Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 396

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 226 тоотод оршин суух, Мухар цагаан овогт Бадамын Уранчимэг /регистрийн дугаар ТЖ67081501, утас 99375986, 95802902/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-д холбогдох

"117,882,021.12 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваабаяр, Б.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Шарнууд овогт Цэрэндоржийн Бүдбазар нь 19986 онд хугацаат цэргийн албыг 3 жилийн хугацаатай хааж 1989 оны 10 сараас Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-д засварын монтёр албан тушаалтнаар  анх ажилд орж тасралтгүй 28 жил  үр бүтээлтэй ажиллаж байгаад Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-ий Цахилгаан цехд  кабель, гэрэлтүүлэгийн засварын монтёроор ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж яваад насбарсан.

Насбарсан шалтгаан нь Зүрхний өвчний улмаас зүрхний хурц дутагдлаар насбарасан болох нь Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017оны 10 сарын 11ний өдрийн 89 дугаартай дүгнэлтээр нотлогдсон.

Тус байгууллага нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Эрсдлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас эрүүл мэндийн даатгалд  тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр  заавал даатгуулна. Ажилтны амь нас эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх  үндэслэл  болохгүй гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх хуулийн заалтын дагуу Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК-аас амь насны даатгалын тэтгэмжийн нөхөн төлбөрийг ажилтны цалинг 96 сараар тооцож 117,882,021.12 төгрөгийг гаргуулж өгнө үү.”гэв.

 

Хариуцагч Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Иргэн Б.Даваабаяр нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Эрсдлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас эрүүл мэндийн даатгалд  тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр  заавал даатгуулна. Ажилтны амь нас эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх  үндэслэл  болохгүй гэсэн заалтыг үндэслэл болгосон байна. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9-д Эрсдлийн түвшин их  ажлын байрны жагсаалтыг Засгийн газар батална гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ жагсаалт гараагүй тул ажилтны амь нас эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах боломжгүй байна.

ДДЦС ТӨХК-ий захиргаа үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017 оны хамтын гэрээний 3 дугаар бүлэг  3.8 дахь заалтыг үндэслэн ар гэрт нь 2,200,000 төгрөгтэй  тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг олгосон.

Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ХАБЭАТХ-ийн 3 дугаар зүйл 3.1.20-д заасан байдаг гэтэл талийгаач Ц.Бүдбазар нь үйлвэрлэлийн сөрөг нөлөөлөлд өртөөгүй нь шүүх эмнэлэгийн дүгнэлтээр батлагдсан тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу нөхөн тблөр олгох боломжгүй. ” гэв.

                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь талийгаач Ц.Бүдбазарын эхнэр бөгөөд тэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т үүргээ ажил олгогч “Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК нь биелүүлээгүй гэх үндэслэлээр  “Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-иас амь насны даатгалын нөхөн төлбөр 117,882,021 төгрөг 12 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар

Талийгаач Шарнууд овогтой Цэрэндоржийн Бүдбазар нь Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-ний цахилгаан цехэд 4 дүгээр зэрэгтэй Кабель шугамын засварын монтёроор ажиллаж байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлын байр нь дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад зүрхний хурц дутагдлаар нас барсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай тогтоол, нас барсны гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““хөдөлмөрийн нөхцөл”  гэж  хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг хэлнэ”,  3.1.8-т “”эрсдэлийн үнэлгээ” гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг хэлнэ” , 28 дугаар зүйлийн 28.4-т “Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байна.

 

Талийгаач Ц.Бүдбазарын эрхэлж байсан Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-ний цахилгаан цехэд 4 дүгээр зэрэгтэй Кабель шугамын засварын монтёрын ажил,албан тушаал нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, эрсдэлийн түвшин их ажлын байр болох нь хэрэгт авагдсан Ажлын байрны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЦЦ-АБТ-29-2017 дугаартай тодорхойлолт, Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-ний 2013-2017 оны Цахилгаан цехийн ажилтнуудын орон тоо цалингийн жишиг, 2011, 2013, 2016 онуудын Цахилгаан цехийн ажлын байрны эрсдлийн үнэлгээг тодорхойлсон хүснэгт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч тал “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.1.9-т “ Засгийн газар эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг батлах эрхтэй” гэж заасан боловч Засгийн газар эрсдэлийн түвшин өндөр ажлын байрны жагсаалтыг батлаагүй учир мөн хуулийн 28.4-т заасан заалт хэрэгжих боломжгүй. Талийгаачийг хуульд заасны дагуу амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

Ажил олгогч Дархан дулааны цахилгаан станц ТӨХК нь ажлын байрны эрсдлийн үнэлгээг тодорхойлж гаргасан байх тул уг эрсдэлийн үнэлгээг үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан үүргээ биелүүлэх боломжтой байхад уг үүргээ биелүүлээгүй байна.

Иймд талийгаач Ц.Бүдбазарын сарын дундаж цалин 1,512,685 төгрөг бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу сарын дундаж цалинг 36 сараар тооцож, нийт 54,456,660 төгрөгийг хариуцагч Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Уранчимэгт олгож, нэхэмжлэлийн үлдэх 42,674,639 төгрөг 12  мөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг баримтлан хариуцагч Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-иас  54,456,660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уранчимэгт олгож, нэхэмжлэлийн үлдэх 42,674,639 төгрөг 12  мөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 430,233 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                  

 

                  

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА