Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 421

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5-3 дугаар байрны 137 тоотод оршин суух, Мангуд овогт Энх-Амгалангийн Сарантунгалаг /регистрийн дугаар ТИ85102261, утас 95139393/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст холбогдох

"Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаарын тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Сарантунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярт-Од, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Сарантунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...миний бие тус шүүхэд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан юм.

Нэхэмжлэлийг шүүхээр хянан хэлэлцэх явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага болсон 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/21 тоот тушаалыг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар хүчингүй болгосон.

Дээрх тушаалыг хүчингүй болгосны дараа Э.Сарантунгалаг намайг Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар тушаалын 2 дахь хэсгээр өндөр насны тэтгэвэрт гарсан татварын байцаагч О.Арцаагийн орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилсон болохыг нэхэмжлэл шүүхээр хянан хэлэлцэгдэж  байх явцад мэдсэн.

Хариуцагчаас 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт талууд харилцан тохиролцсноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг ажил олгогчид хүлээлгэж, байнгын ажлын байранд  хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг  хориглохоор заасан байна.

Ажил олгогчийн 2017 ооны Б/21, Б/25, Б/26 дугаар тушаалын 2 дахь хэсэгт заасан нөхцлөөс үзэхэд ажил олгогч нь ажилтан Э.Сарантунгалаг намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж улмаар ажлаас буруу чөлөөлсөн үндэслэлээ зөвтгөхөөр түр ажлын байранд томилж  байнгын ажлын байранд  хугацаагүй  хөдөлмөрийн гэрээ байгуулж буй ажилтан миний эрхийг зөрчиж байна.

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4дэх хэсэгт албан тушаалд томилох,  чөлөөлөх, түр чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх талаар зохицуулсан байх бөгөөд энэхүү эрхийг дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Түүнчлэн ажил олгогчоос ажилтан Э.Сарантунгалаг намайг өндөр насны тэтгэвэрт гарсан татварын байцаагч О.Арцаагийн орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хүлээлгэн өгөөгүй болно.

Иймд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалын 2 дахь  хэсгийг хүчингүй болгож, Хүний нөөц, архивын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 “...нэхэмжлэгч Э.Сарантунгалаг 2017 оны 04сарын 05-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гэсэн шаардлагыг гаргаж энэхүү нэхэмжлэлийн шаардлагын дагуу анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан. Анхны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Э.Сарантунгалагийн зүгээс Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017.03.06-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэсэн агуулгаар шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ дэвшүүлж оролцсон.

Тухайн үед хариуцагчийн зүгээс  тус маргаж буй тушаалыг өөрөө 2017.03.28-ны Б/25 тушаалаар хүчингүй болгосон тухайгаа тайлбарлаж  нотлох баримтаар холбогдох тушаал шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн.

Ийнхүү анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017.03.03-ныөдрийн Б/21, 2017.03.28-ны өдрийн Б/25, 2017.03.28-ны өдрийн Б/26 дугаар тушаалууд бүгд хэргийн материалд нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч Э.Сарантунгалагийг 2017.03.28-ны өдрийн Б/26 дугаар тушаалын дагуу ажилдаа орж ажиллахыг албан ёсоор мэдэгдэж үргэжлүүлэн ажиллах боломжтой тус тушаалын дагуу орон тоо нь хадгалагдаж байгаа тухай тодорхой илэрхийлсэн. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөөгүй.

Хариуцагчийн зүгээс Б/26  дугаар тушаал хуульзүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд дээд шатны байгууллагаас батлан ирүүлсэн орон тоо, зохион байгуулалтад нийцүүлэн ажиллаж чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал шийдвэр гаргаж  ажилласан минь буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Гэвч нэхэмжлэгч Э.Сарантунгалаг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2017,03.28-ы өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар 2018.03.20-ны өдөр буюу тушаал гарснаас хойш 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Төрийн алба тасралтгүй явагдах зарчмыг алдагдуулж шилжүүлэн томилсон ажлыг ямар ч шалтгаангүйгээр гүйцэтгэхээс татгалзаж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж байгаа Э.Сарантунгалагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

