга давхацсан байх тул шүүхийг нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг  бүрдүүлээгүй хэмээн үзэж шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

            Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал С.Алтанцэцэгийг гэрчээр асуулгах хүсэлтээ гаргаагүй болох нь хэргийн 32 дугаар талд авагдсан хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.И-, Б.Б- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135.014 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                         

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХЖАРГАЛ       

                                                     ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                         О.НАРАНГЭРЭЛ