Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 63

 

Б.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00139/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 396 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д холбогдох

          “Амь насны даатгалын тэтгэмжийн нөхөн төлбөрийг ажилтны 96 сарын цалингаар тооцож  117.882.021,12 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваабаяр, Б.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваабаяраас :

Ц.Б- нь 1989 оны 10 дугаар сараас “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д засварын монтёр албан тушаалтнаар ажилд орж тасралтгүй 28 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан. Нас барсан шалтгаан нь зүрхний өвчний улмаар зүрхний хурц дутагдлаар нас барсан болох нь Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний албаны 89 дугаар дүгнэлтээр нотлогдсон.

“Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй гэсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-аас амь насны даатгалын тэтгэмжийн нөхөн төлбөрийг ажилтны 96 сарын цалингаар тооцож 117.882.021,12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэнгээс:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваабаяр “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль”-ийн 28.4, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 97 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.9-д “Эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ жагсаалт гараагүй тул ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах боломжгүй юм. 2017 онд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захиргаа үйлдвэрчний эвлэлтэй хамтын гэрээ байгуулснаар ар гэрт нь 2.200.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг олгосон.  Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг заасан байдаг. Гэтэл талийгаач нь үйлдвэрлэлийн сөрөг нөлөөлөлд өртөөгүй нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр батлагдсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр:

            Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг баримтлан хариуцагч “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-аас 54.456.660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож, нэхэмжлэлийн үлдэх 42.674.639,12 мөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 430.233 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн давж заалдсан гомдолдоо:

            “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 3.1.7, 3.1.8-д заасан заалтуудыг “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК нь хэрэгжүүлж ажиллахдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль”-ийн 28.1.5-д заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэх гэсний дагуу талийгаач Ц.Б-ын ажиллаж байсан цахилгааны цехийн ажлын байранд 2011, 2013, 2016, 2017 онуудад үнэлгээг хийж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас одоог хүртэл батлагдаагүй ажлын байрны жагсаалтыг зөрчиж байна. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтыг шууд хэрэглэсэн нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дах заалтыг зөрчсөн нь Дархан-Уул аймгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 89 дүгээр дүгнэлтээр нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх болсон үйл явдал болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

“Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-нд кабель шугамын засварын монтёроор ажиллаж байсан Цэрэндоржийн Б- ажлын байр дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад зүрхний хурц дутагдал оноштойгоор нас барсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, прокурорын тогтоол, нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.У- Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Ц.Б-ын эхнэр буюу хууль ёсны өв залгамжлагч  бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.

Нэхэмжлэгч Б.У- хариуцагч Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-иас талийгаачийн амь насны даатгалын тэтгэмжийн нөхөн төлбөрийг түүний ажиллаж байх үедээ авч байсан цалингийн дунджийг 96 сараар тооцож нийт 117.882.021 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “ Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгон тодорхойлжээ.

Хариуцагч Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9-д “ эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг батлах” эрх Засгийн газарт байгаа бөгөөд энэхүү жагсаалтыг батлаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан заалт хэрэгжих боломжгүй гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөрийн нөхцөлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “эрсдэлийн үнэлгээ” гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг ойлгоно гэж тус тус зохицуулжээ.

Хэдийгээр Засгийн газар  “эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалт”-ыг батлаагүй боловч ажил олгогч Дархан Дулааны Цахилгаан станц өөрсдийн ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тодорхойлж гаргасан болох нь 2011, 2013, 2016 онуудын Цахилгаан цехийн ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тодорхойлсон хүснэгт, 2013-1017 онуудын Цахилгаан цехийн ажилтнуудын орон тоо, цалингийн жишиг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЦЦ-АБТ-29-2017 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Талийгаач Ц.Б-ын эрхэлж байсан “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ний Цахилгаан цехэд 4 дүгээр зэрэгтэй, кабель шугамын засварын монтёрын ажил албан тушаал нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, эрсдэлийн түвшин их ажлын байр болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах эрхтэй бөгөөд ажил олгогч энэ зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд  сарын дундаж цалинг 36 сараар тооцож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 396 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтад

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг баримтлан “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-иас 54.456.660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож, нэхэмжлэлийн үлдэх 42.674.639 төгрөг 12 мөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430.233 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                       Л.АМАРСАНАА