                   Нэхэмжлэгч Э.Сарантунгалаг нь хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст холбогдуулан Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаарын тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Сарантунгалаг нь 2014 оны 04 сарын 09-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст архив, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс тус албан тушаалаас чөлөөлөгдөн, хүний нөөцийн ажилтан, архивчаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б.21 дугаартай “Э.Сарантунгалагийг ажлаас чөлөөлөх, комисс томилох тухай” тушаалаар 2017 оны 03 сарын 06-ны өдрөөс түүнийг хүний нөөц, архивын ажилтны ажлаас чөлөөлсөн бөгөөд Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/25 дугаар “тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/26 дугаартай “Татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалын 2 дахь заалтаар “...Татварын Ерөнхий Газраас өгсөн чиглэл, хэлтсийн орон тоо, бүтэц өөрчлөгдсөний дагуу хүний нөөц, архивын ажилтан Э.Сарантунгалагийг өндөр насны тэтгэвэрт гарсан татварын улсын байцаагч О.Арцаагийн сул орон тоонд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Татварын орлогын  тасагт түр орлон гүйцэтгэгчээр” томилсон байна.

 

Нэхэмжлэгч Э.Сарантунгалаг нь Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ “...намайг татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг  хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцахдаа мэдсэн, Э.Сарантунгалаг би  улсын байцаагчийн эрхгүй байхад ийм албан тушаалд томилж байгаад шаардлага хангаагүй, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргад татварын улсын байцаагчийг томилох эрх хэмжээ байхгүй, Б/26 тоот тушаал нь хууль бус тушаал байх тул тушаалыг хүчингүй болгож,  хүний нөөцийн ажилтан, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 03 сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагаа дэмжиж байна...” гэж тайлбарласан болно.

Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам”-ын 4.15-т “Татварын Ерөнхий газрын дарга төрийн албан хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ”, 4.21.4-т “...хураагчийг Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалтанд хамруулж, шалгалтанд тэнцсэн албан хаагчдад татварын ерөнхий газрын даргын тушаалаар татварын улсын байцаагчийн эрхийг олгоно”, 4.22-т “Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах хүсэлтэй иргэний өргөдлийг төрийн захиргааны нэгж хүлээн авч, судалсны үндсэн дээр нөөцөд бүртгэн авах, сул орон тоо гарсан тохиолдолд томилуулах саналыг Татварын албадын даргад танилцуулж, шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан ба дээрх зохицуулалтыг мөн адил Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн баталсан Хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан байна.

Нэхэмжлэгч Э.Сарантунгалаг нь Татварын хэлтсийн улсын байцаагчийн эрхгүй, тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан улсын байцаагчид тавигдах шаардлагыг хангаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/35 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-т “ Татварын Ерөнхий газрын даргын тушаалаар албан тушаалд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэнэ”, 4.2-т “Төрийн захиргааны удирдах албан тушаалын сул орон тоо гаргасан тохиолдолд нөхөн томилуулах захиалгыг захиргааны тасаг нь Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ”, 4.3-т “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ажлын байрны сул орон тоог нөхөн томилуулахаар ирүүлсэн саналыг Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж хүлээн авч санал боловсруулан, Татварын Ерөнхий газрын даргад танилцуулж, шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл Татварын улсын байцаагчийн албан тушаалд томилох эрх хэмжээ нь Татварын Ерөнхий газрын даргад олгогдсон  байх тул тус аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 тоот тушаалаар Э.Сарантунгалагийг  Татварын улсын байцаагийн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал шүүх хуралдаан дээр “Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 тоот тушаалд гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” заасан бөгөөд нэхэмжлэгч Э.Сарантунгалаг нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Иймд  Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 тоот тушаалын 2 дахь заалт, 3, 4 дахь Э.Сарантунгалагтай холбоотой зохицуулалтыг хүчингүй болгож, Э.Сарантунгалагийг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймгийн Татварын хэлсийн хүний нөөц, архивын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

                                                                                                                                                          

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Э.Сарантунгалагийн  ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 523,454 төгрөгөөс нэг өдөрт ногдох цалинг 24,346 төгрөг гэж тооцож, ажилгүй байсан буюу 2017 оны 03 дугаар сарын 28-наас 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр хүртэлх хугацаа 12 сар 10 хоногийн цалин нийт 6,524,908 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч Э.Сарантунгалагт олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 тоот тушаалын 2 дахь заалт, 3, 4 дахь Э.Сарантунгалагтай холбоотой зохицуулалтыг хүчингүй болгож, Э.Сарантунгалагийг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хүний нөөц, архивын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 6,524,908 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сарантунгалагт олгосугай.     

 

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны  04 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст даалгасугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Сарантунгалаг нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 189,548 /119,348+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА